Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2022 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2022/0262

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Л.Д-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч А.Сарангэрэл

Илтгэсэн шүүгч Д.Баатархүү

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгч Л.Д

Нэхэмжлэгч: Л.Д

Хариуцагч: “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал

Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Л.Д, хариуцагч Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ш.Нарангарав

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна

Хэргийн индекс: 128/2021/0294/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Д нь “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах”-аар маргасан байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийдвэрээр: Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хууль /2006/-ийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.1.7, Орон сууцны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 8.1.1, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1, 9 дүгээр зүйлийн 9.1, Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.7, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Д-ын гаргасан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгч Л.Д- анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах  гомдол гаргажээ.

3.1. Шүүхийн шийдвэрийн үндэслэл хэсэгт “Зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам”-ын 5.2.7.1-5.2.7.5 дахь хэсэгт хөдөлмөрийн чадвал алдалтын хувь хэмжээ, зэрэг төрөл гэсэн эрэмбэ дарааллаар ангилсан ангиллын хувьд маргаж байхад, эрх ашиг сонирхлыг хязгаарласан шинж тогтоогдоогүй гэж дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлгүй юм. Эрэмбэ дарааллаар нөхөн сэргээх боломжтой хөдөлмөрийн чадвар алдсан иргэдийг нөхөн сэргээх хугацаагаар нь гэсэн огт журамд дурдагдаагүй үндэслэл үгүй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

3.2. Иргэн Л.Д миний хувьд адил түвшний тулгуур эрхтний бэрхшээлтэй иргэдээс дээрх журамд дурдагдсан ямар ангилал, эрэмбээр 57-д эрэмбэлэгдсэн талаар тодорхой хариу өгөөгүй миний эрхийг хязгаарласан гэж үзэх үндэслэлтэй.

3.3. Л.Д миний хувьд хөдөлмөрийн чадвараа 76 хувиар алдсан тулгуур эрхтний бэрхшээлтэй нөхөн сэргээх боломжгүй, байнгын асаргаатай, ам бүлийн хувьд 3 өнчин ач, зээ нарын хамт амьдардаг байдлыг харгалзан хэрхэн эрэмбэлсэн талаар тодорхой хариу өгөөгүй нь эрх зүйн хувьд сөрөг нөлөө үзүүлсэн гэж үзэх үндэслэлтэй юм.

Дээрх нөхцөл байдлыг үндэслэн 69 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас давж заалдах гомдлыг үгүйсгэж бичгээр тайлбар гаргаагүй ба анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

2. Анхан шатны шүүх маргааны үйл баримтад хамаарах хэрэглэвэл зохих хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлан хэрэглэсэн, хуулиар тогтоосон хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй байх тул нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

2.1. Нэхэмжлэгчээс “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд тус тус холбогдуулан “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5 дугаар зүйлийн 5.2.7.1 дэх заалтыг хүчингүй болгуулах, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-ийн 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус болохыг тогтоож, Л.Д-т квот олгохыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж түүний үндэслэлээ “миний хөдөлмөрийн чадвар алдалтын ямар хувь хэмжээ, зэрэг төрлийг үндэслэн 57 дугаарт эрэмбэлсэн болох нь тодорхой бус байгаагаас гадна Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсэгт заасныг зөрчиж байна” гэж тайлбарлан, хариуцагчаас “түрээсийн орон сууцны хүртээмж бага, хөтөлбөрт хамрагдахаар хүсэлт гаргасан иргэдийг бүгдийг нь хамруулах боломжгүй тул Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2.7-д зааснаар хүсэлт гаргасан иргэдийг эрэмбэлэхдээ 5.2.7.1-5.2.7.5-д заасан шалгуураар эрэмбэлж, тэргүүн ээлжид хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэргийг ихээс бага руу эрэмбэлсэн ... маргаан бүхий актын холбогдох заалт нь нэхэмжлэгчид түрээсийн орон сууцанд хамрагдах эрх олгосон эерэг нөлөөлөлтэй байх тул энэ нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны актад хамаарахгүй бөгөөд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй” гэж тайлбарлан маргажээ.

2.2. Анхан шатны шүүх “сонгон шалгаруулах комисс нь Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд бүртгүүлсэн иргэдийг сонгон шалгаруулж, жагсаалт үүсгэхдээ Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журмын 5.2 дахь хэсэгт заасан эрэмбийн дагуу сонгон шалгаруулах зарчмыг хэрэгжүүлсэн” гэж дүгнэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.

2.3. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7-д “хуульд өөрөөр заагаагүй бол нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх;” гэж заасны дагуу Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 114 дүгээр тогтоолоор “Нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулах журам” баталж, уг журмын 5 дугаар зүйлийн 5.2.7-д “Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүлийн ангилалд бүртгүүлсэн иргэдийг, 5.2.7.1-д “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээ, зэрэг төрлөөр” сонгон шалгаруулахаар журамласан.

2.4. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч нь түрээслээд өмчлөх хэлбэрийн орон сууцанд хамрагдахаар хүсэлт гаргасан, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 115 дугаар тогтоолоор “Буянт-Ухаа 2” орон сууцны хорооллын 972 айлын орон сууцны 30 хувийг түрээслээд өмчлөх хэлбэрээр олгохоор болж, “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК нь үндсэн чиг үүргийнхээ хүрээнд тухайн орон сууцанд хамрагдах иргэдийн хүсэлтийг хүлээн авч бүртгэлийн үйл ажиллагаа зохион байгуулахаар ажилласан, үүнээс хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд 5 хувийн квот, энэхүү квотоос 1 хувийг нь хөдлөх, тулах эрхтний хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хуваарилахаар журамласнаас үзвэл түрээслээд өмчлөх 292 орон сууцны 15 орон сууцыг хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл ангилалд хуваарилснаас хөдлөх, тулах эрхтний хөгжлийн бэрхшээлтэй ангилалд 3 орон сууцыг түрээсээр өмчлүүлэх квот ногджээ.

2.5. “Нийслэлийн орон сууцны корпораци” ХК-аас нийт олгогдсон 3 орон сууцанд тухайн ангилалд хүсэлт ирүүлсэн бүх иргэдийг хамруулах боломжгүй тул иргэдээс ирүүлсэн хүсэлтүүдийг эрэмбэлэхдээ маргаан бүхий журмын 5.2.7.1-д “Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хэмжээ, зэрэг, төрлөөр нь” гэж заасны дагуу эрэмбэлснийг нэхэмжлэгчийн эрхийг хязгаарласан гэж үзэхгүй, Орон сууцны тухай хуулийн 8.1 дэх хэсэг, 8.1.1-д заасан бүрэн эрхээ хэрэгжүүлсэн гэж ойлгохоор байна.

2.6. Учир нь нэхэмжлэгчээс хэдий “Л.Д намайг 57-д эрэмбэлсэн шийдвэрийг хууль бус” гэж маргаж байх ч хүсэлт гаргасан иргэдээс нэхэмжлэгчийн хөдөлмөрийн чадвар алдалт хамгийн өндөр байсан гэх үйл баримт хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

2.7. Нөгөөтэйгүүр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн 2019 оны 114 дүгээр тогтоолоор нийслэлийн зорилтот бүлгийн иргэдийг түрээсийн орон сууцанд хамруулахыг зорьсон нь нэхэмжлэгчийн эрхийг хөндөөгүй, харин ч нийслэлийн зорилтот бүлгийн нийгмийн баталгааг хангахтай холбоотой буюу чиглэсэн этгээдэд эрх олгосон, боломжит нөхцөл байдлыг бий болгосон акт байх тул давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож,нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гомдлыг хангахгүй орхив.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх заалтыг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 69 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

22. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.6-д заасны дагуу нэхэмжлэгч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ЕРӨНХИЙ     ШҮҮГЧ                                            Д.БАТБААТАР

    

ШҮҮГЧ                                                                       А.САРАНГЭРЭЛ

ШҮҮГЧ                                                                       Д.БААТАРХҮҮ