Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 03 сарын 21 өдөр

Дугаар 11

 

 

О.Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

            Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг  шүүгч М.Нямбаяр даргалж, Ерөнхий шүүгч Н.Туяа, шүүгч Д.Жамбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй хийж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэртэй, Увс аймгийн Улаангом сумын 11 дүгээр багт оршин суух Галууд овогт Оросоогийн Гэрэлмаагийн нэхэмжлэлтэй, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт холбогдох иргэний хэргийг хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн 2017 оны 02 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Жамбалсүрэнгийн илтгэснээр тус шүүхийн хуралдааны танхимд хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.Гэрэлмаа, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Лхагважав, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Дэжидмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Жаргалсайхан нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэлийн шаардлага: Ажилд эгүүлэн тогтоолгох тухай.

Нэхэмжлэлийн агуулга: “О.Гэрэлмаа би 2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хөдөлмөрийн хэлтсийн Үйл ажиллагаа, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж ирсэн. 2016 оны 8 дугаар сард Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтэс нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар болон өөрчлөн байгуулагдсантай холбогдуулан 2016 оны 8 дугаар сарын 19-ний Б/07 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсээс чөлөөлж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт шилжүүлсэн. 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтцээр орон тоо цөөрсөн тул 11 дүгээр сарын 03-ны өдрөөс ажлаас чөлөөлж мэдэгдэл өгсөн боловч бүтэц, орон тооны талаар мэдээлээгүй. 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр Үйл ажиллагааны нягтлан бодогчийн ажлыг М.Янжиндуламд Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан ажлыг дараагийн ажилтан томилогдох хүртэл хугацаанд Ч.Оюунхүүд тус тус хүлээлгэн өгсөн. Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дугаартай О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай тушаал өгсөн. О.Гэрэлмаа миний эрхэлж байсан ажил Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын бүтэц, орон тоогоор Үйл ажиллагааны нягтлан бодогч, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сан хариуцсан мэргэжилтэн гэж 2 орон тоо болон задарсан байна. Гэтэл үйл ажиллагааны нягтлан бодогчийн орон тоонд ямар шаардлага, шалгуур тавьж Д.Янжиндуламыг томилсон нь тодорхойгүй, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний орон тоонд надтай нэгдэж байгаа хүн байхгүй, намайг томилох боломжтой байтал ямар шалтгаанаар томилоогүй нь тодорхойгүй. Мөн “Тэтгэмж олгох тухай” тушаал нь ажлаас халагдсан гэж үзэх хууль, эрх зүйн шаардлага хангахгүй байгаа зэрэгт гомдолтой байна. Иймд намайг ажилд эгүүлэн тогтоож өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагчийн тайлбарын агуулга: “2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийн А/22 дугаар тушаалаар Хөдөлмөрийн хэлтсийн үндсэн болон эргэлтийн хөрөнгийг шинээр зохион байгуулагдсан Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт хүлээн авч данс бүртгэлд тусгах ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг томилон ажиллуулсан. Дээрх ажлын хүрээнд Хөдөлмөрийн хэлтсийн ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан О.Гэрэлмаатай холбоотой санхүүгийн олон  зөрчил, дутагдлууд гарсан. Нягтлан бодогч О.Гэрэлмаагийн эдгээр үйлдэл нь байгууллагын эд хөрөнгөд бүртгэлээр тавих хяналтыг сулруулсан, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.4, 13.7, 14.4 дэх хэсэг, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2 дахь заалтуудыг тус тус зөрчиж, Нягглан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.4, 20.2.5, 20.2.6 дахь хэсэгт заасан албан үүргээ хангалтгүй биелүүлсэн гэж үзэж байна. Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Ерөнхий Газрын даргын 2016 оны 09 дүээр сарын 01-ний өдрийн Б/21 тоот тушаалаар шинээр байгуулагдсан Хөдөлмөр халамжийн үйлчилгээний  газар нь 52 орон тоотой байхаар батлагдаж ирсэн бөгөөд Хөдөлмөрийн хэлтсийг 5 орон тоотой байхаар тогтоосон байна. Иймд ажлын байрны шаардлагыг хэн илүү сайн хангаж байгаа, ажилласан жил, ажпын дадлага, туршлага, зөрчил, дутагдал гаргасан байдал, сахилгын шийтгэл хүлээсэн эсэх, ажилдаа хандаж байгаа хандлага зэргийг харгалзан үзэж зохих ажлын байранд томилон ажиллуулж байна. Дээрх зөрчил, дутагдал гаргасан тул О.Гэрэлмааг үйл ажиллагааны нягтлан бодогч, хөдөлмөр эрхпэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр ажиллуулах боломжгүй. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтэн нь төрийн албаны дэс түшмэлийн шалгалтад орж тэнцсэн байх ёстой болно. О.Гэрэлмаа нь төрийн албаны шалгалтад орж тэнцсэн мэдээлэл байхгүй. Иймд О.Гэрэлмаагийн нэхэмжлэлд дурдсан шаардлагыг хангах боломжгүй.” гэжээ.

 

Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01  дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэрээр: “1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч О.Гэрэлмааг Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтний ажилд эгүүлэн тогтоосугай.   2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.5-д заасныг баримтлан нэхэмжлэгч О.Гэрэлмаа нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний газраас улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун мянга/ төгрөг гаргуулж улсын орлогод оруулсугай.” гэж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн давж заалдах гомдлын агуулга: “О.Гэрэлмаа нь ажлаас чөлөөлөгдсөн тэтгэмжээ байгууллагаас авсан нь өөрөө ажлаас чөлөөлөгдсөнийг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг болно. Иргэний хэргийн анхан шатны шүүх нь О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай Б/49 тоот тушаалыг хууль бус гэж үзэж иргэний хэрэг үүсгэсэн мөртлөө, уг тушаалыг хүчингүй болгох шийдвэр гаргаагүй байж О.Гэрэлмааг хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр эгүүлэн тогтоосон хууль зүйн болон агуулгын хувьд зөрчилтэй шийдвэр гаргасан байна. Хөдөлмөр, халамж үйлчилгээний газрын даргын О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай Б/49 тоот тушаал нь агуулгын хувьд захиргааны акт гэж үзэх үндэслэл бий. Захиргааны актыг илт хууль бус гэж үзэж иргэний хэрэг үүсгэх нь иргэний хэргийн анхан шатны шүүхэд харьяалах маргаан биш  байна. О.Гэрэлмаа нь 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн Б/07 тоот аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын тушаалаар үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. О.Гэрэлмааг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ерөнхий нягтлан бодогч, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангийн мэргэжилтнээр томилоогүй шалтгаан нь татан буугдсан хоёр хэлтсийн хөрөнгийн тооллого хийх, хөрөнгө нэгггэх явцад О.Гэрэлмаатай холбоотой Төсвийн тухай хууль, Нягтлан  бодох бүртгэлийн тухай хуулийн холбогдох зүйл заалтуудыг зөрчсөн санхүүгийн ноцтой зөрчил гаргасан нь илэрсэн. Татан буугдсан хөдөлмөрийн хэлтсийн өр, авлагын хагас жилийн тайлан, блансад зөрүүтэй тусгасан, санхүүгийн хуурамч баримт бүрдүүлж зохиомлоор өр үүсгэж төлүүлсэн зэрэг гэмт хэргийн шинжтэй санхүүгийн холбогдох хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн. О.Гэрэлмаа нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан мөртлөө өөрт нь тэтгэмж олгосон Б/49 тоот тушаалыг ямар үндэслэлээр хүчингүй болгуулах талаар нэхэмжлэлийнхээ шаардлагыг дэмжсэн тайлбар гаргаагүй нь хариуцагч талд ойлгомжгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан нотлох байримтыг анхан шатны шүүх үнэлээгүй зэргээс нэг талыг барьсан шийдвэр гарсан гэж үзэж гомдол гаргаж байна.” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан эрх зүйн харилцааг зөв тодорхойлж, Хөдөлмөрийн хуулийн холбогдох зохицуулалтыг хэргийн үйл баримтыг үндэслэн үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан үндэслэл журмын дагуу явуулсан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Хариуцагч Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар давж заалдах шатны шүүхэд ”Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын О.Гэрэлмаад тэтгэмж олгох тухай Б/49 дүгээр тушаал нь агуулгын хувьд захиргааны акт тул  иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх харьяаллын хэрэг биш гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй ба О.Гэрэлмаа нь ажлаас чөлөөлөгдсөнөө хүлээн зөвшөөрч тэтгэмжээ авсан мөртлөө Б/49 дүгээр захирамжийг ямар үндэслэлээр хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийнхээ шаардлага дэмжсэн тайлбар гаргаагүй нь хариуцагч талд ойлгомжгүй, мөн татан буугдсан 2 хэлтсийн хөрөнгийн тооллого хийхэд О.Гэрэлмаатай холбоотой санхүүгийн хуурамч баримт бүрдүүлэн зохиомлоор өр үүсгэж төлүүлэн Төсвийн болон Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль зөрчсөн нь илэрсэн,  нэг талыг барьж шийдвэр гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй” гэж гомдол гаргажээ. 

Хэрэгт авагдсан баримтаар Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын  2013 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн Б/03 дугаар тушаалаар О.Гэрэлмааг захиргаа санхүүгийн албаны үйл ажиллагааны нягтлан бодогчоор /хх 3 дугаар тал/ ажиллуулж байгаад Увс аймгийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын  2014 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/11 дүгээр тушаалаар /хх 4 дүгээр тал/ мөн оны 02 дугаар сарын 03-аас эхлэн ерөнхий нягтлан бодогчоор томилон ажиллуулж, 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн “Ажлаас чөлөөлж, шилжүүлэх тухай”  Б/07 дугаар тушаалын хоёрдугаар  хавсралтын 1-д ерөнхий нягтлан бодохын ажлаас чөлөөлж, цалингийн сангийн хамт шинээр байгуулагдсан Увс аймгийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын мэдэлд шилжүүлэн, /хх 5 дугаар тал/ Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дүгээр тушаалаар /хх 7 дугаар тал/ мөн өдрөөс О.Гэрэлмаад 1 сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгосон үйл баримтууд тогтоогджээ.  

Хөдөлмөрийн тухай хуулийн 37 дугаарзүйлийн 37.1.4-д заасан “эрх бүхий байгууллага шаардсан” 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасан “аж ахуйн нэгж, байгууллага болон түүний салбар, нэгж татан буугдсан, орон тоо хасагдсан, эсхүл ажилтны тоог цөөрүүлсэн” нөхцөл байдал тогтоогдоогүй, мөн санхүүгийн хуурамч баримт үйлдэн, зохиомлоор өр үүсгэн төлүүлж Нягтлан бодох бүртгэлийн болон Төсвийн тухай хууль зөрчсөнийг эрх олгогдсон байгууллага албан тушаалтан шалгаж зөрчлийг тогтоогоогүй, Хөдөлмөр, халамж үйлчилгээний газарт цалингийн сангийн хамт урьд эрхэлж байсан ажил, албан тушаал нь  хоёр болж шилжин ирсэн байхад  О.Гэрэлмаад 1 сарын цалинтай тэнцэх хэмжээний “Ажлаас чөлөөлөгдсөний нэг удаагийн тэтгэмж олгох” тухай Хөдөлмөр, халамжийн  үйлчилгээний газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн Б/49 дүгээр тушаал нь Хөдөлмөрийн тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна.

Нэг талыг барьсан үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр үлдээв.

Хариуцагч Увс аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний  газар нь төсвийн байгууллага тул давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас Улсын тэмдэгтийн хураамжийн  тухай хуулийн 41 дүгээр  зүйлийн 41.1.3-т зааснаар чөлөөлөгдөнө.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн  167.1.1-т  заасныг удирдлага болгож, ТОГТООХ нь:

 

1. Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны  2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 73 дугаар шийдвэрийг хэвээр  үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч Увс  аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар нь давж заалдах гомдол гаргахдаа төлөх улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5, 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар  давж заалдах шатны “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй”, “хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн”, “хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн”, “хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” үндэслэлүүдээр зохигч,гуравдагч этгээд тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.НЯМБАЯР                        

ШҮҮГЧИД                                                       Н.ТУЯА

 

Д.ЖАМБАЛСҮРЭН