Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 69

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,

Улсын яллагч А.Оргилбаяр,

Шүүгдэгч Б.Б, түүний өмгөөлөгч М.Энхзаяа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Боржигон овогт Баасанжавын Бд  холбогдох 201600000063 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

      

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б овогт Б-ын Б.

Шүүгдэгч Шүүгдэгч Б.Б 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн хооронд Говь-Алтай аймгийн ..... сумын ...... багийн .. хороолол .....тоот хашаанд оршин суух Ч.М-ын эд зүйлээ хадгалдаг цоожтой монгол гэрийн хатавчинд байсан түлхүүрээр онгойлгон нэвтэрч улаан болон цагаан өнгийн 2 ууттай 11.8 килограмм ноолуурыг авч бусдад худалдан хохирогч Ч.М 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг прокурор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэж үзэн яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох:

 

Шүүгдэгч Б.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ “...2020 оны 06 дугаар сарын 16-ны орой ажлаасаа буугаад явж байсан. Хашааны дээд талд хэвтэж байхаар нь авсан. Тэгээд гэртээ байлгаж байгаад 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой мөнгө хэрэг болоод байхаар нь зарсан... Холбоотой газарт хэвтэж байсан... Хог юм байх гэж бодоод очоод үзсэн чинь ноолуур байсан... Сайн бол танихгүй. Гэхдээ таньдаг... Үзчихээд явъя гэж бодсон. Үзсэн чинь ноолуур байсан. Тэгээд эзнийг нь мэдэхгүй болохоор аваад явсан... 2020 оны 06 дугаар сарын 18-нд мөнгөний хэрэг болоод байхаар нь худалдсан. Эзэн нь гарч ирэхгүй байсан... Хүн байхгүй болохоор асуугаагүй... Зээл төлөх ёстой байсан... Жилд нэг удаа 530.000 төгрөг хийдэг... Энд байхгүй, банкинд байгаа... Би олсон... Барилгын ажил хийж байсан... Ноолуур олоод худалдсан нь миний буруу... 2 хашааны дээр хэвтэж байсан... Хоол идээд бараг 22 цаг болж байхад гэртээ ирсэн. Бүрэнхий болсон байсан... Мотоцикльтой явсан...” гэх мэдүүлэг/шүүх хуралдааны тэмдэглэлээс/,

 

Хохирогч, иргэний нэхэмжлэгч Ч.М-ын “...Би 2020 оны 06 дугаар сарын 17-ны өглүүгүүр илүү гэртээ орж юм авчихаад гарахад шуудайтай ноолуурнууд байсан. Ингээд 20-ны өдөр ороход 2 шуудайтай ноолуур алга болчихсон байсан учир сумын хэсгийн төлөөлөгчид дуудлага өгсөн...Би 2020 оны 06 дугаар сарын 17-нд илүү гэрээсээ гарахдаа хаалгаа цоожилсон үгүйгээ сайн мэдэхгүй байна. Би 2020 оны 06 дугаар сарын 19-нд гэртээ боорцог хайрах гээд зээ охин О-г илүү гэрээс тос аваад ир гээд хэлсэн чинь манай зээ охин гэртээ илүү гэрийн түлхүүрээ хайгаад олоогүй гараад явсан чинь илүү гэрээс боорцогны тос бариад ороод ирсэн юм. Тийм болохоор 2020 оны 06 дугаар сарын 17-ноос 06 дугаар сарын 19-ны хооронд илүү гэрийн түлхүүр нь хатавчний бүрээсэн доогуур байсан байна...” гэсэн мэдүүлэг /ХХ50-51/,

 

Гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой би Говь-Алтай аймагт гэртээ байж байсан чинь сумаас манай хадам эгч Б надруу гар утасаараа залгаад нэг залуу ямааны ноолуур өгөх гээд байна маргааш банкны зээлээ хийх гээд мөнгө хэрэг болоод байна гээд байна авах юм уу гэж надаас асуухаар нь ямааны ноолуураа авчих би мөнгийг нь дансруу нь хийе гэж хэлээд ноолуур өгсөн залуугийн дансны дугаарын авсан. Тухайн үед ямааны ноолуур нь 11.8 кг болоод 1 кг ноолуурыг 45.000 төгрөгөөр бодоод нийт 531.000 төгрөг болсон. Тэгээд 31.000 төгрөгийг Батжаргал эгч бэлнээр өгөөд үлдсэн 500.000 төгрөгийг 5111011488 гэсэн дансруу хийсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ52/,

Гэрч Ш.Б мөрдөн байцаалтад өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 18-ны орой 20 цагийн үед гэртээ байж байсан чинь манай сумын зүс таних залуу манай гэрт ирээд танайх ямааны ноолуур авч байгаа юу гэж асуухаар нь би ямааны ноолуур авдаг хүмүүс аймгийн төврүү ямааны ноолуур ачаад явцан ямааны ноолуур авахгүй байх гэж хэлсэн чинь намайг асуугаад өгөөч гэхээр нь би ямааны ноолуур авдаг хүнтэй утсаар ярьсан чинь би маргааш буцаад сум орно очоод авъя гэж хэлсэн. Тэгээд тэр залууд маргааш өөрөө ирнэ гэж байна тэгэхээр нь өгчих гэсэн чинь нөгөө залуу би маргааш өглөө 09 цаг гэхэд банкны зээл хийнэ мөнгө хэрэгтэй байна. Та авахгүй юм уу гэхээр нь би аймагт байсан ноолуур авдаг хүнтэй ярьсан чинь намайг авчих гэсэн. Тэгээд тэр залууд хэлсэн чинь би ямааны ноолуураа очоод аваад ирье гэж хэлээд явсан. Тэгээд 20-30 минутын болоод 2 жижиг ууттай ноолуур авчирч өгсөн. Тухайн авчирч өгсөн ямааны ноолуур нь 12 кг болоод 2 уутны 200 граммын хасаад 11.8 кг болоод ямааны ноолуурны мөнгө нийт 531.000 төгрөг болоод би ямааны ноолуур авхуулж байсан хүний өгсөн мөнгөнөөс ноолуур аваад үлдсэн байсан 31.000 төгрөгийг бэлэн өгөөд 500.000 төгрөгийг би ноолуур авхуулж байгаа хүнээс дансруу чинь хийлгэж өгнө, надад өгсөн бэлэн мөнгө дуусчихлаа гэж хэлсэн чинь надад 99673490 гэсэн гар утасны дугаар, 5111011488 гэсэн дансны дугаар үлдээгээд энэ дансруу үлдэгдэл 500.000 төгрөгийг хийлгүүлчих маргааш өглөө банк зээлэндээ татаад авчихна гэж хэлчихээд явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ59-61/

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Манай хадам эгч М нь 2020 оны 06 дугаар сарын 14-нд манай хөдөө гэрт ирж ямаагаа самнаж аваад явсан нийт 64 ямаа самнаж 4 уутанд хийсэн тухайн үед ноолуур жинлээгүй болохоор хэдэн кг ноолуур байсныг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /хх57/,

Гэрч Н.Б мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Намайг 2020 оны 06 дугаар сарын  16-нд хөдөө явахаас өмнө нар жаргах гэж байхад манай гэрийг өнгөрч явж байгаад намайг хараад буцаад манай хашаанд орж ирээд надтай сайн муу мэдээд би соёлын төвийн барилга дээр ажиллаж байгаа ажлаа тараад гэрлүүгээ явж байна гэж хэлээд явж байсан тэр үед би багажаа хураагаад илүү гэртээ оруулж байсан...илүү гэрээ цоожлоод түлхүүрийг нь хатавчинд хийж байхыг харсан байж магадгүй...” гэх мэдүүлэг /хх68-69/,

Гэрч С.М мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би 2020 оны 06 дугаар сарын 15-ны өглөө малд явах гээд М-ын хүргэн М гэж хүний машиныг гуйж аваад явах гэсэн чинь машины багажинд нь 4 уут ноолуур байсныг М эгчид хэлээд илүү гэрт нь оруулж өгсөн....намайг ямааны ноолуур оруулж өгөхөд улаан өнгийн торон ууттай содон ноолуур байсныг санаж байна. Үлдсэн 3 ууттай ноолуур нь цагаан өнгийн уут байсан...” гэх мэдүүлэг/хх61-62/,

11,8 кг ноолуурыг 590.000 төгрөгөөр үнэлсэн “Ашид Билгүүн” ХХК-ны үнэлгээний тайлан /хх76/,

Шүүгдэгч Б.Б-ы дансны хуулгад үзлэг хийсэн тэмдэглэл /хх22, 33/,

Гэрч Д.Т-ын 5323027442 дугаартай ХААН банкны дансны хуулга/хх37-38/,

Ноолуур худалдсан хүнийг таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх9-13/,

Эд мөрийн баримтаар ноолуур хурааж авсан тэмдэглэл/хх6-8/,

Хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх3-5/, эд зүйлд үзлэг хийж хураан авсан тэмдэглэл гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх6-8, 9/ зэрэг яллах болон өмгөөлөх талуудын хүсэлтээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судласан нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б 2020 оны 06 дугаар 17-ноос 2020 оны 06 дугаар сарын 18-ны хооронд Говь-Алтай аймгийн .... сумын ..... багийн .... хороолол .... тоот хашаанд байрлах хохирогч Ч.М-ын эд зүйлээ хадгалах зориулалт бүхий монгол гэрт нэвтрэн орж 11.8 килограмм ноолуурыг нь авч бусдад худалдан борлуулж хохирогчид 590.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдлоо.

Энэ нь тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн бусдын эд хөрөнгийг нууцаар, хүч хэрэглэхгүйгээр, санаатайгаар авснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдэх гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул түүнийг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй гэж шүүх үзлээ.

Учир нь:

Тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтэрсэн гэдэг нь шүүгдэгчийн хувьд уг байранд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх бөгөөд байр нь саад хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан эсвэл анхааруулсан тэмдэг, тэмдэглэгээтэй байх төдийгүй хамгаалагдсан гэдэг нь илтэд мэдэгдэхүйц байхад түүнийг нь мэдсээр байж зөрчсөн үйлдлийг хэлдэг. Иймээс шүүгдэгчийг тусгайлан хамгаалсан байранд хууль бусаар нэвтрэн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж буруутгах үндэслэл болсон болно. Тухайн орон байрны халдашгүй байдал нь хууль ёсны эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд тухайн байрны өөрийн түлхүүрээр онгойлгох, түлхүүр тааруулах, багаж хэрэгсэл ашиглах, буюу ашиглахгүйгээр цонх, хаалга түгжээг эвдэх байдлаар орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэн хохирлын хэмжээнээс үл хамааран энэ шинжээр хүндрүүлэн зүйлчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болохыг тайлбарлах зүйтэй. Өөрөөр хэлвэл тухайн эд зүйл хадгалж байсан байрны хаалга нь цоожлогдсон эсвэл онгорхой байсан эсэх нь хэргийн зүйлчилэлд нөлөөлөхгүй нэвтэрч орон эд зүйл авснаар дээрх гэмт хэрэг төгсөнө гэж ойлгогдохоор байна.

Шүүгдэгч  Б.Б хувьд тухайн гэрт нэвтрэн орох өмчлөгчийн зөвшөөрөл байхгүй төдийгүй хаалга, цоожтой хамгаалагдсан гэдэг нь илтэд харагдахуйц байхад нэвтрэн орж эд зүйл авсан болох хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй гэж шүүх үзсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, хохмрогч гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нь “...гэрт орж хулгайлж аваагүй, гудамжинд гээгдсэн байхад нь олоод худалдчихсан...” гэж мэтгэлцэж байгаа боловч тухайн ноолуур нь гээгдсэн байж болох үйл баримтыг тогтоохуйц нотлох баримтууд хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдаагүй тул Эрүүгийн хуулийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “гээгдэл эд хөрөнгө завших” гэмт хэргээр зүйлчилж өгнө үү? гэсэн өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:

Эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал түүнчлэн шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоох зорилгоор Говь-Алтай аймгийн ...... сумын 2 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт, /хх99/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас/хх98/, гэрч Б.Т мөрдөн байцаалтад өгсөн “...надад ноолуурын мөнгө 531.000 төгрөг өгч миний хохирлыг барагдуулсан тул надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг/хх67/, зэрэг нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлав.

Алдагдсан ноолуур биет байдлаараа олдож хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, мөн иргэний нэхэмжлэгчид 531.000 төгрөгийг шүүгдэгч төлсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй, учруулсан хохирлоо нөхөн төлсөн байна гэж шүүх дүгнэлээ

Үүний үндсэн шүүгдэгч Б.Б тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэрэг байдлыг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсгүүдэд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч Б.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар 2 жил 1 сарын хугацаагаар хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно”, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 198 дугаар зүйлийн 198.2 дахь хэсэгт “...Нээлттэй хорих ангийн энгийн зэрэглэлд анх удаа гэмт хэрэг үйлдэж 2 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгүүлсэн, эсхүл болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн хоригдлыг ял эдлүүлнэ...” гэж тус тус заасан тул шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шүүх шийдвэрлэлээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн “Гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэж мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж хуульчилжээ. Шүүгдэгч  Б.Б нь хоёроос найман жил хүртэл хорих ял шийтгүүлж болох гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзсэн боловч “тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй” тул дээрх журмыг хэрэглэн шүүгдэгчид оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх тухай өмгөөлөгчийн хүсэлтийг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй гэж шүүх үзсэн болно.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.8 килограмм ноолуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.Мягмарт буцаан олгож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Б-ын Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан “хулгайлах” гэмт хэргийг тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д хэсэгт зааснаар 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 2/хоёр/ жил 1/нэг/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, ял эдлэх хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 11.8 килограмм ноолуурыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогч Ч.М-д буцаан олгож, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг  шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 

 

 

 

 

           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Г.МӨНХТУЛГА