Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2018/01315

 

С.А-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэртэй,

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2018/00017 дугаар магадлалтай,

С.А-, Д.Б- нарын нэхэмжлэлтэй

Ч.М-, И.А- нарт холбогдох,  

Баянхонгор аймгийн, Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Булган Өгөөмөр-8 гудамжны 807 б тоотод байрлах, МАНА БУД нэртэй зоогийн газар, дэлгүүр, караоке, хүнсний дэлгүүрийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй барилгыг дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох тухай иргэний хэргийг,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч С.А-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа, нарийн бичгийн дарга Г.Наранхүү нар оролцов.

Нэхэмжлэгч С.А-, Д.Б- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...И.А-, Ч.М- нар хамтарч зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний худалдааны төв баръя гэж гуйсан. Тухайн барьсан хөрөнгийг хамтарч өмчлөх буюу үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ дээр хамтарч нэрээ бичүүлнэ, тухайн үйл ажиллагаанаас олсон орлогоо 50, 50 хувиар хувааж авна гэж гэрээ байгуулан тохиролцсон юм. Ингээд бид 5 сарын хугацаанд 16x11 хэмжээтэй зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний дэлгүүрийн зориулалттай худалдаа үйлчилгээний төв барьсан. Энэ хооронд бид хоёр малаа малчнаар хөлс төлөн хариулуулан, хөлсний ажилчдын хамт хоёргүй сэтгэлээр, цаг наргүй барилгын ажлыг эхнээс нь дуустал ажиллаж дуусгасан бөгөөд Ч.М- хамтран барилцсан. Бидний зүгээс 35.000.000 төгрөг гаргасан. Гэтэл И.А-, Ч.М- нар нь үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж, үйл ажиллагаагаа явуулж эхэлснээс хойш зангаа хувирган биднийг та нарын хэрэг байхгүй бид нар өөр хүнд зарсан хэмээн хэл амаар доромжлон 2017 оны 11 дүгээр сарын 29-нд хөөж гаргасан. Иймд Монгол улсын Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.1-т зааснаар эрхийг хүлээн зөвшөөрүүлэн, бидний өмчлөх эрхийг зөрчсөн үйлдлийг зогсоож, сэргээн 16x11 хэмжээтэй зоогийн газар, дэлгүүр, караоке хүнсний дэлгүүрийн зориулалттай МАНА БУД Мини маркетын дундаа хамтран өмчлөгчөөр Д.Б-, С.А- биднийг тогтоож өгнө үү гэжээ.

Хариуцагч И.А-, Ч.М- нарын шүүхэд гаргасан тайлбарт: ...Д.Б-, С.А- хоёртой барилга барихад нийт хэдэн төгрөгийн зардал гарна, үүнд нийлүүлсэн мөнгөнийхөө хэмжээгээр ашгаа аваад явахаар тохирсон. Гэхдээ эхлээд миний нэр дээр авсан бүх зээлийг хамтарч төлөөд дараа нь ашиг гарч эхлэх үед дээрх байдлаар ашгаа аваад явна гэж хэлсэн. Бид нар барилгаа барьж дуусгахад манайхаас 65.300.000 төгрөг, С.А-гийнхаас 6.900.000 төгрөг зарцуулагдсан. Барилга байгууламжийн өмчлөл, гэрчилгээ авахтай холбоотой асуудлын тухайд би эхнээсээ газар болон эд хөрөнгийнхөө өмчлөгч нь би өөрөө учраас дийлэнх мөнгөө би өөрөө гаргана, энэнтэй маргахаар бол одоо энэ тохиролцооноос гарч болно гэдгийг хэлж байсан. Бидний хувьд хэн хэнийх нь малтай, малчин хүмүүс. Аль аль нь малаа малчнаар маллуулж, ах дүүс найз нөхдөө хамт ажиллуулан, хоол хүнс, зардлаа тэгш гаргаж ар амьдралаа дээрх хугацаанд адилхан зохицуулж явсан. Д.Б-, С.А- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд дурдсан бүх зүйлс ер яригдаагүй, тохиролцсон зүйл биш, ор худлаа зүйлс бичсэн байна. Барилга байгууламжид болон үйл ажиллагааны эд зүйлд бага хэмжээгээр хөрөнгө оруулсан байх нь үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг үүсгэх шууд үндэслэл болохгүй. И.А- миний өмчлөлийн МАНА-БУД миний маркетын дундаа хамтран өмчлөх эрхтэйг тогтоолгохоор гаргасан нэхэмжлэгч нарын нэхэмжлэл хууль зүйн хувьд үндэслэлгүй учир нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1, 477 дугаар зүйлийн 477.4, 100 дугаар зүйлийн 100.1, 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг тус тус баримтлан Баян-Өндөр сумын 3-р баг Булган, Өгөөмөр 8 дугаар гудамж, 807 б тоотод байршилтай 170.9 м.кв талбайтай, Ү-0308000019 улсын бүртгэлийн дугаар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээний зориулалттай МАНА-БУД нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн хамтран өмчлөгчөөр Сайханбаярын Амараа, Дагвадоржийн Бүзмаа нарыг тогтоож, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2, 24 дүгээр зүйлийн 24.4-д зааснаар Ү-0308000019 улсын бүртгэлийн дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд хамтран өмчлөгч нарыг нэмж бүртгэхийг Баянхонгор аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг төвлөрсөн төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ч.М-, И.А- нараас 70.200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Д.Б-д олгож шийдвэрлэжээ.

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2018/00017 дугаар магадлалаар Баянхонгор аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар хариуцагч И.А-аас улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 төгрөгийг төрийн сангийн данснаас буцаан гаргуулж И.А-т олгож шийдвэрлэсэн байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Бурмаа хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ....давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарласан, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэж байна. Нэхэмжлэгч манай талаас Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаартай шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаагүй байхад Баянхонгор аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргахдаа Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаартай шийдвэрийг нэхэмжлэгч талаас эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна гэж бичсэн өөрөөр хэлбэл 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрт биш 2018 оны 3 дугаар сарын 09-ний өдөр гарсан шүүхийн шийдвэрт гомдол гаргасан, хариуцагч тал гомдол гаргаж байж нэхэмжлэгч талаас гаргасан мэтээр бичсэн нь өөрөө процессийн хувьд ноцтой алдаа төдийгүй, давж заалдах шатны шүүх хурал хүчин төгөлдөр гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн өмгөөлөгч гомдол гаргасан байхад давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгосон бөгөөд хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэл сонирхол, шүүхийн магадлал хоёр зөрчилдөж байна. Магадлалд ”МАНА БУД” мини маркет нэртэй тухайн барилгыг барихад нийт хэдэн төгрөгөөр босгож бүтээн байгуулалт хийсэн нь тодорхойгүй гэжээ. Гэтэл нэхэмжпэгч талаас уг барилгыг барихад нийт 62.480.000 төгрөг зарцуулсан тухайгаа болон гарсан зардлаа дараах байдлаар тайлбарласан. Үүнд нэхэмжлэгч талаас барилгад 26.480.000 , хоол хүнсэнд 1.240.000 төгрөг, нийт 27.720.000 төгрөг, хариуцагч талаас 20.000.000 төгрөг, иргэн Ц.Ганбатаас 2017 оны 6 дугаар сард 5.000.000 төгрөг, иргэн Ш.Цогбадрахаас 10.000.000 төгрөг тус тус зээлэн барьсан бөгөөд энэ талаарх нотлох баримтыг анхан шатны шүүхэд гаргаж өгсөн. Барилгыг барьж дуусгасны дараа бараа татахад нэхэмжлэгч талаас 2.700.000 төгрөг, хариуцагч талаас 1.000.000 төгрөг, иргэн В.Эрдэнэбаатараас 5.000.000 төгрөг, Д.Чинзоригоос 4.000.000 төгрөг нийт 9.000.000 төгрөгөөр бараа татсан бөгөөд нийт бусдаас авсан зээл 24.000.000 төгрөгийг талууд ярилцаж тохиролцон иргэдээс зээлэн барилгын үйл ажиллагаанд оруулсан тухайгаа анхан шатны шүүх хуралдаанд тодорхой тайлбарласан.

Нэхэмжлэгч талын оруулсан хөрөнгө нь тухайн барилгыг барьж байгуулсан үнийн дүнтэй харьцуулахад хэдэн хувийг эзэлж байгаа нь тодорхойгүй гэжээ. Шүүхээс тус барилгыг барихад хэдэн төгрөг орсон гэдгийг хэрхэн яаж тогтоосон болоод нэхэмжлэгчийн оруулсан мөнгийг тодорхойгүй гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Нэхэмжлэгч, хариуцагч талын оруулсан хөрөнгийн харьцаа тэгш биш, өөрөөр хэлбэл оруулсан хөрөнгө нь 50, 50 хувийн харьцаатай хөрөнгө оруулжээ гэдэг нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс 27.720.000 төгрөг оруулсан хариуцагч тал уг барилгыг 69.726.000 төгрөг, 72.200.000 төгрөгөөр боссон ийм мөнгийг оруулсан гэх мэт янз бүрээр тайлбар өгдөг бөгөөд энэ мөнгөнөөсөө хариуцагч тал 44.000.000 төгрөгийг миний нэр дээр бусдаас зээл авсан гэж тайлбарладаг. Тэгвэл хариуцагч барилга барихад 69.726.000 төгрөг гаргасан гэж үзэхэд нэхэмжлэгч талтай хамтран бусдаас авсан зээл нь 44.000.000 төгрөг байгаа бол үүнийг хасахад хариуцагч тал 25.726.000 төгрөг, нэхэмжлэгч тал 27.720.000 төгрөг гаргасан байна. Мөн хариуцагч И.А- бусдаас миний нэр дээр 44.000.000 төгрөгийн зээл авсан гэсэн тайлбар өгч зээлийн гэрээ байгуулах хуулийн шаардлага хангаагүй нотлох баримт гаргаж өгсөн. Хариуцагч дээрх бусдаас авсан зээл гэх 44.000.000 төгрөгнөөс 26.000.000 төгрөгийг талууд ярилцаж авсан гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч, харин 18.000.000 төгрөгийг аваагүй хуурамч нотлох баримт бүрдүүлсэн буюу иргэдээс гуйж гарын үсэг зуруулан шүүхэд хуурамч нотлох баримт гаргаж өгсөн гэж нэхэмжлэгч тал тайлбардадаг. Нэхэмжлэгч талаас тухайн барилгыг барихад 27.720.000 төгрөг зарцуулсан гэж тайлбарладаг боловч үүнээс 9.600.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн болох нь тогтоогддог боловч бусад зарцуулсан хөрөнгийн тухайгаа нотлох баримтаар нотлож чадаагүй гэжээ. С.А-, Д.Б- нараас энэ барилгыг дундаа хамтран өмчлөх эрхийг шаардах үндэслэл байна уу гэдгийг шалгаж үзэхэд нэхэмжлэгч С.А-, Д. Бүзмаа нар нь тухайн барилгыг барихад тусалж өөрсдийн биеэр оролцсон болох нь тогтоогдож байгаа, 9.600.000 төгрөгийн хөрөнгө нийлүүлсэн болон 1.240.000 төгрөгийн мал хүнс зарцуулсан болох нь хэрэгт авагдсан нотлох баримтаар нотлогдож байгаа гэж зөрүүтэй тайлбарласан.

С.А-, Д.Б- нар И.А-ын хамт 2017 оны 6 дугаар сарын 12-ны өдрөөс 2017 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн хооронд барилгын материал татах, худалдан авах зорилгоор БНХАУ-руу Ховд аймгийн Булган сумаар дамжин хил гарч нэхэмжлэгч С.А-, Д.Б- нар 10.500.000 төгрөгөөр худалдан авалт хийсэн тухай гэрэл зураг, гадаад паспортын тэмдэглэгээ, худалдаж авсан барилгын материалаа С.А-, Д.Б- нар өөрийн жижиг гэртээ хураасан гэрэл зураг, тухайн барилга баригдах үйл явц, барилгын материалын зураг, барилгын нээлт хийж байгааг баримтжуулсан гэрэл зургийг нотлох баримтаар гаргаж өгсөн үүнийг хариуцагч И.А- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2017 оны 6 сараас эхлэн барилгын материалдаа Ховд аймгийн Булган сумын хилрүү С.А-, Д.Б- бид 3 барилгын материалаа цуглуулж ирсэн гэдэгээ хүлээн зөвшөөрсөн, үүнийг ч анхан шатны шүүх хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй байна гэж дүгнэсэн байхад давж заалдах шатны шүүх үүнийг нотлох баримт биш гэж үзсэн. Хариуцагч тал нэхэмжлэгчийн оруулсан мөнгөнөөс зөвхөн 9.600.000 төгрөгийг хариуцагч И.А-ийн дансруу шилжүүлсэн баримтыг ашиглан зөвхөн энэ л мөнгийг оруулсан гэж өөрт ашигтай байдлаар тайлбарлаж байгааг шүүх илүүд үзэж бусад манай талаас гаргаж өгсөн баримт болон гэрэл зургуудыг нотлох баримт биш хэмээн үзсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчсөн.

Хариуцагч И.А-, Ч.М- нарын 2018 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр шүүхэд гаргасан хариу тайлбарт “Би Амараа Бүзмаа хоерт Барилга барьж, байгууллагыг байгуулахад нийт хэдэн төгрөгний зардал гарах нь вэ, үүнд нийлүүлсэн мөнгөнийхөө хэмжээгээр тооцож, ашгаа аваад явахаар ярилцсан. Гэхэдээ эхлээд миний нэр дээр авсан бүх зээлийг хамтарч төлөөд дараа нь ашиг гарч эхлэх үед ийм байдлаар ашгаа аваад явна гэж хэлснээр тэдэнтэй ингэж тохиролцсон “Бидний хувьд хэн хэнийх нь малтай, малчин хүмүүс аль аль нь малаа малчнаар маллуулж, ах дүүс найз нөхдөө хамт ажиллуулан, хоол хүнс, зардлаа тэгш гаргаж ар амьдарлаа дээрхи хугацаанд адилхан зохицуулж явсан гэсэн тайлбараар талууд ашиг олох зорилгоор хамтран ажиллах гэрээг амаар байгуулсан, барилга барихад зарцуулсан зардалаа ижил тэнцүү гаргаж байснаа хариуцагч тал энэхүү тайлбараараа хүлээн зөвшөөрдөг. Мөн талуудын ахан дүүс, найз нөхөд нь барилга барихад цалинтай, цалингүй сайхан сэтгэлээр тусалсан талаарх холбогдох тайлбар, баримтыг ч харгалцан үзээгүй.

Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д зааснаар үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцох бөгөөд нэхэмжлэгч талаас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлтэй холбогдуулж ямар нэгэн гомдол, нэхэмжлэл гаргаагүй тул дундаа хамтран өмчлөх эрхтэй гэж тогтоох үндэслэл болохгүй гэж шүүх үзсэн. Гэтэл үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийн маргаан бүхий гомдлыг бүртгэлийн байгууллага харъяалан шийдвэрлэдэггүй юм. Иймд Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

С.А-, Д.Б- нар Ч.М-, И.А- нарт холбогдуулж Баянхонгор аймгийн, Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Булган Өгөөмөр-8 гудамжны 807 б тоотод байрлах, МАНА БУД нэртэй зоогийн газар, дэлгүүр, караоке, хүнсний дэлгүүрийн зориулалттай үйл ажиллагаа явуулж буй барилгыг дундаа хамтран өмчлөгчөөр тогтоолгох шаардлага гаргасныг, хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэснийг, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Давж заалдах шатны шүүхийн магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгохдоо, анх барилгыг барихдаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх асуудлыг хэрхэн зохицуулах, ашиг орлогоо хэрхэн хуваах талаар харилцан тохиролцоогүй маргаантай байна гэсэн нь  хуульд нийцээгүй дүгнэлтийг хийжээ.

Зохигч хэн аль нь 2 талаас хөрөнгө гаргаж, И.А-ийн эзэмшлийн Баянхонгор аймгийн, Баян-Өндөр сумын 3 дугаар баг, Булган Өгөөмөр-8 гудамжны 807 б тоотод байрлах газарт барилга барьж, улмаар үйлчилгээний зориулалтаар үйл ажиллагаа явуулж, үйл ажиллагаанаас олсон  ашгийг 50, 50 хувиар авахаар тохиролцсон нь Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д заасан  хамтран ажиллах гэрээний шинжийг агуулсан талаархи  анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий байна.

Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээдэг бөгөөд уг гэрээг гэрээний талууд бичгээр болон амаар байгуулж болохыг хуульд заасан байна.

2017 оны 07 дугаар сарын 06-ны өдрөөс 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүртэл талууд хамтарч барилгыг барьж, улмаар үйл ажиллагаа явуулж эхэлсэн байх бөгөөд уг барилга барихад, түүнчлэн хамтын үйл ажиллагаа буюу дэлгүүр ажиллуулахад зохигч хэн аль нь тодорхой хөрөнгө гаргасан болох нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Иргэний хуулийн 477 дугаар зүйлд зааснаар хамтран ажиллах гэрээний талууд гэрээнд заасны дагуу хураамж төлөх бөгөөд гэрээнд оруулсан хураамжийн хэмжээг тодорхойлоогүй бол тэнцүү хэмжээгээр хариуцах,  гэрээнд өөрөөр заагаагүй бол талуудын төлсөн хураамж нь тэдгээрийн дундаа өмчлөх хөрөнгө байна, дундаа өмчлөх хөрөнгийн үр шим, түүнийг нэгтгэсэн, нийлүүлснээс бий болсон хөрөнгө нь талуудын дундаа өмчлөх хөрөнгө болдог байна.

Хамтын үйл ажиллагааны үр дүнд бий болсон МАНА БУД нэртэй үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр хариуцагч И.А- 2017 оны 10 дугаар сарын 24-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан байх бөгөөд нэхэмжлэгч нар хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхээр шаардлага гаргах эрхтэй ба нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлт нотлох баримтад тулгуурласан, зохигчийн хооронд үүссэн эрх зүйн харилцааг хуульд нийцүүлэн тодорхойлж, Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч нар, үйл ажиллагаанаас олсон ашгийг 50, 50 хувиар авахаар тохиролцсныг хүлээн зөвшөөрсөн хэдий ч барилгын хамтран өмчлөгчөөр тогтоох үндэслэлгүй энэ талаар тохиролцоогүй гэх боловч нэхэмжлэгч нарын оруулсан хөрөнгө, хамтын үйл ажиллагаанд оролцсон хөдөлмөрийг сайн дураар тусласан эсхүл өөр журмаар тохиролцсон гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Иймд нэхэмжлэгч нарын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн 213/МА2018/00017 дугаар магадлалыг хүчингүй болгож, Баянхонгор аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 01-ний өдрийн 131/ШШ2018/00225 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг төлснийг  шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.  

 

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ