Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/001

 

Д.Мад холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга Б.Оюунтөгс нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлоор Д.Мад холбогдох эрүүгийн 1714000000111 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, Д.М, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянхонгор аймаг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, регистрийн дугаар /*******/

Д.М нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Есөн-Эрдэнэ захын бие засах газрын хажууд 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн орчимд иргэн Т.Өийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас Д.Мад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Идэрзана овогт Д.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мыг 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар Д.М нь 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг ажлын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар Д.Мад урд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 1.7, 1.8-д зааснаар С.Энхболд нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар Д.Мын эзэмшлийн гэрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, хэрэгцээний дагуу эд зүйлийг эзэмшигч Д.Мад буцаан олгож шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч ******* гаргасан давж заалдах гомдолдоо: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлээс 17.4 дүгээр зүйл хүртэл яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан тохиолдолд хэрэглэх журмыг хуульчлан зохицуулсан байх бөгөөд Д.Мын хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, гэм буруугийн хувьд маргаангүй, хохирогчтой сайн дураараа эвлэрсэн байдаг ба хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар хавтаст хэрэгт авагдсан түүний мэдүүлэг болон шүүгдэгч, хохирогчийн эвлэрсэн тухай бичгээр гаргасан хүсэлт зэргээс тодорхой харагддаг байх бөгөөд түүний хувьд хуульд заасан эдгээр үндэслэл хангагдсан байгаа, үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож мэдсэний үндсэн дээр хэргийг

түргэн шуурхай шийдвэрлүүлэхийн тулд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 17.1-17.4 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлтээ прокурорын шатанд гаргасан билээ.

Хүлээлгэх хариуцлагын тухайд Д.М нь 52 настай, даралт өндөртэй, хөл нь өвддөг зэрэг шалтгаанаар нийтэд тустай ажил хийх ялыг эдлэх боломжгүй ба тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах саналаа прокурорт гаргаж прокурор уг хүсэлтийг харгалзан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэх тухай саналаа шүүхэд гаргасан байдаг.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон эсэх, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж хохирогчтой эвлэрсэн эсэх, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон эсэх зэргийг хянан үзэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэм буруутайд тооцож, прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргах талаар хуульд тодорхой заасан байтал Д.Мыг эрхэлсэн ажилгүй, тодорхой орлогогүй, өөрийн гэсэн хөдлөх болон үл хөдлөх хөрөнгө, мөн хууль ёсны гэх аливаа эрхүүд бүртгэгдээгүй шалтгаанаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэл оногдуулж шийдвэрлэсэнд гомдолтой байгаа ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага байхад шүүхийн шийдвэр хэрэгжих эсэх тал дээр урьдчилж дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн.

Мөн "Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй тохиолдолд хорих ялаар сольж болохыг хуульчилсаныг шүүх анхаарч үзэлгүй хэт нэг талыг барьж шийдсэн буюу Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байх тул тус шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 220 тоот шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Д.Мын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлоо дэмжиж байна. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу ойлгон хэрэглэж миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан тул хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хоёр өөр журам байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлд нэрлэн заасан хэргүүдийг шууд хялбаршуулан шийдвэрлэхээр заасан бөгөөд шүүгч өөрийн эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн гэж үзэж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан шинжлэн судлан үзвэл шүүгдэгч Д.М нь 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 10 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Есөн-Эрдэнэ” захын бие засах газарт иргэн Т.Өийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

Хохирогч Т.Өийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...чи яагаад над руу муухай хараад байна гэхээр нь би тань руу муухай хараагүй гэж хэлээд цаашаа яваад ажлаа хийж байтал янз бүрийн юм яриад байхаар нь би танд гэм хийгээгүй та ямар хачин юм гэж хэлээд цонхны хажууд очоод зогсоход хүрч ирээд миний баруун нүд рүү гараараа цохиж аваад намайг заамдаж аваад хана мөргүүлж ирмэгт нь миний зовхи зулгарсан, Д.М нь намайг цохиод гараад зугтаасан...” гэх мэдүүлэг. /хх-ийн 18-19-р тал/

Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн №524 тоот “...1.Т.Ө-н биед тархи доргилт, нүдэнд цус хуралт, зовхинд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд шинээр үүссэн байх боломжтой.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.

3. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” гэх шинжээчийн дүгнэлт. /хх-ийн 26-р тал/

Д.Мын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар мэдүүлсэн “...би Т.Өийн шанаан тус газарт нь нэг удаа цохиж авахад цаашаа хана мөргөөд хөмсөгнөөс нь цус гарахад нь би гараад явсан. Би бусдын биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 36-38-р тал/ зэрэг хэрэгт авагдсан бусад бичгийн баримтуудаар тогтоогджээ.

Мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулан Д.Мын хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийг зөв хэрэглэн, хэргийг зөв зүйлчилсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар тогтоосон нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахдаа хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлаагүй, шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй байна.

Эдгээр нотлох баримтуудаар хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэлэх боломжтой байх бөгөөд анхан шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1-д заасан “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасантай нийцсэн байна гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч *******аас Д.М нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлээс 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ прокурорын шатанд гаргаж, прокуророос түүнийг тухайн зүйл ангид заасан торгох ялын доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгуулах саналыг шүүхэд гаргасан байхад анхан шатны шүүх прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуульд заасан журмыг зөрчин шийдвэр гаргаж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэн шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд “Яллагдагч хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргах”, 17.5 дугаар зүйлд “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам” гэж хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх хоёр тусдаа журмыг хуульчлан тогтоожээ.

Д.Мын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 1-д заасан “Зарим гэмт хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх журам”-д хамаарагдаж байгаа, уг хэргийг шүүхээс хянан шийдвэрлэхэд мөн хуулийн 17.4 дүгээр зүйлд заасан журмыг шүүх баримтлахгүй бөгөөд харин хуулийн 17.5 дугаар зүйлийн 8-д заасны дагуу прокурорын саналыг харгалзан үзэж эрүүгийн хариуцлага хүлээлгэх шийдвэр гаргахаар заасан байна.

Анхан шатны шүүхийн шүүгчээс Монгол Улсын Үндсэн хуулийн дөчин есдүгээр зүйлийн 1-д “Шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана.” хэмээн заасны дагуу Д.Мын үйлдсэн хэрэгт оногдуулж болохоор хууль тогтоогчоос хуульчилсан “нийтэд тустай ажил хийлгэх” ялыг оногдуулсан нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хувийн байдалд нь тохирсон байна.

Мөн өмгөөлөгчийн давж заалдах гомдолд дурдагдсан шүүгдэгч Д.М нь “...даралт өндөртэй, хөл нь өвддөг...” зэргээс болж ажил хийх боломжгүй талаарх эмчийн магадлагаа, хөдөлмөрийн чадварын хувь хэмжээ алдалтыг тогтоосон баримт хэрэгт авагдаагүй байгаа болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5-д шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргахаар заасан, Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйл нь “Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх, хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх” талаарх заалт бөгөөд мөн хуулийн 11.6 дугаар зүйлд хууль тогтоогчоос хорих ял оногдуулах санкцыг хуульчлаагүй болохыг цаашид анхаарвал зохино.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

Харин анхан шатны шүүх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...С.Энхболд нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй...” хэмээн шийдвэрлэсэн нь тухайн хэрэгт ямар ч хамааралгүй хүний талаар дурдсан байгаа хэдий ч энэ нь техникийн шинжтэй алдаа байх тул С.Энхболд гэснийг Д.М гэж өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.1, 1.5-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн 220 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтад “...С.Энхболд...” гэснийг “...Д.М...” гэж өөрчилж, шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, өмгөөлөгч *******ын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА

                    ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                                  Т.ДАВААСҮРЭН