Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 91

 

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

         

          Прокурор Ч.Отгонсүрэн,

          Шүүгдэгч Э.Б,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

         

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ганбаатарын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1175 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ч.Отгонсүрэнгийн бичсэн 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдрийн 2 дугаартай улсын яллагчийн эсэргүүцлээр шүүгдэгч Э.Б-д холбогдох эрүүгийн 1708 0043 90043 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б овгийн Э-гийн Б, 1984 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Төв аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Төв аймгийн Жаргалант сумын 2 дугаар баг, Өгөөмөр хонхор 3 дугаар гудамжны 5 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй /РД: /,

 

Э.Б нь хашаа барих зорилгоор 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрөөс 19-ний өдрийн хооронд Төв аймгийн Жаргалант сумын Дэлгэрбулаг гэх газарт зөвшөөрөлгүйгээр ойд 6 ширхэг эгэл нарс модыг огтолж, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдөр уг нарс модыг 1.9 метрийн урттай, 34 ширхэг болгон тайрч хууль бусаар бэлтгэсэн, улмаар 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдөр дээрх модыг гарал үүслийн гэрчилгээгүйгээр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт 86-15 УНО улсын дугаартай “Hyundai Migthy” загварын тээврийн хэрэгслээр тээвэрлэсэн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Э.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх:

Тус хэрэгт шүүхээс нөхөн гүйцэтгэх боломжгүйгээр Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн дараах үндэслэл тогтоогдов. Үүнд:

1. Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн, энэ нь нэгэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2, 4.3-т заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэл болов. Учир нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дугаар зүйлийн 5, 17.2 дугаар зүйлд зааснаас үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д хамаарахгүй бусад хөнгөн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эсэх асуудал нээлттэй боловч тухайн тохиолдолд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 3, 17.4 дүгээр зүйлийн 5-д заасан үндэслэл, журмын дагуу Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн оногдуулах “ял”-ын талаарх прокурорын саналыг яллагдагч “зөвшөөрсөн” байхыг заавал шаардана. Тодруулбал:

Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн оногдуулах “ял” нь гагцхүү хорих ялд хамааралтай, өөр төрлийн ялд хамааралгүй. Мөн тухайн тохиолдолд “ял оногдуулах” гэдэг нь хорих ялыг эдлүүлэх гэхдээ прокурор, яллагдагч нар тухайн хорих ялын хэмжээний хувьд зөвшөөрөлцсөн байх утга агуулгаар ойлгогдоно.

Ял оногдуулахгүйгээр “тэнсэх” зохицуулалт нь Эрүүгийн хуулийн 6.7, 7.1 дүгээр зүйлд зааснаар гагцхүү “хорих ял”-д хамааралтай буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заасан тохиолдолд тухайн хорих ялыг оногдуулахгүй байж болох тухай асуудал.

Тэнсэх нь ял биш, албадлагын арга хэмжээний төрөл биш тул хөнгөн гэмт хэргийг хялбаршуулан журмаар шийдвэрлэхэд Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг үндэслэн “оногдуулах ял”-ын асуудалтай холбоогүй ба ял оногдуулахгүй тэнсэх, ялаас чөлөөлөх эсэх нь шүүхийн бүрэн эрхэд хамаарна, түүнээс биш талууд, оролцогчийн тохиролцон шийдвэрлэх асуудал биш.

Эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлд заасан албадлагын арга хэмжээг гэмт хэрэг үйлдсэн хүнд ял оногдуулахгүйгээр тэнссэн (зөвхөн хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн гэж тодотгон ойлгоно) тохиолдолд эсхүл оногдуулсан ял дээр нэмж авч болно.

Гэтэл прокуророос шүүхэд шилжүүлсэн Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахаар заагаагүй, түүнчлэн хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан байхад хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, ял оногдуулахгүйгээр зөвхөн “албадлагын арга” хэмжээ авах талаар холбогдох шийдвэр, санал гаргасан нь Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн, энэ нь нэгэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзэх үндэслэлийг бүрдүүлсэн байна.

Шүүгдэгчид холбогдох тухайн гэмт хэрэгт сонсгосон ялын талаар санал огт байхгүй учраас прокурорын сонсгосон ялыг зөвшөөрсөн эсэхэд үндэслэл, нотолгоогүй, мөн сонсгосон ял байхгүйгээс шалтгаалан гэм буруугаа хүлээн зөвшөөрөхдөө түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг бодитой ойлгоогүй буюу сайн дураар бус харин хийсвэрлэсэн, хөнгөмсөг хандсан болохыг үгүйсгэх үндэслэлгүй гэж үзнэ.

2. Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хуульд заасан үндэслэл, журам хангагдаагүй тохиолдолд шүүх “хялбаршуулсан журам”-ыг “ердийн журам”-д шилжүүлэн хэргийг шийдвэрлэх үндэслэл, журам Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд байхгүй болно.

3. Тухайн гэмт хэргийн буюу ойн мод тайрсаны улмаас дахин нөхөн сэргээхтэй холбоотой шууд бус хохирлын асуудлыг тодруулан шалгах шаардлагатай.

Иймд шүүх Эрүүгийн болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг хэрэглэхэд ноцтой зөрчил үүсгэхгүйн тулд тус хэргийг прокурорт буцаав.

Тус шийдвэрт дурдагдаагүй боловч мөрдөн шалгах ажиллагаа явуулах, прокурор хяналт тавих, нотлох баримтыг шалгах, үнэлэх явцад үүссэн, мөн оролцогч нараас гаргасан санал, хүсэлтийн хүрээнд шалгавал зохих аливаа зөрүүтэй, эргэлзээтэй асуудал бүрийг тухай бүр нэг мөр шийдвэрлэхийг тус тус анхаарах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар шүүхээс хэргийг прокурорт буцаах шийдвэрт прокурор эсэргүүцэл бичиж болох эсэх талаар заагаагүй ч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан хэргийг прокурорт буцаасан шийдвэрт холбогдох тусгай зохицуулалт буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2-т заасан ердийн журмаар тус шийдвэрт эсэргүүцэл бичих эсэхийг прокурорт нээлттэй үлдээв.

Яллагдагчид хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан болохыг дурдаж, эд мөрийн баримтаар ирүүлсэн хөрөөг буцаан хүргүүлж шийдвэрлэжээ.

Прокурор Ч.Отгонсүрэн бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1175 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн. Үүнд:

2017 оны 7 дугаар сарын 1-нээс мөрдөгдөж буй Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар бүлэгт Эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тусгай журмыг зохицуулж өгсөн.

Дээрх хуулийн 17.5 дугаар зүйлд зарим төрлийн гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхээр тусгайлан зааснаас гадна 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаас бусад гэмт хэргийн яллагдагч нь хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг прокурорт гаргаж шийдвэрлүүлэх эрхийг мөн зүйлийн 1 дэх хэсэгт заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Прокурор хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзвэл хэргийн зүйлчлэл, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналаа яллагдагчид танилцуулж, зөвшөөрвөл гарын үсэг зуруулж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд даруй шилжүүлнэ” гэж заасан бөгөөд Эрүүгийн хуулийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон яллагдагч Э.Б нь үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, учруулсан хохирлоо нөхөн төлж, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг прокуророос Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлд заасны дагуу хянаж, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзах” нөхцөл байдал хангагдсан, үйлдсэн гэмт хэрэг нь 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж болохгүй гэмт хэрэгт хамаарахгүй зэрэг нөхцөл байдлыг харгалзан хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэн, дээрх яллагдагчид түүний яллагдах гэмт хэргийн зүйлчлэл, хүлээлгэх эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх саналыг мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу танилцуулсныг яллагдагч Э.Б зөвшөөрч, гарын үсгээ зурж баталгаажуулсан.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэрэгт тооцогддог бөгөөд оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар хуульд “дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх”-ээр, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг гурван жил хүртэл түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж, эсхүл гэмт хэргийн улмаас хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол ялаас чөлөөлөх, эсхүл гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх”-ээр тус тус заасан. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь энэ хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрдэнэ” гэжээ.

Мөн хуулийн ерөнхий ангийн 7 дугаар бүлэгт “тэнсэх албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаар хуульчилсан ба 7.3 дугаар зүйлд “Үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээний төрөл”-ийг зааж өгсөн.

Дээрхээс үзэхэд албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хариуцлагад хамаарч байна.

Иймд шүүхийн хэлэлцүүлгийн үед улсын яллагчаас шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасныг үндэслэн 1 жилийн хугацаагаар эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.4 дэх заалтанд заасан зөвшөөрөлгүйгээр ойд хууль бусаар мод бэлтгэх, тээвэрлэхийг хориглох хязгаарлалт тогтоох арга хэмжээ авах санал гаргасан.

Уг саналыг шүүх Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.2 дугаар зүйлийн 1, 17.3 дугаар зүйлийн 1.2, 3 дахь хэсгийг тус тус зөрчсөн, энэ нь нэгэн зэрэг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.2, 4.3 дахь хэсэгт заасан нөхцөл байдал хангагдаагүй гэж үзсэн нь үндэслэлгүй, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4.6 дахь хэсэгт заасан нөхцөл байдлыг хангаагүй буюу шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгоогүй байна гэж дүгнэж хэргийг прокурорт буцаах нэг үндэслэл болгосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт зааснаар шүүх хуулийн зүйл, хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.

Мөн мөрдөн байцаалтын явцад шүүгдэгч Э.Б нь хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэргийн улмаас байгаль-экологид 1.389.096 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт заасны дагуу экологи-эдийн засгийн үнэлгээгээр тогтоогдсон мөнгөн дүнг гурав дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр буюу нийт 4.168.288 төгрөгийг төлж барагдуулсан тул ойн мод тайрсны улмаас дахин нөхөн сэргээхтэй холбоотой шууд бус хохирлыг нэмж тооцох үндэслэлгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг анхан шатны шүүхээр дахин хялбаршуулсан журмаар хянан хэлэлцүүлэхээр улсын яллагчийн эсэргүүцэл бичсэн ...” гэв.

Шүүгдэгч Э.Б тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Прокурорын бичсэн эсэргүүцлийг зөв гэж үзэж байна ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянаж үзлээ.

Э.Б-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа хийлгүүлэхээр прокурорт буцааж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн зарим заалтууд үндэслэлтэй гэж үзэв.

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас яллагдагч Э.Б-д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...торгох, нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэнэ” гэж хорихоос өөр төрлийн ял оногдуулахаар заасан байхад ял оногдуулахгүйгээр зөвхөн албадлагын арга хэмжээ авахуулах санал танилцуулж Эрүүгийн хуулийн ерөнхий анги болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг тус тус зөрчсөн байна. Энэ талаар бичсэн шүүгчийн захирамжийн заалтыг биелүүлэх нь хуульд нийцнэ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг мөн хуулийн 5.2 дугаар зүйлд заасан үндсэн ялаас хамгийн хүнд төрлийн ял болох “зорчих эрхийг хязгаарлах ял”, “хорих ял”-ыг тус тус оногдуулахаар заасан гэмт хэргүүдийн хувьд хэрэглэх бөгөөд тэнсэх, албадлагын арга хэмжээ хэрэглэх эсэх асуудал нь шүүхийн эрх хэмжээнд хамаарах бөгөөд шүүх хохирлоо нөхөн төлж, хор уршгийг арилгасан, эсхүл хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн хүнд, түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдлыг харгалзан ял оногдуулахгүйгээр авч болох арга хэмжээ юм.

Өөрөөр хэлбэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан зохицуулалтын хувьд зөвхөн хорих ялыг хөнгөрүүлэх, чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх ойлголтыг зохицуулсан бөгөөд 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалт нь хорих ялаас чөлөөлөх асуудлыг хуульчилсан байна.

Яллагдагч Э.Б нь гэмт хэргийн улмаас ойн санд 1389096 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар нөхөн сэргээхтэй холбоотой зардал буюу дээрх ойн экологи-эдийн засгийн үнэлгээг 3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний 4168288 төгрөгийг төлсөн байх тул энэ талаар дахин шалгах шаардлагагүй гэж үзэв. Харин мөрдөн шалгах ажиллагааны явцад Д.Өлзийсайхан /хх 23/-ыг хохирогчоор тогтоосон байх бөгөөд иргэний нэхэмжлэгчээр тогтоох ажиллагааг хийгээгүй байгааг дурдах нь зүйтэй. 

Иймд шүүгчийн захирамжийн тодорхойлох хэсгийн 1, 2 дахь хэсэгт заасан үндэслэлүүдээр Э.Бд холбогдох хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийж шүүхэд ирүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 1175 дугаар захирамжийн тодорхойлох хэсгийн 3 дахь заалтыг хүчингүй болгож, бусад хэсгийг хэвээр үлдээж, улсын яллагчийн бичсэн “...нөхөн сэргээхтэй холбоотой шууд бус хохирлыг нэмж тооцох үндэслэлгүй...” гэсэн хэсгийг хүлээн авч бусад заалтыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Хэргийг анхан шатны шүүхэд очтол яллагдагч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Д.МЯГМАРЖАВ

ШҮҮГЧИД                                                                   Т.ӨСӨХБАЯР

                                                                                    Ж.ЭРДЭНЭЧИМЭГ