Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 30 өдөр

Дугаар 92

 

 

Б.З-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Т.Өсөхбаяр, Ж.Эрдэнэчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

          Прокурор Д.Энх-Оргил,

          Шүүгдэгч Б.З /цахим сүлжээгээр/, түүний өмгөөлөгч Г.М, Б.З,

          Нарийн бичгийн дарга Ч.Хатанбаатар нарыг оролцуулан,

       Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлоор шүүгдэгч Б.Зд холбогдох эрүүгийн 1711 0078 60211 дугаартай хэргийг 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ж.Эрдэнэчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Б овгийн Б-ны З, 1988 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Сэлэнгэ аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороо, Бэлхийн 48 дугаар гудамжны, 330а тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: /,

Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт “Зүүн тасган” 8-1-5 тоотод байрлах иргэн Б.Т-ын эзэмшлийн монгол гэрт нэвтэрч эмэгтэй хүний хагас богино түрүүтэй гутал, эмэгтэй хүний гар цүнх, мөнгөн ээмэг, бөгж, бугуйвч зэрэг эд зүйлсийг нууцаар, хууль бусаар авч 293.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: Б.З-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Б.З-ийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Б.З-д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 1 /нэг/ жилийн хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Б.З-д оногдуулсан 1 /нэг/ жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Б.З бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.З давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна.

Шүүхээс надад ял оногдуулахдаа анх удаа хүнд гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж буй байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг харгалзан үзэж хорих ялыг хөнгөрүүлж өгсөн. Гэвч миний бие 0-4 насны дөрвөн хүүхэдтэй, хулгайлсан эд зүйлийн үнэлгээ 293.000 төгрөг буюу бага хэмжээтэй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн өөр холбогдох заалтуудыг хэрэглэх боломж байсан гэж үзэж давж заалдах гомдол гаргаж байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлд заасан тайлбарт: “энэ зүйлийн нэг дэх хэсэгт заасан үйлдлийн улмаас бага хэмжээний хохирол учруулсан бол гэмт хэрэг үйлдсэнд тооцохгүй. Энэ зүйлийн 2, 3 дахь хэсэгт энэ тайлбар хамаарахгүй” гэсэн заалтын дагуу надад хорих ял оногдуулсан гэж бодож байна. Гэвч хууль тайлбарлах эрх хууль тогтоогчид байхгүй, зөвхөн шүүхэд байдаг гэж сонссоны дагуу энэхүү давж заалдах гомдлыг гаргаж байна. Өөрөөр хэлбэл, миний үйлдсэн гэмт хэргийн хохирлын хэмжээ, бусад нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох эсэхийг хянаж өгнө үү ...” гэв.

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч Г.М тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан ...” гэв.

Шүүгдэгч Б.З-ийн өмгөөлөгч Б.З тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна ...” гэв.

Прокурор Д.Энх-Оргил тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй зөв гарсан, хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс оногдуулсан ял шийтгэл Б.Зийн гэм бурууд тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү ...” гэв.

ХЯНАВАЛ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд хянав.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн” байх хуулийн шаардлагыг хангажээ.

 

Шүүгдэгч Б.З нь 2017 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 9 дүгээр хороо, “Зүүн тасган” 8-1-5 тоотод оршин суух иргэн Б.Т-ын эзэмшлийн буюу хүн байнга амьдрах монгол гэрт нууцаар, хууль бусаар  нэвтэрч эмэгтэй хүний хагас богино түрийтэй гутал, гар цүнх, мөнгөн ээмэг бөгж, бугуйвч зэрэг эд зүйлс хулгайлан авч 293000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Б.Т-ын мэдүүлсэн “... 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагт ажилдаа яваад гэрт хүн үлдээгүй байсан. Орой 23 цагийн үед гэртээ хүүтэйгээ ирэхэд манай монгол гэрийн модон хаалга эв хэсгээрээ эвдэрсэн байхаар нь дотогш ороход гэрийн эд зүйл эмх замбараагүй байдалтай, хувцаснууд гаргачихсан ил харагдсан тул цагдаагийн байгууллагад мэдэгдсэн ...” /хх-8-11, 12-14/,

гэрч Э.М-ын мэдүүлсэн “... 22 цагийн орчим Б.З-тэй тааралдсан. Б.З нь нэлээн согтуу, гартаа цэнхэр өнгийн ууттай, дотор нь дүүрэн юм чихчихсэн явж байсан. Би “Б.Зээ архи уучихсан хаа хүрч яваа юм бэ” гэж асуухад “Телевизийн орчим очно, найз байгаа, тэдний гэрээс өөрийнхөө юмыг аваад явж байна” гэж хэлсэн. Тэгээд манай ажил руу очоод байж байгаад манайд хоноод явсан. Манайд хоёр хоноод өглөө нь явчихсан. Өөрөө хэлэхдээ “өөрийнх нь ах, дүү нарынх нь хувцас, гутал” гэж хэлж байсан. Түүнийг нь харахад эмэгтэй хүний гуталнууд, гар цүнх, гоо сайхны хэрэгсэлүүд харагдсан ...” /хх-40/ гэх мэдүүлгүүд,

            “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-25-26/, хохирол төлсөн баримт /хх-36/, Б.Зийн яллагдагчаар хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хэрэгт цугларсан, анхан шатны шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.З-ийн гэм бурууг хэлэлцэж, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн түүнийг нууцаар, хууль бусаар, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийж, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хувийн байдалд тохирсон ял шийтгэлийг хөнгөрүүлэн оногдуулж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Түүнчлэн анхан шатны шүүх хуралдаан дээр шүүгдэгч, өмгөөлөгч нар гэм буруугийн болон хохирлын талаар маргаагүй байх бөгөөд шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд хэргийг хянан шийдвэрлэсэн нь хуульд нийцнэ.

Б.З гомдолдоо “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцох эсэхийг хянаж өгнө үү” гэж давж заалдах гомдол гаргаж байгаа боловч Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон бөгөөд хэргийн зүйлчлэлийг өөрчлөх, хөнгөрүүлэх хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Зийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 4-ний өдрийн 565 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.З-ийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            Д.МЯГМАРЖАВ

                                      ШҮҮГЧИД                                                    Т.ӨСӨХБАЯР

                                                                                                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ