Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 1542

 

 

 

 

 

 

 

 

   2020        08           25                                  2020/ШЦТ/1542

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх шүүгч Ц.Мөнхтулга даргалж,

   Нарийн бичгийн дарга А.Хосбаяр,

Улсын яллагч Ц.Ганцэцэг,

Шинжээч эмч Т.Сэлэнгэ

Хохирогч Б.Адарсүрэн,

Шүүгдэгч Р.Г түүний өмгөөлөгч Ц.Гансүх нарыг оролцуулан шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Алаг адуун овогт Р.Г холбогдох эрүүгийн 1906 06987 0696 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

 

             Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч Р.Г /РД:ЦВ55052671/ нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Р.Г мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг үнэн зөв учир нэмж мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Адарсүрэн мэдүүлэхдээ: “Хохирогч мэдүүлэг өгөх үүрэгтэй учир өгсөн. Бүх зүйлийг үнэ зөв, болсон байдлаар нь ярьсан. Миний хувьд эрх зүйч гэдгээ л хэлсэн болохоос би хуульч байна, шүүх хуулийнханд нөлөөлж чадах хүн гэж огт хэлж яриагүй. Хохирогч өөрийн үйлдэл, зан байдал, хандлагадаа дүгнэлт хийж, хуулийн байгууллагын зүгээр ажилаа хийж байгаа алба хаагчдыг хардах, гүтгэхээ болих хэрэгтэй. Тухайн өдөр би сургуулийн цагдаа хийж байсан. Миний хувьд эцэг эхийн зөвлөлийн дарга хийдэг байсан. Тухайн үед шүүгдэгч нь гарцгүй газраар өвлийн хүйтэн халтиргаатай байхад зам гарах гээд сургуулийн автобус ирээд байхаар нь болиулсан чинь үгэнд орохгүй болохоор хэлсэн намайг хараасан. Намайг хуулийн байгуулагын хүмүүсийг атгасан таньдаг гэж гүтгээд байгаа. Би тус сургуулийн захиралд хэлэх гэсэн чинь захирал эмчилгээтэй гээд утсаа аваагүй тэгээд менежер Балжиннямыг дуудаж хэлэхэд гарч ирж нөхцөл байдлыг харуулсан. Би ойлгуулж хэлэх гэж үзсэн. Энэ хүн гэмээ ухаарсан зүйл байхгүй байгаад байгаа Би тухайн үед 07 цаг 40 минутад дуудлага өгсөн ажил ихтэй та хүрээд ирээч гэсэн би ажил эхлэхэд Баянзүрхийн цагдаа дээр очиж мэдүүлэг өгсөн тэгээд тогтоолийн дагуу шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлгээс нэгэнт ийм болсон юм чинь томографикт харуулчих гэсэн тэгээд шүүх эмнэлгийн доор байдаг томографикт харуулсан байгаа. Төрийн байгуулагад ажилладаг байсан гээд их хурдан түргэн хийсэн байсан гэж хэлээд байгаа. Өмнөх шинжээчийн дүгнэлтүүд зөв байсан гэж бодож байна” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжээч Т.Сэлэнгэ мэдүүлэхдээ: “Тархи доргилт, тархи доргилтын үлдэц гэх 2 ойлголт нь ялгаатай ойлголт юм. Энэ хэргийн хохирогчийн хувьд гэмтэл аваад шууд тэр дороо ирж үзүүлсэн байдаг. Тэр үед хохирогчийн биед тархины доргилт тогтоогдсон. Учир нь зовиур байсан. Хэрвээ тархиндаа доргилт авснаас хойш зовиур нь арилахгүй хэвэндээ бөгөөд эмчилгээ хийлгэхгүй, нилээд хэд хонох зэрэг байдлаар тодорхой хугацааны дараа бол тархи доргилтын үлдэц гэж оношлогдох боломжтой. Тархи доргилтын үлдэц байсан бол гэмтлийн зэрэг тогтоох журамын 4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох байсан. Хохирогч Б.Адарсүрэнгийн хувьд шинэ тутам буюу тархи доргилтын үлдэц биш тархи доргилт байсан учираас би дүгнэлтдээ цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн юм. Тархи доргилт өөрөө дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос бага хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл гэж тогтоогдоно. Мөн зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Нүдний салстад цус хуралт үүссэн гэдэг нь голлох үзүүлэлт болно.” гэв.

 

            Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад цугларсан нотлох баримтуудаас гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-5-6/, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-9-12/, хохирогч, иргэний нэхэмжпэгч Б.Адарсүрэнгийн мэдүүлэг /хх-н 15-17/, гэрч Л.Балжиннямын мэдүүлэг /хх-22/, гэрч А.Ганхуягийн мэдүүлэг /хх-23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13805 дугаартай дүгнэлт /хх-25/, яллагдагч Р.Гын мэдүүлэг /хх-32/ зэрэг нотлох баримтуудыг судлав.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх дүгнэв.

 

Гэм буруугийн талаар

  

Шүүгдэгч Р.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан дараахи нотлох баримтуудаар нотлогдож байна. Үүнд:

 

Мөрдөн шалгах ажиллагаанд хохирогч, иргэний нэхэмжлэгч Б.Адарсүрэнгийн: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны “Сингапур Монгол” дунд сургуулийн “School police” сургуулийн цагдаагаар өглөө 07 цагаас үүрэг гүйцэтгэж эхэлсэн. 07:40 цагийн үед 59-04 УНП улсын дугаартай Тоёота хайэйс маркийн микро автобус сурагчдыг авчраад сургуулийн замын эсрэг талд буулгах гэсэн. Би тухайн машины жолоочид замын нөгөө талаас буюу сургуулийн талаас хоёр гараараа даллаж наанаа буулгахаа боль тойроод сургуулийн талдаа ирж хүүхдүүд буулга гэх дохио зангаа хослуулж орилсон. Учир нь замын цаана хүүхдүүд буучихаар гарцгүй газар авто замын хоёр урсгал хөндлөн гарах шаардлагатай болсон. Тийм учраас би шаардлага тавьсан. Гэтэл жолооч хүүхдүүдээ буулгаад шууд зам хөндлөн дагуулаад алхсан. Тэгэхээр нь би “яаж байгаа юм бэ, айлын үүхдүүдийг эрсдэлд оруулаад, намайг ч эрсдэлд оруулаад, өөрийгөө ч эрсдэлд оруулаад зам мөстсөн, машин зогсохгүй шүү дээ” гэж хэлсэн. Тэр жолооч нас тогтсон 60 нилээн гарсан байрын ах байсан. Тэр хүн над руу “би бүтэн 2 сар зөөж болоод байсан юм, чи юун сүртэй пизда вэ? Гээд хараал хэлсэн. Тэгээд хүүхдүүд зам хөндлөн сургууль руугаа гарсан. Би тэр ахад хоёулаа сургуулийн удирдлагатай орж уулзана. Сингапурын стандартаар ажилладаг, гоё сургууль гэж бидэнд танилцуулдаг, та одоо ингэхээр энэ сургууль чинь яах юм бэ, настай юм байж яасан тавьтаргүй өвгөн бэ?” гэж хэлсэн. Тэгээд маргаан болоод тэр ах буцаад машинлуугаа явсан. Гарахдаа надруу “нийгэмдээ дасан зохицох чадваргүй сүржигнэсэн муу ёрын амласан пизда, гөлөг” гэх мэтээр хэлээд цааш явсан. Би очоод “ингэж хүн доромжлохгүй шүү, сургууль руу оръё” гээд захнаас нь татах гэсэн чинь тэр ах “өө чи намайг цохилоо” гээд эргэж хараад миний нүүр лүү 3-4 удаа цохьсон...” /хх-15-17/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч Л.Балжиннямын: “...2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр иргэн Б.Адарсүрэн нь сургуулийн өглөөний School police хийж байсан. Тэгээд Б.Адарсүрэн нь надлуу гар утаснаасаа залгаад би сургуулийн хүүхэд зөөдөг автобусны жолоочид зодуулчихлаа гэж хэлж байсан. Тэгэхээр нь сургуулийн урд талын зам дээр яваад очиход автобусны жолооч Г нь машин дотроо суусан, Б.Адарсүрэн нь машины гадна талд хэрүүл маргаан болж байсан. Тухайн үед харахад Б.Адарсүрэнгийн хөмсөгний дээд талд улайж хавдсан байсан...” /хх-22/ гэх мэдүүлэг,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд гэрч А.Ганхуягийн: “...Би 2019 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс ажиллаад 14-ний өдөр 09 цагт буудаг. Өглөө 07:30 минутаас 09 цаг хүртэл сургуулийн РOLICE ажилладаг. Зарим сургуулийн микроавтобусны жолооч нар зам тойроод сургуулийн урд буулгадаг, зарим нь сургуулийн эсрэг талд зогсож байгаад сургуулийн РOLICE дамжуулан сургууль руу оруулдаг байсан. Тухайн өдөр нэг микроавтобусны жолооч сургуулийн замын урд талд ирж хүүхдүүдийг ганцаараа зам хөндлөн гаргасан. Тэгэхэд сургуулийн РOLICE нь очиж явган хүний гарцгүй газраар хүүхдүүд гаргалаа гэж сургууль талдаа гараад маргалдаж байсан. Хоёулаа маргалдаад зам гарах үедээ жолоочийн толгойн дагзлуу нэг удаа цохьсон. Тэгээд нэг харахад жолооч машиндаа суусан, гадна талд нь сургуулийн РOLICE маргалдаж удаан зогсож байсан...” /хх-23/ гэх мэдүүлэг,

 

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээч эмч Т.Сэлэнгийн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн №13805 дугаартай: “...Б.Адарсүрэнгийн биед тархи доргилт, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-25/ гэх дүгнэлт,

 

Мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагч Р.Гын: “...Тэр залуу “хүний хүүхдүүд машинд дайруулчихвал яах юм” гэхээр нь чи одоо яасан билэггүй, муу амтай юм бэ? тийм юм гэж юу байхав дээ” гэж хэлээд тэр залуутай маргалдсан. Би буцаад автобус руугаа явж байгаад зурвас хэсэгт зогсож байхад тэр залуу ардаас гүйж ирээд миний дагз хавьцаа нэг удаа цохихоор нь би эргэж хараад нэг цохьсон...” /хх-32/ гэх мэдүүлэг зэрэг болно.

 

         Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач хобогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно. Учир нь шүүгдэгч нь хохирогчийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан, хохирогч нь дээрх болсон үйл явдлыг хараат бусаар мэдүүлсэн, хохирогчийн эрүүл мэндэд учирсан хохирлыг үнэлсэн шүүх эмнэлгийн дүгнэлт зэргээр тогтоосон байна.

 

                 Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар шүүгдэгчийг гэм буруугүй, хохирогчийн мэдүүлэг зөрүүтэй, маш хурдан гарсан шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй тул дахин шинжээч томилуулах санал гаргасан. Шинжээч Т.Сэлэнгийг шүүх хуралдаанд оролцуулж хууль сануулан мэдүүлгийг нь авахад : “Тархи доргилт, тархи доргилтын үлдэц гэх 2 ойлголт нь ялгаатай ойлголт юм. Энэ хэргийн хохирогчийн хувьд гэмтэл аваад шууд тэр дороо ирж үзүүлсэн байдаг. Тэр үед хохирогчийн биед тархины доргилт тогтоогдсон. Учир нь зовиур байсан. Хэрвээ тархиндаа доргилт авснаас хойш зовиур нь арилахгүй хэвэндээ бөгөөд эмчилгээ хийлгэхгүй, нилээд хэд хонох зэрэг байдлаар тодорхой хугацааны дараа бол тархи доргилтын үлдэц гэж оношлогдох боломжтой. Тархи доргилтын үлдэц байсан бол гэмтлийн зэрэг тогтоох журамын 4.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоох байсан. Хохирогч Б.Адарсүрэнгийн хувьд шинэ тутам буюу тархи доргилтын үлдэц биш тархи доргилт байсан учираас би дүгнэлтдээ цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтад нөлөөлөхгүй гэж дүгнэсэн юм. Тархи доргилт өөрөө дангаараа гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг 4 долоо хоногоос бага хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл гэж тогтоогдоно. Мөн зүүн нүдний салстад цус хуралт, зүүн нүдний дээд зовхи, хөмсөг хамарсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тусдаа хөнгөн гэмтлийн зэрэгт хамаарна. Нүдний салстад цус хуралт үүссэн гэдэг нь голлох үзүүлэлт болно.” гэсэн нь шинжээчийн дүгнэлтийг тодорхой, ойлгомжтой болголоо. Хэрэг учирал өглөө эрт болсон тул шинжээчийн дүгнэлт тэр өдөртөө гарах боломжтой, хууль зөрчөөгүй. Тиймээс нэмэлт эсхүл дахин шинжээч томилон дүгнэлт гаргуулах шаардлагагүй байна гэж шүүх дүгнэлээ.

 

                 Мөн хохирогчийн мэдүүлэг 3 өөр янзтай гэх боловч агуулгын хувьд ноцтой зөрүү алга байна гэж үзлээ.

 

Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Иймд шүүгдэгч Р.Г нь 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өглөө Баянзүрх дүүргийн 26 дугаар хорооны нутаг дэвсгэр “Сингапур Монгол” дунд сургуулийн ойролцоо иргэн Б.Адарсүрэнтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүний нүүрэн тус газарт нь цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон тул түүнийг уг гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг гэдэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

 

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй.

 

Шүүгдэгч Р.Г нь бусдад төлөх 120.000 төгрөгийн төлбөртэй.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хуульчилжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэгт эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүхээс шүүгдэгч Р.Г нь хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэлийг оногдуулж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй байна. 

 

Шүүгдэгч Р.Г нь энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгоод ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Р.Г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Гыг 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

          3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3 сарын хугацаанд сар бүр 200.000, 200.000, 300.000 төгрөгөөр хэсэгчлэн төлөхийг тогтоосугай.

 

          4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Г нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

          5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шүүгдэгч Р.Гад хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

          6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар Р.Г-аас 120.000 / нэг зуун хорин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Б.Адарсүрэнд олгосугай.

 

          7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Р.Г нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

          8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

          9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Р.Гад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.МӨНХТУЛГА