Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 132

 

2017 оны 02 сарын 24 өдөр     Дугаар 156/ШШ2017/00132    Хэнтий аймаг

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Хэргийн индекс:156/2017/00128/И 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам  би,

Хариуцагч: Хэнтий аймгийн Дадал сумын 4 дүгээр баг, Баян-Овоод оршин суух, Чонос худир овогт Дугаржавын Удвалд холбогдох, (Утас: 83147482), 

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй,  
"зээл, зээлийн хүүгийн 2 597 444 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын Сум хөгжүүлэх сан, Жижиг дунд бизнесийг дэмжих сан нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ... 2013 оны 03 дугаар сарын 01-ний өдөр Д.Удвал нь сум хөгжүүлэх сангаас жилийн 3 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатайгаар 5 000 000 төгрөгийг зээлийн гэрээ байгуулж зээлдэж авсан. Зээлийн гэрээнд хоёр талаас гарын үсэг зурж нотариатаар баталгаажуулсан. Гэрээний хугацаанд зээлдэгч Д.Удвал нь 2 655 854 төгрөг төлсөн боловч үлдэгдэл 2 597 444 төгрөгийн төлбөрөө төлөөгүй өнөөг хүрч байна. Зээлийг зориулалтын дагуу ашигласан боловч зээл төлөлтийг хуваарийн дагуу хийгээгүй болно. Иймд сум хөгжүүлэх санд үндсэн зээлийн үлдэгдэл 2 597 444 төгрөгийг төлүүлж, хохирлыг барагдуулж өгнө үү гэжээ. (хх-ийн  тал)

Хариуцагч Д.Удвал нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дадал сумын  Сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнес дэмжих сангаас 2013 оны 3 дугаар сарын 1-ний өдөр 5 000 000 төгрөг зээлж авсан нь үнэн. Уг зээлсэн мөнгөнөөс 2 655 854 төгрөгийг төлсөн. Одоо зээлийн үлдэгдэл 2 567 444 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор бүрэн төлж барагдуулах болно. Энэ хэрэгт маргаантай зүйл үгүй тул өмгөөлөгч авахгүй шинээр гаргаж өгөх нотлох баримт байхгүй гэжээ. (хх-ийн  тал)

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь хариуцагч Д.Удвалаас "зээлийн үлдэгдэл 2 597 444 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ. 

Хариуцагч Д.Удвал нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хүлээн зөвшөөрч Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангаас нэхэмжилсэн зээлийн үлдэгдэл 2 597 444 төгрөгийг 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д  заасныг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. Хариуцагч Д.Удвалд холбогдох, Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сангийн нэхэмжлэлтэй, “зээлийн үлдэгдэл 2 597 444 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Дадал сумын Засаг даргын тамгын газрын сум хөгжүүлэх сан, жижиг дунд бизнесийг дэмжих дэд сан нь улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Д.Удвалаас улсын тэмдэгтийн хураамжийн 28 254 төгрөгийг гаргуулж улсын төсвийн орлогод оруулсугай.

3. Шүүгчийн захирамжийг хариуцагч Д.Удвал нь 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн дотор сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай. 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.    

 

 
ШҮҮГЧ                                  Л.ЦЭРЭНДУЛАМ