Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттуулайн Болормаа |
Хэргийн индекс | 119/2017/0035/З |
Дугаар | 08 |
Огноо | 2018-04-09 |
Маргааны төрөл | Газар, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 08
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Болормаа даргалж
Нэхэмжлэгч: Д.Э-ын нэхэмжлэлтэй
Хариуцагч: ОАГХБХБГ-т холбогдох
“ЭО” ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс ЭО ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах”-ыг тус тус хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Д.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Д овогтой Э нь Орхон аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 тоот захирамжаар Зэст багийн нутаг дэвсгэрт Орос сургуулийн урд байрлах 375 м2 худалдаа үйлчилгээний зориулалттай газрын байршлыг шилжүүлэн Зэст багийн нутаг дэвсгэрт ** байрны 600 м2 газрыг орон сууцны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшсэн.
Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд заасны дагуу тус ** нэгж талбарын дугаар бүхий газрын өмчлөгч нь Монгол Улсын төр юм. Гэтэл Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаартай “Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамжийн дагуу 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай ЭО ХХК-ийн зүгээс хамтран эзэмшигчээр бүртгэж өгнө үү гэсэн хүсэлтийг ОАГХБХБГ хүлээн авч тухайн аж ахуйн нэгж байгууллагыг өмчлөгчийн зөвшөөрөлгүй хамтран эзэмшигчээр бүртгэсэн байдаг.
Газрын тухай хуульд зааснаар зөвхөн Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж байгууллагатай газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, гэрчилгээ олгодог ба хууль ёсны эзэмшигч миний эрхэд халдаж Засаг даргын захирамж гараагүй байхад шүүгчийн захирамж болон ЭО ХХК-ийн хүсэлтээр тус газрын хамтран эзэмшигчээр ЭО ХХК-ийг бүртгэсэн нь хууль бус байна.
Иймээс ЭО ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс ЭО ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгаж өгнө үү. гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д-ын Э нь 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дугаар захирамжаар одоогийн Орос сургалттай сургуулийн урд байрлах худалдаа үйлчилгээний газрын байршлыг шилжүүлэн ** дугаар байрны урд байрлах 600 м2 орон сууцны зориулалт бүхий газрыг эзэмшсэн. Газрын өмчлөгч бол төр юм. 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаар эвлэрлийн гэрээг баталгаажуулсан шүүгчийн захирамжаар 2015 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаартай ЭО ХХК-ийн зүгээс хамтран эзэмшигчээр бүртгүүлэх хүсэлтийг хүлээн авч хамтран эзэмшигчээр бүртгүүлсэн байна. Орхон аймгийн Засаг даргын шийдвэрийг үндэслэн бүртгэдэг байхад Засаг даргын захирамж гараагүй байхад ЭО ХХК-ийг нэмж бүртгэсэн нь илт хууль бус акт болохыг тогтоолгож газар эзэмших эрхийн гэрчилгээнээс ЭО ХХК-ийг хамтран эзэмшигчээс хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгахыг хүссэн нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна. гэв.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: В.Г болон ЭО ХХК-тай маргаагүй. Харин захиргааны хэргийн шүүхийн хяналтад байх ёстой төрийн эрх бүхий албан тушаалтантай холбоотой маргааны талаар ярьж байна. Хэргийг Захиргааны хэргийн шүүх хянахаар байгаа тул шүүхэд хандсан байгаа. Монгол улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 1.2 дахь хэсэгт Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн гэж заасан байна. Салбар хуулиуд буюу Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т Төрийн үйл ажиллагааны зарчмыг хуульчилж өгсөн байна. 4.2. Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална. 4.2.1. хуульд үндэслэх, 4.2.3. хуульд заасан нууцад хамаарахаас бусад үйл ажиллагаанд ил тод, нээлттэй байх, 4.2.4. үр нөлөөтэй байх, 4.2.5. зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх, 4.2.6. бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах, 4.2.7. ашиг сонирхлын зөрчилтэй захиргааны үйл ажиллагаанаас татгалзан гарах, татгалзан гаргах боломжийг хангах, 4.2.8. хууль ёсны итгэлийг хамгаалах гэсэн зарчмыг баримтлан үйл ажиллагаа явуулахаар заасан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн. Газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д Газрыг Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад 15-60 жил хүртэл хугацаатайгаар эзэмшүүлж болно. Газар эзэмших эрхийн гэрчилгээг нэг удаад сунгах хугацаа 40 жилээс илүүгүй байна. Газрын тухай хуулинд аймгийн Засаг дарга газар эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэхдээ газрын алба Засаг даргын гаргасан шийдвэрийг үндэслэнэ гэж заасан байна. Засаг даргын шийдвэрийг үндэслэж газар олгох гэрээ байгуулах эрхийг олгох байгууллага мөн байна. Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар гэрчилгээний ард нэмэлтээр Э О ХХК-ийг нэмээд байгаа үйлдэл нь өөрөө утга агуулгын алдаатай буюу илт хууль бус актын шинжийг хангаж байна гэж үзэж байна. Эвлэрлийн гэрээгээр В.Г-ыг нэмэхээр заасан байхад төрийн байгууллага Э О ХХК-ийг нэмээд байгааг утга агуулгын илэрхий алдаатай байна гэж үзнэ. Гэрчилгээн дээр өөр байгууллагыг нэмээд байгаа нь ямар төрөл, зориулалтаар газар олгож байгаа нь ойлгомжгүй. Мөн газар эзэмшүүлэх гэрээг дахин байгуулах эсэх нь тодорхойгүй. Д.Э гэрээ байгуулсан нь үнэн. Энэ бол Э О ХХК, Д.Э нарын хоорондох маргаан биш. Эвлэрлийн гэрээний дагуу нэмэлт бүртгэл хийсэн гэж тайлбарладаг. Төрийн чиг үүрэг эрх бүхий албан тушаалтны шийдвэрийн үндсэн дээр гэрчилгээ олгож шийдвэрлэх ёстой байхад энэ талаар Засаг даргын ямар ч шийдвэр гараагүй байдаг. Д.Э гэрээ байгуулаад өргөдөл өгөөд байхад Э О ХХК-ийг нэмээд байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт зааснаар Илт хууль бус захиргааны акт гарсан цагаасаа эхлэн эрх зүйн үйлчлэлгүй байна 47 дугаар зүйлийн 47.1.6-д зааснаар иргэн, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хуульд заасан үндэслэл байгаагүй Газрын алба шүүхийн шийдвэр биелэгдэх ёстой учраас гэж тайлбарладаг. Тэр үед хуулинд нийцсэн байсан бол Д.Э энэ асуудлыг амархан шийдэх байсан. Төрийн байгууллага өнөөдөр аж ахуйн нэгж байгууллагад саад учруулаад өдий хүрсэн. Барилгаа баръя гэхээр хамтран эзэмшигчийн бүртгэлээс болоод үйл ажиллагаа явуулж болохгүй байгаа. Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Э О ХХК-ийг нэмээгүй байсан бол эрх хөндөгдөхгүй байх байсан. 15 жилийн хугацаанд уг газрыг ашиглаад барилга барихаар гэрээ байгуулсан. Гэрчилгээний ард нэмж бичихдээ нөхөөд хэвлэдэг юм байна. Энэ нь эрх зүйн үр дагавар үүсгээгүй гэж хэлдэг. Актын хууль бус болох үндэслэлийн тухайд Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1. утга агуулгын илэрхий алдаатай, 47.1.3. тухайн захиргааны байгууллага өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан, 47.1.4. захиргааны актыг гүйцэтгэх этгээд тодорхой бус гэж заасан нөхцөлийг хангаж байна. Мөн хуулийн 47 дугаар зүйлийн 47.4-т Эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдсөн этгээд захиргааны актыг илт хууль бус болохыг тогтоолгохоор захиргааны байгууллагад хэдийд ч хандаж болно гэж заасан эрхийнхээ дагуу шүүхэд хандаж байгаа. гэв.
Хариуцагч ОАГХБХБГ-ын дарга Д.Ц шүүхэд гаргасан тайлбартаа: ... 1. Иргэн Д.Э-т аймгийн Засаг даргын 2013 оны 02 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дүгээр захирамжаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын Зэст баг ** байрны урд талд байрлах орон сууцны зориулалттай 600 м2 газрыг эзэмшүүлсэн бөгөөд уг газраа зориулалтын дагуу ашиглаагүй, газар эзэмших гэрээгээр хүлээсэн үүрэг болон газар эзэмшүүлэгчээс тавьсан шаардлагыг биелүүлээгүй тул аймгийн Засаг даргын 2017 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн А/211 дүгээр захирамжаар газар эзэмшүүлэх шийдвэрийг хүчингүй болгож энэ тухай газар эзэмшигчид албан ёсоор мэдэгдсэн болно.
2. Иргэн Д.Э-ын эзэмшлийн ** нэгж талбарын дугаар бүхий 600 м2 газарт Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгүүлэхийг харилцан тохирч эвлэрлийн гэрээ байгуулсныг Сум дундын шүүхийн шүүгчийн 2013 оны 987 дугаартай захирамжаар баталсан байдаг. Шүүхийн шийдвэр нь заавал хэрэгжих ёстой учраас уг захирамжийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд Д.Э-ын газар эзэмших эрхийн ** дугаар бүхий гэрчилгээнд Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн бөгөөд Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан газар эзэмших эрх шилжүүлэх үйл ажиллагаа хийгдээгүй тул Засаг даргын захирамж гараагүй болно.
3. Шүүгчийн захирамжийн дагуу хамтран эзэмшигч нэмсэн, дараагаар нь газрын эрх хүчингүй болсон байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. гэжээ.
Хариуцагч ОАГХБХБГ-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Э нь газар эзэмших эрхийн гэрчилгээгээ шилжүүлээгүй. Тухайн үед газар эзэмших гэрээг өмнөх гэрээний ард нь өөрчлөлт оруулж бичсэн. 987 дугаар шүүгчийн захирамжийн дагуу өөрсдөө ирж хүсэлтээ гаргаад нэмэлт өөрчлөлт оруулсан. Шинээр газар эзэмших гэрчилгээ олгосон зүйл байхгүй. гэв.
Гуравдагч этгээд “Э О” ХХК-ийн захирал В.Г шүүхэд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Д.Э 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Э О ХХК-д холбогдуулан 555.600.000 төгрөг гаргуулан авахаар Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2013-11-13-ны өдөр байгуулсан хоёр талын эвлэрлийн гэрээний 1 дэх заалт буюу Д.Э-ын эзэмшлийн 600 м2 талбайтай орон сууцны зориулалттай газар дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлэх гэсэн заалтын дагуу үүргээ биелүүлсэн гэсэн утга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх бөгөөд энэ нэхэмжлэлтэй хэргийг шүүх шийдээгүй байгаа болно.
Нэхэмжлэгч Д.Э 2017-11-02-ны өдөр Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хариуцагч ОАГХБХБГ-ыг буруутгасан атлаа Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа өөрөө хүсэж дээрх газрын хамтран эзэмшигчээр Э О ХХК-ийг бүртгүүлсэн гэж бичжээ. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын дагуу нэхэмжлэгч хариуцагч нарын хэн аль нь үнэн зөв шаардлага, тайлбар мэдүүлэг гаргах үүрэгтэй байтал хоёр өөр шүүхэд нэг зүйлийн талаар хоёр өөрөөр бичиж нэхэмжлэл гаргасан явдал нь үнэн зүйлийг худал болгох гэсэн үйлдэл санаа зорилго байна.
Бодит болсон асуудал бус зөвхөн өөртөө ашигтай шийдвэр гаргуулахын тулд явуургүй шаардлага гаргаж байна гэж үзэж байна. гэжээ.
Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах саналтай оролцож байгаа. Учир нь анх Д.Э гэрчилгээ аваагүй байхдаа 2012 оны 05 дугаар сард Э О ХХК-ийн захирал В.Г-тай уулзаад Орос сургалттай сургуулийн хажуу талын 375 м2 газрыг 98 150 000 төгрөгөөр худалдсан. Тухайн үед В.Г-т эзэмших эрхийн гэрчилгээ байгааг шалгаж үзээгүй. Тэгээд л өөрийн газар дээр захирамж гаргуулсан. Энэ захирамжийн хавсралтын 8 дахь хэсэгт 375 м2 газрыг эзэмшүүлэхээр болсон байдаг. 98 150 000 төгрөг авсан болох нь Э О ХХК-ийн 2013 онд гаргаж байсан нэхэмжлэлээс харагдана. 375 м2 газрыг яагаад 600 м2 болгосон юм бэ гэхээр Э О ХХК газрыг аваад үйл ажиллагаа явуулах боломжгүй болсон. Э О ХХК Орхон аймгийн Засаг даргад хандаад явж байхад Д.Э мэдээгүй байсан. 2013 онд шүүхэд нэхэмжлэл гаргасан. 375 дугаар газар эзэмшүүлсэн захирамжийг хүчингүй болгож өгөөч гэсэн байдаг. Үүнд 2 тал эвлэрээд шүүх эвлэрлийг батлаад Д.Э-ын нэр дээр 600 м2 газрыг эзэмших эрхийг даалгасан байдаг. Үүний дагуу 2013 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн А/91 дугаар газрын байршил шилжүүлж эзэмшүүлэх тухай Засаг даргын захирамж гарсан байдаг. Шүүхийн архиваас нэхэмжлэл гаргаж байсан талаарх баримтуудыг авч хэрэгт хийсэн. 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн нэхэмжлэлдээ газар зараад мөнгө авсан талаараа тодорхой бичсэн байдаг. Сөрөг нэхэмжлэлийг Д.Э гаргасан. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулсан. ** дугаар байрны урд байрлалтай орон сууцны газар хамтран эзэмшигчээр бүртгүүлэх гэсэн байна. 987 дугаар шүүгчийн захирамжийн үндэслэх хэсэгт мөн энэ талаар заасан байгаа. Захирамжлах хэсэг дээр 600 м2 газар дээр хамтран эзэмшигчээр бүртгүүлж В.Г барилга барихаар тохирсон эвлэрлийн гэрээ байгуулсан. Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 987 дугаар захирамжийг гаргахдаа тухайн үйлдлийг төрийн албан тушаалтанд даалгаагүй байдаг. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэр заавал биелэгдэх ёстой байгаа. Ингээд Э О ХХК хүсэлтээ гаргасан. 2017 оны 02 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгч Д.Э иргэний шүүхэд нэхэмжлэл гаргасан. Э О ХХК-иас 555 600 000 төгрөг нэхэмжилсэн. 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаар шүүгчийн захирамжийн улмаас үүссэн хохирол гэж үзэж байгаа. Өнөөдөр энэ шүүхэд хууль бус гэж хандаж байгаа хэдий ч эвлэрлийн гэрээний үүргээ биелүүлээгүй. Өнөөдөр талууд үнэн зөв мэдүүлэг гаргах хэрэгтэй. Төрийн энэ байгууллага илт хууль бус үйл ажиллагаа явуулаад ингэж бүртгэсэн байна гэж үзэн шаардаад байгааг гайхаж байна. Эвлэрлийн гэрээн дээрээ өөрөө харилцан тохирч зөвшөөрсөн байгаа. Өнөөдөр төрийн байгууллага чиг үүргийнхээ дагуу ажлаа хийж байна. Гуравдагч этгээдийн зүгээс хариу тайлбарыг маш дэлгэрэнгүй бичиж өгсөн байгаа. Нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй байна. Өмнө нь шүүгчийн захирамжийг хянасан Давж заалдах шатны шүүхийн магадлалыг шүүх анхаарч хянаж үзээсэй гэж үзэж байна. гэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн нэхэмжлэл, хариуцагч, гуравдагч этгээдийн шүүхэд ирүүлсэн тайлбар, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээдүүдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар, өмгөөлөгч нарын шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Д.Э Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг хууль бус болохыг тогтоолгож, ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс Э О ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс Э О ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах гэж өөрчилсөн болно.
Орхон аймгийн Засаг дарга 2013 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн А/91 дугаартай захирамжаар Зэст баг, ** байрны урд 600 м2 газрыг Д.Э-т орон сууц барих зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмшүүлэхээр шийдвэрлэж, гэрээ байгуулан гэрчилгээ олгогдсон байна.
Тухайн газрыг хамтран эзэмшихээр Д.Э Э О ХХК-ийн захирал В.Г нарын 2013 оны 11 дүгээр 13-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээг Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 987 дугаартай шүүгчийн захирамжаар баталж, тус шүүгчийн захирамж хүчин төгөлдөр болжээ.
Дээрхи эвлэрлийн гэрээ, шүүгчийн захирамжийн дагуу Орхон аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газраас Д.Э-ын газар эзэмших ** дугаартай гэрчилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчээр Э О ХХК-ийг бүртгэсэн байна.
Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан ...хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., 6 дугаар зүйлийн 2, Захиргааны Ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан үндсэн зарчим, 4.2.5, 4.2.6-д тус тус заасан тусгай зарчмууд, Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7, 23.4.2-д заалтуудыг тус тус зөрчсөн учраас Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1, 47.1.3-д заасны дагуу Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн бүртгэл илт хууль бус гэж маргасан.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.7-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох: гэж аймаг, нийслэлийн газрын албаны эрх хэмжээг, 23.4.2-д Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгуулагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох: гэж сумын газрын даамал, дүүргийн газрын албаны эрх хэмжээг тус тус зохицуулсан байна.
Эдгээр хуулийн дагуу аймгийн Засаг даргын шийдвэр гараагүй байхад Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-т заасан илт хууль бус гэж нэхэмжлэгч тайлбарласан тухайд:
Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1-д энэ хуулийн 29.1, 29.2, 29.3-т заасан болон төсөвт байгууллагад зайлшгүй хэрэгцээтэй газрыг эзэмшүүлэх тухай шийдвэрийг аймаг, нийслэл, сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар баталсан газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу тухайн шатны Засаг дарга гаргана: гэж заасан. Газрын тухай хуулийн Газар эзэмшүүлэх, ашиглуулах гэсэн тавдугаар бүлэг нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас анх газар эзэмших тухай хүсэлтийг хэрхэн гаргаж, түүнийг захиргааны байгууллага хэрхэн шийдвэрлэх талаар зохицуулсан хуулийн зохицуулалт юм. Харин уг бүлэгт нэгэнт иргэний эзэмшилд газар олгохоор Засаг дарга шийдвэрлэж, гэрээ байгуулж, гэрчилгээ олгогдсон газарт хамтран зэмшигчээр дахин шийдвэр гаргаж, бүртгэл хийгдэх тухай нарийвчилсан зохицуулалт байхгүй байна. Газрын тухай хуульд газрыг хамтран эзэмшүүлэх тухай тодорхой зохицуулалт байхгүй учраас Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.13-д газар эзэмших, ашиглах эрхийн гэрчилгээ олгох журмыг батлах гэж заасны дагуу Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар журам батлан, энэ журмыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг аймаг, нийслэл, дүүргийн Газрын алба, сумдын Газрын даамлуудад үүрэг болгосон байна.
Журмын 10.12-т “Газар эзэмших эрхийн гэрчилгээний арын нүүрэнд хамтран эзэмшигчийг бүртгэхдээ иргэний эцэг /эх/-ийн болон өөрийн нэр, иргэний үнэмлэхийн болон регистрийн дугаарыг тус тус бичнэ. Хэрэв аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллага хамтран эзэмшигчээр байгаа тохиолдолд эцэг /эх/-ийн нэр гэсэн баганад “Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын нэр”-ийг, “иргэний үнэмлэхийн дугаар гэсэн баганад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар”-ыг тус тус бичнэ.” гэж журамласан байгаагаас дүгнэхэд Э О ХХК-ийг иргэн Д.Э-ын газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэхдээ аймгийн Засаг даргын шийдвэргүйгээр, хуулиар эрх хэмжээ олгогдоогүй, өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар ОАГХБХБГ бүртгэл хийсэн нь илт хууль бус гэж үзэх үндэслэлгүй гэж шүүх үзлээ.
Мөн Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4.3 дахь заалтыг зөрчсөн нь илт хууль бус захиргааны акт байна гэж тайлбарласан боловч Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4-д сумын Засаг даргын газрын харилцааны талаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг зохицуулсан ба 21.4.3-д энэ хуулийн 21.3.2-т зааснаас бусад газрыг сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу сумын хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах гэж анх суманд газар олгохдоо тухайн жилийн сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх эрхийг сумын Засаг даргад олгосон хуулийн зохицуулалт байна.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгч нар нь Орхон аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 987 дугаартай захирамжийн үндэслэх болон тогтоох хэсэгт В.Г-ыг хамтран эзэмшигчээр бүртгүүлэх гэж заасан байхад Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр нэмсэн нь утга агуулгын хувьд илэрхий алдаатай учраас Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1-д зааснаар илт хууль бус захиргааны акт гэсэн тухайд:
Э О ХХК нь иргэн Д-ын Э-т хариуцагдах нэхэмжлэлийг 2013 оны 07 дугаар сарын 26-ны өдөр Орхон аймаг дахь Сум дундын шүүхэд гаргажээ. Шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн зохигчдын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээг 2013 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 987 дугаар Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжаар баталсан байна. Эвлэрлийн гэрээнд Нэхэмжлэгч Э О ХХК-ийн захирал В.Г, хариуцагч Д.Э бид эвлэрэн хэлэлцэж эвлэрлийн гэрээг байгууллаа гэсэн ба гэрээний 1 дүгээр заалтад В.Г-ыг... гэж бичсэн байгааг шүүх захирамжиндаа гэрээнд заасан нөхцөлийг бичсэн байна.
Д.Э нь хамтран эзэмшигчээр В.Г эсвэл Э О ХХК-ийн аль нэгийг нь бүртгүүлэхийг хүлээн зөвшөөрч эвлэрлийн гэрээ байгуулсан нь Иргэний хуулийн 43 дугаар зүйлийн 43.2.1-д талууд хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурсан гэж заасны дагуу хийгдсэн хэлцэл, энэ хэлцэл нь Д.Э-ын хүсэл зоригийн илэрхийлэл бөгөөд шүүх эвлэрлийг баталж, хүчин төгөлдөр болсон шүүгчийн захирамж, 83 дугаар тушаалаар баталсан журмын дагуу Д.Э-ын газар эзэмших ** дугаартай гэрчилгээнд хамтран эзэмшигчээр Э О ХХК-ийг бүртгэсэн нь Д.Э-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Шүүх гуравдагч этгээд Э О ХХК-ийг татан оролцуулсан ба В.Г нь Э О ХХК-ийн захирал болох нь Улсын бүртгэлийн хэлтсээс гаргуулсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул хамтран эзэмшигчээр Э О ХХК-ийг бүртгэсэн бүртгэлийг Захиргааны Ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.1 дэх заалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Г нь гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшихээр авсан гэрчилгээнд аж ахуйн нэгжийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн нь буруу гэж тайлбарласан боловч Газрын харилцаа, геодези, зураг зүйн газрын дарга 2008 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 83 дугаар тушаалаар баталсан журмын 10.12-т ... “Хэрэв аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллага хамтран эзэмшигчээр байгаа тохиолдолд эцэг /эх/-ийн нэр гэсэн баганад Аж ахуйн нэгж, байгууллага, төрийн байгууллагын нэр-ийг, иргэний үнэмлэхийн дугаар гэсэн баганад тухайн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн дугаар”-ыг тус тус бичнэ. гэж журамласан байгаагаас үзэхэд гэр бүлийн хэрэгцээнд газар эзэмшихээр авсан гэрчилгээнд хамтран эзэмшигч нь заавал иргэн байна гэсэн хязгаарлалтыг хийгээгүй байна.
Дээрхи байдлуудаас дүгнэхэд Захиргааны байгууллага болох ОАГХБХБГ нь Үндсэн хуулийн 1 дүгээр зүйлийн 2-д заасан Ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах, хууль дээдлэх нь төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим мөн., Захиргааны Ерөнхий хуулийн Захиргааны үйл ажиллагааны зарчим гэсэн 4 дүгээр зүйлийн 4.1-д Захиргааны үйл ажиллагаанд Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчим үйлчилнэ., 4.2.1-д хуульд үндэслэх гэсэн тусгай зарчмуудыг, мөн холбогдох салбарын хуулиудыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Иймээс Э О ХХК-ийг Д.Э-ын ** дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээнд хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.
Нэгэнт ОАГХБХБГ-аас иргэн Д.Э-ын газар эзэмших гэрчилгээнд хамтран эзэмшигчийг бүртгэсэн бүртгэлийг хуулийн хүрээнд үнэн зөв хийгдсэн гэж шүүх үзсэн учраас ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс Э О ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Э-ын нэр дээр гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагуудыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй юм.
Иймд Д.Э-ын тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.2-д заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын “Э О ХХК-ийг хамтран эзэмшигчээр бүртгэсэн үйлдлийг илт хууль бус болохыг тогтоолгож, ** нэгж талбарын дугаар бүхий газрыг эзэмших эрхийн гэрчилгээний хамтран эзэмшигчээс Эрдэнэт Оргил ХХК-ийг хасч, гэрчилгээг Д.Эрдэнэбаярын нэр дээр гаргахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь заалтуудыг баримтлан нэхэмжлэгч Д.Э-ын улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 /далан мянга, хоёр зуун/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 108.4, 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БОЛОРМАА