| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 162/2020/0111/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/111 |
| Огноо | 2020-04-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Болорзул |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 04 сарын 10 өдөр
Дугаар 2020/ШЦТ/111
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж
Улсын яллагч: С.Болорзул
Шүүгдэгч Д.Э нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э холбогдох эрүүгийн 2014002010120 дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
1. Монгол улсын иргэн, 1986 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Д.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Ц ыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч Д.Э ийн мөрдөн байцаалтад өгсөн
... би дахиж нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан би юу болсныг мэдэхгүй байна нэг мэдсэн С.Ц ын нүүр лүү цохиж байсан. Тэгсэн манай эхнэр С.******* бид хоёрыг салгах гээд дийлэхгүй болохоор ******* ахыг дуудаж салгасан байсан. Би С.Ц ыг нүүрэнд хэд хэдэн удаа цохьсон... гэх мэдүүлэг / хх-ийн 65-67 /
Хохирогч С.Ц ын мөрдөн байцаалтад өгсөн
… Д.Э чи яагаад манай өвөлжөө рүү малаа явуулаад байгаа гэхээр нь хажууханд байгаа юм чинь явуулахгүй яахын гэж хэлэхэд би энэ өвөлжөөг худалдаж авсан гэж хэлээд миний нүүр лүү 2-3 удаа цохихоор нь би тэвэрч авсан. Маргааш нь Д.Эийн ах Төгсөө намайг гэрт хүргэж өгсөн. Д.Э бид хоёр өвөлжөөнөөс болж маргалдсан миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохьсон. Д.Эбид хоёр нэлээн их согтуу байсан. Миний хохирлыг бүрэн барагдуулсан... гэх мэдүүлэг / хх-ийн 59-61 /
Гэрч С.*******ын мөрдөн байцаалтад өгсөн
… С.Ц нь Д.Э ийг боож авахаар нь би боль гээд болиулсан. Тэгээд тэр гайгүй болж хоорондоо юм ярьж байгаад гэрээс гараад явсан. Тэгсэн гэрийн гадаа зодолдож байгаа чимээ гарахаар нь би ******* ахын гар утас руу залгаад Д.ЭС.Ц нар зодолдоод байна гээд салгасан. Тэгээд би гэрээс гараад гадаа харанхуй болчихсон байсан болохоор нь С.Ц гартаа чулуу барьсан болохоор нь би чулууг нь хаяулсан С.Ц миний нүүрнээс цус гарлаа гэж хэлэхэд Д.Эчи миний толгойг хагалсан байна гэж хэлээд маргалдаад холдуулж тайвшруулж байгаад дагуулаад гэрийн хажууд ирэхэд С.Ц гэрийн хажууд гадаа унтаж байсан. С.Ц Д.Энар их согтолттой байсан бараг тасарсан байх... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 /
Гэрч Г.******* мөрдөн байцаалтад өгсөн
… Би С.Цыг гэрт нь очиж үзэхэд хамар хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан, цус хурсан, нүүрний арьс нь энд тэндээ зулгарч шалбарсан, толгой орой дагз хэсэгт хавдартай, доод эрүүний зүүн талын араас 2 дах шүд унасан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 19-21 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184 дугаар шинжээчийн
1.С.Цын биед тархи доргилт, зүүн доод 5-р шүдний булгарал, 2 нүдний зовхи болон алимны салстнын цус хуралт, зовхи, хамар, дагзны зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг, хацар, шанаанд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Уг гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.
5. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги 5% алдагдуулна ... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/
-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 55-56/, амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 37-47/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 96/, оршин суух багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 78/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 81-82,/ шүүгдэгч Д.Эийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77/, депозит дансны хуулгууд /хх-ийн 83-86/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүгдэгч Д.Э нь Баянхонгор аймгийн ******* сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт 2020 оны 03 дугаар сарын 01-ний өдөр С.Цыг зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч Д.Э ийн... би дахиж нэг шил архи гаргаж ирээд бид хоёр хувааж уусан, Би Ц ыг нүүрэнд хэд хэдэн удаа цохьсон.... гэх мэдүүлэг / хх-ийн 65-67 /
Хохирогч С.Ц ын… Д.Э бид хоёр өвөлжөөнөөс болж маргалдсан миний нүүр лүү 3-4 удаа гараараа цохьсон, бид хоёр нэлээн их согтуу байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 59-61 /
Гэрч С.*******ын...С.Ц гартаа чулуу барьсан болохоор нь би чулууг нь хаяулсан С.Ц миний нүүрнээс цус гарлаа гэж хэлэхэд Энхтөгс чи миний толгойг хагалсан байна гэж хэлээд маргалдсан,... С.Ц Д.Энар их согтолттой байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 14-16 /
Гэрч Г.*******…С.Ц ыг гэрт нь очиж үзэхэд хамар хавдсан, хоёр нүд хөхөрч хавдсан, цус хурсан, нүүрний арьс нь энд тэндээ зулгарч шалбарсан, толгой орой дагз хэсэгт хавдартай, доод эрүүний зүүн талын араас 2 дах шүд унасан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 19-21 /
Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 184 дугаар шинжээчийн...,С.Цын биед тархи доргилт, зүүн доод 5-р шүдний булгарал, 2 нүдний зовхи болон алимны салстнын цус хуралт, зовхи, хамар, дагзны зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг, хацар, шанаанд, зулгаралт гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 35-36/ зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Э д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Э ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Хэрэг учрал болсон өдөр хохирогч С.Ц, шүүгдэгч Д.Энар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.Эийн нь хохирогч нүүр лүү нь цохиж гэмтэл үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.
Шүүгдэгч Д.Э нь хохирогч С.Ц ыг зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн доод 5-р шүдний булгарал, 2 нүдний зовхи болон алимны салстнын цус хуралт, зовхи, хамар, дагзны зөөлөн эдийн няцрал, дух, хөмсөг, хацар, шанаанд, зулгаралт бүхий хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 35-36/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Хэргийн хохирогч С.Ц ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Шүүгдэгч Д.Э нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байна.
Шүүгдэгч Д.Э нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч С.Ц нь Д.Эийн үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Д.Энь бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч Д.Энь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч С.Ц... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 59-61/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Д.Эийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Шүүгдэгч Д.Э нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 1, 4, 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогт Д.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э ийг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Шүүгдэгч Д.Э хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
4. Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
6. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Э хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА