Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 112/2021/0010/З |
Дугаар | 221/МА/2022/0225 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА/2022/0225
ИНХ Г аймаг дахь НБ-ын
нэхэмжлэлтэй, захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Н.Долгорсүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Д.Оюумаа
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Гуравдагч этгээд
Нэхэмжлэлийн шаардлага: Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Гаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д,
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч М.Ө, Б.Б
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 112/2021/0010/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч ИНЕГ-ын харьяа Г аймаг дахь НБ-аас Г аймгийн ЗД-д холбогдуулан “Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах”-аар маргасан байна.
2. Г аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Иргэний нисэхийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1, 20.2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5, 4.2.6, 22 дугаар зүйлийн 22.1, 40 дүгээр зүйлийн 40.4, Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3, 61 дүгээр зүйлийн 61.1-д заасныг тус тус баримтлан ИНЕГ, ИНҮТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г аймгийн АНБ-ын дарга Д.Б-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгож, 2 дахь заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээд дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. “Миний бие 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаартай Аймгийн ЗД-ын газар эзэмшүүлэх тухай захирамж хуулийн дагуу гарсан тул “АС” ХХК нь газар эзэмших эрх авсан. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт АНБ нь Г аймгийн төвийн сум болох Е сумын төвд байршилтай учир аэродром орчмын 8 км радиус бүхий аюулгүйн бүсэд ихэнх барилга байгууламж нь багтдаг. Гэтэл “А” бүс буюу 3 км-ын радиус бүхий тусгай бүсийн дотор онгоц хөөрч буух зурвасын чиглүүлэгч гэрлээс 181.7 метр зайд техникийн зах барих нь нисэхийн аюулгүй ажиллагааг зөрчихгүй гэж дүгнэх үндэслэлгүй юм гэх үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь ойлгомжгүй байна. Хууль ард иргэддээ тэгш үйлчлэхгүй байна.
3.2. Учир нь Г аймгийн НБ-ын ойр орчим шатахуун түгээх станц, баруун бүсийн бөөний худалдааны төв, аймгийн цаг уурын газарын барилга байшин гээд олон үйл ажиллагаа явуулдаг обьектууд байхад хэт нэг талыг барьж шийдвэр гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Иймд анхан шатны шийдвэрийг дахин магадлаж нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Анхан шатны шүүхийн шийдвэрийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлын дагуу хянаад Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.3.3-т “анхан шатны шүүх энэ хуулийг зөрчсөн нь шүүхийн шийдвэр гаргахад нөлөөлсөн байвал”, 121.3.4-т “шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, эсхүл хуулийн шаардлага хангаагүй болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдээгүй нотлох баримтыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон” гэж заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэв.
2. Хариуцагч Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн “АС” ХХК-д төсөл сонгон шалгаруулалтын журмаар техникийн зах барих зориулалтаар 6000 м2 газар эзэмших эрх олгосон А/513 дугаар захирамжийг нэхэмжлэгч ИНҮТ-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г аймаг дахь НБ-ын дарга Д.Б эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргаж үндэслэлээ “... манай нислэгийн онгоцны хөөрч буух зурвас хэсэгт энэ газар орж байгаа, ... нисэх буудал цаашид өргөтгөх, том даацын агаарын хөлөг буух боломжгүй болж байна ... техникийн баримт бичигт зах байхыг хориглодог ... аймгийн ЗД-ын 2019 оны захирамжаар ойртолтын бүс, тусгай бүсийг заасан түүнээс цааш 12100 метрийн зурвас дагуу барилга барих тохиолдолд ИНЕГ болон НБ-тай зөвшилцөж газрын зөвшөөрөл олгохыг Газрын харилцаа, барилга хот байгуулалтын газарт даалгасан ... зураг төсөл нь байхгүй, юу барих нь тодорхойгүй, зөвшилцөөгүй, аюулгүйн бүсийн талаар өөрийн гаргасан захирамжаа зөрчсөн ...” гэж тайлбарлажээ.
2.1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “Хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах үүргийг захиргааны хэргийн шүүх гүйцэтгэнэ”, 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна”, 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасан.
2.2. Анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргаж буй хүрээнд хэрэгт хамааралтай нотлох баримтуудыг бүрэн гүйцэд бүрдүүлж, тэдгээрийн маргаж буй үндэслэлийг дэмжиж эсхүл няцааж байгаа шүүхийн шийдвэрийн үндэслэл болж буй нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд хэрхэн тайлбар дүгнэлт өгч буй талаар шийдвэрт тусгах хууль зүйн үүрэгтэй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.5-д “нотлох баримт гаргах, цуглуулах талаар хуульд заасан журмыг зөрчиж олж авсан нотлох баримт нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй”, 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хэрэг хянан шийдвэрлэхэд шинжлэх ухаан, тооцоо, тоо бүртгэл, урлаг, утга зохиол, техникийн зэрэг тусгай мэдлэг шаардагдах асуудлыг тодруулахын тулд хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар шинжээчийг томилж болно”, 40.2-т “шинжээч шинжилгээ хийж дүгнэлт гаргахдаа Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан журмыг баримтална” гэж, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д “Шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх бол эрх бүхий этгээд нь тусгай мэдлэг бүхий тухайн хэрэгт хувийн сонирхолгүй хүнийг урьж, хувийн бичиг баримт, мэргэжил, чадвар, шинжээчээр оролцуулж болохгүй үндэслэл, шинжээчээр ажиллахыг зөвшөөрч байгаа эсэхийг урьдчилан тодруулна” гэж тус тус заасан.
2.3. Гэтэл анхан шатны шүүх 2021 оны 04 дүгээр сарын 09-ний өдрийн 80 дугаар захирамжаар “Г аймаг дахь АНБ-ын аэродромын орчимд газар эзэмшүүлж болох эсэх, гуравдагч этгээд эзэмшил газартаа техникийн зах байгуулж болох эсэхийг тодорхойлуулах”-аар ИНЕГ-ын Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын албыг шинжээчээр томилж шинжээчийн дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн байх бөгөөд шүүгчийн захирамжийн дагуу Нийсэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын газрын байцаагчаас 2021 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 496/21 дугаар бүхий “...Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжаар “АС” ХХК-д техникийн захын зориулалтаар олгосон газар нь АНБ-ын аэродромын орчмын аюулгүйн тусгай бүсийн талбай дотор олгогдсон байгаа нь Зам тээврийн хөгжлийн сайдын тушаалаар батлагдсан аэродромын төлөвлөлт ба ашиглалт техникийн баримт бичгийн 7.5.4.4-ийн шаардлагад нийцээгүй байна” гэх агуулга бүхий дүгнэлтийг гаргаж шүүхэд ирүүлсэн, шүүх уг дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, үнэлэх зарчимд нийцээгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
2.4. Учир нь, нэхэмжлэгч нь ИН-ийн харьяа АНБ байх бөгөөд шинжээчээр томилогдсон Нисэхийн аюулгүй ажиллагааны хяналт, зохицуулалтын алба нь мөн Иргэний нисэхийн харьяа алба байх тул хэргийн оролцогч болох нэхэмжлэгчтэй хамаарал бүхий нэг ашиг сонирхолтой этгээд гэж үзэхээр байхад анхан шатны шүүх тус албаны байцаагчийн гаргасан шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэсэн нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан “... тухайн хэрэгт хувийн сонирхолгүй ... “ гэж заасантай нийцээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмын уг зөрчилд хамаарч байх бөгөөд уг зөрчил шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байна. Мөн нэхэмжлэгчээс гуравдагч этгээдэд газар эзэмших эрх олгосон аймгийн ЗД-ын 2018 оны А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулахаар “... аймгийн ЗД-ын 2019 оны А/457 дугаар захирамжийн 2-т заасны дагуу Иргэний нисэхийн ерөнхий газар, АНБ-тай зөвшилцөөгүй, аэродром орчмын аюулгүйн бүсэд хамрагдаж байгаа тул манай байгууллагын хууль ёсны эрх ашгийг хөндөж, нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд сөрөг нөлөө үзүүлж байна” гэсэн үндэслэлээр маргасан байна.
2.5. Хэрэгт АНБ-ын хамгаалалтын бүсийг тогтоосон Г аймгийн ЗД-ын 2018 оны 01 дүгээр сарын 17-ны А/23 дугаар захирамж, хамгаалалтын бүсийн шинэчлэн баталсан мөн ЗД-ын 2019 оны 09 дүгээр сарын 16-ны А/457 дугаар захирамж, аэродром орчмын аюулгүйн бүсийг тогтоосон Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичиг гэх баримтууд авагдсан байх бөгөөд шүүх эдгээр шийдвэр, баримт бичгүүд нь нэхэмжлэгч Иргэний нисэхийн харьяа АНБ-ын нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаа, аюулгүй байдалд хамаарах шийдвэрүүд мөн эсэх, аль шийдвэрийн дагуу нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг нь хэрхэн хамгаалагдах эсэхэд хууль зүйн дүгнэлт хийхээс гадна эдгээр шийдвэрүүдэд заасан хамгаалалтын бүс, аэродром орчмын аюулгүйн бүстэй гуравдагч этгээдийн эзэмшил газрын хил хязгаар хэрхэн давхцаж байгаа эсэхийг эрх бүхий мэргэжлийн байгууллагаар тогтоолгож, дүгнэлт гаргуулсны үндсэн дээр маргааны үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх шаардлагатай байна.
2.6. Мөн шүүх Зам тээврийн хөгжлийн сайдын 2020 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн А/131 дүгээр тушаалаар батлагдсан “Аэродромын төлөвлөлт ба ашиглалт” техникийн баримт бичиг гэх мэт уг маргаанд хамаарах улсын хэмжээнд мөрдөгдөх нисэхийн болон нислэгийн аюулгүй ажиллагаатай холбоотой хэм хэмжээний актын тухайд хэм хэмжээний актын улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж хуулийн хүчин төгөлдөр болсон эсэхийг тодруулж, энэхүү маргааны тохиолдолд хэрэглэгдэх эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх нь зүйтэй юм. Түүнчлэн хавтаст хэрэгт “А” НБ-ын нэхэмжлэлтэй Г аймгийн ЗД-д холбогдох “ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” шаардлага бүхий нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцээд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.5-д “нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй болон нэхэмжлэл гаргах эрхгүй этгээд нэхэмжлэл гаргасан” гэж заасан үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, уг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн Г аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 08 дугаар тогтоол авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх уг 08 дугаар тогтоолын талаар шийдвэрт дурдсан байх боловч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж хэргийг хэрэгсэхгүй болгосон тус тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон эсэх, уг тогтоолоор хүлээн авахаас татгалзсантай адил буюу “Г аймгийн ЗД-ын 2018 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн А/513 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай” нэхэмжлэлийг “ИНЕГ-ын харьяа Г аймаг дахь НБ” гаргасан байхад ямар учраас хүлээн авч хэрэг үүсгэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж, маргааныг шийдвэрлэх болсон шалтгаан үндэслэлийн талаар тайлбар дүгнэлт хийгээгүй нь ойлгомжгүй, тодорхой бус байна.
2.7. Мөн анхан шатны шүүх “... АНБ нь Г аймгийн төвийн сум болох Е сумын төвд байршилтай учир аэродром орчмын 8 км радиус бүхий аюулгүйн бүсэд ихэнх барилга байгууламж нь багтдаг. Гэвч А бүс буюу 3 км-ын радиус бүхий тусгай бүсийн дотор онгоц хөөрч, буух зурвасын чиглүүлэгч гэрлээс 181,7 метр зайд техникийн зах барих нь нисэхийн аюулгүй ажиллагааг зөрчихгүй гэж дүгнэх үндэслэлгүй ... ” гэсэн дүгнэлтийг хийсэн байх боловч шүүхийн уг дүгнэлтийн үндэслэл болсон баримт хавтаст хэрэгт авагдаагүй нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй”, 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж тус тус заасантай, хариуцагчийн шүүхэд ирүүлсэн 2021 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 1/177 дугаар Д.Г-ыг томилсон итгэмжлэлд нэхэмжлэгчийн нэрийг “АНБ” гэж алдаатай бичсэн байхад нэхэмжлэгчийн нэрийг зөвтгөсөн байдлаар итгэмжлэлийг тодруулан аваагүй нь мөн хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журамд нийцээгүйг тус тус дурдах нь зүйтэй байна.
2.8. Иймд шүүх бүрэлдэхүүн дээр дурдсан үндэслэлүүдээр давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзэж, шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж гэж шийдвэрлэв.
Анхан шатны шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын хүрээнд дээр дурдсан үндэслэлээр үл хязгаарлан хэрэгт хамааралтай ач холбогдол бүхий нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын хүрээнд бүрэн дүүрэн цуглуулж, тэдгээрт үндэслэн хэргийн оролцогчдын маргаж буй үндэслэл тус бүрт хууль зүйн дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх нь зүйтэйг жич тэмдэглэж байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гаймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 45 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар гуравдагч этгээдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ