Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 03 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/093

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: С.Болорзул

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ

Хохирогч Н.О

Шүүгдэгч Д.Э, түүний өмгөөлөгч Д.Мэндээ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Э д холбогдох эрүүгийн 1914004490386 дугаартай хэргийг 2020 оны 02 дугаар сарын 20-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол Улсын иргэн, 1975 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр Баянхонгор аймаг Богд суманд төрсөн, 45 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Богд сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аривжих" нэртэй хүнс, барааны дэлгүүрт Н.О зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Д.Э гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

2019 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн 17 цагийн үед Машбаяр гэх айлын дэлгүүрт ороод ногоо авах гээд зогсож байсан чинь Н.О орж ирсэн. Сонин юу байна хө гээд мэндлэхэд “юмгүй” гээд ууртай хариулсан. Хар энергитэй авгай минь яагаад ажилд оролцдоггүй юм бизнесээ хөөнө гэхээр нь авсан ногоогоо аваад шидсэн чинь мөрөн дээгүүр нь гараад явсан. Тэгээд над руу тооны машин аваад шидэхээр нь доошоо суусан чинь миний дээгүүр гараад явсан. Босох гэсэн чинь миний аарцаг руу өшиглөсөн. Тэгэхээр нь би 2 удаа алгадсан гэв.

Шүүгдэгч Д.Э гийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн үед дэлгүүрээс хүнсний ногоо авах гээд зогсож байхад Н.О нь орж ирээд мэндлэхгүй болохоор нь би сонин юу байна гээд мэндлэхэд ууртайгаар юмгүй гэж хэлээд танайх яагаад юманд оролцохгүй байгаа хар энергитэй, танайхыг бизнесээсээ хөөнө гэхээр нь би юу яриад байгаа юм чи яахаараа хөөдөг юм гэсэн чинь хүүхдийнхээ толгойг идсэн хар авгай минь гэхээр нь би авч байсан ногоогоо аваад шидчихсэн баруун талынхан мөрөн дээгүүр даваад лангууны араар унасан. Тэгэхэд Н.О лангуу дээр байсан том тооны машин аваад над руу шидэхэд миний нүүр лүү чигтэй ирэхээр нь би доошоо суухад хананд цохиод тооны машин хагарсан намайг босоход миний аарцгийн яс руу өшиглөхөөр нь би Н.О ийн зүүн шанаа тус газар нь 2 удаа алгадахад цаашаа гүйгээд бараан дээр байсан ягаан өнгийн пүүз шидсэн би гараараа хаахад миний гар дээр ойгоод газар унасан....” гэх мэдүүлэг / хх-ийн 85-87/

Хохирогч Н.О ийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн

Тухайн өдөр дэлгүүрүүдийн урд талын хогийг цэвэрлэсэн. Зарим дэлгүүрүүдийн хүмүүс гарч ирээгүй байсан. Хамт хог ачиж байсан хүн маань Шар ах Д.Э хоёрыг хогондоо гараарай гэж хэлсэн чинь дэлгүүр рүүгээ яваад орсон. Тэгээд орой нь хурлын зар тараах гээд Машбаяр ахын дэлгүүр рүү орсон чинь Нарангэрэл эгч Д.Э хоёр зогсож байсан. Сонин юу байна гээд мэндэлсэн чинь “юмгүй” гэж хариулсан. Тэгэхээр нь би олон нийтийн ажилд оролцож байгаарай гэсэн чинь хэзээ ийм болчихсон юм гээд над руу ууттай төмсөө аваад шидсэн. Тэгээд ирээд үсдээд чирсэн. Би Д.Эг өшиглсөн зүйл байхгүй гэв.

Хохирогч Н.О ийн мөрдөн байцаалтад өгсөн

            ... 2019 оны 06 дугаар сарын 05-ны орой 17 цагийн үед манай худалдааны дарга намайг зар тараагаад ир гэхээр нь би Машбаяр гэдэг хүний дэлгүүрт ороход Д.Э төмс аваад зогсож байсан. Тэгэхээр нь би өдөр танайх яагаад хогонд гараагүй гэж хэлэхэд чи дандаа яагаад жор жор гэж явдаг юм овоо сэхсэн байгаа юм гээд худалдан авч байсан 1кг төмсөөрөө миний нүүр лүү цохьсон. Би уйлаад доошоо суугаад 2 гараараа нүүрээ дараад уйлж байхад миний шанаа руу цохиод байсан бас зүүн гар луу цохиод байсан...гэх мэдүүлэг /07-08/

...мөн миний нуруу руу бас 2 удаа цохьсон, би босоод лангуун дээр байсан тооны машиныг аваад шидсэн, миний шидсэн тооны машин хажуугаар нь гараад хананд савагдаад хагарсан. Би гарахдаа ийм муу энергитэй ээжид үр хүүхэд яаж тогтохов дээ хүүхдийнхээ толгойг идсэн юм байгаа биз гэж хэлээд гарсан. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 29-31 /

Гэрч Ц.Нарангэрэлийн мөрдөн байцаалтад өгсөн

... 2019 оны 06 дугаар сарын 05-ны орой намайг дэлгүүртээ орж ирэхэд Н.О уйлсан байдалтай Д.Э хамт зогсож байсан. Д.Э тооны машиныг чинь эвдсэн шүү гэж хэлээд тэгэхэд Н.О гараад явсан Д.Э араас нь авсан байсан лууван манжин зэрэг ногоо аваад гарсан...

2019 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Н.О манай дэлгүүрт орж ирээд та яагаад дэлгүүртээ байхгүй байсан юм Д.Э намайг ингээд зодчихлоо гэж хэлээд надад гараа харуулахад гарын нь булчин хэсгээрээ хөхөрч хүрэнтсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

Гэрч Н.Энх-Амгалангийн мөрдөн байцаалтад өгсөн

... Н.Энх-Амгалангийн би ах Машбаяр гэдэг хүний дэлгүүрт сууж байхад нэг танихгүй эмэгтэй орж ирээд ногоо авсан манай бэр эгч Нарангэрэл хэллэж өгчихөөд намайг дэлгүүр харж байгаарай гэж хэлээд гараад явсан удалгүй нэг эмэгтэй орж ирээд дэлгүүрт байсан эмэгтэйтэй хогны талаар яриад хэрүүл хийгээд маргалдаад байхаар нь би дэлгүүрээс гараад явсан. Тэгээд удалгүй буцаж орж ирэхэд нэг эмэгтэй нь уйлсан байдалтай нэг нь тооны машин шидлээ гээд байсан. Би тэр хоёр эмэгтэйг танихгүй болохоор хэн нь тэгж хэлснийг сайн мэдэхгүй байна... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 390 дугаар шинжээчийн

1. Н.Оийн биед тархи доргилт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй ... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг нотлох баримтууд тус тус болно.

-Хэрэг бүртгэлийн хэрэг нээх тухай тогтоол / хх-ийн 21 /, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 01-04/, Эрүүгийн хэрэг нээж яллагдагчаар татах тухай тогтоол /хх-ийн 79-81/, шүүгдэгчийн эрүүл мэндийн байгууллагаар үйлчлүүлсэн карт /44-60/, эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 101-107/, шүүгдэгч Д.Эгийн хувийн байдлын талаарх 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 115 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт / хх-ийн 99/, шүүгдэгч Д.Эгийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /100/, иргэний үнэмлэхний лавлагаа / хх-ийн 112/, депозит дансны хуулгууд /115-119/, хохирогчийн гаргасан хохирлын баримт / хх-ийн 121-123/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Д.Э нь 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдөр 17 цагийн орчим Баянхонгор аймгийн Богд сумын 06 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Аривжих" нэртэй хүнс, барааны дэлгүүрт Н.Озодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

 Шүүгдэгч Д.Эгийн... Н.О нь орж ирээд мэндлэхгүй, юманд оролцохгүй байгаа юм хар энергитэй, танайхыг бизнесээсээ хөөнө, хүүхдийнхээ толгойг идсэн хар авгай минь гэхээр нь би авч байсан ногоогоо шидчихсэн баруун талынхан мөрөн дээгүүр даваад лангууны араар унасан,.... би Н.Оийн зүүн шанаа тус газар нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг / хх-ийн 85-87 /

Хохирогч Н.Оийн... Д.Э худалдан авч байсан 1кг төмсөөрөө миний нүүр лүү цохьсон, шанаа руу зүүн гар луу цохиод байсан...гэх мэдүүлэг /07-08/

Гэрч Ц.Нарангэрэлийн... Н.О манай дэлгүүрт орж ирэхэд Д.Э намайг зодчихлоо гээд гараа харуулахад гарын нь булчин хэсгээрээ хөхөрч хүрэнтсэн байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 35-36/,

Гэрч Н.Энх-Амгалангийн... нэг эмэгтэй орж ирээд дэлгүүрт байсан эмэгтэйтэй хогны талаар яриад хэрүүл хийгээд маргалдаад байхаар нь би дэлгүүрээс гараад явсан, удалгүй буцаж орж ирэхэд нэг эмэгтэй нь уйлсан байдалтай нэг нь тооны машин шидлээ гээд байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 37-38/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 06 дугаар сарын 12-ний өдрийн 390 дугаар шинжээчийн...Н.Оийн биед тархи доргилт, зүүн бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо,...гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 19-20/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн готлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Д.Эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Д.Эг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан,хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Н.О, шүүгдэгч Д.Э нар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Д.Э нь хохирогч Н.Оийн биед тархи доргилт, зүүн бугалга, шуунд цус хуралт бүхий гэмтлүүдийг цохих, түлхэх цохигдох хүчний үйлчлэлээр үүссгэсэн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан, хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогч нарын биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Н.О ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Д.Э нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Д.Эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогч Н.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нотлох баримтаар эмчилгээний зардалд нийт 655800 төгрөгийн хохирлын баримт хэрэгт авагдсан бөгөөд шүүгдэгч Д.Эгөөс 655800 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Од олгож шийдвэрлэлээ.

Хариан хохирогч Н.О нь Баянхонгор аймаг Богд сумаас ирж буцсан замын зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар дахин гаргах эрхтэй болохыг дурдав.

Шүүгдэгч Д.Эд нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Д.Эд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч Д.Эгийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д” ...Шүүх шүүгдэгчийг гэм буруутай гэж үзвэл прокурорын саналыг харгалзан , эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргана...” гэж, “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Эрүүгийн хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн 5 дугаар зүйлд... 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан зорчих эрх хязгаарлах ялыг 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хэрэгжүүлнэ... гэж заасан байх тул зорчих эрх хязгаарлах ялыг шүүх хэрэглэх боломжгүй, мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг гурван жил хүртэл хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Д.Э нь Баянхонгор аймгийн Богд суманд хувиараа дэлгүүр ажиллуулдаг, сар бүр тогтмол орлоготой болон шүүхээс оногдуулах торгох ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүхээс торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг хэсэгчилэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй байна.

шүүгдэгч Д.Э гийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас...”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Эд буцаан олгож, шүүгдэгч Д.Эд нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт Д.Э хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Д.Э г дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Д.Э д оногдуулсан дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 төгрөгийг торгох ялыг хэсэгчлэн буюу 3 сарын хугацаанад сар бүр 150000 төгрөг төлөхөөр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Д.Э нь шүүхээс оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.7-д зааснаар шүүгдэгч Д.Эгөөс 655800 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.Од олгосугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2-т зааснаар хохирогч Н.О нь Баянхонгор аймаг Богд сумаас ирж буцсан замын зардлаа цаашид нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шүүгдэгч Д.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8 .Шүүгдэгч Д.Э нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

9. Шүүгдэгч Д.Эийн эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Д.Эд буцаан олгосугай.

10. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11.Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Д.Эд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                Ч.БАЙГАЛМАА