Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 12 сарын 19 өдөр

Дугаар 2017/ДШМ/075

 

Г.Д, Н.Э нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Улсын яллагч *******

Нарийн бичгийн дарга Д.Сайннямбуу нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2017/ШЗ/570 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцлээр Г.Д, Н.Э нарт холбогдох эрүүгийн 1714001030061 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Н.Э, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, 2012 оны 11 дүгээр сарын 12-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 8 сар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдаж байсан, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй,

Монгол улсын иргэн, Г.Д, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

Н.Э, Г.Д нар нь 2017 оны 7 дугаар сарын 2-ноос 2017 оны 7 дугаар сарын 3-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Заг сумын 4 дүгээр багт байрлах үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр болох *******ийн эзэмшлийн “*******” хүнсний дэлгүүрт хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Г.Д, Н.Э нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч ******* нь 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Д, Н.Э нарт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэг, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулж Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулж түүнээс гэрчээр мэдүүлэг авсан байна.

Баянхонгор аймаг дахь цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч Б.Баттөмөр нь 2017 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Г.Д, Н.Э нарт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолыг танилцуулан яллагдагчаас мэдүүлэг авч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйл, 7.5 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ”, мөн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “шүүгч, прокурор, өмгөөлөгч, мөрдөгч, эрх бүхий албан тушаалтан, шинжээчид яллагдагчийн гэм буруугийн талаар хөдөлбөргүй үнэн гэж урьдчилан тогтоосон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэж гэм буруутай эсэхийг урьдчилан тогтоохыг хориглож хуульчилсан.

Мөн хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “яллагдагч өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, эсхүл хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй”, мөн хуулийн 1.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “шүүх, прокурор, мөрдөгч нь сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугүй болохыг өөрөөр нь нотлуулахаар шаардахыг хориглоно” гэж хуульчилсан байна.

Үүнээс дүгнэхэд гэмт хэрэг үйлдэгдсэн нь тогтоогдож тухайн гэмт хэргийг үйлдсэн гэж сэжиглэгдэж байгаа хүн нь Н.Э, Г.Д нар байна.

Гэтэл мөрдөгч тухайн сэжигтнээс гэрчээр мэдүүлэг авсан нь яллагдагчаар өөрөөр нь холбогдсон хэргийг нь нотлуулсан байна. Ингэснээр тодорхой эрх бүхий албан тушаалтнуудад яллагдагчийн гэм буруугийн талаар ойлголт үүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч нарыг тус тусад нь ялган хуульчилсан байхад сэжигтэн, яллагдагчийг гэрчтэй адилтгаж мэдүүлэг авсан байгаа нь буруу болж тухайн хуулийг болон хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн зөрчил гэж үзэн хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

Прокурор ******* 2017 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 39 дүгээр эсэргүүцэлдээ: Прокурорт буцаасан шүүгчийн захирамж нь дараахь нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна. Үүнд:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “Энэ хуульд заасны дагуу эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоолтой танилцсан сэжигтнийг яллагдагч гэнэ” гэж хуульчилсан байх бөгөөд яллагдагч Н.Э, Г.Д нарыг 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр прокурорын эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолоор яллагдагчаар татагдан яллагдагч болсон, яллагдагчаар татагдахаас өмнө буюу 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Г.Д, Н.Э нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.1 дүгээр зүйлийн 12 дугаар хэсэг, 9.6 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасан эрх үүргийг танилцуулан, Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлд заасан хуулийн заалтыг сануулж тэдгээрээс гэрчээр мэдүүлэг авсан нь хууль зүйн үндэслэлтэй байгаа бөгөөд шүүх ч өөрөө ингэж дүгнэсэн.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар яллагдагч Н.Э, Г.Д нар нь өөрсдийнх нь гэмт хэрэг үйлдсэн, гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхээ эдлэлгүйгээр мэдүүлэг өгсөн байна.

Нөгөөтэйгүүр яллагдагч Н.Эрдэнэсайхан, Г.Д нарын гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэл нь хавтаст хэрэгт авагдсан тэдгээрийн гэрчийн мэдүүлгээр бус бусад хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтуудаар хангалттай нотлон тогтоогдсон, прокуророос яллагдагч нарын гэрчээр мэдүүлсэн мэдүүлгийг яллах талын нотлох баримтаар сонгоогүй, өмгөөлөгчдийн зүгээс шүүхийн хэлэлцүүлгийн шатанд нотлох баримтаас хасуулах бүрэн эрхтэй байхад гэрчээр байцаасан нь хууль зөрчсөн байна гэж хэргийг прокурорт буцаасан нь шүүх хэт нэг талыг барьсан гэж үзэхээр байна.

Шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “...тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана...” гэсний дагуу яллагдагч нарын гэрчээр өгсөн мэдүүлгээс бусад нотлох баримтаар гэм буруутай нь хангалттай нотлогдон тогтоогдсон гэрчээр өгсөн мэдүүлгийг үнэлэхгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой юм.

Мөн шүүгчийн захирамжинд прокуророос дээрх хэрэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн байхад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн шилжүүлсэн гэж Эрүүгийн хуульд байхгүй зүйл анги бичсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна.

Иймд Н.Э, Г.Д нарт холбогдох Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлгүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эсэргүүцлээ дэмжиж давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцож байна. Анхан шатны шүүхээс хуулийг буруу хэрэглэж хэргийг анхан шатны шүүхэд буцаасан байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх дүгнэлтийг гаргаж байна гэв.

ХЯНАВАЛ:

Хавтаст хэргийн 26-29 дүгээр талуудад 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянхонгор аймаг дахь Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн тасгийн хэсгийн төлөөлөгч цагдаагийн ахлах дэслэгч ******* нь Г.Д, Н.Э нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.6 дугаар зүйлд заасны дагуу гэрчийн мэдүүлэг авч, ингэж мэдүүлэг авахдаа мөн зүйлийн 6 дахь хэсэгт “...гэрч өөрийнх нь эсрэг, түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байдлаар мэдүүлэг авч байна гэж үзвэл энэ тухай тэмдэглэлд тусгуулан мэдүүлэг өгөхөөс татгалзаж, өмгөөлөгчтэй мэдүүлэг өгөх эрхтэй...” заасныг сануулан мэдүүлэг авсан бөгөөд Г.Д, Н.Э нар нь өөрсдөө уг эрхээ эдлэхгүйгээр гэрчийн мэдүүлэг өгсөн байна.

Тухайн хэрэгт мөрдөгчийн гаргасан саналыг үндэслэн Баянхонгор аймгийн прокурорын газраас 2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр “Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай” /хх-ийн 2-р тал/ тогтоол гарсан байх тул хэрэг бүртгэлийн шатанд хуульд заасан үндэслэл журмын дагуу хийгдсэн мөрдөгчийн ажиллагааг буруутгах боломжгүй, хэргийг прокурорын газарт буцаасан шүүгчийн захирамж нь тухайн хэрэгт цаашид ямар ажиллагаа нөхөн хийлгэх нь тодорхой бус ойлгомжгүй болжээ.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн талаар бичсэн улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, улсын яллагчийн эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Хэрэгт авагдсан яллах дүгнэлт /хх-ийн 86-88-р тал/-ийн “Тэмдэглэх” хэсэгт Г.Д гэж тухайн хэрэгт яллагдагчаар татагдаагүй этгээдийг гэмт хэрэг үйлдсэн гэж бичсэн, тухайн хэргийн холбогдогч Г.Ды төрсөн огноог хэрэгт авагдсан иргэний үнэмлэхний лавлагаанаас илт зөрүүтэй бичсэн, мөн гэмт хэргийн улмаас яллагдагч нарын бусдад учруулсан хохирлын талаар тусгаагүй зэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2-т тус тус заасныг зөрчсөн байх тул яллах дүгнэлтийг хууль ёсны гэж үзэх боломжгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид энэ магадлалд заасан үндэслэлээр нэмэлт өөрчлөлт оруулж дээр дурдсан алдаа зөрчлийг залруулсны эцэст шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүхээр хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

Мөн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжид бичсэн улсын яллагчийн эсэргүүцэлд Г.Дэлгарсайханыг Г.Д, Н.Эийг Н.Эрдэнэсайхан гэх мэтээр зөрүү бичсэн байгааг дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2017/ШЗ/570 дугаар шүүгчийн захирамжид энэ магадлалд заасан үндэслэлээр өөрчлөлт оруулж, улсын яллагч *******гийн бичсэн 2017 оны 39 дүгээр эсэргүүцлийг хүлээн авч хангасугай.

2. Хэргийг прокурорт очтол Г.Д, Н.Э нарт хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                  ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                               Т.ДАВААСҮРЭН