Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 13 өдөр

Дугаар 1494

 

 

 

 

 

 

 

   2020        08           13                                  2020/ШЦТ/1494

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж, шүүгч Т.Шинэбаяр, Г.Хатанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй,

          Нарийн бичгийн дарга Д.Дэмбэрэлжүний,

          Иргэдийн төлөөлөгч Б.Бямбаням,

          Улсын яллагч Н.Гэрэлмаа,

          Шүүгдэгч Г.Э, түүний өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

          Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуроос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Эд холбогдох эрүүгийн 2015 2504 0231 дугаар хэргийг 2020 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

           Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” нэртэй дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхдэлгэртэй маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний хэвлийд нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтрэн, нарийн гэдсэнд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

        Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Э мэдүүлэхдээ: “...Би яг энэ хүнийг хутгалснаа мэдэхгүй. Хохирогчийн мэдүүлгийн уншаад бөөрөнд нь хутгалсан юм байна гэж ойлгоод тэрүүгээрээ барагцаалаад мэдүүлэг өгсөн. Тэр үед согтуу байсан болохоор хохирогчид юу ярьж яасан гэдгээ мэдэхгүй байна...” гэв.

Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/, хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-15-16/, хохирогч Б.Мөнхдэлгэрийн мэдүүлэг /хх-18-19/, Б.Хонгорзулаас авсан тайлбар /хх-22-23/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 05 сарын 15-ны өдрийн 7275 дугаартай дүгнэлт /хх 27/, яллагдагч Г.Эын мэдүүлэг /хх-112-114/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” нэртэй дэлгүүрийн орчим Б.Мөнхдэлгэртэй маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний хэвлийд нэг удаа хутгалж, хэвлийн хөндийд нэвтрэн, нарийн гэдсэнд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-2/,

 

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /хх-4-7/,

 

Хүнийг гэрэл зургаар таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-15-16/,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч Б.Мөнхдэлгэрийн “...2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Хонгорзултай цуг 11-р хороололоос таксидаад 15 цагийн үед Дарь Эхийн тэнд “Бүжин” дэлгүүрийн тэнд буусан. Тэгээд архи авах гэж “Бүжин” дэлгүүр рүү орох гэж байгаад дэлгүүрийн хажууд байдаг хоёрдогч түүхий эд авах цэгийн хашааны буланд намайг хутгалдаг, 3 хүнтэй маргалдаж байсан. Дэлгүүр ороод буцаад гарахад нөгөө хүн маргалдаж л байсан. Би маргалдаж байсан 3 хүнийг таних болохоор болиулах гэж очоод нөгөө хүнийг, та одоо боль энэ хүүхдүүд таньд дараа танд гай болно гэж хэлээд гэр рүү гээ алхсан. Нөгөөх нь араас дагаад чамд ямар хамаатай юм бэ? банди минь гэх мэтээр хэрүүл өдөөд, хараагаад яваад байхаар нь эргэж хараад, та юу гээд байгаа юм бэ гээд зүүн гараараа баруун мөрнөөс нь барих гэхэд миний зүүн хавирганд баруун гараараа цохисон. Харсан чинь гарт нь хутга байхаар нь би цамцаа сөхөхөд Хонгорзул, өөх нь гарчихсан байна гээд орилоод эхэлсэн.Нөгөө хүн дахиж хутгалах гээд далайгаад дайрахаар нь би зугтаачихсан. Би булан эргэж гүйгээд ухаан балартаж газар унасан. Нэг сэрэхэд түргэний машин дотор сэрсэн...” /хх-18-19/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 05 дугаар сарын           15-ны өдрийн 7275 дугаартай “... 1.Б.Мөнхдэлгэрийн биед хэвлийн хөндийд нэвтэрч хатгагдсан шарх, нарийн гэдэсний хатгагдсан шарх бүхий гэмтэл учирчээ. 2 Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.11-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна...” /хх-27/ гэх  дүгнэлт,

 

 Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Г.Эын “...Би 2015 оны 05 сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2-р хорооны нутаг дэвсгэрт гадуур хог шил лааз олж тушаагаад, “Бүжин” нэртэй дэлгүүрээс 0,75 литрийн архи аваад хамт хог түүдэг байсан зүс таних залуутай хувааж уусан. Тэгээд сууж байтал нэг үл таниа залуу хүрч ирээд надтай маргалдсан би согтуу байсан учраас тухайн залууг хогноос олсон хутгаараа түүнийг нэг удаа хутгалсан ...” /хх-112-114/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.

Шүүгдэгч Г.Э нь 2015 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Бүжин” нэртэй дэлгүүрийн орчим согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Б.Мөнхдэлгэртэй маргалдаж, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн, түүний хэвлийд нэг удаа хутгалж, хэвлийн хөндийг нэвтлэн, нарийн гэдсэнд шарх гэмтэл учруулж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл хэсэг тохирсон тул шүүгдэгчийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэг өгөх үедээ мэс засал, эмчилгээ хийлгэхэд 300000 төгрөг зарцуулсан, үнэтэй уураг авч хэрэглэж байгаа гэсэн боловч энэ байдлаа нотолсон баримт хэрэгт гаргаж өгөөгүй байж байгаад хохирогч 2020 оны 3 сард зуурдаар нас барсан байх тул шүүгдэгч Г.Эыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэх 2015 оны 5 сарын үед Монгол улсад 2002 оны Эрүүгийн хууль хүчин төгөлдөр үйлчилж байсан бөгөөд шүүгдэгч нь олон нийтийн газар буюу гудамжинд үл ялих зүйлээр шалтаглан бусдыг хутгалсан үйлдэл нь тус хуулийн 96 дугаар зүйлийн 96.2 дахь хэсгийн 2.1 дэх заалт буюу танхайн сэдэлтээр бусдын биед хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг болж зүйлчлэгдэх бөгөөд 7-оос дээш 10 жил хорих ялтай байх байжээ.

 

Харин 2015 онд батлагдаж  2017 оны 7 сарын 1-нээс мөрдөгдөж эхэлсэн Эрүүгийн хуулийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 5-12 жил хорих ялтай болж ялын доод хэмжээ 2 жилээр багассан байна.

 

 Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт ... оногдуулах ялыг хөнгөрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ, 2 дахь хэсэгт оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй гэж зааснаар шүүгдэгчийн үйлдлийг 2015 оны эрүүгийн хуулиар шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Тиймээс шүүгдэгчийн өмгөөлөгчийн 2002 оны Эрүүгийн хуулийг буцаан хэрэглэж 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж 2015 онд батлагдсан өршөөлийн хуульд хамруулж өгнө үү гэсэн өмгөөлөл хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

          Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Г.Эын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн урьд нь 2 удаа ял шийтгүүлж байсан, энэ хэрэгт шалгагдаж байхдаа мөрдөн байцаалтаас зайлсхийж явснаар хэрэг шалгах ажиллагааг удаан хугацаагаар тасалдуулсан хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзан хуульд заасан ялаас доош татаж ял хөнгөрүүлэн оногдуулах шаардлагагүй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эт 5 /тав/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, уг ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.

 

          Шүүгдэгч Г.Э нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цагдан хоригдсон 50 хоногийг түүний эдлэх ялд нь оруулан тооцохоор шийдвэрлэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

          1. Шүүгдэгч Г.Эг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Г.Эыг 5 /тав/ жил хорих ялаар шийтгэсүгэй.

         

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт тус тус зааснаар, Г.Эт оногдуулсан нийт 5 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Эын цагдан хоригдсон 50 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцсугай.

 

          5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Г.Э нь бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          6. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Г.Эт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА

 

                                                    ШҮҮГЧ                                   Т.ШИНЭБАЯР

 

                                                    ШҮҮГЧ                                   Г.ХАТАНЦЭЦЭГ