Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 08

 

 

                                                  Г.Жаргалсайханы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт оршин суух, Цагаагчууд овогт Гүнтэвсүрэнгийн Жаргалсайханы нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Г.Жаргалсайхан, түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч Ц.Эрдэнэбаатар, хариуцагчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

 

Нэхэмжлэлийн агуулга: “Миний бие Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-д 2013 оны 12 дугаар сард ерөнхий нягтлан бодогчийн ажилд орсон. Намайг анх ажилд ороход Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн санхүү, нягтлан бодох бүртгэл эмх цэгцгүй, зөрүүтэй, тухайн ондоо 4 өрөнхий нягтлан бодогч сольсон, аудитын сөрөг дүгнэлттэй байгууллага байсан. Жил бүрийн Санхүүгийн тайлан аудитын шалгалтаар эерэг дүгнэлттэй ажиллаж ирсэн ба тус компани болон харилцагч байгууллагад учруулсан хохирол байхгүй. 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр захирал Ц.Эрдэнэбаатар Ажлаас гарах өргөдлөө бичиж өг гэсэн. Надад өргөдөл бичих шаардлага байхгүй ажлаа хэвийн явуулж байгаа гэсэн боловч хүчээр ерөнхий нягтлан бодогчийн ажлыг авсан ба өөр ажлын байр санал болгоогүй. Огноо нь 2012 оны 2 дугаар сар юмуу 12 дугаар сар юмуу сартай 02-ны өдрийн Увс Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн захирлын 120 дугаар тушаалаар намайг ажлаас халсан. Миний бие ажиллах хугацаандаа ямар нэгэн сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй. Мөн санхүүгийн хяналтын байгууллага, аудитийн газраас намайг ажилдаа тэнцэхгүй, зөрчил гаргасан гэсэн ямар нэгэн акт, дүгнэлт байхгүй тул  намайг ажлаас халах үндэслэлгүй. Иймд 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаал гэдэг нь хууль зүйн үндэслэлгүй байх тул уг тушаалыг хүчингүй болгож, Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоож өгнө үү” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Г.Жаргалсайхан нь манай компаний ерөнхий нягтлан бодогчоор тухайн үедээ ажиллаж цалин авч байсан болохоор Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.4-д зааснаар бүх үүрэг хариуцлагыг хүлээх ёстой. Иргэн Г.Жаргалсайхан ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байх хугацаандаа үндсэн хөрөнгө бараа материалын нягтлан бодогч Г.Одонхүүг ямарч шалтгаангүйгээр өөр ажилд шилжүүлж, тус ажлыг өөрөө хавсран гүйцэтгэж байсан. Ингэж бараа материал орлогод бүртгэж авах, зарлага гаргах, тайлан тэнцэл гаргах, эд хөрөнгийн хадгалалт, хамгаалалтыг хянах ажлыг ганц хүн гүйцэтгэж, компаний эд хөрөнгийг дураараа зарцуулах боломжийг өөртөө олгож байсан нь нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13.5, 13.6, 13.7, 20.1.4, 20.2.11 дэх заалтуудыг санаатайгаар ноцтой зөрчсөн үйлдэл болно. Агуулахын бүртгэлийн дэвтэр бол эмх цэгцгүй байсан ба түүнд бичсэнээр манай компаний УАЗ-452 пургон маркын автомашиныг иж бүрэн шинэчилсэн жагсаалтыг нягтлан үзэж жолоочоос нь асууж лавлахад тус машинд шинээр ямарч сэлбэг хэрэгсэл тавиагүй болох нь тогтоогдсон. Энэ сэлбэг хэрэгслийн үнэ нийт 11.000.000 гаруй төгрөг болж байна. Г.Жаргалсайханы дээрх үйлдлүүдээс харахад хувь хүний ёс суртахуунаас гадна цаашид санхүүгийн салбарт ажиллах ёс суртахууны эрхгүй болсон гэж үзэж байна. Иймд иргэн Г.Жаргалсайханы нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02  дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн 2012 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч Г.Жаргалсайхан нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ ХХК-иас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “...Г.Жаргалсайханы ажил үүргээ гүйцэтгэж байхдаа гаргасан зөрчилд хуульд заасан хугацаанд сахилгын арга хэмжээ авсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан хуулийн шаардлагад нийцсэн гэж үзэж байна. Санхүү, мэргэжлийн байгууллагаас Л.Жаргалсайханы гаргасан зөрчлийг баталгаажуулан 2017 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр акт дүгнэлт гаргасан. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-д заасны дагуу үнэлж дүгнээгүй холбогдох хууль, Улсын Дээд Шүүхийн тогтоолын заалтыг тухайн хэрэг маргаанд зөв хэрэглээгүй алдаа гаргасан гэж үзэж байна.Нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн нь нотлогдож байх тул Увс аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн 2012 оны 12 сарын 02-ны өдрийн 120 тоот тушаалыг хүчингүй болгож,  түүнийг Увс аймгийн "Цахилгаан түгээх сүлжээ" ХХК-ийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь дээрх "ПЖаргалсайхан нь зөрчил гаргаж, мөнгө төлөхөөр акт тогтоогдсон ..." гэсэн дүгнэлтээ үгүйсгэж тухайн маргаанд зөрүүтэй эргэлзээтэй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн. Ингэхдээ Г.Жаргалсайханы нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон 120 тоот тушаалыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Шүүх үйл ажиллагааны явцад “23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1” дэх заалтыг тодруулах боломжтой байсан боловч энэ ажиллагаа хийгдээгүй. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-д зааснаар Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ НЬ:

 

            Увс аймгийн “Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг тус компанийн ерөнхий нягтлан бодогчийн ажилд эгүүлэн тогтоосон Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар давж заалдах гомдол гаргажээ.

            Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэл бүхий дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтыг зөв тайлбарлан хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-д заасан шаардлагад нийцжээ.

            Нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдөр  “Албан тушаалаа ашиглан, санхүүгийн зөрчил гаргасан” үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлж, хөдөлмөрийн гэрээг цуцалсан үйл баримтууд Увс аймгийн Цахилгаан  түгээх  сүлжээ  ХХК-ийн захирлын 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаал[1],  хариуцагчийн тайлбар[2], нэхэмжлэл[3], нэхэмжлэгчийн тайлбар[4]  зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогджээ.

           

            Нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг албан тушаалаа ашиглан, санхүүгийн зөрчил гаргасан эсэхийг тогтоох эрх бүхий байгууллага, албан тушаалтан шалгаж, тогтоогоогүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгнээр зүйлийн 40.1.4-т заасан үндэслэлээр түүнийг ажлаас чөлөөлж,  Хөдөлмөрийн тухай хуулийг ажил олгогч Увс аймгийн Цахилгаан  түгээх  сүлжээ ХХК нь зөрчжээ.

            “Анхан шатны шүүх нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг ажлаас үндэслэлгүй чөлөөлсөн тухай маргаанд зөрүүтэй дүгнэлт хийсэн ба Увс аймгийн Цахилгаан түгээх  сүлжээ ХХК-ийн 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 120 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь ойлгомжгүй байна.” гэх хариуцагчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдохгүй байна.

            Хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх сүлжээ  ХХК-ийн захирал Ц.Эрдэнэбаатар 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хавтаст хэрэгтэй танилцаж, эрх үүрэг тайлбарласан баримтад гарын үсгээ зуржээ.

            Хариуцагч нь 2017 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 09 дүгээр албан бичгээр тайлбар гаргахдаа нэхэмжлэгч Г.Жаргалсайханыг ажлаас чөлөөлсөн тушаалын “...23 дугаар зүйлийн 23.2.3, 24 дүгээр зүйлийн 24.1 дэх заалт”-ын талаар хууль зүйн үндэслэлээ тодорхой тайлбарлаагүй ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид энэ талаар тодруулах тухай  хүсэлтийг гаргаагүй тул ажлаас чөлөөлсөн тушаалд баримталсан тус зүйл заалт нь ямар хуулийнх болохыг шүүх өөрийн санаачилгаар тодруулах боломжгүй байна. Учир нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигчид нь өөрийн шаардлага ба татгалзлалын үндэс болж байгаа байдлын  талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй.

            Улсын  тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу нэхэмжлэгч Г.Жаргалсайханы  нэхэмжлэл  нь гомдлоор авч хэлэлцэх хэргийн нэхэмжлэл тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдөх тул энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

            Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулахыг хүссэн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах гомдол гаргахдаа тэмдэгтийн хураамжинд хариуцагчийн төлсөн 70.200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээх үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.2-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 08-ны өдрийн 147 дугаар шийдвэрийн ТОГТООХ хэсгийн 2 дахь заалтын “41.5-д” гэснийг “41.1.5-д” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч Увс аймгийн Цахилгаан түгээх  сүлжээ ХХК-ийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-т зааснаар төрийн сангийн дансанд хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”,  “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 

 

 


[1] хавтаст хэргийн  25 дугаар тал

[2] хавтаст хэргийн  20-22 дугаар тал

[3] Хавтаст хэргийн 1-2 дугаар тал

[4]Хавтаст хэргийн 81-83 дугаар тал