Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 110/2021/0059/З |
Дугаар | 221/МА/2022/0239 |
Огноо | 2022-04-07 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 04 сарын 07 өдөр
Дугаар 221/МА/2022/0239
А.Г-ы нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Батбаатар
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц
Нэхэмжлэлийн шаардлага: “Б аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Б аймгийн ГГ-т 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасуулж, А.Г-ы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.С, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Батбилэг,
Хэргийн индекс: 110/2021/0059/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч А.Г нь “Б аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126-т дурдсан Б аймгийн ГГ-т 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасуулж, А.Г-ы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгуулах”-аар маргасан байна.
2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийн 1 дүгээр заалтаар: Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 21 дүгээр зүйлийн 21.3.2, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч А.Г-аас Б аймгийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Б аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаартай захирамжийн хавсралтын 126 дугаар мөрд заасан Б аймгийн ГГ-т 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 211 м.кв газрыг хасаж, А.Г-ы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын доорх 211 м.кв газрыг эзэмшүүлэх шийдвэр гаргахыг даалгаж, 2 дугаар заалтаар: Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь анхан шатны шүүхийн дээрх шийдвэрийг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргажээ. Үүнд:
3.1. “Гаалийн тухай хуулийн 285 дугаар зүйлийн 285.2 дахь хэсэгт “Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлага нь өөрийн нутаг дэвсгэрт ажиллах гаалийн байгууллагад хууль тогтоомжийн дагуу эзэмшлийн газар олгож, ... үйл ажиллагаагаа явуулах хэвийн нөхцөлөөр хангана” гэж заасан. Үүний дагуу Б аймаг дахь Гаалийн газар нь тус аймгийн Өлгий сумын ЗД-ын2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар шилжүүлэх тухай” 55 дугаар захирамжаар “Хангамж хан” ХК-ийн эзэмшлийн газраас 8000 м.кв газрыг шилжүүлэн авсан. Улмаар аймгийн ЗД-ын2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамжаар 8302 м.кв газрыг гаалийн хяналтын талбайн зориулалтаар эзэмшиж, 2008 оны 6 дугаар сарын 23-ны өдөр “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, газар эзэмшиж байна. Журмын дагуу газрын төлбөрийг жил бүр 8302 м.кв талбайгаар төлдөг.
3.2. Аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн “Газар эзэмшүүлэх тухай” 392 дугаар захирамжинд: 1. Хуучин газар эзэмших эрхийн актгүйгээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр болон эрх бүхий ЗД-ын шийдвэргүй, Ө сумын төв хэсгээр газар эзэмшиж ирсэн ба эзэмшил газарт нь өөрчлөлт орсон иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад газар эзэмших эрхийг нь сэргээж хавсралт ёсоор газар эзэмшүүлсүгэй, 2. Захирамж гарсан иргэн аж ахуйн нэгж, байгууллагуудад гарсан өөрчлөлтийг тусган гэрээ хийж, эрхийн гэрчилгээ олгож, улсын бүртгэлд оруулахыг аймгийн Газрын алба /Н.С/-д үүрэг болгосугай гэж тодорхой заасан байна. Энэхүү үйл баримтыг А.Г мэдээгүй, мэдэх боломжгүй байх ямар ч үндэслэлгүй бөгөөд олон жилийн дараа шүүхэд нэхэмжлэл гаргасан нь иргэн, хуулийн этгээд хэн аль нь эрх нь зөрчигдсөн эсхүл эрхээ зөрчигдсөн тухайгаа мэдсэн үеэс тоологдох хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэлтэй. Газрын холбогдох хэсгийг өөрийн эзэмшлийн газартай давхардсан гэж байгаа боловч газраа гаргуулан авсан гэх захирамж гарсан эсэхийг Захиргааны хэргийн Анхан шатны шүүхээс нягталж үзэлгүй шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.
3.3. Мөн шүүхээс газар давхардсан гэх байршлыг аймгийн газрын албаны мэргэжлийн алба хаагчаар хэмжүүлэхэд газрын кадастрын зургаар гаалийн газар хэмээн газрын албанд бүртгэгдсэн. Иймд газар нь гаалийн байгууллагын газар гэж үзэж байна. Нэхэмжлэгч, гаалийн газар дээр байгаа гэх объектуудад 1997 онд улсын бүртгэлд бүртгүүлж, үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ авсан гэх боловч склад, болон гаражийн барилгуудыг А.Г-ы хувийн өмчид олгосон эрх бүхий ЗД-ын шийдвэр байхгүй. Шүүх шийдвэр гаргахдаа удирдлага болгосон Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7 дэх заалтын “ газар дээрх үл хөдпөх хөрөнгө нь тухайн газрын бүрдэл хэсэг байх” гэсэн нь шийдвэр, шүүхийн нэхэмжлэлд огт хамааралгүй зүйл байгаа тул үндэслэлгүй. Гаалийн байгууллагын газраас нэхэмжлэгчид эзэмшүүлэхээр шийдвэрлэснийг хууль бус гэж үзэж, 2021 оны 12 дугаар 16-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрөн давж заалдаж байна” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хэргийг хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Б аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Б аймгийн ГГ-т гаалийн хяналтын талбайн зориулалтаар 8302 м2 газрыг эзэмшүүлж, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 0179655 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, тус өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
2.1. Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг эс зөвшөөрч анх “аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжийн хавсралтын 126-д дурдсан аймгийн ГГ-т 8302 м.кв газар эзэмшүүлсэн хэсгээс 2430 м.кв газрыг хасуулах, иргэн А.Г-д 2430 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн ЗД-д даалгах” нэхэмжлэл гаргасан гаргасан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2021 оны 10 дугаар сарын 29-нд “ГГ-т эзэмшүүлсэн 8302 м.кв газраас 561 м.кв газрыг хасуулж, Г-д 561 м.кв газар эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн ЗД-д даалгуулах” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 24-нд “ГГ-тэзэмшүүлсэн 8302 м.кв газраас 211 м.кв газрыг хасуулж, А.Г-ы өмчлөлийн хөдөө аж ахуйн сэлбэг, арьс ширний складын 211 м.кв газар, үйлдвэр үйчилгээ явуулах зориулалт бүхийн тавцангийн барилга байгууламжийн 357 м.кв газар, нийт 568 м.кв газрыг А.Г-д эзэмшүүлэх шийдвэр гаргахыг аймгийн ЗД-д даалгах” гэж, 2021 оны 11 дүгээр сарын 25-нд “ГГ-т эзэмшүүлсэн 8302 м.кв газраас 211 м.кв газрыг хасуулж, үйлдвэр үйчилгээ явуулах зориулалт бүхий тавцангийн барилга байгууламжийн 357 м.кв газар хасуулах нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна” гэж өөрчилсөн байх бөгөөд шүүх сүүлд өөрчилсөн уг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байна.
2.2. Анхан шатны шүүх “...Ө сумын ЗД-ын 2004 оны 55 дугаар захирамжаар нэхэмжлэгчид маргаан бүхий газрыг эзэмшүүлсэн, түүнчлэн газар дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч нь нэхэмжлэгч мөн байхад аймгийн ЗД- 2006 оны 392 дугаар захирамжийн хавсралтаар уг газрыг аймаг дахь ГГ-т давхцуулан эзэмшүүлсэн нь Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.7, 31 дүгээр зүйлийн 31.3-т заасныг тус тус зөрчсөн байна” гэж дүгнэж, ЗД-ын 2006 оны 392 дугаар захирамжийн 126 дугаар мөрд заасан 8302 м2 газраас 211 м2 газрыг хасаж, нэхэмжлэгч А.Г-д уг 211 м2 газрыг эзэмшүүлэх шийдвэрийг гаргахгүй байгаа Б аймгийн ЗД-ын эс үйлдэхүй хууль бус, үүний улмаас нэхэмжлэгчийн тухайн газрыг эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн байна гэж зөв дүгнэсэн байна.
2.3. А.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндслэлээ “... би маргаан бүхийн газрыг дээрх үл хөдлөх хөрөнгийг 1999 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авч улсын бүртгэлд бүртгүүлэн өмчлөгчөөр тогтоолгосон. ... гэрчилгээнүүд одоо хүртэл хүчинтэй байгаа ... тийм учраас 211 м.кв газрыг ГГ-ын8302 м.кв талбайтай эзэмшил газраас хасуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан ... 2016-2020 он хүртэл аймгийн ЗД-аар ажиллаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй болох учраас өөр өөртөө захирамж гаргах боломж байхгүй байсан” гэж тайлбарлажээ.
2.4. Нэхэмжлэгч А.Г-д Б аймгийн ЗД-ын 2004 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 55 дугаар захирамжаар “Хангамж Хан” ХК-ийн эзэмшил газраас нийт 2430 м.кв газрыг шилжүүлсэн байх бөгөөд уг гэрээг үндэслэн Үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газраас 1999 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр улсын бүртгэлийн 0213000368 дугаартай 204 м.кв талбайтай бараа хадгалах зориулалттай хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилгын хууль ёсны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээ олгосон, мөн аймгийн ЗД-ын 2006 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 392 дугаар захирамжаар Б аймгийн ГГ-т гаалийн хяналтын талбайн зориулалтаар 8302 м2 газрыг эзэмшүүлж, 2008 оны 06 дугаар сарын 23-ны өдөр 0179655 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээг олгож, тус өдөр газар эзэмшүүлэх гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон байна.
2.5. Хэрэгт авагдсан анхан шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн үзлэгийн тэмдэглэлээс үзвэл “ ... А.Г-ы эзэмшлийн хөдөө аж ахуйн сэлбэгийн склад, арьс ширний складын барилга нь ГГ-ын эзэмшлийн 8298 м.кв талбай бүхий хашааны баруун урд хэсэгт байрласан байх ба уг барилгын талбайн хэмжээ 211 м.кв байна ...” гэх тэмдэглэгдсэн, улмаар схем зургаар харуулсан нотлох баримт үйлдэж хэрэгт хавсаргасныг хэргийн оролцогчид үгүйсгэж маргаагүй, ийнхүү аймгийн ГГ-т эзэмшүүлсэн газрын зарим хэсэг нь нэхэмжлэгчийн үл хөдлөх хөрөнгө байрлаж буй газартай давхацсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон гэж үзэх үндэслэлтэй байх тул хариуцагчийн шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй тул гуравдагч этгээдийн “... хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээг байгуулан өнөөдрийг хүртэл үйл ажиллагаагаа явуулж, зохих журмын дагуу газрын төлбөрийг 8302 м.кв талбайгаар төлж ирсэн, тус газраас хасуулахаас татгалзаж байна” гэх гомдол тайлбарыг шүүх хүлээн авах үндэслэлгүй.
2.6. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Хуульд өөрөөр заагаагүй, захиргааны үйл ажиллагаанд гомдол гаргах ажиллагаа Захиргааны ерөнхий хуульд заасан журмын дагуу явагдсан бол дараахь тохиолдолд шийдвэрийг мэдэгдсэнээс хойш захиргааны хэргийн шүүхэд 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана”, 14.3-т “Шүүхэд шууд хандахаар хуульд заасан бол тухайн хуульд заасан хугацаанд, хэрэв хугацаа заагаагүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана”, Газрын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1-т “Газартай холбогдон үүссэн дараахь маргааныг дор дурдсан байгууллага, албан тушаалтан шийдвэрлэнэ”, 60.2-т “Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага газартай холбогдон үүссэн маргааны талаар энэ хуулийн 60.1.1, 60.1.2, 60.1.З-т заасан байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг эс зөвшөөрвөл уг маргааныг тэдгээрийн дээд шатны албан тушаалтан, байгууллага, эсхүл шүүхээр шийдвэрлүүлнэ” гэж тус тус заажээ.
2.7. Нэхэмжлэгч А.Г нь газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэдгийг “...Б аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхээс маргаан бүхий газарт 2021 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хийсэн үзлэгийн ажиллагааны явцад мэдсэн” гэж тайлбарлан нэхэмжлэл гаргасныг гуравдагч этгээд баримтаар үгүйсгэж няцаагаагүй, анхан шатны шүүх дээрх хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлээгүй, үндэслэлтэй байна гэж дүгнэж нэхэмжлэлийг хүлээн авч хэрэг үүсгэснийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 74 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Н.ДОЛГОРСҮРЭН
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ