Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 221/МА2022/0227

 

 

 

 

 

 

 

 

 

 

         

Ц.Э-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 806 дугаар

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Э, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.М

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг

Хэргийн индекс: 128/2021/0067/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Ц.Э-аас Нийслэлийн Засаг даргад холбогдуулан “Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/210 дугаар захирамжийг хүчингүй болгуулж, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ээр маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 806 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-ийн 2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Ц.Э-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “Ц.Э-ыг ажлаас чөлөөлөх тухай” Б/210 дугаар захирамжийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийг урьд эрхэлж байсан ажил, албан тушаал болох “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ц.Э-т 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацаанд урьд авч байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг олгож, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалыг суутгаж, зохих бичилтийг хийхийг нийслэлийн Засаг даргад даалгаж шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “Анхан шатны шүүх Авлигатай тэмцэх газрын 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдрийн 05/6736 дугаар албан бичгийг хоёрдмол утга санаа агуулсан байна гэж дүгнээд улмаар уг албан бичгийг үндэслэн “нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн хариуцагчийн шийдвэр үндэслэлгүй байна” гэж дүгнэсэн нь өөрөө хууль зүйн үндэслэлгүй байна. Нэхэмжлэгчийн томилогдсон албан тушаал нь ТЗ-11 буюу эрхэлсэн түшмэлийн албан тушаал юм. Төрийн албаны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1-д төрийн жинхэнэ албан тушаалд тавигдах нийтлэг шаардлагын талаар тухайлан дурдсан байх бөгөөд улмаар мөн хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.2-т “эрхэлсэн түшмэлийн ангилалд хамаарах албан тушаалд томилогдох бол төрийн албанд 12-оос доошгүй жил, үүнээс ахлах түшмэлийн албан тушаалд 4-өөс доошгүй жил ажилласан байх бөгөөд мэргэшүүлэх багц сургалтад хамрагдаж, төгссөн байх” тусгай шаардлагыг хангасан иргэнийг томилно хэмээн заасан.

3.2. Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас харвал нэхэмжлэгч нь төрийн албанд 3 жил ажилласан буюу хуульд заасан тусгай шаардлагыг хангаагүй этгээд болох нь харагдаж байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн хувьд уг албан тушаалын тодорхойлолтод заасан “Байгаль орчны мэргэжилтэй, агрономи, ойн аж ахуйн чиглэлээр мэргэшсэн” гэх шаардлагыг мөн хангаагүй болохыг шүүх өөрөө дүгнэсэн атлаа нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хэрэв шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болбол уг албан тушаалд тавигдах шаардлагыг хангаагүй этгээд эгүүлэн томилогдох нөхцөл байдлыг бүрдүүлэхээр шийдвэр гаргасан байна.

3.3. Анхан шатны шүүх хариуцагч нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцөлгүйгээр нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй шийдвэр болжээ хэмээн дүгнэсэн. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаас үзвэл энэ талаарх нотлох баримт авагдаагүй бөгөөд энэ нь шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлж хэргийг шийдвэрлэсэн болохыг харуулж байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаад өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.

2. Шүүх дараах үндэслэлээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаалгах давж заалдах гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзэв.

2.1. Нийслэлийн Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн Б/210 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т заасныг үндэслэн Ц.Э-ыг “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын даргын үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.

2.2. Нэхэмжлэгч Ц.Э-аас энэхүү захирамжийг эс зөвшөөрч “үүрэгт ажлаас чөлөөлөх үндэслэл тодорхойгүй, сонсох ажиллагаа явуулаагүй, ажлын байрны үр дүнгийн гэрээ дүгнээгүй” гэж маргажээ.

2.3. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 29 дүгээр зүйлд заасан нийтлэг бүрэн эрхээс гадна дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 30.1.11-д “хууль тогтоомжид заасан бол орон нутгийн өмчит болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдлагыг Хуралтай зөвшилцөн томилох, чөлөөлөх”, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол Засаг дарга дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, мөн хэсгийн 2/-т “орон нутгийн өмчит хуулийн этгээдийн эрх баригчийг томилох”, 3/-д “орон нутгийн өмчийн төлөөлөгчийг томилох, өөрчлөх саналаа Хурлын Тэргүүлэгчдэд оруулах” гэж тус тус зааснаас үзвэл хариуцагч Нийслэлийн Засаг дарга нь орон нутгийн өмчит хуулийн этгээд буюу “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын эрх баригч /дарга/-ийг томилох, чөлөөлөх тохиолдолд энэ талаарх саналаа Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд оруулж, зөвшилцсөний үндсэн дээр шийдвэр гаргахаар байна.

2.4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3-т заасан үндэслэл илэрвэл шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаахаар заасан бөгөөд гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл тогтоогдохгүй байна.

2.5. Хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбар, маргаан бүхий актын үндэслэлд нэхэмжлэгчийг ажлаас чөлөөлөхийн өмнө Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралтай зөвшилцсөн талаар огт тусгагдаагүй, хариуцагчийн хариу тайлбарт дурдагдаагүй, хэрэгт энэ талаар ямар нэгэн баримт авагдаагүйгээс гадна захиргааны байгууллага нь захиргааны акт гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгож, энэ талаарх мэдэгдлийг хүргүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байгаагаас дүгнэхэд маргаан бүхий актыг хуульд нийцсэн гэж үзэхээргүй, энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

2.6. “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн” ОНӨТҮГ-ын зарим ажлын байрны тодорхойлолт болон нэхэмжлэгч, гуравдагч этгээдийг ажилд томилсон тушаалаас үзэхэд тухайн албан тушаалын ангилал, зэрэглэлийг заагаагүй байх бөгөөд энэ нь тухайн албан тушаалд томилогдох этгээдийг гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдолд дурдсанчлан заавал ТЗ-11 буюу эрхэлсэн түшмэлийн албан тушаалд тавигдах шаардлага хангасан этгээдийг томилно гэж үзэхээргүй байх тул энэ талаарх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.

2.7. Харин анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийн заалтыг зөв хэрэглээгүй байх тул түүнд зөвтгөсөн өөрчлөлт орууллаа.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 806 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Монгол Улсын Захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 78.2.2-т” гэснийг “Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.1, Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.11, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 78 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2, 3” гэж өөрчилж, бусад заалтыг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Д.БАТБААТАР

 

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

 

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ