Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 001/ХТ2018/01333

 

З.Э-, Ч.Я- нарын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар     

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэртэй,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 889 дүгээр магадлалтай,

З.Э-, Ч.Я- нарын нэхэмжлэлтэй

Д.М-, Д.О- нарт холбогдох,  

Зээлийн гэрээний үүрэгт 12.800.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч Д.О-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

Шүүгч Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч З.Э-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, хариуцагч Д.О-, Д.М-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч З.Э-, Ч.Я- нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлд: ...Д.М-од 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөгийг 5 сарын хугацаатай зээлдүүлсэн бөгөөд зээлийн баталгаанд түүний төрсөн дүү Д.О- 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдөр гарын үсгээ зурж, нотариатаар гэрчлүүлсэн төлөх үүрэг хүлээсэн боловч төлөлгүй өдийг хүрсэн. Д.М-од зээлүүлсэн 10.000.000 төгрөгийг өөрийн болон хадам эцгээс зээлэн өгсөн бөгөөд одоо өр төлбөрөө төлж дийлэхгүй байна. Д.М- нь зээлсэн мөнгийг өөрийн дүү Д.О-ад зээлүүлсэн гэж тайлбарладаг тул үндсэн зээл болон түүнд сар тутмын 1 хувийн алданги тооцож, 28 сарын хугацааны алданги 2.800.000 төгрөг, нийт 12.800.000 төгрөгийг хариуцагч нараас гаргуулан өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.М-ын шүүхэд гаргасан тайлбарт: ...бид З.Э-аас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээ байгуулан 10.000.000 төгрөг авсан нь үнэн. Зээлдүүлэгч нь мөнгөнийхөө оронд худалдан борлуулж болохуйц эсхүл, аж ахуйн үйл ажиллагаа явуулж болохуйц газар олж өг гэх мэтээр шаардах болсон. Зээлсэн мөнгийг өгч чадаагүй нь үнэн бөгөөд зээлийн төлбөрт блокны машин санал болгосон ч аваагүй, миний бие эрүүл мэндийн шалтгаанаар тодорхой эрхэлсэн ажилгүй байгаа, гачигдалтай байна. Анх бичгээр гаргасан тайлбар нь эрх зүйн ямар нэг мэдлэггүйгээс болсон бөгөөд нэхэмжлэгч нараас зээлсэн гэх мөнгө нь надад зарцуулах эрх олгогдсон зээлийн ямар нэг агуулгагүй мөнгө байсан. Иймд нэхэмжлэлд дурдагдаж буй 10.000.000 төгрөгийг төлөх үүрэггүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч Д.О-ын шүүхэд гаргасан тайлбарт: Нэхэмжлэгчээс ямар нэгэн байдлаар мөнгө зээлсэн зүйлгүй, харин ах Д.М-оос зээлж, буцааж өгч байсан төлбөр тооцооны асуудал байсан. Миний хувьд тухайн үед нь Д.М- нэхэмжлэгч З.Э-аас мөнгө авсныг мэдэж байсан учраас зээлийн баталгаа гэх баримт үйлдэж, гарын үсэг зурсан. Би Д.М-од өртэй байсан учрааас Д.М-ын өмнөөс ямар нэг хөрөнгө өгч болох эсэх талаар санал болгож байсан. З.Э-аас ямар нэг зээл авч байгаагүй тул хамтран хариуцагчаар татах үндэслэлгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Д.М-, Д.О- нараас 10.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч З.Э-, Ч.Янжиндулам нарт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.800.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 219.750 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч нараас 174.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 889 дүгээр магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа хариуцагчаас төлсөн 174.950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

Хариуцагч Д.О- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ...Миний биз нэхэмжлэгч нараас мөнгө ззээлж аваагүй байхад хариуцагчаар татан 10.000.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Мөн Д.М- З.Э- нарын хооронд ямар нэгэн мөнгө зээлсэн гэрээ хэлцэл хийгдээгүй уг 10.000.000 төгрөг нь төрийн албан хаагчид авлига өгөх гэж байсан мөнгөний урьдчилгаа юм. Энэ талаар Д.М- анхан шатны шүүхэд тайлбар болон түүнтэй холбоотой баримт гаргаж өгсөн боловч шүүх тамгагүй гэсэн шалтгаанаар хянаж үзээгүй орхисон. Миний Ч.Я-д бичиж өгсөн зүйл нь ямар нэг санхүүгийн баталгааны шаардлага хангахгүй баримт юм. Уг бичгийг хийхэд миний бие Д.М-од тооцоотой байсан учир тийм бичиг хийж өгсөн. Харин одоо ямар нэг тооцоо байхгүй тул Д.М-ын З.Э-ад төлөх ёстой мөнгийг хариуцах үндэслэлгүй. Иймд гомдлыг хянан шийдвэрлэж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 З.Э-, Ч.Я- нар Д.М-оос зээлийн гэрээний үүрэг зээл, алдангид 12.800.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг Д.М- 10.000.000 төгрөг авснаа зөвшөөрсөн боловч, захиран зарцуулах эрх олгож мөнгө өгсөн, төлөх боломжгүй гэж маргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нар Д.О-ыг Д.М-ын өмнөөс зээлийг төлөхөөр баталгаа гаргасан үндэслэлээр түүнийг хариуцагчаар татаж зээлийг хамтран төлүүлэхийг хүссэн байна.

Д.О- нэхэмжлэгчээс мөнгө зээлээгүй гэсэн тайлбарыг гаргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас 10.000.000 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн байна.

Хариуцагч Д.М- нэхэмжлэгч нараас 2015 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 10.000.000 төгрөг авсан нь тогтоогдсон, нэхэмжлэгч уг мөнгийг зээлдүүлсэн гэж, хариуцагч газрын эрх олж өгөх ажлын хэрэгцээнд зориулж өгсөн гэж өөрөөр тайлбарлан маргасан байна.

Хоёр шатны шүүх уг мөнгийг зээлээр олгосон нь тогтоогдсон гэж дүгнэсэн нь хэргийн нотлох баримтад тулгуурласан, нэхэмжлэлийн зарим хэсгийг хангасан нь  Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д заасантай нийцжээ.

 Харин хариуцагч Д.О- болон нэхэмжлэгч З.Э-, Ч.Я- нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн нь тогтоогдоогүй байхад түүнийг зээлийн үүргийг хамтран хариуцуулсан нь Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 242 дугаар зүйлийн 242.1, 242.3-т заасантай нийцээгүй байна.

Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1-д үүрэг гүйцэтгэгчийн хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар гуравдагч этгээд үүрэг гүйцэтгүүлэгчид баталгаа гаргаж болно. Хуульд өөрөөр заагаагүй бол баталгааны гэрээг бичгээр хийнэ” гэжээ.

Хэргийн 6-р талд авагдсан 2015 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн баталгаанд “...өөрийн ах Д.М-ын иргэн Ч.Я-аас авсан 10 сая төгрөгийг 2016 оны 02 дугаар сарын 01-ний дотор төлж барагдуулаагүй бол уг мөнгийг дүү Д.О- би өөрийн биеэр хариуцан төлөх болсныг баталж баталгаа гаргав” гэсэн хэдий ч нэхэмжлэгч нар Д.М-оос зээлийг төлүүлэхээр шаардаж байгаа тохиолдолд баталгааны дагуу Д.О-ыг зээлийн гэрээний хамтран хариуцагч гэж үүргийг шаардах боломжгүй.

Иймд Д.О-ын гомдлыг хангаж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 889 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 184/ШШ2018/00308 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3, 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар Д.М-оос 10.000.000 төгрөг гаргуулж З.Э-, Ч.Янжиндулам нарт олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон Д.О-ад холбогдох нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай гэж, 2 дахь заалтын “хариуцагч нараас” гэснийг “хариуцагч Д.М-оос” гэж тус тус өөрчлөн, шийдвэр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч Д.О-ын гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Д.О- нь хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 174.950 төгрөг төлснийг шүүгчийн захирамж гарган буцаан олгосугай.

                     

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

ШҮҮГЧ                                                            Г.АЛТАНЧИМЭГ