| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чойнорын Алтанцэцэг |
| Хэргийн индекс | 105/2020/1554/Э |
| Дугаар | 1587 |
| Огноо | 2020-09-02 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Ганзориг |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 02 өдөр
Дугаар 1587
2020 09 02 2020/ШЦТ/1587
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,
улсын яллагч Б.Ганзориг,
шүүгдэгч О.С нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан О.С т яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 00000 2243 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, О.С
Холбогдсон хэргийн талаар:
О.С нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хард рок”-ын орчим гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Г.Д тэй маргалдаж, улмаар толгой, нуруун тус газарт нь гараар цохиж түүний эрүүл мэндэд нь баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.С мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд хэргийнхээ үнэн зөв мэдүүлсэн тул дахин ярих зүйлгүй гэв.
Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Д ийн өгсөн: ...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр ажил дээр очтол ажлынхан маань миний төрсөн өдрийг тэмдэглэж байна гээд архи уусан. Тэгээд орой 22 цаг өнгөрөөж гэртээ очиход Сын багын найз Түвшинбатын эхнэрийн төрсөн өдөр гээд С бид хоёрыг урьсан бөгөөд бид хоёр хүүгээ дагуулаад тэднийд очсон. Тэднийх Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Бөхийн Өргөө” орчмын байранд байдаг юм байна лээ. Тэгээд тэднийг юм ярьж, архи ууж сууж байгаад 2020 оны 08 дугаар сарын 12-ны үүрээр 04 цагийн үед тэднийхээс хүүгээ дагуулаад гарсан. Гараад явж байтал С гэнэт уурлаад миний нүүр лүү гараараа хэд хэдэн удаа цохисон бөгөөд хүүхэд айгаад уйлахад хажуу байрнаас хүмүүс болиоч гээд орилоод байсан. Тэгээд тэр хүмүүсээс цагдаа дуудсан байх. Миний баруун хацар болон зүүн хөмсөг хавдсан бас хоёр нүд хөхөрсөн байна. Бас нүүр бүхэлдээ хөндүүрлээд байна...
...Өмнө нь намайг зодож, цохиж миний биед халдаж байгаагүй, анх удаа л ийм юм болсон. Надад гаргаж өгөх баримт байхгүй, эмчилгээтэй холбоотой хүйтэн жин тавиад гэртээ байсан өвчин намдаах эм уусан, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-10, 13-14 дүгээр тал/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 9343 дугаартай шинжээчийн:
1. Г.Д ийн биед баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, цээж, зүүн дал, хэвлийн цус хуралт бүхий гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо болон үйлчлэлээр үүсгэгдэнэ.
3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.
5. Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. Шинжээч эмч Б.Ундармаа гэх дүгнэлт /хх-ийн 18-19 дүгээр тал/,
- Аюулын зэргийн үнэлгээний маягт /хх-ийн 2-3 дугаар тал/,
Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн О.Сын: ...2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, 21 дүгээр сургуулийн урд талын байранд найз Түвшинбатын гэрт найзуудын хамт Түвшинбатын эхнэрийн төрсөн өдөр болоод уулзаад архи ууцгаасан. Би хүүгээ хажуу талын өрөөнд оруулж унтуулчихаад буцаад ортол эхнэр нилээн ууртай сууж байсан. Тэгээд тэндээсээ хүүгээ аваад эхнэртэйгээ гарсан. Гараад би такси барих гээд зогсож байтал хүү “ээж цаашаа яваад өглөө” гэхэд хартал эхнэр цаашаа явж байсан бөгөөд араас нь очоод таксинд суулгах гэтэл явахгүй байхаар нь би түүний хацар луу гараараа 2 удаа алгадаад, нуруу луу нь 1 удаа цохисон. Би салхинд цохиулаад тухайн үед тасарсан байсан бөгөөд нэг мэдэхэд өглөө цагдаа дээр ирсэн байсан бөгөөд манай эхнэрийн баруун талын хацар нь хавдчихсан байсан. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 34-35 дугаар тал/,
- Шүүгдэгч О.Сын эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-ийн 23, 27 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.
Баянзүрх дүүргийн Прокурорын газраас О.Сын 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хард рок”-ын орчим гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Г.Д тэй маргалдаж, улмаар толгой, нуруун тус газарт нь гараар цохиж түүний эрүүл мэндэд нь баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт дөрвөн зуун тавин нэгжээс хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас зургаан сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилжээ.
Шүүгдэгч О.Сын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар О.С нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч Г.Д нь хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул О.Ст холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
О.С нь 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 12-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, “Хард рок”-ын орчим гэр бүлийн хамаарал бүхий этгээд буюу эхнэр Г.Д тэй маргалдаж, улмаар толгой, нуруун тус газарт нь гараар цохиж түүний эрүүл мэндэд нь баруун хацар, доод эрүүний зөөлөн эдийн няцрал, цус хуралт, хүзүүний зулгаралт, цус хуралт, цээж, зүүн дал, хэвлийд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Г.Д ийн мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн мэдүүлсэн шүүгдэгч О.Сын мэдүүлэг, Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шинжээчийн 9343 дугаартай дүгнэлт зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т ...гэр бүл гэж гэрлэлтийн үр дүнд буй болсон, эд хөрөнгийн бус амины болон эд хөрөнгийн эрх үүргээр холбогдсон хамтын амьдрал бүхий гэр бүлийн гишүүдийг хэлнэ,
Гэр бүлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т ...гэр бүлийн гишүүн гэж гэрлэгчид тэдэнтэй хамт амьдарч байгаа төрсөн, дагавар, үрчлэн авсан хүүхэд болон төрөл садангийн хүнийг хэлнэ гэж тус тус хуульчилжээ.
Шүүгдэгч О.Сын үйлдсэн гэмт хэргийн хохирогч Г.Д нь түүний хууль ёсны эхнэр буюу гэр бүлийн гишүүн болох нь тэдгээрийн гэрлэлтийн гэрчилгээгээр тогтоогдож байх ба гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна гэж шүүх үзэв.
Хохирогч Г.Д нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын баримтыг хавтаст хэрэгт ирүүлээгүй ба гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч О.Сыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч О.Ст эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч О.С нь цагдан хоригдсон хоноггүй байна.
Шүүгдэгч О.С нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. О.С ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар О.Сыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар О.С нь 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялыг хуулийн хугацаанд биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулсугай.
4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, О.С нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол О.Ст урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.АЛТАНЦЭЦЭГ