Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 1531

 

 

 

   2020        08          21                                  2020/ШЦТ/1531

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                                   

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                  

          Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

          шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

          улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

          шүүгдэгч Г.Б , түүний өмгөөлөгч У.Сайнбилэг ҮД:15-54,

          хохирогч Т.О нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Г.Б д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1906 05863 1919 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

          Монгол улсын иргэн, Г.Б

          Холбогдсон хэргийн талаар:

          Г.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сансарын үйлчилгээний төвийн урд талд иргэн Т.Отгон-Эрдэнэд “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн “Хуавэй Пи-20”загварын гар утсыг нь залилан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.Б мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ талаар мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.О мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд болсон асуудлын талаар ярьсан тул ярих зүйлгүй. Өнөөдөр Г.Б гийн хамаатан 200.000 төгрөгийг өглөө. Үлдэх хохирлоо нэхэмжилнэ  гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тухай мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 9 дүгээр тал/,

- Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.О өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр 17 цагт Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хайят” нэртэй караокений урд миний таньдаг Г овогтой Б 23 цагийн үед таараад “утас чинь байна уу, би ахтайгаа ярьчихаад өгье” гээд авсан. Би тэр хооронд “Хайят” нэртэй караоке ороод таньдаг хүн Аззаяа гэгчтэй уулзчихаад гараад ирсэн чинь байхгүй байсан. Тэгээд цагдаад хандаж байна. 2019 оны 09 сарын эхээр 450.000 төгрөгөөр интернэт худалдаагаар авсан...гэх мэдүүлэг /хх-ийн 13-15 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 32-33 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар Г.Б гийн өгсөн: ...Би 2019 оны 09 дүгээр сарын 27-ны орой 21 цагийн үед Сансарын КФС орчимд О, Будхүү нартай уулзсан. Тэгээд О Хуавэй Фи-20 маркийн гар утсыг “хүнтэй ярьчихаад өгье” гэж хэлж авчихаад О караоке орж, өрөө асуух хооронд гар утсыг нь аваад явчихсан. Надад мөнгөний хэрэг байсан учир тухайн гар утсыг ломбарданд 140.000 төгрөгөөр тавьчихаад мөнгөө хувьдаа зарцуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 дүгээр тал/,

- Шүүгдэгч Г.Б гийн эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23, 50 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Г.Б  нь 2019 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Сансарын үйлчилгээний төвийн урд талд иргэн Т.Отгон-Эрдэнэд “гар утсаар чинь яриад өгье” гэж хуурч, түүний эзэмшлийн Хуавэй Пи-20 загварын гар утсыг нь залилан авч, бусдад 350.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.О, яллагдагчаар өгсөн Г.Б нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч Г.Б г залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б  нь уг гэмт хэргийг үйлдэхдээ хохирогч Т.О урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “утсаар яриад өгье” гэж хэлээд түүний гар утсыг авсан боловч буцааж өгөөгүй, өөрийн эзэмшилд оруулан авч явсан үйлдэл нь залилах гэмт хэргийн шинжийг агуулж байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ Г.Б нь “надад мөнгөний хэрэг байсан учир тухайн гар утсыг ломбарданд 140.000 төгрөгөөр тавьчихаад мөнгөө хувьдаа зарцуулсан” /хх-ийн 39-40 дүгээр тал/ гэж мэдүүлсэн нь анхнаасаа хохирогч Т.О гар утсыг өөрийн эзэмшилд оруулах зорилгоор буюу шунахайн сэдэлтээр, санаатайгаар уг гэмт хэргийг үйлдсэн гэж  үзэх  үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт: ...энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг таван жил, түүнээс доош хугацаагаар оногдуулахаар тогтоосон, эсхүл хорих ял оногдуулахаар заагаагүй  гэмт хэргийг хөнгөн гэмт хэрэг гэнэ гэж хуульчилжээ.

Шүүгдэгч Г.Б гийн үйлдсэн гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байна.

Шүүгдэгч Г.Б  нь өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн боловч гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулаагүй байна.

Хохирогч Т.О гар утсыг 340.000 төгрөгөөр үнэлэгдсэн болох нь “Дамно” ХХК-ийн хөрөнгийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна. /хх-ийн 32-33 дугаар тал/,

Шүүх хуралдаанд хохирогч Т.О нь утасны төлбөрт 200.000 төгрөгийг авсан талаар мэдүүлж байх тул 340.000-200.000=140.000 төгрөгийн хохирлыг Г.Б гаас гаргуулан хохирогч Т.О олгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйл, хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй байна.

Шүүгдэгч Г.Б г 2020 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс шүүхийн зөвшөөрөлгүй баривчилж, 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрөөс яллагдагчаар цагдан хоригдож  2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр  хүртэл  таслан сэргийлэх арга хэмжээ авсан болох нь яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн захирамж зэргээр тогтоогдож байх тул Г.Б гийн нийт цагдан хоригдсон 31 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй байна. /хх-ийн 42-43, 54-55 дугаар тал/,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцохоор хуульчилсан бөгөөд Г.Б  нь 31 хоног цагдан хоригдсон байх ба 31х8цаг=248 цаг болж байна.

Г.Б д оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаас 248 цагийг хасч тооцоход 152 цаг болж байна.

Иймд Г.Б  нь 152 /нэг зуун тавин хоёр/ нийтэд тустай ажил хийлгэх ялыг эдлэх үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Г.Б г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.Б д оногдуулсан 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар Г.Б /РД:/-с 140.000 /нэг зуун дөчин мянган/ төгрөгийг гаргуулан хохирогч Т.О /РД:/-д олгосугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар Г.Б гийн цагдан хоригдсон 31 хоногийн нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцон хасч, биечлэн эдлэх ялыг 152 /нэг зуун тавин хоёр/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар тогтоосугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж Г.Б д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Г.Б д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Ч.АЛТАНЦЭЦЭГ