| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гомбын Мөнхтулга |
| Хэргийн индекс | 164/2020/0070/Э |
| Дугаар | 72 |
| Огноо | 2020-09-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | А.Оргилбаяр |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 04 өдөр
Дугаар 72
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхтулга даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Нармандах,
Улсын яллагч А.Оргилбаяр,
Хохирочийн өмгөөлөгч М.Энхзаяа
Шүүгдэгч П.Н, түүний өмгөөлөгч Д.Ариун-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч А овогт П-н Н-д холбогдох 2016000000075 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол улсын иргэн, А овогт П-ийн Н.
Шүүгдэгч П.Н нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим Ардын хувьсгалын ойн баярт зориулсан Говь-Алтай аймгийн ..... сумын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд хохирогч Д.Х-тай оноолт тааран барилдаж унасан уурандаа бөхийн барилдааны талбайд түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж түүний эрүүл мэндэд нь “үүдэн доод 2 шүдний хугарал, дээд 2 шүдний үзүүр хэсгийн эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дахь хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт хамааруулан прокурор яллах дүгнэлт үйлдэн шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч П.Н шүүх хуралдаан болон хэрэг бүртгэлтийн шатанд мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй, би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...
Шүүгдэгч П.Н мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр Говь-Алтай аймгийн .... сумын баяр наадмын бөхийн барилдааны 1-н даваанд Х бид хоёрыг оноолтоор тааруулчихсан байсан. Тухайноноолтг хэн хийсэн талаар сайн мэдэхгүй байна.Бөхийн холбоонд Б, Б, Л нар оноолт тааруулаад сууж байсан. Тэгээд би Х-тай таарсан гэдгээ талбай дээр гарч мэдсэн. Тэгээд бид 2 барилдаж эхлэх үед би Х-ыг хүчтэй 2 удаа шилдсэн тэгэхэд Х намайг 2 удаа хүчтэй шилдсэн бид 2 сэнжигний барьцанд хүрээд барилдсан. Тухайн сэнжигний барьцнаас мөргөлдөөн эхэлсэн. Тухайн үед миний зүүн талын хөмсөгний дунд талаас цус гарсан, Х-ын хамарнаас цус гарсан. Тухайн үед засуул хөлийн цэцүүд барилдааныг зогсоосон. Бид 2 цусаа тогтоочихоод эргэн талбайд гаран дан шуудагны барьцанд хүрсэн. Тухайн барьцанд хүрэх үед Х-ын шуудагны уяа тасарчихсан. Тухайн үед би Х-т уяа чинь тасарчихлаа гээд хэлээд дохио өгөөд шуудагны барьцаа тависны дараа намайг унагаачихсан юм. Х цаашаа явж дэвж ирээд тахимаа авах гэж ирсэн. Тухайн үед миний уур хүрчихсэн байсан. Тэгээд би дохио өгөөд барьцаа тавичихсны дараа унагаалаа гээд цээжрүү нь цохих гээд гараа савтал эрүүрүү нь цохигдчихсон юм. Түүнээс би нүүрлүү нь цохино гэсэн бодолгүй байсан...” гэсэн мэдүүлэг/ХХ28-29/,
Хохирогч Д.Х-ын мөрдөн байцаалтад өгсөн “...Говь-Алтай аймгийн .... сумын ... багийн нутаг баяр наадмын талбайд улсын баяр наадамд барилдах гэж Говь-Алтай аймгийн ......сумаас очсон юм. Бөхийн барилдааны 1-н даваанд оноолтоор Говь-Алтай аймгийн ..... сумын иргэн П.Н-тэй таарч талбайд гаран барилдсан юм. Талбайд гаран барилдах үед Н намайг эхлээд хүчтэй шилдэж, алгадаж эхэлсэн юм. Би Н-г цохисон асуудал байхгүй тухайн үед би хойшоо ухраад явж байсан. Тэгээд хөлийн цэц золгуулах гэх үед би эхлээд элэг бүс сэнжигний барьцанд хүрнэ гэж хэлсэн юм. Тэгээд элэг бүс сэнжигний барьцтай барилдаан үргэлжилэхээр болсон. Тухайн үед Н намайг “чи хаана явж байгаагаа мэдээрэй” гэж хэлээд мөргөж хамарнаас цус гаргасан юм. Тэгээд би хамарныхаа цусыг тогтоогоод элэг бүс сэнжигний барьцтай барилдаан үргэлжлээд удалгүй барьц задарч золгож барилдсан юм. Золгооны барьцнаас барилдаан үргэлжилж би Н-г араар нь мордож даваад тахимаа авах гэтэл миний өмнөөс “чиний шуудагны уяа чинь тасарчихсан байна” гэж хэлээд гараа атгаад баруун гараараа саваад миний шүдрүү цохичихсон. Тэгээд би амаа бариад суухад Н намайг өвдөглөхөд хөлийн цэцээр ажиллаж байсан хүн Н-г боль гэж хэлэн болиулсан...” гэсэн мэдүүлэг /ХХ24-25/,
Гэрч Б.О мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр .... сумын наадамд ...... сумаас нийт 8 бөх авч ирсэн. Баяр наадмын нэгийн даваа эхлэх үед .... сумын заан Н гэх хүнтэй ....... сумын начин Х гэх залууг тааруулчихсан байсан. Тухайн үед ...... сумаас ирсэн 8 бөхийг үнэмлэхгүй гээд цолгүй бөхөөр барилдуулсан. Сумын заан Н гэх залуу Хтай өрж эхлээд шууд дайраад эхэлсэн. Намайг харж байхад Н гэх залуу Хын нүдрүү нь чичиж харагдсан. Тэгээд барилдаж байх үед Хын хамарнаас цус гарчихсан байсан. Тэгэхээр нь Алтай сумаас барилдахаар ирсэн Б нойтон салфитка өгч явуулсан. Тэгээд Х цусаа тогтоочих шиг болсон. Тэээд үргэлжлүүлээд барилдах үед дахин Хын хамарнаас цус гарсан байсан тухайн үед ажиллаж байсан хөлийн цэц, засуулууд барилдааныг зогсоохгүй үргэлжлүүлж барилдуулаад байсан. Тэгэхээр нь ард иргэд бүгд барилдуулхаа болиул наана чиньь зодоон болоод байна гэж орилох үед хөлийн цэцээр ажиллаж байсан хүн бид нар луу ирээд дуугүй бай би ажлаа мэдэж байна. Дуугүй байхгүй бол та хэд өөрсдөө очиж ажилла гэж хэлсэн. Тэгээд тэр хөлийн цэцээр ажиллаж байсан хүн буцаж барилдаж байсан Н, Х нар дээр очиж шодуулалгүй золгуулчихсан. Тэгээд Х даваад тахимаа авах гэтэл нүүррүү нь цохиж харагдсан. Х амаа дараад гартаа шүдээ бариад амнаас нь цус гарчихсан ирсэн би цусыг нь арчиж цэвэрлэсэн...” гэсэн мэдүүлэг /ХХ30-31,
Гэрч Л.Д мөрдөн байцаалтад өгсөн “...2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр .... сумын наадмын талбайд бөхийн 1-н даваанд сумын заан Н, Х нар нь оноолт таараад барилдсан. Барилдаж эхлээд л хоорондоо цохилцож эхэлсэн. Би очоод та 2 чинь юу болоод байна зүгээр барилд гэж шаардлага тавихад сумын заан Н миний өмнөөс энэ Х гэх залуу 07 дугаар сарын 11-ний өдөр .... сумын наадамд 3-н даваанд би Хыг амлаж барилдахад намайг хэл амаар доромжилсон, намайг зүгээр барилдуулаагүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би наад асуудал чинь хамаагүй энэ төрийн наадам явагдаж байгаа шүү гэж хэлээд тугны өмнө очиж гар бариулсан. Барилдаж байх үед Н Х 2-ын хамарнаас цус гарахад барилдааныг зогсоогоод цусыг нь тогтоолгосон. Дараа нь элэг бүс сэнжигний барьц өгөөд барьц тавигдаагүй байхад Х гэх залуу байж бай гээд зугтсан. Тэгээд Н араас нь хөөж унагаасан. Тэгээд Х эргэж ирээд элэг бүс сэнжигний барьцаа авна гэхэд Н би чамайг дүрмийн дагуу унагаасан гэхэд үгүй би барьцаа бүрэн аваагүй байсан гэхэд Н Хыг цохичихсон. Өөр юу болсон талаар мэдэхгүй...Тийм би тухайн үед зөрүүлээд хэлчихсэн байна миний буруу. Н давсан шиг санагдаад байсан юм. Тухайн өдөр бол Х, Н 2 нь улсын баяр наадмын бөхийн нэгийн даваанд оноолтоор таарч барилдаад Н, Хын шуудагны уяа тасарчихлаа гээд Н барьцаа тависан юм...” гэсэн мэдүүлэг /ХХ 31-33/
Гэрч Ч.Д мөрдөн байцаалтад өгсөн “... 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдөр би Говь-Алтай аймгийн .... суманд эхнэр хүүхдийн хамт амралтаараа ирсэн. Тухайн өдөр би бөх үзээд сууж байсан. Баяр наадмын нэгийн даваа эхлэхэд Говь-Алтай аймгийн .... сумын иргэн Н гэх залуу Х гэх залуутай оноолтоор таарч барилсан юм. Х, Н 2 талбайд гараад барилсан цагаасаа хойш цохилцох, мөргөлдөх зүйлүүд болж байсан. Хын хамарнаас цус гараад барилдааныг зогсоогоод цусыг нь тогтоогоод дахин барилдуулж байсан. Тэгээд хөлийн цэц Х, Н хоёрыг гар бариулаад дахин барилдуулсан. Дахин барилдах хугацаанд мөн цохилцох асуудал гарч байсан. Тухайн үед хөлийн цэц сануулж байгаа шиг харагдсан. Тэгээд хөлийн цэц, засуулууд золгуулах үед засуулууд барьчихсан тавиагүй байхад Х нь Нг унагаачихсан. Дараа нь Х тахимаа авах гэж байгаа юм шиг Н дээр ирэхэд Н нь Хын шанааны доод хэсэг шүдний тэнд цохиж харагдсан юм. Тэгээд Х, Н 2 талбайгаас гараад явсан...” гэсэн мэдүүлэг /ХХ45/
Шинжээч эмч Д.Даваахүүгийн 2020 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн дүгнэлтээр “...1. Иргэн Д.Хын биед үүдэн доод 2 шүдний хугарал, дээд 2 шүдний үзүүр хэсгийн эмтрэл гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг буюу нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүснэ.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоох хүснэгтийн 51.2-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10% алдагдуулна.
4. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэсэн дүгнэлт /ХХ55-56/ зэрэг хавтаст хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч П.Н нь 2020 оны 07 дугаар сарын 12-ны өдрийн 10 цагийн орчим Говь-Алтай аймгийн .... сумын баяр наадмын бөхийн барилдааны нэгийн даваанд хохирогч Д.Хтай оноолт тааран барилдаж унасан уурандаа бөхийн барилдааны талбайд түүний нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь “үүдэн доод 2 шүдний хугарал, дээд 2 шүдний үзүүр хэсгийн эмтрэл” бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
Энэ нь хүний биед санаатай халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаараа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгч П.Нг уул гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн яллагдагч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх эдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлж прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийх боломжтой байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар талуудаас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах хүсэлт гаргаагүй бөгөөд хэргийг шүүх хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх:
Шүүгдэгч П.Н нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг нь шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх хэсэгт заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзаж үзсэн болно. Харин Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэрэг хүчин зүйлсүүдийг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч П.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж, торгох ялыг түүний хөрөнгө, орлого олох боломжийг харгалзан 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр хугацаа тогтоож шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна. Түүнчлэн хэрэгт хохиролтой холбоотой баримт авагдаагүй боловч хохирогчийн эрүүл мэндэд хохирол учирсан түүнийг эмчлүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарахаар байх тул нотлох баримтаа бүрдүүлэн иргэний шүүхээр нэхэмжлэх хохирогчийн эрхийг нээлттэй үлдээх үндэслэлтэй гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1, 36.2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч А овогт П-ийн Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-г 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/ таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Н-д оногдуулсан 500/таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000/таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 3/гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцон хорих ялаар сольж болохыг шүүгдэгч П.Н-д сануулсугай.
5. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Н-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Хохирогч Д.Х-ын нотлох баримтаа бүрдүүлэн хохирлоо иргэний шүүхээр нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан дүрс бичлэг бүхий CD-г хэрэгт хавсарган, шүүгдэгчийн хөрөнгө битүүмжлэгдээгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч цагдан хоригдоогүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч,тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА