| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнчимэдийн Мөнхтулга |
| Хэргийн индекс | 105/2020/1414/Э |
| Дугаар | 1526 |
| Огноо | 2020-08-20 |
| Зүйл хэсэг | 21.12.1., |
| Улсын яллагч | Я.Сансар |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 20 өдөр
Дугаар 1526
2020 08 20 2020/ШЦТ/1526
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Мөнхтулга даргалж,
Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,
Улсын яллагч Я.Сансар,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ,
Шүүгдэгч: Б.Г, түүний өмгөөлөгч Н.Цэнгүүн нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Гд холбогдох эрүүгийн 1906 03105 1301 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн мөрдөгч ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн үүрэг гүйцэтгэх бүрэлдэхүүнд ажиллаж, үүрэг гүйцэтгэхдээ тус Цагдаагийн хэлтсийн байранд иргэн А.Батсайханыг хэрэгт холбогдуулан шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор цахилгаан бороохойгоор зодож бие махбодийг нь шаналган зовоосон гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г мэдүүлэхдээ: “Би тэр шөнийн турш хохирогч Батсайханаас холдолгүй харж хоносон. Би 2018 оны 06 сарын 25-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн 2 хэлтсийн эрүүгийн мөрдөгчөөр томилогдсон. Томилогдоод 2019 оны 04 дүгээр сарын 29-ны өдөр тухайн жижүүрийн бүрэлдхүүнд үүрэг гүйцэтгэж байсан. Намаайг үүрэг гүйцэтгэж байхад манай цагдаагийн байгуулгын алба хаагч нар дуудлага мэдээлэлийн дагуу авч ирсэн. Тухайн үед Батсайхан 24 цагаас 01 цагийн хооронд орж ирсэн.Би яагаад тэр цаг хугацааг тод санаж байна гэвэл тэр өдөр би дэлгүүр 24 цагаас хаахаас өмнө гоймон идэж уух юм авах гээд гарч, орж ирээд удаагүй байхад орж ирсэн. Тухайн үед Батсайхан нь архи согтууруурлах ундааны зүйл хэрэглэсэн нь мэдэгдэж байсан архи үнэртэж байсан. Батсайхан сэтгэл санаа нь тогтворгүй мэт харагдаж байсан орилоод байсан тэгээд манай өрөөнд хэв журам хамгаалах албанд ажиладаг алба хаагч орж ирж яагаад орилоод байгаа юм гээд цахилгаан бороохойгоор 1 удаа дуугүй суу гээд бороохойдход дуугүй суугаад байсан. Манай хэм журам хамгаалах тасгийн алба хаагчид олон учир яг ямар алба хаагч байсан талаар санахгүй байна. Би Батсайханыг тамхилуулах гээд гарахад Батсайхан би хөдөө амьдардаг одоо энд барилгын ажил хийж нийтийн байранд амьдраж байгаа. Би нийтийн байранд найзтайгаа хамт архи ууж байгаад нэг хүүхэнийг ороод хүчиндсэн, би хөдөө бол малын хулгай хийж байсан гэсэн. Баянзүрх дүүрэг 1 дүгээр хорооноос Голден Вилл хотхон 103 дугаар байрнаас хулгай хийсэн гэж Хангалмаа гэх эмэгтэй орж ирсэн. Батсайхан, Хангалмаа нарыг нуруу, нуруугаар нь харуулж сандал дээр суулгаад би өөрийнхөө ажлыг хийгээд өглөө Батсайханыг түүний байцаагч болох Саруулд хүлээлгэж өгөөд, Хангалмааг байцаагч Баттөмөрт хүлээлгэж өгсөн гэв.” гэв.
Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас хохирогч А.Батсайханы мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6820 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд, А.Батсайханы гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-11/, гэрч Э.Саруулын гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-23-26/, Баянзүрх дүүргийн хоёрдугаар хэлтсийн 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 25к-5466 дугаартай албан бичиг /хх-68/, яллагдагч Б.Гын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас /хх-93/, гэрч А.Батсайханы дахин мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-14/, Б.Гаас гэрчээр авсан тэмдэглэл /хх-21/, Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-70-72/, Цагдаагийн Ерөнхий Газрын даргын тушаал /хх-76/, Цагдаагийн Ерөнхийн Газрын албан тушаалын тодорхойлолт /хх-77-81/ зэрэг нотлох баримтуудыг судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.
Гэм буруугийн талаар
Шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн мөрдөгчөөр ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тус Цагдаагийн хэлтсийн байранд иргэн А.Батсайханыг хэрэгт холбогдуулан шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор цахилгаан бороохойгоор цохиулж бие махбодийг нь шаналган зовоосон болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжпэгч А.Батсайханы: 2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Сансарын шатахуун түгээх станцын ард талд түрээсийн байр түрээсэлж амьдардаг байсан. Тухайн өдөр ажилдаа яваагүй байсан болохоор манай гэрт Батдэмбэрэл, Амарсанаа буюу хамт ажилладаг хоёр найз маань ирээд бид гурав 4-5 шил архи хувааж уусан. Бид гурав архи уухдаа 2019 оны 04 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэлж архи уусан. Бид нарыг архи ууж байтал Батдэмбэрэл, Амарсанаа нарыг цагдаагийн алба хаагч ирээд аваад явсан. Тэгээд 21 цагийн үед дахин манай гэрт цагдаагийн алба хаагч ирээд намайг аваад явсан. Намайг Баянзүрх дүүргийн Цагдаагин 2 дугаар хэлтэс дээр авч ирээд тус газрын хамгийн цаад талын өрөөнд оруулсан. Тус өрөөнд байж байтал энгийн хувцастай хүн орж ирээд хийсэн хэргээ хүлээ гээд зодсон, намайг хэргээ хүлээ гээд зодоод байхаар нь би хэргээ хүлээе гэж хэлсэн. Намайг зодож байхад дахиад энгийн хувцастай хүн орж ирээд орон байрны хулгайн хэрэг байгаа шүү гэхээр нь байхгүй шүү дээ гэж хэлсэн, тэгсэн чинь чамд хэрэг байгаа над дээр бүртгэлтэй байгаа гэж хэлчихээд гараад явсан. Анх намайг өрөөнд оруулж зодсон нь хэргээ 20 болго, 20 болгохгүй бол чамайг ална шүү гэж хэлээд зодоод байсан. Тэгэхээр нь би надад хэрэг байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь чамд хөдөө малын хэрэг байгаа гээд дахин зодож эхэлсэн. 2019 оны 04 дүгээр сарын 30-ны өглөө Саруул мөрдөгчийн өрөөнд оруулаад хүлээлгэж өгсөн. Намайг Саруул байцаагчийн өрөөнд анх намайг зодсон костюмтай залуу оруулж өгсөн бөгөөд тухайн үед Саруул байцаагч наад хүн чинь ямар хэргээр орж ирж байгаа талаар асуухад нөгөө костюмтай залуу хүчингийн хэргээр орж ирж байгаа гэж хэлсэн. Саруул байцаагчид би тийм хэрэг хийгээгүй шүү дээ гэж хэлсэн чинь хажууд нь байсан цагдаа чи урд шөнийхөө хэргийг мартсан уу гээд өшиглөсөн. Намайг энгийн хувцастай цагдаа буюу зураг дээр байсан цагдаагийн алба хаагч цахилгаан бороохойгоор зодсон. Намайг цахилгаан бороохойгоор зодож байхад хэн нэгэн хүн байгаагүй, харин шөнө 01 цагийн үед нэг охин орж ирсэн. Тэр охиныг байхад цагдаагийн алба хаагч зодоогүй. ... Би цагдаа дээр ирэхдээ согтуу байсан болохоор зарим болсон хэргийн талаар санахгүй байсан. Би өмнө нь танайд мэдүүлэг өгөхдөө буруу, зөрүү мэдүүлэг өгсөн байсан. Одоо бодоод байсан чинь би цагдаагийн алба хаагч Грыг өөр цагдаагийн алба хаагчтай андуураад мэдүүлэг өгөөд байсан байна, намайг цагдаагийн нэг л алба хаагч буюу Г гээд байгаа цагдаа цахилгаан бороохойгоор зодсон цахилгаан бороохойны гэмтлүүдийг Г үүсгэсэн. Г намайг зодож байхдаа чам шиг хулгайч царайтай юм хулгайн хэргээ хүлээ, чамд хулгайн хэрэг байж л таараа, хүчингийнхээ хэргээ хүлээ гээд цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Чи улаан махны хэргээр явж байхаар хулгайн хэргээр явсан дээр шүү. Чи хулгайн үйлдлээ 20 болго гээд байсан. Тэгэхээр нь хийгээгүй хэргээ Гт ярьсан, хаана хаана хулгай хийсэн талаараа, хийгээгүй хэргээ санаанаасаа зохиогоод яриад байсан. Хэрэв хулгайн хэрэг ярихгүй бол цахилгаан бороохойгоор цохиулаад байсан. Маргааш нь Саруул мөрдөгчид хүлээлгэж өгөхдөө наад хүний чинь маханд л хэлэхгүй бол өөрөө юм ярихгүй байна гэж хэлээд хүлээлгэж өгсөн...” /10-12/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Ё.Лхагвасүрэнгийн: “...Шөнө бүрэлдэхүүнээ шалгах гээд өрөөгөөр нь явсан чинь Гын өрөөнд нэг хүн сууж байхаар нь энэ ямар учиртай хүн бэ гэж асуухад Г энэ нөгөө хүчингийн хэргийн хүн гэж хэлэхээр нь би өрөөнөөс нь гараад жижүүрийн өрөөндөө орсон...” /хх-149/ гэх мэдүүлэг,
Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч С.Амарсанаагийн: “...А.Батсайхан 2019 оны 05 дугаар сарын эхээр байх надтай хамт барилга дээр ажиллаж байхдаа Баянзүрхийн цагдаа нар намайг зодсон, цахилгаан бороохойдсон, би өмгөөлөгч авчихсан гэж ярьж байсан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст очихоос өмнө би Батсайхантай хамт барилга дээр ажиллаж байсан тэр үед лав биед нь ил харагдах гэмтэл шарх ажиглагдаагүй...” /хх-86-88 хуудас/ гэх мэдүүлэг,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 6820 дугаартай дүгнэлтэнд: “А.Батсайханы биед хүзүү, зүүн бугалга, нуруу, зүүн гуя, хэвлийд нөсөө бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон цахилгаан гүйдлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй”...” /хх-29/ гэх дүгнэлт,
Шинжээч эмч Б.Долгормаагийн: “... Батсайханы биед учирсан гэмтэл буюу цахилгаан бороохойгоор цохиулсан нөсөө бүхий гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн эсэх нь тогтоох боломжгүй. Намайг үзэхэд А.Батсайханы биед учирсан гэх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” /хх-106 хуудас/ гэх мэдүүлэг,
Хавтас хэрэгт авагдсан гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-6-8, 31-33/,
2018 оны 06 дугаар сарын 25-ны өдрийн Цагдаагийн ерөнхий газрын даргын 'Батбаярын Гыг Цагдаагийн байгууллагын албан тушаалд томилж цагдаагийн дэслэгч цол олгосон” Б/438 дугаартай тушаал /хх-76/
2019 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн хоногийн нөхцөл байдлын танилцуулга /хх-70-72/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтыг уг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, нөхцөл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авагдсан, тус хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Мөрдөн байцаалтын явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон, хуулиар хамгаалагдсан хэргийн оролцогчийн эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулсан болно.
Эрүү шүүлт тулгах гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Б.Г нь би биш өөр алба хаагч цахилгаан бороохойгоор цохиулсан гэх боловч “яг хэн цахилгаан бороохой хэрэглэснийг сайн санахгүй байна, хэн байсныг мэдэхгүй, анзаараагүй, мартсан” гэх зэргээр эх сурвалжаа зааж чаддаггүй. Энэ байдал нь хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар нотлогдохгүй байна.
Иймд шүүгдэгч Б.Г нь Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст эрүүгийн мөрдөгч ажиллаж, ажил үүргээ гүйцэтгэж байхдаа 2019 оны 04 дүгээр сарын 29-30-нд шилжих шөнө тус Цагдаагийн хэлтсийн байранд иргэн А.Батсайханыг хэрэгт холбогдуулан шалгах явцдаа хэрэг хүлээлгэх зорилгоор цахилгаан бороохойгоор цохиулж бие махбодийг нь шаналган зовоосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, хуульд заасан ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч Б.Гын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн санал зэргийг тал бүрээс нь харгалзаж үзсэн болно.
Шүүхээс шүүгдэгч Б.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 2 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч Б.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, хураасан эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогч нь хохирол нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Гыг 6000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 6.000.000 /зургаан сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 2 жилийн хугацаанд сар бүр 250.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Б.Гт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Гт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.МӨНХТУЛГА