Шүүх | Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Доржийн Сарангэрэл |
Хэргийн индекс | 119/2018/0017/З |
Дугаар | 20 |
Огноо | 2018-07-04 |
Маргааны төрөл | Тендер, |
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 20
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Сарангэрэл даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: “ТТ” ХХК
Хариуцагч: “ЭБЦТС” ТӨХК болон Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хороонд тус тус холбогдох
“ЭБЦТС” ТӨХК-иас зарласан “Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах, ЭБЦТС/20180108-01 дугаартай тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 минутад дахин нээлттэй хийхээр “ЭБЦТС” ТӨХК”-иас зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага бүхий 119/2018/0017/3 тоот индекстэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч М.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О, хариуцагч Д.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э, Б.Ж, Г.Б, нарийн бичгийн дарга М.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ТТ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: “Манай компани нь “ЭБЦТС” ТӨХК-иас зарласан төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтанд оролцож 2018.02.20-ны өдрийн дансны үлдэгдэлтэй хуулга ирүүлсэн байна. Харилцагч банкнаас тодруулга авахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдэл ирүүлээгүй гэх үндэслэлээр буюу тендерийн иж бүрдэл дутуу гэж үзэж Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 27.4-т зааснаар тендерийн шаардлага нийцээгүй гэх хариуг ЭБЦТС Төрийн өмчит хувьцаат компаниас 2018.04.11-ний 1/293 тоот албан бичгээр мэдэгдсэнийг Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба тус гомдлын хариуг 2018.04.26-ны өдрийн 6-1/2356 тоот албан бичгээр ирүүлсэн. Монгол улсын Сангийн яамнаас гомдлыг хянаж манай компанийг тендерээс шаардлага хангахгүй гэж татгалзсан нь үндэслэлгүй байна. Харин НО ХХК нь 2017 оны ажлаа баталгаажуулж ирүүлсэн баримтаас тендерийн шаардлагыг хангахгүй байна. Гэрээ байгуулах эрхийг НО ХХК-д олгосон нь үндэслэлгүй талаар дурдаж, тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг мэдэгдсэн.
Үүнийг ЭБЦТС Төрийн өмчит хувьцаат компани хүлээн авалгүй дахин тендер зарлах болсон тухай мэдэгдлийг 2018.05.09-ний өдрийн 1/423 тоот албан бичгээр ирүүлсэн. Энэ нь манай компаний эрх ашгийг ноцтой хохироож байх тул ЭБЦТС Төрийн өмчит хувьцаат компаниас зарласан төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгчээс 2018 оны 05 дугаар сарын 31-ний өдөр нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлэхдээ: “Манай компани нь ЭБЦТС ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгахаар нэхэмжлэл гаргасан. ЭБЦТС ТӨХК нь уг тендерийг ЭБЦТС/201801018-01 дугаартай 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдөр дахин хийхээр нээлттэй зарласан байна. Уг тендерийг зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага нэмэгдүүлэн гаргаж байна” гэжээ.
Нэхэмжлэгч ТТ ХХК-ийн захирал М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай захиргааны акт гаргахыг Үнэлгээнй хороонд даалгах тухай, дахин нээлттэй тендер зарласан актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргасан. Сангийн яам манай гомдлыг хянаж үзээд дахин үнэлгээ хий гэсэн” гэв.
Хариуцагч Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хорооны дарга Д.М шүүхэд ирүүлсэн тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: “ЭБЦТС ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Төмөр хийц нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг цахимаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл тендерийн баримт бичиг хүлээн авч 14 цаг 10 минутад нээсэн, уг тендерт ТТ ХХК, НО ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо уг тендерт 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр хуралдаж НО ХХК-д гэрээ байгуулах эрх олгох тухай зөвлөмжийг захиалагчид хүргүүлэх тухай шийдвэр гаргасан.
ТТ ХХК-иас татгалзсан шалтгаан нь түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь шаардлага хангахгүй гэсэн үндэслэлээр татгалзсан. Өөрөөр хэлбэл 2018 оны 02 дугаар сарын 20-ны байдлаар 310,8 сая төгрөгийг дансны үлдэгдэлтэй гэсэн тодорхойлолт ирүүлсэн. Уг тендерийг 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдөр нээсэн. ТТ ХХК нь харилцагч банкнаас дансны үлдэгдэлийн талаар лавлахад татгалзах зүйлгүй гэсэн мэдэгдлийг заавал ирүүлэх ёстой байсан боловч дээрх мэдэгдлийг ирүүлээгүй тул ТТ ХХК-ийн дансны үлдэгдлийг тендерийн үнэлгээ хийхэд байгаа эсэхийг тодруулах боломжгүй байсан учраас түргэн хөрвөх чадвартай хөрөнгө нь шаардлага хангахгүй гэж үзэж татгалзсан шийдвэрийг хүргүүлсэн. ТТ ХХК-иас Сангийн яаманд гомдол гаргасан, тус яамнаас 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр тендерийг түр түдгэлзүүлж, тендерийн баримт бичгийг татан авсан.
Сангийн яам 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 6-1/2048 тоот албан бичигт гомдлыг хянах явцад тендерийн хүчинтэй байх хугацаа дуусах тохиолдолд тендерийг Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасны дагуу төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, уг хугацааг сунгуулах арга хэмжээ авч ажиллана уу гэсний дагуу Төмөр хийц нийлүүлэх тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан тул Сангийн яаманд тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/327 тоот албан бичгээр хүсэлт гаргасан. Сангийн яамнаас дахин үнэлгээ хийх шийдвэр ирсний дагуу Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийсэн боловч гэрээ байгуулах боломжгүй байсан. Учир нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2-т тендерийн хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулна гэж заасан байдаг. Тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулах хүсэлтийг Сангийн яам шийдвэрлэж өгөөгүй тул Үнэлгээний хороо дахин үнэлгээ хийж, тендер дахин зарлах шийдвэр гаргаж оролцогчдод мэдэгдэл хүргүүлснээс хойш ажлын 5 хоногийн дараа дахин зарласан” гэв.
Хариуцагч ЭБЦТС ТӨХК шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “ЭБЦТС ТӨХК-ийн худалдан авах ажиллагааны ерөнхий төлөвлөгөөнд тусгагдсан Төмөр хийц нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг цахимаар 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдөр зарлаж, 2018 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн 14 цаг 00 минут хүртэл тендерийн баримт бичиг хүлээн авч 14 цаг 10 минутад нээхээр Tender.gov.mn болон компаний албан ёсны сайт болох edc.mn сайт өдөр тутмын сонин Монголын үнэн сонинд тендерийн урилгыг нийтэлсэн. Тендер хүлээн авах эцсийн хугацаанд ТТ ХХК, Н О ХХК-иуд тендерийн материал ирүүлсэн. Үнэлгээний хороо 2018 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр үнэлгээ хийж Н О ХХК-ийг шалгаруулсан.
ТТ ХХК 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж тендертэй холбоотой баримт бичгийг татан авч хянасан. Уг тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан. Гэтэл ТТ ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болно гэж заасны дагуу манай компани тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/327 тоот албан бичгээр хүсэлт гаргасан боловч Сангийн яам хугацаа сунгах зөвшөөрөл олгоогүй.
Сангийн яамнаас гомдол хянасан тухай албан тоотыг 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр ирүүлсэн ба тус албан тоотод дахин үнэлгээ хийх шийдвэр ирүүлж үүний дагуу 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин үнэлгээ хийж, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 “Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байнагэж заасан тендер хүчинтэй байх хугацаа дууссан тул дахин тендер зарлах нь зүйтэй” гэж үзсэн. Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн дагуу тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх, мөн тендер дахин зарласан актыг хүчингүй болгох үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Төмөр хийц нийлүүлэх тендер шалгаруулалтад ТТ ХХК, НО ХХК оролцсон. НО ХХК-ийг сонгосон. ТТ ХХК Сангийн яаманд гомдол гаргасан. 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр хариу ирсэн. Хариу ирэхдээ 2018 оны 04 дүгээр сарын 17-нд ТТ ХХК гомдол гаргасан байна, тиймээс энэ тендерийг түр түдгэлзүүлэх тухай албан бичгийг ирүүлсэн. Тэгэхээр өнөөдрийг хүртэл түр түдгэлзээтэй байгаа. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4.т Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар гомдлыг хянан хэлэлцэж шийдвэрлэх хүртэлх хугацаанд захиалагчийн гаргасан шийдвэр буюу үйлдлийн хэрэгжилтийг дараах тохиолдолд түр түдгэлзүүлэх шийдвэр гаргаж болно энэ эрхийнхээ дагуу түдгэлзүүлсэн. Тайлбарлахдаа гүйцэтгэгчийг сонгох ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлнэ гэж албан бичиг ирсэн. Хариуцагч талын тайлбарлаж байгаагаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухайхуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т заасан сонгон шалгаруулалт явуулах боломжгүй байна гэсэн. Хугацаа ярих хууль зүйн үндэслэл байхгүй.
Мөн тухайн албан бичигт НО ХХК нь зөрчил гаргасан талаар хариу ирүүлсэн. Тиймээс дахин үнэлгээг хий гэсэн байна. Мөн ТТ ХХК зөрчил гаргасан зүйл байхгүй гэж дүгнэсэн. Тендерийн үйл ажиллагааг дахин хийх шаардлагагүй. Захиргааны байгууллагын шийдвэр үндэслэлтэй бөгөөд Үнэлгээний хороо дахин хуралдаж тэмдэглэл үйлдсэн байгаагаа дахин үнэлгээ хийсэн гэж ярьж байна. Хэрхэн үнэлгээ хийх талаар хуулинд тодорхой журамласан байдаг. Үүнд ямар эрх зүйн актыг баримтлан гишүүд тус бүр судлан харьцуулж дүгнэж, санал гаргаж байж үнэлгээ хийхээр тодорхой заасан байхад хуралдсан нь дахин үнэлгээ хийж байгаа асуудал биш юм. Нэг л удаа үнэлгээ хийсэн талаар баримт материалууд хэрэгт байгаа. Тиймээс тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай захиргааны акт гаргахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж байна” гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзэж байна. Хариу тайлбарт дурдсанчлан тендер нээх явцад ТТ ХХК гомдол гаргасан. ТТ ХХК 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Сангийн яаманд гомдол гаргаж, тус яамнаас гүйцэтгэгч сонгох ажиллагааг түр түдгэлзүүлж тендертэй холбоотой баримт бичгийг татан авч хянасан. Уг тендерийн хүчинтэй байх хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дуусах байсан. Гэтэл ТТ ХХК нь Сангийн яаманд гомдол гаргаж тендер хүчинтэй байх хугацаанд багтаж гэрээ байгуулах боломжгүй болсон тул Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.4-т Захиалагчаас үл хамаарах шалтгаанаар тендер хүчинтэй байх хугацаанд багтааж гэрээ байгуулах боломжгүй болсон бол захиалагч төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад хүсэлт гарган, зөвшөөрөл авсны үндсэн дээр уг хугацааг нэг удаа 30 хоногоор сунгаж болногэж заасны дагуу манай компани тендерийн хүчинтэй байх хугацааг сунгуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 1/327 тоот албан бичгээр хүсэлт гаргасан боловч Сангийн яам хугацаа сунгах зөвшөөрөл олгоогүй.
Дахин үнэлгээ хийгээд шийдвэрлэхдээ төмөр хийц нийлүүлэх тендерийн хүчинтэй хугацаанд гэрээ байгуулж амжаагүй тул хуулийн дагуу дахин тендер зарласан. Юуг үндэслэсэн бэ? гэхээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5-д Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна гэж заасныг үндэслэсэн. Дахин үнэлгээ хийлгэх тухай акт гаргахыг даалгах гэж байгаа нэхэмжлэлийн шаардлагыг ойлгохгүй байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авах боломжгүй байна гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Сангийн яамны албан бичгийг үндэслэн дахин үнэлгээ хийж шийдвэр гаргасан. Тендерийн хуульд заасан хугацаа 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр дууссан. Хуулиас илүү Сангийн яамны албан бичиг хүчин төгөлдөр байна гэж үзэж болохгүй гэв.
Шүүх хэргийн оролцогч болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ТТ ХХК нь ЭБЦТС ТӨХК, Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендерийн сонгон шалгаруулалтыг үнэлсэн Үнэлгээний хороонд тус тус холбогдуулан “ЭБЦТС ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах, ЭБЦТС/20180108-01 дугаартай тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 минутад дахин нээлттэй хийхээр ЭБЦТС ТӨХК-иас зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус тус гаргасан бөгөөд шүүх дараах үндэслэлүүдээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Нэхэмжлэгч ...Монгол улсын Сангийн яаманд гомдол гаргасан ба тус гомдлын хариуг 2018.04.26-ны өдрийн 6-1/2356 тоот албан бичгээр ирүүлсэн, ...тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Сангийн яамнаас ЭБЦТС ТӨХК-д тус албан бичгээр мэдэгдсэн. ЭБЦТС ТӨХК нь хүлээн авалгүй дахин тендер зарлах болсон тухай мэдэгдлийг 2018.05.09-ний өдрийн 1/423 тоот албан бичгийг манай компанид ирүүлсэн. Энэ нь манай компаний эрх ашгийг ноцтой хохироож байгаа... гэж тайлбарласан бөгөөд нэхэмжлэгчийн ЭБЦТС ТӨХК-иас зарласан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтын үнэлгээг дахин хийх тухай захиргааны акт гаргахыг Үнэлгээний хороонд даалгах-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй гэж үзлээ.
ЭБЦТС ТӨХК-ийн гүйцэтгэх захирлын 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн А/18 тоот Компаний үнэлгээний хорооны бүрэлдэхүүнийг томилох тухай тушаалаар байгуулагдсан Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендерийг үнэлэх Үнэлгээний хорооны гишүүд Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуульдзаасан бүрэн эрхийнхээ хүрээнд Монгол улсын Сангийн яамны 2018 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 6-1/2356[1] тоот Гомдол хянасан тухай албан бичигт заасны дагуу маргаан бүхий тендерийн дахин үнэлгээг2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хийж шийдвэрлэсэн[2] бөгөөд ЭБЦТС ТӨХК-иас 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 1/423 тоот Мэдэгдэл хүргүүлэх тухай албан бичгээр Тендерт оролцогчид /ТТ ХХК/-д Төмөр хийц нийлүүлэх нийлүүлэгчийг сонгон шалгаруулах тендерийг дахин нээлттэй зарлахаар шийдвэрлэсэн[3] талаар мэдэгдэж хариуг хүргүүлсэн байна.
Өөрөөр хэлбэл Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг үнэлэх Үнэлгээний хороо нь Монгол улсын Сангийн яамны 2018.04.26-ны өдрийн 6-1/2356 тоот албан бичгийн дагуу өөрийн хуульд заасан эрхийнхээ хүрээнд маргаан бүхий тендерт дахин үнэлгээ хийж 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр шийдвэр[4] /хурлын тэмдэглэл/ гаргасан нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.7 /Үнэлгээний хорооноос гаргасан шийдвэр нь хурлын тэмдэглэл хэлбэртэй байх бөгөөд хорооны гишүүдийн олонхи дэмжиж гаргасан шийдвэр, түүний үндэслэл, холбогдох бүх мэдээллийг агуулсан байна/ дахь хэсэгт заасантай нийцжээ.
Түүнчлэн захиргааны акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг агуулга нь захиргааны байгууллага, албан тушаалтны хууль бус эс үйлдэхүй нь иргэн хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн байхаар, мөн ийм нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангах үндэслэл нь захиргааны актыг гаргахгүй байгаа явдал болон эс үйлдэхүй нь хууль бус гэж тогтоогдсон байх ёстой тул Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үнэлж шийдвэрлэсэн байхад дахин үнэлэхийг Үнэлгээний хороонд даалгах нэхэмжлэлийн шаардлагыг хангах боломжгүй, хууль зүйн үндэслэлгүй байна.
Мөн ЭБЦТС ТӨХК-иас Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэр[5], зөвлөмжийг[6]үндэслэн Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5 /Тендер нээснээс хойш тухайн тендер шалгаруулалтыг 45 хоногт багтаан зохион байгуулж дуусгах бөгөөд уг хугацаанд тендер хүчинтэй байна/-д заасан хугацаа дууссан гэж үзээд тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 цагаас өмнө ирүүлэх, тендерт оролцогчдыг байлцуулан тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09 цаг 30 минутад нээлттэй нээхээр ТЕНДЕРИЙН УРИЛГА[7] нийтэд зарласан нь үндэслэлтэй болжээ.
Иймд нэхэмжлэгчийн ЭБЦТС/20180108 дугаартай тендерийг 2018-06-15-ны өдрийн 09.00 минутад дахин нээлттэй хийхээр зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг хангах үндэслэлгүй гэж дүгнэв.
Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч нь Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрт Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1 /Тендер шалгаруулалттай холбогдуулан хүлээсэн үүргээ захиалагч зөрчсөн гэж үзвэл тендерт оролцогч энэ тухай мэдсэнээс хойш ажлын 5 хоногийн дотор захиалагчид бичгээр гомдол гаргаж болох бөгөөд гомдолд зөрчлийг нотлох баримтыг хавсаргана/, 55 дугаар зүйлийн 55.2 /Төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар зөвхөн гэрээ байгуулахаас өмнө гаргасан гомдлыг хянан хэлэлцэх бөгөөд гомдлыг хүлээн авснаас хойш 14 хоногт багтаан хянан шийдвэрлэх ба энэ нь эцсийн шийдвэр болно/ дахь хэсэгт зааснаар гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, ингэж шийдвэрлүүлсний дараа мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 /Гомдлыг энэ хуулийн 55.2-т заасан хугацаанд шийдвэрлээгүй, эсхүл гаргасан шийдвэрийг нь эс зөвшөөрвөл тендерт оролцогч нь шүүхэд гомдол гаргаж болно/ дэх хэсэгт зааснаар шүүхэд гомдол гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байсан бөгөөд Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер сонгон шалгаруулалтыг 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдөр дахин үнэлсэн Үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргаагүй нь уг шийдвэрийг нэхэмжлэгч зөвшөөрсөн гэж дүгнэхээр байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.4-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.5, 47 дугаар зүйлийн 47.7, 54 дүгээр зүйлийн 54.1, 55 дугаар зүйлийн 55.2, 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч ТТ ХХК-ийн ЭБЦТС ТӨХК-иас зарласан “Төмөр хийц нийлүүлэх ЭБЦТС/201801018 дугаартай тендер шалгаруулалтын үнэлгээг дахин хийхийг Үнэлгээний хороонд даалгах, ЭБЦТС/20180108-01 дугаартай тендерийг 2018 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн 09.00 минутад дахин нээлттэй хийхээр зарласан захиргааны актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 113 дүгээр зүйлийн 113.2-т заасныг баримтлан шүүхийн шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.САРАНГЭРЭЛ