| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0686/Э |
| Дугаар | 708 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 708
2020 08 26 2020/ШЦТ/708
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч Э.Б /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Өөлд овгийн Э.Б өд холбогдох эрүүгийн 2011011490749 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Өөлд овгийн Э.Б , 1996 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр Архангай аймгийн Өлзийт суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ерөнхий цэргийн команд мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Баянмонгол хороолол 418-193 тоотод оршин суух,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 367 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт зааснаар 702.000 төгрөгөөр торгох ял,
Сум дундын 1 дүгээр шүүхийн 2015 оны 1 дүгээр сарын 15-ны өдрийн 15 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар нийт 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 8-ны өдрийн 839 дүгээр шийтгэх тогтоолоор 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн, регистрийн дугаар.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23 дугаар гудамжинд хамтран амьдрагчтайгаа хардсаны улмаас 01-97 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр Э.Пүрэвдоржийн хөлийг дайрч эрүүл мэндэд нь 2 шилбэ, зүүн шагайнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх 9-17/,
Хохирогч Э.Пүрэвдорж нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед дүү Сарантулгатай хамт “Алдармөрөн” гэх дэлгүүрт ороод нэг пиво зээлэх гэтэл зээлээгүй юм. Тэгтэл дэлгүүр дотор Баасанжаргал гэх эмэгтэй хэдэн пиво авчихсан нэг пивоо задалчихсан байж байсан. Сарантулга бид хоёр дэлгүүрээс гартал Баасанжаргал гэх эмэгтэй ардаас гарч ирээд “Зээлэхгүй байгаа юм биш үү, гурвуулаа хамт хуваагаад ууя, манай найзынд очъё” гээд Энхжаргал гэх эмэгтэйн гэрт очтол Энхжаргал гэх эмэгтэй уурлаад оруулаагүй юм. Тэгтэл Баасанжаргал “Доошоо буудал оръё, цаг авч ороод энийг ууя” гэж хэлээд Окей 32 буудал руу орсон. Тэнд орж пиво уучхаад гарах гэж байхдаа миний утсаар л яриад байсан. Тэгтэл гаднаас нэг үл таних залуу орж ирээд “Юун залуучууд вэ? Та хоёрыг цагдаа дуудаж өгнө” гээд байхаар нь “Юун цагдаа, сая пиво уучхаад одоо гарах гэж байна” гэж хэлсэн. Ингээд Сарантулга бид хоёр буудлаас гараад гудамж өгсөөд алхаад явж байтал ардаас машинтайгаа ирээд намайг хашаа руу шахаж байгаад миний зүүн хөлөн дээгүүр гараад, ухраад дахиад миний хөлөн дээгүүр гарсан. Тэгээд тэр машин зугтаасан... Хөх цэнхэр өнгийн Приус-20 загварын машин намайг дайраад зугтаасан. Бусдаар цохиж зодсон зүйл бол байхгүй... Би яагаад дайрсныг нь мэдэхгүй байна. Баасанжаргал гэх эмэгтэйтэй хардаад дайрсан гэж бодож байгаа. Намайг дайрах үед Баасанжаргал гэх эмэгтэй урд нь суусан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 20-21/,
Гэрч С.Сарантулга нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...би түрүүлж гараад ардаас Пүүжээ ах гарч ирээд бид 2 гудамж өгсөөд явж байтал ардаас машин хаазлаад ирсэн над руу чиглээд ирсэн бөгөөд би хашаа руу налтал хажуугаар гараад явсан. Дахин ухраад урагшлахдаа Пүүжээ ахыг хашаа руу шахаад зүүн хөл рүү нь мөргөөд ухрахдаа баруун хөлийг нь мөргөсөн. Тэгээд хаазлаад яваад өгсөн. Би Пүүжээ ахаас юу болсон талаар асуутал хөлөн дээр гарчихлаа гэж хэлсэн бөгөөд би түшээд гэр рүү нь оруулж өгөөд харьсан... миний биед гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх 28-29/,
Гэрч Д.Октябрь нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...тэр залуу маш их уурласан, машинаа асаагаад хаазлаад маш хурдан ухарч гараад нөгөө түрүүлж гарсан 2 залуугийн явсан гудамж руу хаазлаад явсан... ер нь бол хардаад байсан... буудал дотор зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 30-31/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6464 дугаартай дүгнэлтэд: “...Э.Пүрэвдоржийн биед 2 шилбэ, зүүн шагайнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинаар мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 33-34/,
Шүүгдэгч Э.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би уурандаа тэр 2 залуугийн араас очтол 1 нь цаашаа гүйгээд явсан. Би тэр үед эхнэрээ тэр 2 залуутай хардаад маш их уурласан болохоор хойно үлдсэн нэг залуугийн хөлийг машинаараа дайрсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 40-41/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 44/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 42/, шүүгдэгч Э.Б өд холбогдох шийтгэх тогтоолын хуулбар /хх 47-60/, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол /62/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 12-ны өдрийн 230 дугаар тогтоол /хх 87/, шүүгдэгч Э.Б ийн гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 85/, хохирогч Э.Пүрэвдорж гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 84/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч Э.Б нь 2020 оны 5 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо Нуурын 23 дугаар гудамжинд хамтран амьдрагч Э.Пүрэвдоржийг хардсаны улмаас 01-97 УБА улсын дугаартай Приус-20 маркийн тээврийн хэрэгслээр түүний хөлийг дайрч эрүүл мэндэд нь 2 шилбэ, зүүн шагайнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хяналтын камерын бичлэгт үзлэгт хийсэн тэмдэглэл /хх 9-17/, хохирогч Э.Пүрэвдоржийн “...2020 оны 5 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн үед дүү Сарантулгатай хамт “Алдармөрөн” гэх дэлгүүрт ороод нэг пиво зээлэх гэтэл зээлээгүй юм. Тэгтэл дэлгүүр дотор Баасанжаргал гэх эмэгтэй хэдэн пиво авчихсан нэг пивоо задалчихсан байж байсан. Сарантулга бид хоёр дэлгүүрээс гартал Баасанжаргал гэх эмэгтэй ардаас гарч ирээд “Зээлэхгүй байгаа юм биш үү, гурвуулаа хамт хуваагаад ууя, манай найзынд очъё” гээд Энхжаргал гэх эмэгтэйн гэрт очтол Энхжаргал гэх эмэгтэй уурлаад оруулаагүй юм. Тэгтэл Баасанжаргал “Доошоо буудал оръё, цаг авч ороод энийг ууя” гэж хэлээд Окей 32 буудал руу орсон. Тэнд орж пиво уучхаад гарах гэж байхдаа миний утсаар л яриад байсан. Тэгтэл гаднаас нэг үл таних залуу орж ирээд “Юун залуучууд вэ? Та хоёрыг цагдаа дуудаж өгнө” гээд байхаар нь “Юун цагдаа, сая пиво уучхаад одоо гарах гэж байна” гэж хэлсэн. Ингээд Сарантулга бид хоёр буудлаас гараад гудамж өгсөөд алхаад явж байтал ардаас машинтайгаа ирээд намайг хашаа руу шахаж байгаад миний зүүн хөлөн дээгүүр гараад, ухраад дахиад миний хөлөн дээгүүр гарсан. Тэгээд тэр машин зугтаасан... Хөх цэнхэр өнгийн Приус-20 загварын машин намайг дайраад зугтаасан. Бусдаар цохиж зодсон зүйл бол байхгүй... Би яагаад дайрсныг нь мэдэхгүй байна. Баасанжаргал гэх эмэгтэйтэй хардаад дайрсан гэж бодож байгаа. Намайг дайрах үед Баасанжаргал гэх эмэгтэй урд нь суусан байсан юм...” гэх мэдүүлэг /хх 20-21/, гэрч С.Сарантулгын “...би түрүүлж гараад ардаас Пүүжээ ах гарч ирээд бид 2 гудамж өгсөөд явж байтал ардаас машин хаазлаад ирсэн над руу чиглээд ирсэн бөгөөд би хашаа руу налтал хажуугаар гараад явсан. Дахин ухраад урагшлахдаа Пүүжээ ахыг хашаа руу шахаад зүүн хөл рүү нь мөргөөд ухрахдаа баруун хөлийг нь мөргөсөн. Тэгээд хаазлаад яваад өгсөн. Би Пүүжээ ахаас юу болсон талаар асуутал хөлөн дээр гарчихлаа гэж хэлсэн бөгөөд би түшээд гэр рүү нь оруулж өгөөд харьсан... миний биед гэмтэл шарх учраагүй...” гэх мэдүүлэг /хх 28-29/, гэрч Д.Октябрийн “...тэр залуу маш их уурласан, машинаа асаагаад хаазлаад маш хурдан ухарч гараад нөгөө түрүүлж гарсан 2 залуугийн явсан гудамж руу хаазлаад явсан... ер нь бол хардаад байсан... буудал дотор зодолдсон асуудал байхгүй...” гэх мэдүүлэг /хх 30-31/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч эмчийн 2020 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 6464 дугаартай “...Э.Пүрэвдоржийн биед 2 шилбэ, зүүн шагайнд зулгаралт, зүүн гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр тухайлбал автомашинаар мөргөх үед үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой...” гэх дүгнэлт /хх 33-34/, шүүгдэгч Э.Б ийн “...Би уурандаа тэр 2 залуугийн араас очтол 1 нь цаашаа гүйгээд явсан. Би тэр үед эхнэрээ тэр 2 залуутай хардаад маш их уурласан болохоор хойно үлдсэн нэг залуугийн хөлийг машинаараа дайрсан. Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялыг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 40-41/, зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Э.Пүрэвдорж нь “...гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч Э.Б ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч Э.Б ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 нэгж буюу 500.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч Э.Б нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б өд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Өөлд овгийн Э.Б ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б өд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч Э.Б нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б өд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН