| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2017/00127/И |
| Дугаар | 131 |
| Огноо | 2017-02-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2017 оны 02 сарын 24 өдөр
Дугаар 131
2017 оны 02 сарын 24 өдөр Дугаар 156/ШШ2017/00131 Хэнтий аймаг
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2017/00127/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Баян-Овоод оршин суух, Боржигон овогт Очирпүрэвийн Эрдэнэчулуунд холбогдох, (Утас: 98286558)
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй,
"зээл 2 000 000 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр О.Эрдэнэчулуун нь жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангаас 2 000 000 төгрөгийг, хүүгүй, 12 сарын хугацаатай зээлийн гэрээг байгуулж зээлдэж авсан. Зээлийн гэрээнд хоёр талаас гарын үсэг зурж нотариатаар батлуулсан юм. Гэрээний хугацаа дууссан боловч зээлдэгч О.Эрдэнэчулуун нь зээлийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан боловч зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй болно.
Иймд үндсэн зээл үлдэгдэл болох 2 000 000 төгрөгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч О.Эрдэнэчулуун нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дадал сумын Сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнес дэмжих сангаас 2015 оны 6 дугаар сарын 29-ний өдөр бизнесээ эрхлэх гэж 2 000 000 төгрөгийг зээлж авчихаад хугацаанд нь төлж чадаагүй болно. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч үндсэн зээл болох 2 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 1-ний дотор төлж барагдуулна.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн 10 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь хариуцагч О.Эрдэнэчулуунаас "зээл 2 000 000 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Эрдэнэчулуун нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангаас нэхэмжилсэн зээл 2 000 000 төгрөгийг 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. Хариуцагч О.Эрдэнэчулуунд холбогдох, Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй, “зээл 2 000 000 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч О.Эрдэнэчулуунаас улсын тэмдэгтийн хураамжийн 23 475 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Эрдэнэчулуун нь 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ