Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гүррагчаа Алтанчимэг |
Хэргийн индекс | 183/2016/01941/И |
Дугаар | 001/ХТ2018/01313 |
Огноо | 2018-10-04 |
Маргааны төрөл | Банкны зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2018 оны 10 сарын 04 өдөр
Дугаар 001/ХТ2018/01313
Г Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 823 дугаар магадлалтай,
Г Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй
БСК ХХК, С ХК-, Сергей Борисович Громовт нарт холбогдох,
Гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.619.721.799 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,
Хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн
Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, Д.З, хариуцагч БСК ХХК, С ХК-ийн төлөөлөгч Е.Б, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.
Нэхэмжлэгч Г Б- ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлд: БСК ХХК нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Г Б-тай ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээ байгуулж, 5.600.000.000 төгрөгийн зээлийг жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан бөгөөд уг гэрээнд 2014 оны 6 дугаар сарын 13-ны өдөр ЗГ/8115006556-1 тоот гэрээгээр өөрчлөлт оруулж, харилцагчийн үндсэн дансны мэдээллийг нэмж оруулсан. ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах баталгаа болгож барьцааны гэрээ, батлан даалтын гэрээ, ипотекийн гэрээ болон эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээ байгуулсан. БСК ХХК нь ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээний 3.1.1-д заасан үүргээ зөрчиж, үндсэн зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгээ төлөөгүй байгаа тул 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 5.548.858.082 төгрөг зээлийн хүүд 1.000.940.977 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 69.922.739 төгрөг, нийт 6.619.721.799 төгрөгийг БСК ХХК-аас гаргуулж өгнө үү. Хариуцагч БСК ХХК нь төлбөр төлөх үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БСК ХХК, С ХК--тай байгуулсан барьцааны гэрээ, ипотекийн гэрээ, эд хөрөнгө барьцаалахад хамтран ажиллах гэрээний зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү. Мөн батлан даалтын гэрээний дагуу ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б-ы шүүхэд гаргасан тайлбарт: Тус зээлийг үйлдвэрлэлийн техник, тоног төхөөрөмжийн өргөтгөл, шинэчлэлийг хийхэд зарцуулсны үр дүнд үйлдвэр 2016 оны 12 дугаар сард бүрэн ашиглалтад орсон. Бидний зүгээс 2013 онд зээл авснаас хойш зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж ирсэн ба 2015 оны хагас жилээс гадаад, дотоод борлуулалт эрс буурсанаас санхүүгийн хүндрэлтэй тулгарсан. Дээрх зээл болон зээлийн хүүг төлөх талаар бидний зүгээс чармайн ажиллаж байгаа ба зээлийн төлөлтийн талаар саналаа Г Б-инд хүргүүлсэн бөгөөд Г Б-тай харилцан тохиролцож, нийт төлбөрийг төлөх график гаргуулан төлөхийг зөвшөөрч байна. Зээлийн гэрээг цуцлах, үндсэн зээлийн үлдэгдэл болох 5.548.858.082 төгрөг зээлийн хүү 687.384.454 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Харин сүүлд нэмэгдүүлсэн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэгч гэрээгээ цуцалсан өдрөөс хойшхи хугацааны зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүү шаардах эрхгүй гэжээ.
Хариуцагч С ХК--ийн төлөөлөгч Е.Б шүүхэд гаргасан тайлбарт: С ХК--ийн хувьд Г Б-тай Ипотекийн гэрээ байгуулж, өөрийн компанийн эд хөрөнгийг барьцаалсан. БСК ХХК нь зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна гэжээ.
Хариуцагч Сергей Борисович Громовын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Эрхэмбаатар шүүхэд гаргасан тайлбарт: Зээлийн гэрээний дагуу хариуцагч БСК ХХК нь төлбөрийг төлж барагдуулах боломжтой гэж үзэж байна. Нэхэмжлэгч Г Б-ны нэмэгдүүлсэн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Барьцааны зүйл нь зээл, түүний хүүг бүрэн төлж хүрэлцэх бөгөөд үүргийн гүйцэтгэлийн дараалал нь С.Б.Громовын хувьд болоогүй гэжээ.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02817 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2-т заасныг баримтлан хариуцагч БСК ХХК-аас зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.619.721.799 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Г Б- ХХК-д олгож, Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.1, 159 дүгээр зүйлийн 159.1-д заасныг баримтлан хариуцагч БСК ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд БГ/8115006556 дугаар Барьцааны гэрээ-ний зүйл болох гэрээний хавсралт 1, 2-т заасан БСК ХХК-ийн 4.910.272.168 төгрөгийн үнэ бүхий 299 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж, гэрээний хавсралт 3-т заасан зээлийн санхүүжилтээр авах 2.313.281.320 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг тоног төхөөрөмжийг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогоос үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хуулийн 175дугаарзүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч БСК ХХК нь үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд ЗБ/8115006556 дугаар Ипотекийн гэрээ-ний зүйл болох С ХК--ийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-206003130 дугаартай, Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн 0051311 дүгээр гэрчилгээтэй, Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 20315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилгыг дуудлага худалдаагаар худалдсанаас олсон орлогын 50 хувиар үүрэг гүйцэтгэгчийн үүргийн гүйцэтгэлийг хангаж, Иргэний хуулийн 231 дугаар зүйлийн 231.1. 231.1.7-д заасныг баримтлан Г Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй, БСК ХХК, С ХК-, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громов нарт холбогдох ...үүргийн гүйцэтгэл нь барьцаа хөрөнгө, батлан даалтын хөрөнгөөр хангаж хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагч нарын бусад хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлийн 117.1-д заасныг баримтлан Г Б- ХХК-ийн нэхэмжлэлтэй ОХУ-ын иргэн Сергей Борисович Громовт холбогдох ...батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г Б- ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр төлсөн 31.492.262 төгрөг, 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 415.229 төгрөг, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр төлсөн 47.901 төгрөг, 253.752 төгрөг, 1.301.166 төгрөг, 47.901 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч БСК ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 33.256.558 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г Б- ХХК-д олгож шийдвэрлэжээ.
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 823 дугаар магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02817 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г Б- ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.000 төгрөг, хариуцагч БСК ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.922.247 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.
Хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Е.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Бидний зүгээс Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Зээлийн гэрээнд заасан үндэслэлийн дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 5.548.858.082 төгрөг, зээлийн хүү 687.384.454 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30.619.726 төгрөг нийт 6.266.862.262 төгрөгийг буцаан төлөх үүргийг хүлээн зөвшөөрч байна. Харин 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг 2017 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 83.045.828.79 төгрөгөөр, 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр 269.813.707,88 төгрөгөөр нэмэгдүүлсэн нийт 352.859.536,67 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч байна. Учир нь Г Б-, БСК ХХК нар нь 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр ЗГ/8115006556 тоот зээлийн гэрээ байгуулахдаа зээлийн гэрээг 48 сар буюу 4 жилийн хугацаатай байгуулсан. Г Б- нь БСК ХХК-ийг зээлийн гэрээний үүргээ зөрчсөн гэж үзэж 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Зээлийн гэрээний үүрэгт 6.266.862.262 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан. Энэ нь Г Б- Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-т заасны дагуу зээлийн гэрээнээс татгалзсан ба нэхэмжлэлийн агуулгад зээлийн гэрээг хугацаанаас нь өмнө цуцалж байгаагаа мэдэгдсэн. Зээлийн гэрээнээс татгалзсанаар тус банк нь Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-т заасан үндэслэлийн дагуу 2016 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүртэлх үүргийг хангуулах буюу зээлийн гэрээний үүрэгт 6.266.862.262 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж үзэж байна. Мөн гэрээг цуцлах, гэрээнээс татгалзсанаар үүргийн харилцаа дуусгавар болох учир үүргийн харилцаанаас үүсэх шаардах эрх мөн дуусгавар болно. Иймээс Г Б- нь зээлийн гэрээг цуцалсан өдрөөр нэхэмжлэлийн шаардлага тавих ба гэрээг цуцалснаас хойш үүсэх зээл, зээлийн хүүгийн тооцоололд нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлэх эрхгүй гэж үзэж байна. Дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалын үндэслэлийг дахин хянаж, өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг эс зөвшөөрч, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулахыг хүссэн хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангах үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгч Г Б- ХХК нь хариуцагч БСК ХХК, С ХК-, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громов нарт холбогдуулан зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд 6.619.721.799 төгрөг гаргуулах, үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө, батлан даалтын гэрээний дагуу үүргийн гүйцэтгэлийг хангуулах, хүрэлцэхгүй тохиолдолд хариуцагчийн бусад хөрөнгөөс хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч БСК ХХК нь зээл 5.548.858.082 төгрөг, хүү 687.384.454 төгрөг төлөхийг зөвшөөрч, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрөхгүй гэж, хариуцагч С ХК-, ОХУ-ын иргэн Сергей Борисович Громов нар БСК ХХК нь зээлийг бүрэн төлж барагдуулах боломжтой, батлан даалтын гэрээний дагуу үүрэг гүйцэтгэх дараалал болоогүй гэж тус тус маргажээ.
Анхан шатны шүүх хариуцагч БСК ХХК-иас 6.619.721.799 төгрөг гаргуулж, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.
Г Б- ХХК, БСК ХХК-ийн хооронд байгуулагдсан 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн зээлийн гэрээгээр БСК ХХК нь 5.600.000.000 төгрөгийг, жилийн 8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж, зээлийн төлбөрийг бүрэн төлж барагдуулаагүй тохиолдолд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр тохиролцож, зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангах баталгаа болгож, БГ/8115006556 дугаар барьцааны гэрээгээр БСК ХХК-ийн 4.910.272.168 төгрөгийн үнэ бүхий 299 ширхэг үйлдвэрийн тоног төхөөрөмж, зээлийн санхүүжилтээр авах 2.313.281.320 төгрөгийн үнэ бүхий 57 ширхэг тоног төхөөрөмж, Г Б- ХХК, С ХК--ийн хооронд байгуулагдсан 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Ипотекийн гэрээний дагуу С ХК--ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах, 20.315,6 м.кв талбайтай, үйлдвэр үйлчилгээний зориулалттай барилга зэргээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар харилцан тохиролцсон нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасантай нийцсэн бөгөөд гэрээний хүчин төгөлдөр байдлыг талаарх хоёр шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Мөн Г Б- ХХК, Сергей Борисович Громов нарын хооронд 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр батлан даалтын гэрээ байгуулагдсан бөгөөд зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж чадахгүй гэх үндэслэл тогтоогдоогүй тул батлан даагчаас шууд зээлийн үүргийг гаргуулах боломжгүйг хоёр шатны шүүх Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.1-д заасантай нийцүүлэн дүгнэжээ.
Нэхэмжлэгч Г Б- ХХК нь гэрээний үүргийг гүйцэтгэх хугацаа тогтоож, гэрээ цуцлах тухай мэдэгдлийг хүргүүлж байсан хэдий ч хариуцагч БСК ХХК нь гэрээний үүргээ биелүүлэхээ илэрхийлж байжээ. Хэдийгээр гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзах, гэрээг цуцлах эрхтэй хэдий ч нөгөө тал хүлээн зөвшөөрөхгүй маргах, гэрээг үргэлжүүлэхийг хүссэн тохиолдолд гэрээг цуцлах үндэслэл бүрдсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөх шаардлагатай юм.
Тиймээс гэрээний үүргийг хугацаанаас өмнө шаардсан нь гэрээг цуцлагдсан гэж үзэх боломжгүй тул нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2016 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс хойшхи хугацааны гэрээний үүргийг Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-т зааснаар шаардах эрхтэй гэж үзнэ.
Иймд гэрээ цуцлагдсан тул гэрээний үүрэг шаардах эрхгүй гэх хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдол үндэслэлгүй байна.
Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд үүссэн маргаанд хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхиж, шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2017/02817 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 02-ны өдрийн 823 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагч БСК ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Хариуцагч БСК ХХК нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 1.922.247 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Х.СОНИНБАЯР
ШҮҮГЧ Г.АЛТАНЧИМЭГ