| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1265/Э |
| Дугаар | 1493 |
| Огноо | 2020-08-12 |
| Зүйл хэсэг | 11.6.1., 17.2.2., |
| Улсын яллагч | Н.Гэрэлмаа |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 12 өдөр
Дугаар 1493
2020 08 12 2020/ШЦТ/1493
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Н.Гэрэлмаа,
Шүүгдэгч У.М, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг,
Шүүгдэгч М.С, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
Шүүгдэгч Д.Б,
Шүүгдэгч Я.О, тэдний өмгөөлөгч Д.Энхбаатар, Б.Дамба нарыг оролцуулан шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Я.О, Д.Б, У.М, М.С нарт холбогдох эрүүгийн 2017 2501 1952 дугаар хэргийг 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Я.О, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн урд иргэн Б.Билгүүнбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Нөт-5 загварын гар утас, 50000 төгрөгийг дээрэмдсэн, Я.О нь иргэн Б.Билгүүнбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, түүний нүүрэнд гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч Я.О, У.М, М.С, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 12-р хороолол 53 дугаар байрны хажууд насанд хүрээгүй иргэн О.Алтан-Одын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 загварын гар утас, 10000 төгрөг, өмсөж явсан хувцасыг нь дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Я.О мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч У.М мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй...” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч Б.Билгүүнбаярын мэдүүлэг /1хх-30-33/, 2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 6725 дугаартай дүгнэлт /1хх-37/, “Дамно” ХХК-ийн Самсунг Нөт-5 маркийн гар утсыг 432000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-42-43/, сэжигтэн Я.Оийн мэдүүлэг /1хх-50-51/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-186-187/, насанд хүрээгүй хохирогч О.Алтан-Одын мэдүүлэг /1хх-194-195/, “Дамно” ХХК-ийн Ай фоне-5 маркийн гар утас, куртка зэргийг 240000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-214-215/, сэжигтэн Я.Оийн мэдүүлэг /1хх-203-204/, яллагдагч Я.Оийн мэдүүлэг /1хх-226-227/, яллагдагч Д.Бийн мэдүүлэг /1хх-230-231/, яллагдагч М.Сын мэдүүлэг /1хх-234-235/, яллагдагч У.Мгийн мэдүүлэг /1хх-241-242/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Я.О, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн урд иргэн Б.Билгүүнбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Нөт-5 загварын гар утас, 50000 төгрөгийг дээрэмдсэн, дээрх гэмт хэргийг үйлдэх явцдаа Я.О нь иргэн Б.Билгүүнбаярын нүүрэнд гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан,
Шүүгдэгч Я.О, У.М, М.С, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 12-р хороолол 53 дугаар байрны хажууд насанд хүрээгүй иргэн О.Алтан-Одын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 загварын гар утас, 10000 төгрөг, өмсөж явсан хувцасыг нь дээрэмдсэн болох нь хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Билгүүнбаярын “...2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн үед ажлаа тараад гэр рүүгээ харих санаатай Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн хажууд явган хүний зам дагуу алхаад явж байтал миний хойноос үл таних 2 эрэгтэй ирээд намайг утсаараа нэг яриулчих гэсэн юм. Тэгэхээр нь би өөрийн Самсунг Нөт 5 маркийн гар утсыг өгөөд яриулсан чинь тэр залуу утсаар ярьж байснаа Санхүү, эдийн засгийн хойд талын мухар гудамж руу яваад орчихсон юм. Тэгэхээр нь би утсаа авах гээд араас нь дагаад очсон чинь тэр хоёр залуу миний утсыг өгөхгүй арай том биетэй, өндөр залуу нь миний шанаа, эрүү хэсэг рүү атгасан гараараа 2 удаа цохиод авсан юм. Тэгээд намайг цохисон залуу нь миний өмдний арын халаасанд байсан 50000 төгрөгийг гаргаж аваад утастай минь хамт авчихсан юм. Тэгэхээр нь би айсандаа мөнгө, гар утсаа өгчихөөд тэр хоёр залууг орхиод зугтаачихсан юм...” /1хх-30-33/ гэх мэдүүлэг,
2017 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн Шүүх Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 6725 дугаартай “1. Б.Билгүүнбаярын биед зүүн хацрын зөөлөн эдийн няцрал, дээд, доод уруулд шарх гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх, тухайн үед үүсч болох гэмтэл. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” /1хх-37/ гэх дүгнэлт,
“Дамно” ХХК-ийн Самсунг Нөт-5 маркийн гар утсыг 432000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-42-43/
Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн Я.Оийн “...2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 22 цаг өнгөрч байхад гэрээсээ гараад найз Бишрэл бид 2 ПС тоглоомын газар хонохоор явсан юм. Тэгээд арслантай гүүр гараад Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн өмнө явж байсан залууг дуудсан, утсаар чинь ярьчихаад өгье гэж хэлсэн. Тэгээд уг утсыг аваад ямар утас юм гэтэл Нөт-5 маркийн утас гэсэн. Тэгээд Бишрэл бид 2 ярилцаж байгаад утсыг авахаар болсон. Уг залууг арслантай гүүрний зүүн талаар хойшоо Чингис зочид буудал руу явсан тэндээ нөгөө залууг хавсарч унагаад дээш Чингис зочид буудал руу зугтаасан...” /1хх-50-51/ гэх мэдүүлэг,
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх-186-187/,
Мөрдөн шалгах ажиллагаанд насанд хүрээгүй хохирогч О.Алтан-Одын: “Би 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим И Мартын эсрэг талын 2 дугаар байрны гадна сандал дээр гадаа утсаа оролдоод сууж байсан. Тэгтэл үл таних 4 залуу “Чингис” зочид буудлын хажуугаар явах төв замын зүүн талын явган хүний замаар хойшоо чиглэлтэй над руу явж ирсэн. 3 дахь залуу нь утсаараа яриулчих гээд миний гар утсыг аваад цаашаа явсан. Тэр залуучууд миний хэлснээр кодыг нь гаргах гэж нилээн оролдож байгаад чадахгүй байсан бөгөөд намайг эхний элэгдэж авсан залуу мөрлөж цуг явъя гээд 2-р байрны баруун талаар тунел руу өгсөх шатаар дагуулан өгсөж явсан. Модны араар орж зогсоод тэдгээр залуучууд кодоо гаргаж өг гэж эхний хэлсэн залуу намайг 2-3 удаа элэгдэж, дагз руу цохиж авч суу гэх мэтээр дарамталж байсан. Миний сим картыг гаргаж өгөөд миний утсыг хар өнгийн бомбер өмссөн залуу авсан. Тухайн үед тэдгээр залуучуудаас хамгийн намхан залуу нь миний халааснаас түрийвч гарган авч, миний түрийвчинд байсан 10000 төгрөгийг аваад түрийвчийг маань буцааж өгсөн. Тэгээд намайг буцаад доошоо гүй гээд хамгийн эхний хэлсэн залуу ухаан алдатлаа цохиулах уу, доошоо гүйх үү гээд намайг доош гүйлгэж явуулсан...” /1хх-194-195/ гэх мэдүүлэг
“Дамно” ХХК-ийн Ай фоне-5 маркийн гар утас, куртка зэргийг 240000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /1хх-214-215/,
Мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтэн Я.Оийн “...2017 оны 05 дугаар сарын 15-ны өдөр С, Бишрэл, Шагай бид хамтаар 00 цаг өнгөрч байхад Сансрын тунел дээрээс “Чингис” зочид буудлын урд талаар явж байхад замын эсрэг талын байрны урд талд нэг банди сандал дээр сууж байхаар нь С түрүүлж очоод гар утсаараа ганц яриулчих тэгэх үү гэхэд тэр залуу гар утсаа өгсөн. Бид нар уг залууг шилэн хүзүүн дээр нь хэд хэдэн удаа алгадсан. Утсыг нь өгөхгүйгээр дагаад яв гээд С бид 2 хоёр талд нь гарч дагуулан байрны дундуур орж модны хажууд авч ирсэн. Халаасыг нь Шагай ухаж түрийвчийг нь гаргаж авсан. Бид нар түрийвчнээс нь 1000 дэвсгэртээр байсан 5000 орчим төгрөг гарч ирснийг С авч халаасандаа хийсэн...” /1хх-203-204/ гэх мэдүүлэг зэрэг болно.
Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Шүүгдэгч Я.О, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 21-ний орой 23 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр Санхүү, эдийн засгийн дээд сургуулийн урд иргэн Б.Билгүүнбаярын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Самсунг Нөт-5 загварын гар утас, 50000 төгрөгийг дээрэмдсэн,
Шүүгдэгч Я.О, У.М, М.С, Д.Б нар нь бүлэглэн 2017 оны 05 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө 00 цагийн орчим Баянзүрх дүүргийн 1-р хорооны нутаг дэвсгэр 12-р хороолол 53 дугаар байрны хажууд насанд хүрээгүй иргэн О.Алтан-Одын эд зүйлийг авахаар хүч хэрэглэн довтолж, Ай фоне 5 загварын гар утас, 10000 төгрөг, өмсөж явсан хувцасыг нь дээрэмдсэн тус тус үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг,
Я.О нь иргэн Б.Билгүүнбаярын нүүрэнд гараараа 2 удаа цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул тэднийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх 2017 оны 5 сарын үед Монгол улсад 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд шүүгдэгч нарын дээрмийн үйлдэл нь тус хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт хамаарч эд хөрөнгө хураах буюу хураахгүйгээр 5-10 жил хорих ялтай байжээ.
Харин 2015 онд батлагдаж 2017 оны 7 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2-8 жил хорих ялтай болж багассан байна.
Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар шүүгдэгч нарын үйлдлийг 2015 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна.
Түүнчлэн энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.
Шүүгдэгч Я.О, У.М, М.С, Д.Б нар нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүгдэгч Я.О бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан үйлдэл нь хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааны зохицуулалтад хамаарч түүнд уг үйлдэлд нь эрүүгийн хариуцлага хүлээлгэж болохгүй нөхцөл байдал тогтоогдсон тул уг үйлдлийг хэрэгсэхгүй болгох прокурорын саналыг хүлээн авч шийдвэрлэв.
Шүүгдэгч нар гэмт хэрэг үйлдэх 2017 оны 5 сарын үед У.М, М.С, Д.Б нар нь 18 насанд хүрээгүй 16-17 настай байсан тул өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, журмын дагуу хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна. Шүүгдэгч Я.О нь тэр үед 19 нас 10 сартай буюу 20 нас хүрэх гэж байсан бөгөөд урьд нь 2015 онд гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлж, уг ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж байсан зэрэг байдлыг харгалзан Я.Оийг өсвөр насны хүн гэж тооцох тухай шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дамбын өмгөөллийг хүлээн авах шаардлагагүй гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч У.М, М.С, Д.Б нарт хуульд заасан ял оногдуулж уг ялыг хуульд зааснаар 2 дахин багасгах, мөн уг шийдвэрийг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулах, уг хугацаанд шүүгдэгч М.С, Д.Б нарт эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх, харин шүүгдэгч Я.О гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг төлөх талаар санаачилгатай байж хохиролд төлөх мөнгөн төлбөрийг шүүхийн тамгын газрын дансанд урьдчилан байршуулсан, гэм буруугаа ойлгож гэмшсэн зэрэг байдлыг харгалзан хуульд заасан ялаас доош татаж ял оногдуулах, уг ялуудыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх боломжтой гэж үзлээ.
Хохирлын хувьд хохирогч нар тухайн үедээ хохирол нэхэмжлэнэ гэж байсан, хохиролоос төлөгдөөгүй гэхдээ түүнээс хойш олон жил өнгөрсөн тул гомдолгүй гэх боловч нэгэнт шүүгдэгч Я.Оээс хохиролд төлөхөөр мөнгө шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан байгааг гаргуулж хохирогч, тэдгээрийн төлөөлөгч нарт олгуулах нь зүйтэй байна.
Шүүгдэгч У.Мд өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 8 сар 28 хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг шийдвэр болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Нэг гэмт хэрэгт нэг удаа ял онгдуулна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ. Учир нь У.М нь 2017 онд энэ гэмт хэргээ үйлдсэнээс хойш өөр гэмт хэргүүд үйлдэн ял шийтгүүлж, уг ялаа эдэлж байгаа нь энэ удаад шийтгэл оногдуулахад хүндрүүлэн үзэх, нялзаах, адил хэрэгт ижил үүрэг оролцоотой оролцсон бусад шүүгдэгчдээс илүү хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нөхцөл биш юм. Мөн шүүгдэгч У.Мгийн хувьд Эрүүгийн хуулийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг хэрэглэхэд эргэлзээ гарч байх тул түүнд ашигтайгаар шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч Я.О, М.С, Д.Б нар нь 14 хоног, У.М нь 78 хоног цагдан хоригдсоныг тэдгээрийн ял эдлэх хугацаанд оруулан тооцох, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Я.О, Д.Б, М.С, У.М нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтлох буюу дээрэмдэх гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Я.О Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Я.От холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Я.От 1 /нэг/ жил хорих ял,
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, М.С, Д.Б нарт тус тус 2 жил хорих ял тус тус оногдуулсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.М, М.С, Д.Б нарт оногдуулсан 2 жил хорих ялыг 2 дахин багасган тэдний эдэлвэл зохих хорих ялын хугацааг тус тус 1 жилээр тогтоосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О, У.М, М.С, Д.Б нарт оногдуулсан 1 жил хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан шүүгдэгч У.М, М.С, Д.Б нарт 1 жил хорих ял оногдуулсан энэхүү шийтгэх тогтоолыг биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсугай.
7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг журамлан шүүгдэгч У.Мд өмнөх Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 683 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 7 /долоо/ жил 8 /найм/ сар 28 /хорин найм/ хоног хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхийг болон энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хорих биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан шийдвэрийг тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэсүгэй.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Мгийн цагдан хоригдсон 78 /далан найм/, шүүгдэгч Я.О, М.С, Д.Б нарын цагдан хоригдсон 14 /арван дөрөв/ хоногийг тус тус тэдгээрийн эдлэх ялд нь оруулан тооцсугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.С, Д.Б нарт шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан 2 жилийн хугацаанд согтууруулах ундаа, мансууруулах ундаа хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоох албадлагын арга хэмжээ хэрэглэсүгэй.
10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С, Д.Б нар нь шүүхээс хүлээлгэсэн хязгаарлалтыг зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх хорих ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг хойшлуулсан шийдвэрийг хүчингүй болгож, хорих ялыг биечлэн эдлүүлэх тухай шийдвэр гаргахыг мэдэгдсүгэй.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Я.О, У.М нарт тус тус цагдан хорих шүүгдэгч М.С, Д.Б нарт тус тус хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
12. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Я.Оээс хохирол төлөх зориулалтаар тус шүүхийн тамгын газрын дансанд байрлуулсан 241000 /хоёр зуун дөчин нэгэн мянга/ төгрөгийг хохирогч Б.Билгүүнбаярт, 62500 /жаран хоёр таван зуун мянга/ төгрөгийг хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Н.Олонбаярт тус тус олгуулсугай.
13. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдний биеийн байцаалттай холбоотой баримт бичиг хэрэгт авагдаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
14. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
15. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Я.О, У.М нарыг цагдан хорих, шүүгдэгч М.С, Д.Б нарын хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА