Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 06 сарын 17 өдөр

Дугаар 2020/ШЦТ/203

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Улсын яллагч: Г.Цогтмагнай

Нарийн бичгийн дарга: Ж.Чимэддорж

шүүгдэгч Н.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Н.Б холбогдох  эрүүгийн ******* дугаартай хэргийг 2020 оны  05 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1986 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Баянхонгор аймгийн ******* суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл 5

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******“ гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 79 м2 буюу 0.01 га хэмжээ бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсны улмаас байгаль экологид 313799 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

Шүүгдэгч Н.Б ын мөрдөн байцаалтад өгсөн

... Би “*******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан. 2020 оны 04 дүгээр сарын 03-ны өглөө сумын төвөөс ачааны авто машинтай таньдаг хүн болох ******* дуудаад 150.000 төгрөгийн хөлс төлж бага оврын унагалдай трактор, угаагч төхөөрөмж, цахилгаан үүсгүүр мотор зэрэг тоног төхөөрөмжөө ачаад “*******” гэх газарт хүргүүлсэн. Уг газар нь урьд нь уурхай ажиллаж байгаад явсан эвдэгдсэн газар байдаг. Тухайн газарт өдрийн 14 цагийн үед очиж угаагч төхөөрөмжөө байрлуулаад тэнд байсан шлам шорооноос унагалдай трактороор авч угаагч төхөөрөмж рүү хийж ойролцоогоор 1 цаг орчим угаасан. Тэгтэл унагалдай тракторын өгөгч гидрийн шланк задраад эвдэрчихсэн. Тухайн газраа трактор техник хэрэгслээ үлдээгээд буцаад сумын төв дээр гэртээ ирээд маргааш нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өглөө 09 цагийн үед очсон чинь аймгаас цагдаагийн ажилчид ирчихсэн унагалдай тракторыг ачаад аймгийн төвд авчирсан. Тухайн газарт би ганцаараа очиж ажилласан. Ажиллахдаа улсын дугааргүй улаан өнгийн “*******55” маркийн бага оврын унагалдай трактор 1, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, цагаан шар өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг техник хэрэгсэл тоног төхөөрөмж ашигласан. Тухайн техник хэрэгсэл, тоног төхөөрөмж бүгдээрээ миний өөрийн эзэмшлийнх байгаа юм. Харин хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг зэрэг нь одоо надад байгаа. Л.Ирээдүй нь миний техник хэрэгслийг хүргэж өгчихөөд буцаад явсан. Надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/

Хохирогч Д.М ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт хүмүүс ашигт малтмал олборлож байгаа гэдгийг мэдэж байгаа.  “*******” гэх газрыг өөрөөр нэрлэдэггүй. Тухайн газрын ойролцоо “Улаан эрэг”, “Ширхэн” гэх газрууд байдаг. Уг газарт  2002 оноос иргэд гар аргаар ашигт малтмал олборлосон,  2000-2012 онд уурхай ажиллаж байсан эвдэгдсэн газар байгаа юм. Тухайн газар дээр ашигт малтмал олборлох талаар ямар нэгэн гэрээ, зөвшөөрөл хийгдээгүй. Шинжээчийн дүгнэлтээр тухайн үйл ажиллагааны улмаас байгаль экологид 136.937 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 176.862 төгрөгийн зардал гаргахаар тогтоосон байна. Тиймээс буруутай этгээдээс дээрх хохирол, зардлыг нэхэмжлэх болно... гэх мэдүүлэг /хх-ийн 23/

           Гэрч Б.*******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

            ... Н.Б нь Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутагт трактортой зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад трактороо хураалгасан гэж байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/

           Баянхонгор аймгийн “*******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №267 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 3.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 67/,

Байгаль орчны зөвлөх ******* ХХК-ийн 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 1/15 дугаар шинжээчийн

1. Тогтоолоор өгөгдсөн солбицол нь бүхий газар улсын аль нэг тусгай хамгаалалттай газар, хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй газартай давхцалгүй байна.

 2. Тухайн талбайд техникийн талбай 79м2 буюу 0.01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ 136937 төгрөг болж байна.

 3. Тухайн талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 176.862 төгрөг болж байна

  4. Тухайн солбилцол бүхий газар нь урьд өмнө нь уул уурхайн ажиллагаанд өртөж эвдэгдсэн газар байна ... гэх мэдүүлэг / хх-ийн 37/,

                       - Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 01-02 /, гэмт хэргийн талаархи гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 05 /  хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 07-09/, эд мөрийн баримт битүүмжилсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт  /хх-ийн 17-18/,  Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт иргэн Н.Бын эвдсэн 0.01 га талбайн байгаль орчинд учруулсан хохирлын үнэлгээ, нөхөн тооцолтын сэргээлтийн зардлын тооцоо / хх-ийн 38-63/, Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар багийн засаг даргын 05 дугаар сарын 07-ны өдрийн 47 дугаартай тодорхойлолт/ хх-ийн 77/, шүүгдэгч Н.Б ын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 80/, шүүгдэгч Н.Бын депозит дансны хуулгууд / хх-ийн 82-86/, шүүгдэгч Н.Б ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 87/, зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

            Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

            Шүүгдэгч Н.Б нь 2020 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр Баянхонгор аймгийн ******* сумын 2 дугаар баг “*******“ гэх  газарт тусгай зөвшөөрөлгүйгээр 79 м2 буюу 0.01 га хэмжээ бүхий газарт ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч Н.Б.. “*******” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулсан,надад тухайн газарт үйл ажиллагаа явуулах ямар нэгэн зөвшөөрөл байхгүй... гэх мэдүүлэг /хх-ийн 75-76/

Хохирогч байгууллагын төлөөлөгч Д.М ын ...******* сумын 2 дугаар багийн нутаг “*******” гэх газарт хүмүүс ашигт малтмал олборлож байгаа гэдгийг мэдэж байгаа. Шинжээчийн дүгнэлтээр үйл ажиллагааны улмаас байгаль экологид 136.937 төгрөгийн хохирол учирсан, нөхөн сэргээхэд 176.862 төгрөгийн зардал гаргахаар тогтоосон, буруутай этгээдээс дээрх хохирол, зардлыг нэхэмжлэх болно.. гэх мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч Б.*******ын ... Н.Бнь ******* сумын 2 дугаар багийн нутагт трактортой зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлох үйл ажиллагаа явуулж байгаад трактороо хураалгасан гэж байсан.. гэх мэдүүлэг / хх-ийн 31-32/

Баянхонгор аймгийн “*******” ХХК-ийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн №267 дугаартай шинжээчийн “..боловсруулалтын үйл ажиллагаа явуулахдаа ашиглаж байсан техник хэрэгслийн зах зээлийн үнэлгээ нь 3.500.000 төгрөгийн үнэтэй болохыг тогтоосон...” гэх дүгнэлт /хх-ийн 67/,

Байгаль орчны зөвлөх ******* ХХК-ийн 2020 оны 04 дугаар сарын 23-ны өдрийн 1/15 дугаар шинжээчийн...тухайн талбайд техникийн талбай 79м2 буюу 0.01 га хэмжээтэй бөгөөд байгаль орчны хохирлын үнэлгээ 136937 төгрөг, ... тухай талбайд техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал нь 176.862 төгрөг болж байна... гэх мэдүүлэг / хх-ийн 37/ зэрэг хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас нотлох чадвараа алдах болон шүүхээс тогтоосон үйл баримтыг үгүйсгэх нотлох баримт байхгүй, мөн шүүгдэгч шүүхээс тогтоосон үйл баримтаас зөрүүтэй байдлаар мэдүүлээгүй, хэргийн үйл баримт зүйчлэлийн талаар маргаагүй болохыг дурьдах нь зүйтэй.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч  Н.БЭрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч Н.Бнь тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт  явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуулинд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа байгаль орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайlуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь ашигт малтмал юм.

Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсч бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг”, 4.1.7.”ашигт малтмал ашиглах” гэж газрын гадаргуу, түүний хэвлий, хүдрийн овоолго, хаягдал, байгалийн уснаас ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах болон түүнтэй холбогдсон бусад үйл ажиллагааг,…гэж,  4.1.15...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг... гэж тус тус хуульчилсан байна.

Энэ ашигт малтмал гэдэг ойлголтод шүүгдэгч Н.Бнь хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар ашиг малтмалын боловсруулалт явуулсан  хамаарч байгаа юм.

Ашигт малтмалын тухай хуулинд зааснаар ашигт малтмал боловсруулалт явуулсан гэдэг ойлголтонд  ашигт малтмал ялган авах, олборлох, түүний ашигт агуулгыг нэмэгдүүлэх, баяжуулах, бүтээгдэхүүн үйлдвэрлэх, борлуулах гэдэг ойлголт давхар багтаж байгаа төдийгүй, шүүгдэгчийг чулууг угааж, бүтээгдэхүүн үйлдвэрлэх ашигт малтмал боловсруулалт байдлыг ашиглах олборлох, баяжуулах үйл ажиллагаа явуулсан гэж шүүх үзэж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцохоор заажээ.

Шүүгдэгч Н.Б ын гэмт үйлдлийн улмаас байгаль орчны хохирлын үнэлгээ 136937 төгрөг, техникийн болон биологийн нөхөн сэргээлт хийх ажлын зардал 176.862 төгрөг нийт 313862 төгрөгийг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б ыг эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч Н.Б нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Н.Б нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Б ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс  Н.Б ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дуугаар зүйлийн 4-т “.. шүүх ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг ....... хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож болно...” гэж заасан ба шүүгдэгч Н.Бнь 320 бог малын хөрөнгөтэй, машин, 5 ханатай гэрийн хөрөнгөтэй, түүний хувийн байдал, хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, эүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, шүүхээс оногдуулсан торгуулийн ял биелэгдэх боломжтой зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж торгох ял оногдуулж, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан санал хүсэлт зэргийг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зохимжтой гэж үзлээ.

Шүүгдэгч Н.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан өнгийн Dooson 55 маркийн бага оврын унагалдай трактор 1 ширхэг, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэг хураан авч, улсын орлого болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтарар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Шүүгдэгч Н.Б нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3-д заасан ...өөрийгөө өмгөөлөх эрхтэй .. энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг,  мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүхэд бичгээр гаргасан  ба өмгөөлөгч оролцуулахгүйгээр хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн  3.1,  36.8, 36.10-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч овогт Н.Б ыг тусгай зөвшөөрөлгүйгээр  ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд  тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Н.Б ыг таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч Н.Боногдуулсан таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгөөр торгох ялыг  хэсэгчлэн буюу 3 жилийн  хугацаанад төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч  Н.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 4-т зааснаар шүүгдэгч Н.Б ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан улсын дугааргүй улаан өнгийн Dooson 55 маркийн бага оврын унагалдай трактор 1 ширхэг, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж 1 ширхэг, цагаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүр мотор 1 ширхэгийг хураан авч, улсын орлого болгосугай.

6. Шүүгдэгч Н.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болгомц хүчингүй болгосугай.

7.Шүүгдэгч Н.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч Н.Б ын эзэмшлийн ...улсын дугааргүй улаан өнгийн Dooson 55 маркийн бага оврын унагалдай трактор, хуурай аргаар шороо угаагч төхөөрөмж, цагаан шаргал өнгийн цахилгаан үүсгүүр мотор...ыг битүүмжлэгдсэн эд хөрөнгө битүүмжлэх прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.

 9.Шийтгэх тогтоол уншиж  сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор  Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10 . Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Н.******* хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг  хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ч.БАЙГАЛМАА