Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 158/2021/0011/З |
Дугаар | 221/МА/2022/0223 |
Огноо | 2022-03-30 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 221/МА/2022/0223
Ү.Б-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч С.Мөнхжаргал
Илтгэсэн шүүгч Н.Хонинхүү
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Нэхэмжлэлийн шаардлага: Б аймгийн ЗД-ын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ү.Б-г ажлаас халах тухай” Б/25, 2021 оны 04 дүгээр сарын өдрийн “Г.Г-ыг ажилд томилох тухай” Б/26 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, Б аймгийн ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах,
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Ү.Б, түүний өмгөөлөгч М.Д,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Улаанмуна
Хэргийн индекс: 158/2021/0011/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ү.Б-ээс Б аймгийн ЗД-дхолбогдуулан “Б аймгийн ЗД-ын 2021 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/10, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн “Ү.Б-г ажлаас халах тухай” Б/25, 2021 оны 04 дүгээр сарын өдрийн “Г.Г-ыг ажилд томилох тухай” Б/26 дугаар захирамжуудыг хүчингүй болгуулах, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн “Ү.Б-д сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/18 дугаар захирамжийг илт хууль бус болохыг тогтоолгох, ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах”-аар маргасан байна.
2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар: Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 84 дүгээр зүйлийн 84.1.1, Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.15, 41 дүгээр зүйлийн 41.3, 43 дугаар зүйлийн 43.3, 47 дугаар зүйлийн 47.1.1, 48 дугаар зүйлийн 48.1, 48.9, 49 дүгээр зүйлийн 49.1, 62 дугаар зүйлийн 62.1.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.1.2, 61.3-д заасныг тус тус баримтлан Ү.Б-ийн Б аймгийн ЗД-д холбогдуулан гаргасан нэхэмжлэлүүдийг бүхэлд нь хангаж, Б аймгийн ЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25, Б/26 дугаартай захирамжуудыг тус тус хүчингүй болгож, 2021 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн Б/18 дугаартай захирамжийг илт хууль бус болохыг тогтоож, Ү.Б-г Б аймгийн ГХБХБГ-ын даргын албан тушаалд эгүүлэн тогтоож, 2 дахь заалтаар: Төрийн албаны тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ү.Б-ийн 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрөөс 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны олговор 17.769.855 /арван долоон сая долоон зуун жаран есөн мянга найман зуун тавин таван/ төгрөгөөс нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгаж, 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш урьд эрхэлж байсан ажлыг гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацааны олговрыг хариуцагчаас тус тус гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.
3. Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1. Шүүх тус хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэн Б аймгийн ЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10 дугаар захирамжийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй гэж үзэж байна.
3.2. Нэхэмжлэгч нь Б аймгийн ЗД-ын 2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах болон ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь Төрийн албаны тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.1 дэх заалтыг зөрчсөн буюу Ү.Б-г ажлаас халсан уг шийдвэр нь Төрийн албаны төв байгууллагад хуулиар харьяалуулсан маргаан байхад тус байгууллагад гомдол гаргаж шийдвэрлүүлэхгүйгээр шууд Захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.3-д заасныг зөрчсөн тул шүүхээс уг нэхэмжлэлийн шаардлагуудыг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэх ёстой байсан.
Анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн Б аймгийн ЗД-ын 2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгосон болон Ү.Б-г Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон хэсэг, түүнчлэн шийдвэрийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.
2. Шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг дараах үндэслэлээр хангасангүй. Үүнд:
2.1. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг “нотлох баримтын шаардлага хангахгүй баримтыг үндэслэсэн, Б/25 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах болон ажилд эгүүлэн тогтоох, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх нөхөх олговор гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргахдаа урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар Төрийн албаны зөвлөлд гомдлоо гаргаагүй” гэсэн 2 агуулгаар эс зөвшөөрч давж заалдах гомдлын үндэслэлээ тодорхойлжээ.
2.2. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс 2022 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Б аймгийн ЗД-ын 2021 оны Б/10, Б/18, Б/25 дугаар захирамжуудын хувийн хэрэгт үзлэг хийж[1] 2021 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн шийдвэрийн төсөлд авах саналын хуудас, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн аймгийн ЗД- Б.А-ийн утсаар ярьсан тэмдэглэл, 2021 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн шийдвэрийн төсөлд санал авах саналын хуудас, Сургуулийн барилга 320 хүүхдийн суудал бүхий барилгын ажил гүйцэтгэх гэрээ, Б аймгийн ЗД-ын“залруулга хүсэх тухай” албан бичиг, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 32/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт, 2017 оны 10 дугаар сарын 09-ний Б/98 дугаартай Б аймгийн ЗД-ын Ү.Б-г томилсон тушаал, 2021 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн шийдвэрийн төсөлд авах саналын хуудас зэрэг баримтуудыг хэвлэж, үзлэгийн тэмдэглэлд хавсаргасан байна.
2.3. Улмаар анхан шатны шүүх шийдвэртээ Сургуулийн барилга 320 хүүхдийн суудал ажил гүйцэтгэх гэрээ, 2020 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 32/2020 дугаартай Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын дүгнэлт зэрэг үзлэгээр авагдсан баримтуудыг үндэслэл болгосон нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.4-д “Шүүхийн шийдвэр нь хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэсэн байна” гэж заасанд нийцсэн байна.
2.4. Тодруулбал, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.3-д “Бичмэл нотлох баримтыг шаардан авахад бэрхшээлтэй байвал хэргийн оролцогчийн хүсэлтээр, эсхүл шүүхийн санаачилгаар түүний хадгалагдаж байгаа газарт нь шүүх үзлэг явуулна” гэж заасан тул шүүхийн үзлэгээр хэрэгт хавсаргагдсан баримтыг нотлох баримтын шаардлага үл хангах баримт гэж үзэх үндэсгүй, шүүх үзлэгээр авагдсан баримтуудыг шийдвэрийн үндэслэл болгосныг буруутгах үндэслэлгүй.
2.5. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.9-д “Төрийн жинхэнэ албан хаагч сахилгын шийтгэл ногдуулсан тухай шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл энэ тухай гомдлоо тухайн шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор төрийн албаны төв байгууллагад, эсхүл шүүхэд гаргаж болно” гэж заасан байх тул нэхэмжлэгч нь Б аймгийн ЗД-ын Б/10 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх боловч 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн 107 дугаар тогтоолоор, мөн Б аймгийн ЗД-ынБ/18 дугаар захирамжийг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан байх боловч 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 155 дугаар тогтоолоор тус тус гомдлыг хангахгүй орхисон байна. Улмаар маргаан бүхий Б аймгийн ЗД-ынБ/10 дугаар захирамжийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд нэхэмжлэл, захиргааны хэрэг үүсгэсний дараа Б аймгийн ЗД-ын2021 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаар захирамж гарсан байх бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Б/18, Б/25, Б/26 дугаар захирамжуудтай холбоотойгоор нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлснийг шүүх хүлээн авч шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
2.6. Учир нь, дээр дурдсанаар Төрийн албан тухай хуульд сахилгын шийтгэл ногдуулсан шийдвэрийг үндэслэлгүй гэж үзвэл гомдлоо Төрийн албаны зөвлөлд эсхүл шүүхэд гаргаж болохоор хуульчилсан байх тул маргаан бүхий тушаалуудыг заавал Төрийн албаны зөвлөлд хандсаны дараа шүүхэд нэхэмжлэл гаргах байсан гэж үзэх үндэслэлгүй, нэгэнт сахилгын шийтгэл ногдуулсан актыг хүчингүй болгуулахаар шүүхэд маргаж байх үед уг шийдвэрээс улбаалан гарсан бусад захиргааны акттай холбогдуулан нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж маргасан байх тул акт тус бүрд Захиргааны ерөнхий хуулийн 93, 94 дүгээр зүйлд заасан урьдчилан шийдвэрлүүлэх ажиллагаа хийгдэх ёстой гэж үзэхгүй.
2.7. Ийнхүү хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн 1 дэх хэсгийн Б аймгийн ЗД-ын2021 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/10, 04 дүгээр сарын 16-ны өдрийн Б/25 дугаар захирамжийг хүчингүй болгосон болон Ү.Б-г Б аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын даргын албан тушаалд эгүүлэн тогтоосон хэсэг, шийдвэрийн 2 дахь заалтыг тус тус хүчингүй болгох үндэслэлгүй, анхан шатны шүүх хэргийн оролцогчдын маргасан хүрээнд маргааны үйл баримтад үндэстэй зөв дүгнэлт хийсэн, хуулийг зөв тайлбарлаж хэргийг шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хангахгүй орхив.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Б аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн 02 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] 2 дугаар хавтаст хэргийн 207 дугаар талд