Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 02 сарын 14 өдөр

Дугаар 000013

 

            

                                              Д.Э холбогдох

                                                   эрүүгийн хэргийн тухай

 

 

                                               

Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч Ц.Туяа, шүүгч С.Цэцэгмаа нарын бүрэлдэхүүнтэй

 

   Шүүх хуралдаанд: 

 

               Прокурор                                          Ц.Мөнхтуяа

               Шүүгдэгч                                           Д.Э

               Хохирогч                                           Ц.С

               Нарийн бичгийн дарга                 Б.Алтанзул нарыг оролцуулан

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолтой Д Э холбогдох, 1725003540206 дугаартай эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Цэцэгмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, Орхон аймаг, Баян-Өндөр суманд төрсөн, ХХ настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Орхон аймгийн Баян-Өндөр суманд оршин суудаг, урьд 5 удаа ял шийтгэгдэж байсан, үүнээс Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2007 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн 184 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.4.д зааснаар 11 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэгдэж, 2017 оны 03 дугаар сарын 01-ний өдөр хугацаа дуусч суллагдсан, хэрэг хариуцах чадвартай,  Х овгийн Д-ын Э.

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвд Ц.С-ийн халааснаас “I phone 7” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар авч хулгайлан 1.417.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолоор:

 

Шүүгдэгч Х овгийн Д-ийн Э-ыг хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э-ыг 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар шүүгдэгч Д.Эоос 1.417.800 төгрөг гаргуулж хохирогч Ц.Сд олгож,

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Э урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, бичлэн эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолж,

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

 

Прокурор эсэргүүцэлдээ:

 

Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Д.Эыг хөрөнгө хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар нээлттэй хорих байгууллагад хорих ял эдлүүлэхээр шийдвэрлэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Эоос 1.417.800 төгрөг гаргуулан хохирогч Ц.Сд олгохоор шийдвэрлэсэн ба шийтгэх тогтоолд шүүгдэгчээс гаргуулсан хохирол буюу 1.417.800 төгрөгийг шүүгдэгч ямар хугацаанд ямар хэмжээгээр төлөхийг тусгаж өгөөгүй байна.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д заасныг зөрчсөн байна.

 

Мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт эрүүгийн хэргийн дугаар, шүүгдэгч Д.Эын холбогдсон гэмт хэргийн Эрүүгийн хуулийн зүйл хэсгийг буруу бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаа гаргасан байна.

Иймд Орхон аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул өөрчлөлт оруулахаар прокурорын эсэргүүцэл бичив.

 

Шүүгдэгч Д.Э давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа : Утас хулгайлсан нь үнэн. Ажил хийж хохирлоо төлмөөр байна гэв.

 

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Мөнхтуяа дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах саналтай байна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Д.Э нь 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Орхон аймгийн Баян-Өндөр сумын Оюут багт үйл ажиллагаа явуулдаг “Есөн-Эрдэнэ” худалдааны төвд Ц.Сгийн халааснаас “I phone 7” маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хулгайлан авч 1.417.800 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн  нотлох баримт болох хохирогч Ц.С-ийн мэдүүлэг, гэрч Б.Б-ийн мэдүүлэг, гар утсыг үнэлсэн “Тольдох өгөөж” компанийн үнэлгээчний 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн ОЦ/17-260 дугаартай үнэлгээ, шүүгдэгч Д.Э-ын хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

 

Анхан шатны шүүх шүүгдэгч Д.Э-ын үйлдсэн гэмт хэргийн талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, шүүгдэгчид хуульд заасан ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирчээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ХХ.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6.д ...хохирогчид хохирол, хор уршгийг нөхөн төлж барагдуулах бол мөнгөн төлбөр, хохирол барагдуулах ажиллагааг ямар хугацаанд, ямар хэмжээгээр хийхийг шийтгэх тогтоолд тусгана... гэж заасан нь шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт дурьдах, заах асуудлыг ерөнхийд нь тодорхойлсон бөгөөд хохирлыг нөхөн төлүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан ажиллагаа явуулахдаа Д.Эын өмчлөл, эд хөрөнгө түүний хэмжээг нь тогтоогоогүй, хохирол нөхөн төлүүлэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй байх тул шүүх хохирогч Ц.Сд учруулсан хохирлыг төлүүлэхдээ хугацаа тогтоох, хэсэгчлэн төлүүлэхээр шийтгэх тогтоолд заах боломжгүй байна.

 

Учир нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч нь аль болох хурдан хугацаанд хохирлоо барагдуулах /авах/ хүсэлтэй байдаг бөгөөд шүүх тэдний эрх ашигт нөлөөлж хохирол төлбөрийг хугацаа зааж хойшлуулах боломжгүйгээс гадна хүчин төгөлдөр болсон шүүхийн шийдвэрийг биелүүлдэг эрх бүхий байгууллага, субеъкт нь хохирол төлбөрийг барагдуулах, төлбөр төлөгдөөгүй тохиолдолд эд хөрөнгөнд үзлэг хийх, хөрөнгийн хэмжээ тогтоох, данс хаах, хөрөнгө битүүмжлэх хураан авах зэрэг ажиллагаа хийж төлбөр төлөх боломж, хугацаа, хэмжээг тогтоох, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 267 дугаар зүйлийн 267.2.8.д зааснаар ...гэмт хэргийн улмаас... учруулсан хохирол төлбөрийг хоригдлын хөдөлмөрийн хөлснөөс суутгаж шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэхийг хорих байгууллагын чиг үүрэгт заасан байдаг учраас шүүх шийтгэх тогтоолд хохирол төлбөрийн барагдуулах талаар хугацаа, хэсэгчлэн төлүүлэх хэмжээг заавал заах шаардлагагүй гэж үзлээ.

 

Иймд энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авах боломжгүй байна.

 

Харин шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байх тул шийтгэх тогтоолын удирдтгал болон тогтоох хэсэгт эрүүгийн хэргийн дугаар, Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, шүүгдэгчийн нэрийг алдаатай бичсэн зэрэг техникийн шинжтэй алдаануудыг зөвтгөн өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Орхон аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 421 дүгээр шийтгэх тогтоолын удирдтгал хэсэгт “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1.д зааснаар” гэж, “172500354 дугаартай” гэснийг “1725003540206 дугаартай” гэж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дугаар заалтын “Д.Эт” гэснийг “Д.Э” гэж тус тус өөрчлөн бусад заалтуудыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Прокурорын эсэргүүцлийн зарим хэсгийг хүлээн авч заримыг нь хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

               ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           З.ХОСБАЯР

                                                                                      

               ШҮҮГЧИД                                                             Ц.ТУЯА

 

                                                                                    С.ЦЭЦЭГМАА