Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2020/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: О.Сувд-Эрдэнэ

Улсын яллагч: С.Болорзул

Шүүгдэгч Л.Гнарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хялбаршуулсан журмаар  хийсэн  шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Л.Г холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны 04 дүгээр сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.       

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1979 оны 02 дугаар сарын 27-ний өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, бага боловсролтой,  мэргэжилгүй, малчин, ам бүл 4

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Л.Г нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* өөрийн гэртээ эхнэр С.М руу сандал шидэж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэгт холбогджээ.  /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Л.Г ын мөрдөн байцаалтад өгсөн  

... орой ишиг хургаа хөхүүлж дуусаад 19-20 цагийн үед гэртээ орж ирсэн. Эхнэр галаа түлж хоол хийж байхад манай хоёр хүүхэд хоорондоо маргалдаад том нь дүүгээ уйлуулаад байхаар нь чи дандаа ингэж дүүгээ уйлуулдаг гэж хэлээд загнаж байтал эхнэр боль гэж хэлээд гэрт байсан жижиг модон сандлыг над руу шидсэн боловч намайг оноогүй газар унахаар нь би аваад айлгах санаатай буцааж шидэхэд мөр лүү нь цохиод бариад автал 2 хүүхэд уйлаад эхлэхээр нь холдоод хартал зүүн нүд нь хөхөрсөн байсан. Орой 22 цагийн үед унтаж амрах гээд хэвтэх гэж байтал эхнэр Д.М нь толгой өвдөөд байна бариад өг гэхээр нь өндийгөөд барьж өгч байтал намайг налаад хэвтэхээр нь  нүүр лүү нь хартал ухаан алдсан байсан. Би ламд үзүүлээд жижиг модон сандлыг шатаа гэсний дагуу гэрийн ойролцоо байх хог дээр аваачиж шатаасан... гэх мэдүүлэг / хх-ийн 50-53 /

         Хохирогч Д.М гийн мөрдөн байцаалтад өгсөн

            … Орой гэртээ байхад нөхөр Л.Г нь охин Г.Б ийг загнаад байхаар нь хүүхэд битгий загнаад бай гэж хэлээд сандал шидтэл миний шидсэн сандлыг буцаагаад над руу шидтэл миний толгойн хэсэгт онож зүүн нүд хавдаж юм харагдахаа байсан. Өмнө нь маргалдах үед байдаг л байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 6-7 /

            Гэрч Э.Н ийн мөрдөн байцаалтад өгсөн

              … нөхөр Л.Г нь эхнэр зүгээр сууж байгаад ухаан алдсан талаар хэлсэн. Л.Г аас Д.М гийн нүд яагаад хөхөрсөн талаар асуухад эхнэр бид хоёр  маргалдаад цохьсон талаар хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /

            Гэрч А.******* мөрдөн байцаалтад өгсөн

           … шөнө 03 цагийн үед гэртээ унтаж байтал Л.Г ах ирээд манай эхнэр толгой өвдөөд байна бариад өг гэхээр нь барьж байтал ухаан алдаад уначихлаа сум руу дуудлага өгөөдөх гэхээр гэж хэлэхээр нь сумын эмнэлэгт дуудлага өгөөд гэрт нь хамт очтол эгч орон дээрээ хөнжил нөмөрсөн байдалтай ухаангүй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн №190  дугаар шинжээчийн

1.С.М гийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, булганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Уг гэмтлүүд нь амь насанд аюулгүй болно.

4. Цаашид хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги алдалданд нөлөөлөхгүй.

5. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэгдсэн байх боломжтой... гэх дүгнэлт /хх-ийн 24-26/

-Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 45-46/, амбулаторт хийгдэх мэс ажилбарын хяналтын хуудас /хх-ийн 26-40/, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол /хх-ийн 99/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 78/, эд хөрөнгөтэй лавлагаа / хх-ийн 77,/ шүүгдэгч Л.Гын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65/,  депозит дансны хуулгууд /хх-ийн 67-71/, хүүхдүүдийн төрсөний гэрчилгээ /хх-ийн 72-73/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судласан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Г нь Баянхонгор аймгийн ******* сумын ******* ******* өөрийн гэртээ эхнэр С.М руу сандал шидэж зодсоны улмаас эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Л.Г ын...эхнэр гэрт байсан жижиг модон сандлыг над руу шидсэн боловч намайг оноогүй газар унахаар нь би аваад айлгах санаатай буцааж шидэхэд мөр лүү нь цохиод бариад автал зүүн нүд нь хөхөрсөн байсан,...Д.М нь толгой өвдөөд байна бариад өг гэхээр нь өндийгөөд барьж өгч байтал намайг налаад хэвтэхээр нь  нүүр лүү нь хартал ухаан алдсан байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 50-53 /  

            Хохирогч Д.М гийн… нөхөр Л.Г охин Г.Б ийг загнаад байхаар нь сандал шидтэл миний шидсэн сандлыг буцаагаад над руу шидтэл миний толгойн хэсэгт онож зүүн нүд хавдаж юм харагдахаа байсан.... гэх мэдүүлэг / хх-ийн 6-7 /

            Гэрч Э.Н ийн  …нөхөр Л.Г нь эхнэр зүгээр сууж байгаад ухаан алдсан талаар хэлсэн... гэх мэдүүлэг / хх-ийн 13-14 /

       Гэрч А.*******… Л.Гах ирээд манай эхнэр толгой өвдөөд байна бариад өг гэхээр нь барьж байтал ухаан алдаад уначихлаа гэж хэлэхээр нь сумын эмнэлэгт дуудлага өгөөд гэрт нь хамт очтол эгч орон дээрээ хөнжил нөмөрсөн байдалтай ухаангүй байсан... гэх мэдүүлэг / хх-ийн 16-18 /

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2020 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 190  дугаар шинжээчийн...,С.Мгийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, булганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо...,гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх дүгнэлт /хх-ийн 24-26/...зэрэг болон хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

 Хэрэг учрал болсон өдөр хохирогч Д.М, шүүгдэгч Л.Гнар нь хувийн таарамжгүй харилцааны улмаас  хоорондоо маргалдсан, улмаар шүүгдэгч Л.Гнь хохирогч толгой хэсэгт сандлаар цохиж  гэмтэл  үүссгэсэн  үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ.

  Шүүгдэгч Л.Г нь хохирогч Д.М г зодсон үйлдлийн улмаас хохирогчийн биед тархи доргилт, зүүн нүдний зовхи, булганд цус хуралт, зөөлөн эдийн няцрал  бүхий  хөнгөн гэмтэл учирсан болох нь хэргийн /хх-ийн 24-26/ дах талд авагдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн нарын гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.

Хэргийн хохирогч Д.М гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.

Шүүгдэгч Л.Г эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Л.Г нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Хохирогч Д.М нь Л.Гын үйлдлийн улмаас учирсан гэмтэлд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирол нэхэмжлээгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн байх тул шүүгдэгч Л.Гыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “....Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ... гэж хуульчилсан бөгөөд  шүүгдэгч Л.Гнь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн, хүлээлгэх эрүүгийн хариуцлага буюу дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялыг хүлээн зөвшөөрсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогчтой эвлэрсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, хохирогч Д.М... нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй /хх-ийн 59-61/, түүний хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Л.Гыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

шүүгдэгч Л.Г ын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Л.Г буцаан олгож шийдвэрлэлээ.

Шүүгдэгч Л.Г нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг, мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 4,  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Л.Г ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Л.Г ыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Шүүгдэгч Л.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

4. Шүүгдэгч Л.Г ын эзэмшлийн “... самсунг маркийн гар утас..”-ыг  битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгож, дээрхи эд зүйлсийг хэрэгцээний дагуу Л.Г буцаан олгосугай.

5. Шүүгдэгч Л.Г нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурорт эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Л.Г хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                        Ч.БАЙГАЛМАА