Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 03 өдөр

Дугаар 1601

 

 

 

   2020        09          03                                  2020/ШЦТ/1601

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Алтанцэцэг даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Мөнхбадрал,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.А д яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн 2006 03000 2205 дугаартай хэргийг 2020 оны оны 08 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.                                                                                                                                                              

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, Б.А

Холбогдсон хэргийн талаар:

Б.А  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, “Баянмонгол” хороололын  урд талын зам дагуу 16-10 УНҮ улсын дугаартай “Соната-6” маркийн машин дотроо иргэн С.Б ыг унтаж байхад нь тус тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулж цэнэглэж байсан “Самсунг А-50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Б д нийт 482.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.А мэдүүлэхдээ: Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөвөөр мэдүүлгээ өгсөн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирлоо төлсөн гэв.

Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах болон өмгөөлөх талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, бичгээр гаргасан өргөдөл /хх-3-4 дүгээр тал/,

- Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Эрүүгийн цагдаагийн мөрдөгч, цагдаагийн дэслэгч Х.Билэгбаярын тэмдэглэл /хх-ийн 6 дугаар тал/,

- “Дамно” ХХК-ийн “Самсунг А-50” маркийн гар утсыг 482.700 төгрөгөөр үнэлсэн хөрөнгийн үнэлгээний тайлан /хх-ийн 18-19 дүгээр тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б ын өгсөн: ...Би 2020 оны 06 дугаар сарын 29-ний үүрээр 04 цаг 30 минутаас 04 цаг 50 минутын хооронд Баянмонгол хороололын урд талын засмал зам дагуу автомашинаа байрлуулаад хөдөөнөөс ирсэн хүн тосох гээд хүлээж байсан юм. Тэгээд би тухайн үед машиныхаа цонхыг онгойлгоод хэсэг зуур унтчихсан байсан ба сэрээд харахад миний машиндаа цэнэглээд байлгаж байсан “Самсунг А-50” загварын гар утас маань алга болсон байсан. Ийм учраас цагдаад хандаж байна. Миний гар утас “Самсунг А-50” загварын гар утас байсан. Би гар утсаа 600.000 төгрөгөөр үнэлж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 12-13 дугаар тал/,

Мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн Б.А ы: ...Би тухайн өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороололын урд талын зам дагуу компанийн 80-32 УБҮ улсын дугаартай “Соната-6” загварын тээврийн хэрэгсэл явж байгаад өөрийн хамт халтууранд явж байгаад танилцаж байсан Б ах машинтайгаа зогсож байхыг хараад ард нь машинаа зогсоогоод очтол Б ах машин дотроо цонх нь онгорхой унтаж байхаар нь би урд салон дээр байсан бор өнгийн “Самсунг А-50” загварын гар утсыг нь хулгайлаад 2 хоногийн дараа Талбайн урд гар утас худалдаж авдаг хүмүүст 200.000 төгрөгөөр худалдсан. Би гар утас зарсан 200.000 төгрөгийг өөрийн машинаа засуулахад зарцуулсан. Би Б ахад хүний барьж байсан А-50 загварын гар утсыг 350.000 төгрөгөөр худалдаж авч өгсөн. Мөн бэлэн 300.000 төгрөг өгсөн. Хохирлыг бүрэн барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 дугаар тал/,

- Хохирогч, яллагдагч нарын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх-ийн 38, 39 дүгээр тал/,

            - Шүүгдэгч Б.А эрүүгийн хариуцлага хүлээсэн эсэхийг шалгах хуудас, иргэний үнэмлэхний лавлагаа, байнга оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-ийн 32, 33, 36 дугаар тал/ зэрэг бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлав.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна гэж үзлээ.

            Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Б.А ы 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны урд талын зам дагуу 16-10 УНҮ улсын дугаартай “Соната-6” маркийн машин дотроо иргэн С.Б ыг унтаж байхад нь тус тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулж цэнэглэж байсан “Самсунг А-50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Б д нийт 482.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлжээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг найман жилээс дээш хугацаагаар оногдуулахаар заасан гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхгүй гэж заасан байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэхээр хуульчилжээ.

Шүүгдэгч Б.А ы холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Б.А нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн, прокуророос сонсгосон эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаар болон түүнээс үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан, гэмт хэргийн улмаас хохирогч С.Б хохирол төлбөр нэхэмжлээгүй зэрэг хуульд заасан шаардлагыг хангасан байх тул Б.А д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Б.А  нь 2020 оны 06 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хотхоны урд талын зам дагуу 16-10 УНҮ улсын дугаартай “Соната-6” маркийн машин дотроо иргэн С.Б ыг унтаж байхад нь тус тээврийн хэрэгслийн цонхоор гараа оруулж цэнэглэж байсан “Самсунг А-50” маркийн гар утсыг нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч С.Б д нийт 482.700 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч С.Б, яллагдагчаар өгсөн Б.А нарын мэдүүлэг, хөрөнгийн үнэлгээний тайлан зэрэг бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Хохирогч С.Б  нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлын талаар гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй  гэсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан шүүгдэгч Б.А ыг баримтаар бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

            Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч Б.А д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй байна.

Шүүгдэгч Б.А  нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогч гомдол саналгүй талаарх хүсэлтээ бичгээр ирүүлсэн зэргийг харгалзан Прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.8, 36.10, 38.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Б.А ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар Б.А  нь оршин суугаа газар, ажил сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй байгуулагадаа урьдчилан мэдэгдэхийг үүрэг болгосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.3-т зааснаар согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлах албадлагын арга хэмжээ авсугай.

5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар Б.А тэнссэн хугацаанд хяналт тавихыг түүний оршин суугаа нутаг дэвсгэрийн харьяа Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Б.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад баримтаар төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.А д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Ч.АЛТАНЦЭЦЭГ