Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 10 өдөр

Дугаар 67

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах

Улсын яллагч Ц.Сайнхүү

Шүүгдэгч М.Н, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч М овогт М-ийн Н холбогдох 2016000000069 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, М овогт М-ийн Н,

Шүүгдэгч М.Н нь Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр үл ялих зүйлээс болж маргалдан улмаар Ц.Б толгой, хамар, нүдрүү цохиж, биед нь зүүн нүдний битүү гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдож Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

Шүүгдэгч М.Н-ийн: Шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхөөс татгалзаж байна...   Шүүгдэгч М.Н-ийн мөрдөн байцаалтад өгсөн 2020 оны 06 дугаар сарын 19-ны орой аймгийн төвөөс Цээл сумруу явах гэж байтал манай эхнэр Х.Н, Ц.Б-г явна гээд ярисан байхаар нь Есөнбулаг сумын Баяншанд баг урд засмалын дээхэн нэг айлд очиж Ц.Б гуайг авах гэтэл ороод ир гэхээр нь ороход пиво тавьцан сууж байсан. Надад хийж өгөхөөр нь уулгүй амсаад өгсөн. Тэгээд би Ц.Б болон түүний дүү эмэгтэй болон манай холын хамаатан Үүрцайх эхнэр Х.Н нар машинд суугаад Цээл сумруу хөдөлсөн энэ үед манай багийн найз Д ирж аймгийн төвийн урд талын овоон дээр гаргаж өгсөн. Тэгээд бид нар Халиун сумын систем гэх газар очоод Ц.Б гуайн эмэгтэй дүүг буулгасан. Тэр эмэгтэйгээс зардалаа нэхэхэд мөнгө байхшгүй гээд гэртээ орцон. Тэгээд би машинаа асаагаад явж байтал Ц.Б миний ядарсан дүүгээс зардлын мөнгө нэхдэг та хоёр хэн юм гэхэд  манай эхнэр Х.Н аймгаас энэ хүртэл хүргэж өгсөн учир зардалаа авах ёстой гэсэн. Тэгвэл надаас хоёр хүний зардал аваарай гээд уурлаад амандаа пизда гэх мэт үг хэлж байсан. Энэ үед машин доголдоод байхаар нь машинаа зогсоогоод буугаад доогуур нь гэрэл тусгаад харж байтал Ц.Б машинаас буугаад босод хартал намайг нүүрлүү цохиод авахаар заамдаж унагаасан. Тэгэхэд эхнэр Х.Н хамт явж байсан Үүрцайх нар салгасан. Ц.Б гуай машины урд тал газрын өгсүүр өөд явж байсан. Ардаас нь эхнэр Х.Н очоод явъя гээд гуйж байхаар нь би очоход нүүрлүү мөнгөөр цохисон тэгэхээр нь нүүрлүү нь 2 удаа гараараа цохиход эхнэр Х.Н салгасан. Тэгээд манай эхнэр Х.Н Ц.Б гуайг явъя гээд аргадаад гуйж байтал гуйж байтал түлхэж унагаасан. Тэгэхээр нь миний дургүй хүрээд Ц.Б гуайг зодох гээд дайртал эхнэр Х.Н зодуулаагүй тэгээд салаад хэсэг хугацааны дараа машин дээр Ц.Б өөрөө эхэлж цохисон миний буруу гэхээр би миний цохисон бас буруу гээд уйчлалт гуйж эвлэрээд машиндаа суугаад Цээл сумруу явсан... Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хийсэн хэрэгтэй гэмшиж байна гэв.

Хохирогч Ц.Б-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр 18 цагийн орчим аймгийн төвөөс Цээл суманд оршин суудаг Мөнхийн Нийн хамт машинтай манай төрсөн эмэгтэй дүү Ц.М, жолооч М.Н-ийн эхнэр Н, М.Н-ийн садан эмэгтэй хүүхэд нарын хамт Цээл сумруу аймгийн төвөөс гарч явахад М.Н-ийн найз гэх эрэгтэй гаргаж өгсөн. Бид нар Халиун сумын систем дээр манай охин дүү Ц.М буухад жолооч М.Н өг гэхэд мөнгө байхгүй гэж машины гадаа хэлсэн байсан. Жолооч М.Н дүү чинь зардлаа өгөхгүй байна зардалгүй ийм юмыг яах гэж машинд суулгасан юм гэхэд би зардлын өгье гээд хэлэхэд машинаа асаагаад цааш үед Х.Н нөхрөөсөө саяны буусан хүн зардлаа өгсөн үү? гэж асуухад нөхөр М.Н зардал байхгүй гэнээ энэ хүн мөнгийн өгчихнө гэнэ ээ гэж надад хандан хэлсэн. Би өгчихье гэсэн. Тэгээд явж байгаад жолооч М.Н машинаа зогсоогоод машинаа шалгаж орж ирээд намайг шууд зүүн нүдрүү цохисон. Би машинаас буухад жолооч М.Н бас буугаад намайг заамдаж авч унагаагаад дахиад 2 удаа толгой хамарлуу цохисон. Энэ үед эхнэр Х.Н нь хамт явж байсан охин хоёр бууж ирээд нөхөр М.Н барьж аваад салгасан. Тэр үед миний утас дугарахаар нь утсаар ярих гээд машин урд талын өгсүүр газар явж байтал ардаас М.Н ирээд хүзүүнээс татаж хойш унагаагаад дээрээс гараараа олон удаа цохисон. Тэгээд эхнэр Х.Н хамт явж байсан охин нь ирэд хүн аллаа гээд салгасан. Би босоод ирэхэд миний хамарнаас цус гараад, зүүн нүд хорсоод юм харагүй байсан. М.Нийн эхнэ Х.Н намайг аргадаад машинд суулгаад Цээл сумруу явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ11-12/,

Гэрч Х.Н-гийн мөрдөн байцаалтад өгсөн “... Бид нар Халиун сумын систем гэх газар Ц.Б-ийн дүү эмэгтэйг буулгасан. Тэр эмэгтэй шууд гэрлүүгээ орохоор нь манай нөхөр М.Н зардал өгөөч гэхэд мөнгө байхгүй гээд гэртээ яваад орцон. Тэгээд бид хэд машиндаа суугаад явсан. Машинд явж байх Ц.Б гуай миний ядарсан дүүгээс мөнгө гуйлаа гэж хэлэхээр нь би машинд суугаад энэ хүртэл явлаа зардлаа төлхөл ёстой ш дээ гэхэд Ц.Б гуай тэгвэл надаас хоёр хүний зардал хүний зардал ав гэж хэлсэн. Тэр үед машин доголдоод зогсоод манай нөхөр М.Н буугаад машин доогуураа юм янзалж байсан. Ц.Б гуай М.Н-ийг алаатхая гээд буугаад М.Н-ийг 2 удаа цохисон. М.Н зөрүүлээд Ц.Б-ийг заамдаж унагаагаад дарсан. Тэгээд би машинаас буугаад салгасан. Ц.Б гуай миний ээж Х-ийн шээс хэзээ ийм болцон юм бэ гэж хэл амаар доромжлоод цааш алхсан. Түүний ардаас манай манай нөхөр М.Н очоод явъя гээд гуйхад мөнгө гаргаж ирээд манай нөхөр М.Нийг цохиж харагдсан. Тэгэхээр манай нөхөр Ц.Б-ийг 2 удаа нүүрлүү цохисон тэгхээр нь би очиж салгаад Ц.Б гуайг явъя гээд гуйж байтал намайг түлхэж унагасан. Тэр үед манай нөхөр М.Н зодох гэж дайрахаар нь би болиулсан. Тэгээд Ц.Б би эхэлж цохисон уучлаарай гээд манай нөхөр М.Н бас цохисон уучлалт гуйж эвлэрээд Цээл сум явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ13-14,

Гэрч Г.Ү-ийн мөрдөн байцаалтад өгсөн “... Бид нар Халиун сумын систем гэх газар очоод Ц.Б гуайн дүү машинаас буусан ардаас нь М.Н ах зардал гэхэд надад зардал байхгүй гэж хэлээд гэртээ орсон. Тэгээд М.Н машинд суугаад хөдлөөд явж байтал Ц.Б миний ядарсан дүүгээс зардал нэхлээ гэхэд Х.Н эгч аймгийн төвөөс машинд суугаад гэрт нь хүргэж өлгөө зардал төлөх ёстой ш дээ гэхэд Ц.Б тэгвэл тэр зардлаа надаас ав гэж хэлсэн. Тэр үед машин доголдоод зогссон. М.Н ах машинаас буугаад машин доогуур харж байх шиг байсан. Би тэр үед Ц.Б гуайн хажууд сууж байсан. Ц.Б гуай шууд алаадхая гээд машинаас буугаад М.Н ахын нүүр орчим 2 удаа цохисон тэгэхэд М.Н ах заамдаж аваад унагаасан. Х.Н эгч бид хоёр М.Н ахыг боль гээд салгасан. Ц.Б ах Хуунуузын шээс гээд орилоод байсан. М.Н ах Ц.Б гуайн нүүрлүү 2 удаа цохисон тэгэхээр нь Х.Н эгч эхэлж очоод ардаас нь би очиж тэр хоёрыг салгасан. Ц.Б гуайн араас Х.Н эгч барьцан би Х.Н ахыг барьцан байж байхад Ц.Б гуай Х.Н эгчийг түлхэж унагаасан. Тэгэхэд М.Н Ц.Б гуайг зодох гээд дайрхад Х.Н эгч бид 2 дундуур нь ороод зодуулаагүй...  Тэгээд хоорондоо эвлэрээд гараа барилцаад аль алинийх нь буруу гэж ярилцаад Цээл сумруу явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ 23-24/

Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Ц.Б-ийн биед зүүн нүдний битүү гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохой зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонго алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ27-28/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч М.Н нь Говь-Алтай аймгийн Халиун сумын нутаг дэвсгэрт 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр “дүү нь зардлаа өгөөгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Ц.Б-ийг зодож түүний биед зүүн нүдний битүү гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  М.Н-ийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч М.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Нийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид хохиролд 3.000.000 /гурван сая/ төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйл, 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч М овогт М-ийн Н-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Нийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Н-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч М.Н-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирогч Ц.Б-д 3.000.000/гурван сая/ төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрэлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА