Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шүүгчийн захирамж

2017 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 146/ШШ2017/00069

 

Хариуцагчийн зөвшөөрлийг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Г.Энх-Амгалан би,

Нэхэмжлэгч: Төрийн банк Өвөрхангай салбарын харъяа Өлзийт тооцооны төвийн  нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Өвөрхангай аймгийн Өлзийт сум, 2 дугаар баг, “Агуйт гэх газар оршин суух, Боржигон овгийн Долгорын Эрдэнэ-Очир /ЙЮ61073014/, Боржигон овгийн Эрдэнэ-Очирын Мэндбаяр /ЙЮ86111017 нарт холбогдох,

“10.965.222.22 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2017 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч

ТОДОРХОЙЛОХ нь:

Төрийн банк Өвөрхангай салбарын харъяа Өлзийт тооцооны төвийн  харилцааны менежер Э.Баярмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Иргэн Д.Эрдэнэ-Очир нь  2016 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр Төрийн банкны Өлзийт тооцооны төвийн 13/309 тоот зээлийн болон барьцааны гэрээ байгуулж 12.997.753.91 төгрөгийн зээлийг 36 сарын хугацаатай сарын 1,7 хувийн хүүтэйгээр авсан билээ. Зээлдэгч нь зээлийн төлбөрийг шүүхэд нэхэмжлэх гаргах өдрийн байдлаар буюу 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрөөр зээлийн төлбөрт 10.617.464.90 хүүгийн төлбөрт 7.446.292.52 төгрөгийг төлсөн байна. Зээлдэгч Д.Эрдэнэ-Очир нь зээлийн гэрээний 6-р зүйлийг зөрчин зээл болон хүүгийн төлбөрийг бүрэн төлөх үүргээ биелүүлээгүй бөгөөд банкны ажилтнуудын тавьсан хууль ёсны шаардлагыг биелүүлэхгүй зээлийн гэрээний үүргээ байнга удаа дараа зөрчсөөр өнөөдрийг хүрлээ. Иймээс Төрийн банк болон зээлдэгч Д.Эрдэнэ-Очир хамтран зээлдэгч Э.Мэндбаяр нарын хооронд байгуулсан зээлийн гэрээг үндсэн зээлийн гэрээг хугацаанаас өмнө дуусгавар болгож 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн байдлаар дор дурдсан шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргаж байна. Үүнд: Үндсэн зээлийн төлбөр-10.332.535.10

Зээлийн хүүгийн төлбөр-632.687.12 төгрөг төлөгдөөгүй байна.

Иймд Д.Эрдэнэ-Очироос зээлийн төлбөрт 10.332.535.10 төгрөг /арван сая гурван зуун гучин хоёр мянга таван зуун гучин тав/ зээлийн хүүний төлбөр 632,687,12 төгрөг / зургаан зуун гучин хоёр мянга зургаан зуун наян долоон төгрөг арван хоёр мөнгө/ гаргуулж өгнө үү...”...” гэжээ.

Хариуцагч Д.Эрдэнэ-Очир шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Өвөрхангай салбарын харъяат Төрийн банкны Өлзийт тооцооны төвөөс цалингийн зээл авсан нь үнэн. Эрүүл мэндийн байдлын улмаас 2016 оны 05 дугаар сарын 01-ний өдрөөс ажлаасаа чөлөөлөгдсөн учир зээлээ хугацаанд нь төлж чадаагүй. Ажлаас гарснаас хойш өөрийн боломжоор зээлийг төлж байсан боловч ээжийн минь бие муудаж олон хоногоор асарч ээж минь нас барсан. Би өөрөө элэг цөсний хагалгаанд орж эрүүл мэндийн байдал хүнд байгаагаас зээлийн төлбөрийг бүрэн гүйцэд төлж чадахгүй байгаа нь үнэн. Банкны ажилтнуудын шаардлагыг биелүүлээгүйдээ асуудлын гол нь бус аль болохоор өрийг барагдуулах санаа байгаа ч одоохондоо амьдралын боломжгүй төлбөрийн чадваргүй болчихоод байна даа. Биеэ эмчлүүлж эдгэрсний дараа ажил хийж өрийг барагдуулах болно. Нийт 10.965.222.22 төлөхийг зөвшөөрч байна...” гэжээ.

Хариуцагч Э.Мэндбаяр шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Эрдэнэ-Очир овогтой Мэндбаяр Өвөрхангай аймгийн Өлзийт сумын төрийн банкнаас зээл Д.Эрдэнэ-Очир буюу аавтайгаа хамтран зээлдэгчээр зээл авсан нь үнэн. Аль болох түргэн хугацаанд ажилд орж зээлийг барагдуулах болно. Нийт 10.965.222.22 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна...” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Төрийн банк Өвөрхангай салбарын харъяа Өлзийт тооцооны төв нь хариуцагч Д.Эрдэнэ-Очир, Э.Мэндбаяр нараас “10.965.222.22 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “хариуцагч Д.Эрдэнэ-Очир, Э.Мэндбаяр нар нь 10.965.222.22 төгрөгийг төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэсэн тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.

Дээрх тайлбараас үзэхэд хариуцагч нар нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаангүй, бүрэн хэмжээгээр хүлээн зөвшөөрсөн гэж байгаа нь бусдын хуулиар хамгаалагдсан эрх, эрх чөлөө, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй ба хуульд нийцсэн байна.

Иймд хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Зохигчид төлбөр төлөх хугацаагаа шийдвэр гүйцэтгэлийн шатанд тохиролцох боломжтой болохыг дурдлаа. 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2., 75., 123 дугаар зүйлийн 123.1., дэх хэсгийг удирдлага болгон

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1., 453 дугаар зүйлийн 453.1. нэхэмжлэгч Төрийн банк Өвөрхангай салбарын харъяа Өлзийт тооцооны төвийн  “зээлийн гэрээний үүрэгт 10.965.222.22 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Д.Эрдэнэ-Очир, Э.Мэндбаяр нар хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1., Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5. дахь хэсэгт зааснаар хариуцагч Д.Эрдэнэ-Очир, Э.Мэндбаяр нараас 95.196.5 төгрөг, орон нутгийн төсвийн орлогоос 95.196.5 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Төрийн банк Өвөрхангай салбарын харъяа Өлзийт тооцооны төвд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 190.393.57 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогын дансанд хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар захирамжийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг дурдсугай.

4. Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх  хэсэгт зааснаар захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

ШҮҮГЧ                                 Г.ЭНХ-АМГАЛАН