Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 18 өдөр

Дугаар 68

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагч Д.Бат-Эрдэнэ,

Шүүгдэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ж.Мөнхнасан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч З овогт Д-ийн Б-д  холбогдох 2016001190076 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, З овогт Д-ийн Б.

Шүүгдэгч Д.Б-ийн  2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн үед Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төв “”Алтай фото студийн гадаа хохирогч Д.Э-ыг “Алтай фото” студийн хананд “BSB” электрон барааны дэлгүүрийн сурталчилгааны самбар байрлуулсангүй”, “ахыгаа зодлоо” гэх шалтгаанаар зодож биеийн умдаг, баруун гуя, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, ууцанд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Говь-Алтай аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

 

  1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Д.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 27-нд гэртээ байж байхад манай ах А надруу яриад “Алтай фото”-гын Д.Э намайг боосон гэхээр нь яваад очсон. Намайг очиход “BSB” дэлгүүрийн гадаа Д.Э манай ах А-г цамцаар нь боогоод доогуур нь өшиглөх гээд байж байхаар нь би гүйж очоод өшиглөөд нуруун дээр нь 2-3 удаа цохисон. Доороос нь 1-2 удаа өшиглөсөн... Эрүүл байсан... Одоо хохирогчтой хэвийн харилцаатай байгаа...Гомдолгүй болгосон...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/

Хохирогч Д.Э-ы мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 27-ны 14 цагийн үед Алтай фото ажил дээрээ байж байхад БСБ дэлгүүрийн эзэн А гэж хүн манай студийн дээд талын хананд  сурталчилгааны самбар тогтоох гэж байхад нь би тэр самбарыг тогтоолгохгүй гэсэн тэгээд А тогтооно гэж дайраад хоорондоо маргалдсан. А-тай барьцалдаж авахад цаанаас дүү Б нь чамайг ална шүү гээд нүүрлүү цохиод хойшоо ухарч доошоо тонгойход миний цамцыг толгой дээгүүр нөмөргөөд тэнд байсан А, Б бас нэг хүүхэд нар бүлэглэж дээрээс нүдэж цавьруу өшиглөж шилэн хүзүү тус газар алхаар цохисон тэгээд хойшоо ухарч хаалга мөргөхөд ажил дотор байсан Н гарч ирж салгасаны дараа дүү Б чамд хутга шаана гээд дайраад байсан. А ороод байж байхад миний толгой өвдөөд байсан тэгээд эмнэлэг дээр очиж үзүүлсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ11-13/,

Гэрч Ц.Н мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр 12 цагийн үед Х-той хамт хашаа хатгах блок хийх гээд уулзах гээд Би Х-г 1 цаг орчим хүлээсэн. Тэгээд ирэхгүй болохоор нь Э-ыг дуудаад, тэний Алтай фото студи дээр хамт ирсэн, удалгүй араас Х ирээд за би хүнтэй уулзчаад ирье, чи наанаа хүлээж бай гээд буцаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа А орж ирээд Э-д танай фото студийн гадна дээд талд аннос хадан гэсэн чинь Э манайх өөрөө хаягаа хадна гээд маргалдаад хорондоо барьцалдаад авахаар нь би салгахад А гараад явсан. Тэгээд 10 минутын дараа Э араас гараад явсан, нэг мэдэхнээ студийн хаалга түжигнээд байхаар нь би хаалгыг нь нээгээд харахад Б, Э-ы толгой дээгүүр нь цамцыг давуулаад доош дарчихсан байсан. Тэгээд би гараад тэр хоёрыг салгаад, Б-ыг боль гээд хориод байж байхад Амартүвшин, Э, Б нар хоорондоо хэрэлдэж байгаад ...” гэсэн мэдүүлэг /ХХ13-14,

Гэрч Д.Д мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “BSB” ХХК-ийн Говь-Алтай дахь салбар болох 48-р байрны баруун талд байрлах гэрээт борлуулагчийн газарт байж байхад, аав, ээж ирээд Э намайг боолоо гээд ороод ирсэн, тэгээд аваа гарч яваад самбараа буцаагаад авъя гээд гараад явсан. Тэгээд би юу болоод байгаа юм бол гэж бодоод гараад харсан чинь Б ах Э ах хоёр хоорондоо ноцолдож байсан, тэгээд Н ах аав хоёр тэр хоёрыг салгасан...” гэсэн мэдүүлэг /ХХ 19-20/

Гэрч Д.А мөрдөн байцаалтад өгсөн “... 06 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед 21-р байрны урагшаа харсан тал руу цахилгаан барааны сурталчилгааны 3:4 харьцаатай самбар хадах гэж байхад, манай хажуу талын фото студийн залуу Э гарч ирээд, чамайг хадуулдаг хэн бэ? гэж хэлээд намайг ална шүү гэж хэлээд буцаад орсон, 3 хоногийн өмнө 21-р байрны СӨХ-ны дарга Г ахаас аннос хадах тамгатай бичиг авчихсан байсан. Тэгээд би дэлгүүрлүүгээ ороод зөвшөөрсөн бичгээ аваад, фото студи руу Э-тай уулзах гээд орсон, тэгсэн Э өмнөөс тамгатай бичгийг урж, шидээд, намайг боочихоод тавихгүй байсан, би тухайн үед эсэргүүцэл үзүүлээгүй, тэгээд намайг хөөгөөд миний араас өшиглөөд авсан би тэгээд гараад дэлгүүрлүүгээ ороод буцаад гарч ирээд дэлгүүрийнхээ үүдэн дээр зогссож байсан чинь, Э фото студээс гарч ирээд, надруу самбарыг чинь хадуулахгүй гээд өшиглөөд авахад, манай дүү Б машинтай ирж таараад, Э-тай барьцалдаж аваад, тэр хоёр дээр, доороо ороод ноцолдоод байхаар нь Н бид хоёр очиж салгасан. Тэгээд хоорондоо хэрэлдэж, маргалдаад, Э манай дүүг ална гээд заналхийлээд ажил руугаа орсон...” гэсэн мэдүүлэг /ХХ23-24/

Шинжээч эмч Т.Алтайбаатарын 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Д.Э-ы биеийн умдаг, баруун гуя, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, ууцанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт болон эмчилгээний үр дүнгээс хамаарна.

4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ63-64/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Д.Б нь Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын төвд “Алтай фото” студийн гадаа 2020 оны 06 дугаар сарын 27-ны өдөр “Алтай фото студийн хананд “BSB” электрон барааны дэлгүүрийн сурталчилгааны самбар байрлуулсангүй”, “ахтай муудалцсан” шалтгаанаар хохирогч Д.Э-ыг зодож түүний биеийн умдаг, баруун гуя, хүзүү, зүүн бугалганд цус хуралт, хамрын нуруу, зүүн доод зовхи, ууцанд зулгаралт гэмтэл үүсгэн эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.

Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч  Д.Б--ыг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Шүүгдэгч Д.Б нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Д.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, хохирогчид хохиролд 1.000.000/нэг сая/ төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч З овогт Д-ийн Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-ийг 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Б-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч Д.Б-д сануулсугай.

5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Бод авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй,  хохирогч Д.Э-д 1.000.000/нэг сая/ төгрөг төлсөн, хохирол нэхэмжлээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА