Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 09

 

 

Л.Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Наранбулаг  сумын Гүнбүрд багт оршин суух, Тайж овогтой Лхагваагийн Долгорсүрэнгийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Л.Долгорсүрэн түүний өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагч П.Наран-Эрдэнэ, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “Би Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвд 16 жил нягтлан бодогч, нярав зэрэг ажлуудыг хийж байсан. Ажиллаж байхдаа аливаа ажлыг чин сэтгэлээсээ чин шударгаар гүйцэтгэж ирсэн. Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга нь 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр намайг ажлаас халсан тушаал гаргасан. Энэ шалтгаан нь 2015 онд санхүүгийн шалгалтыг Эрүүл мэндийн төвд оруулж энэ шалгалтаар П.Наран-Эрдэний хувьдаа төсвийн  хөрөнгө завшиж хууль зөрчсөн үйлдэл нь илэрч торгууль тавигдсан. Намайг ажлаас халсан үйлдэл нь намайг санаатайгаар хохироохоор хийсэн үйлдэл гэж үзэж байгаа тул маш их гомдолтой байна. Иймд Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгч П.Наран-Эрдэний 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 33 тоот тушаалыг хүчингүй болгож, намайг ажилд эгүүлэн томилж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “Л.Долгорсүрэн нь 2014 оноос эхлэн Эрүүл мэндийн газрын даргын батлагдсан бүтэц орон тоонд 0.5 орон тоотой байхад бүтэн орон тоогоор ажиллуулж цалинжуулж ирсэн. 2016 онд Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалаар няравын орон тоо хасагдаж эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн 1 орон тоогоор батлагдаж ирсэн. Л.Долгорсүрэнд түр орлон гүйцэтгэгч А.Мягмардарь нь 2016 оны 4 дүгээр сарын 20-нд Эрүүл мэндийн газрын даргын бүтэц орон тоонд нярвын орон тоо хасагдсаныг үндэслэн мэдэгдэх хуудас хүргүүлсэн. Мөн Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-Эрдэнэ миний бие 2016 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр нярвын орон тоо хасагдсан тул ажлаас чөлөөлөх тухай мэдэгдлийг дахин өгсөн. Ингээд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны Б/33 тоот тушаалаар Л.Долгорсүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалж, нярвын ажлаас чөлөөлөгдсөн. Л.Долгорсүрэн нь нэхэмжлэлдээ ажлаас үндэслэлгүй халагдсан хэмээн дурдсан нь буруу ойлголт бөгөөд бүтэц орон тоо хасагдаж чөлөөлөгдсөн болно. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Тайж овогт Лхагваагийн Долгорсүрэнг Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн нярвын ажилд эгүүлэн тогтоосугай. 2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвөөс улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “Наранбулаг сумын ЭМТ-ийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мягмардарь нь хүлээлгэн өгсөн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалын 4 дүгээр хавсралтад батлагдсан бүтэц орон тооны 13 дугаар мөрөнд эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан, нярав гэсэн тушаал байсан. Үүнийг Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Гэтэл энэхүү тушаал нь үндсэн тушаалаас зөрүүтэй бөгөөд Эрүүл мэндийн газрын даргын баталсан үндсэн тушаал буюу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаалын 4 дүгээр хавсралтад заасан бүтэц орон тооны 13 дугаар мөрөнд эмийн бус эмчилгээ, биеийн тамир чийрэгжүүлэлтийн асуудал хариуцсан ажилтан гэж батлагдсан байна. Энэхүү үндсэн тушаалд нярав гэдэг үг хасагдсан байх бөгөөд эх тушаалаас зөрүүтэй,  анхан шатны шүүхэд гаргаж өгсөн тушаал нь хууль бус тушаал байна.

Иймд Увс аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 тоот шийдвэрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад үндэслэлтэй дүгнэлт хийж, Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөв тайлбарлаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуулинд заасан үндэслэл журмын дагуу явуулсан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шаардлагад нийцжээ.

Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн эрхлэгчийн 2013 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 09 дүгээр тушаал[1]-аар Л.Долгорсүрэнг Увс аймгийн Наранбулаг  сумын Эрүүл мэндийн төвийн нярваар ажиллуулж байгаад 2016 оны 09 дүгээр сарын 29-ний  өдрийн 34 дүгээр албан бичиг[2]-ээр “нярвын орон тоо хасагдсан тул ажлаас  чөлөөлөх” тухай мэдэгдэх хуудас хүргүүлж, 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн  Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын Б/33 дугаар тушаал[3]-аар түүнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан байх ба зохигчид энэ үйл баримтад маргаагүй байна.

Хэрэгт  авагдаж, анхан шатны  шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтаар нэхэмжлэл гаргах үед Увс аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн “2016 оны орон тооны жишиг батлах” тухай  А/06 дугаар тушаалын дөрөвдүгээр хавсралт[4]-ын 13-д зааснаар нярвын орон тоо тус байгууллагын бүтэц, орон тооноос хасагдаагүй байхад Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д заасан “орон тоо хасагдсан” үндэслэлээр  нэхэмжлэгч Л.Долгорсүрэнтэй байгуулсан  хөдөлмөрийн гэрээг цуцалсан  нь тогтоогдож байх тул ажил олгогч нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчжээ. Энэ талаар хийсэн анхан  шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

Ажил олгогч Увс аймгийн Наранбулаг сумын  Эрүүл мэндийн  төв нь шүүхэд гаргасан тайлбарын үндэслэл, нэхэмжлэлийн шаардлагаа нотолсон баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.

Увс аймгийн Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн дарга П.Наран-эрдэнэ давж заалдах гомдолдоо ”Наранбулаг сумын Эрүүл мэндийн төвийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Мягмардарийн шүүхэд гаргаж өгсөн Эрүүл мэндийн газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн А/06 тоот тушаал нь жинхэнэ эх тушаалаасаа зөрүүтэй хууль бус тушаал байсан.” гэж маргаж, 6 хуудас баримт[5]-ыг давж заалдах гомдолдоо хавсаргаж ирүүлсэн байх ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5, 161 дүгээр  зүйлийн 161.1-д зааснаар  анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй бөгөөд зохигчид давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй  тул давж заалдах шатны шүүхээс уг баримтуудыг үнэлэх  боломжгүй.

Иймд хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны  шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх  нь зүйтэй байна.

Хариуцагч  Увс  аймгийн Наранбулаг сумын  Эрүүл мэндийн  төв  нь төсвийн  байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр  зүлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 83 дугаар шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс  аймгийн Наранбулаг сумын  Эрүүл мэндийн  төв нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН

 

 

 

 


[1] Хавтаст хэргийн 21 дүгээр хуудаст.

[2] Хавтаст хэргийн 14 дүгээр  хуудаст.

[3] Хавтаст хэргийн 17 дугаар  хуудаст.

[4] Хавтаст хэргийн 16 дугаар хуудаст

[5] Хавтаст хэргийн 52-57 дугаар хуудас.