| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2020/0688/Э |
| Дугаар | 710 |
| Огноо | 2020-08-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Хулан |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 26 өдөр
Дугаар 710
2020 08 26 2020/ШЦТ/710
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Мөнхдэлгэр,
улсын яллагч Ц.Хулан,
шүүгдэгч С.О /өмгөөлөгчгүй оролцох хүсэлт гаргасан/ нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Боржигон овгийн С.Од холбогдох эрүүгийн 2011000000739 дугаартай хэргийг 2020 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Боржигон овгийн С.О, 1991 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 29 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 13 дугаар хороо Рашааны 13-686 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар РМ91050809.
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/;
Шүүгдэгч С.О нь 2020 оны 6 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунсувдтай маргалдан үснээс нь үсдэж, түлхэж унагаан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч С.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх 7/,
Хохирогч Б.Оюунсувд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны үүрийн 02-03 цагийн үед миний нөхөр Жадамбаа жоохон халамцуу гэрт орж ирээд “Хашааны үүдэнд машинтай мөргөлдчихлөө, гараад ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад яваад очсон чинь гудамжинд манай машин нэг машинтай зэрэгцээд зогсчихсон байсан. Тэгээд юу болсон талаар би асуусан чинь Верна маркийн машины жолооч ах “Зүгээрээ ахын дүү толь хэсгээрээ жоохон шүргэчихсэн байна яв яв” гэсэн чинь тэр машинаас үл таних 2 согтуу эмэгтэй, 1 эрэгтэй буугаад ирчихсэн Жадамбаатай маргалдаад үл таних согтуу ах Жадамбааг түлхээд байхаар нь очиж салгаад зогсож байтал Отгон гэх эмэгтэй манай машины түлхүүрийг авчихсан, цагдаа дуудна гээд намайг түлхээд холдуулсан гэтэл үл таних согтуу ах Жадамбааг түлхээд байхаар нь би очиж холдуулсан чинь Отгон гэх эмэгтэй шууд миний үснээс зулгаагаад доошоо дарсан гэтэл Верна маркийн машины жолооч ах Жадамбаа хоёр Отгоныг надаас салгасан. Тэгэхээр нь Жадамбаа бид 2 өөрсдийн машинаа шинэ 103 эмнэлгийн зогсоол дээр тавьчхаад алхаж явтал Отгон гэх эмэгтэй хүрч ирээд бид хоёрыг явуулахгүй гээд үсчиж байгаад намайг түлхсэн чинь би хойшоо саваад унасан Жадамбаа намайг хамгаалаад цаашаа түлхсэн. ...Миний биед учирсан умайн доргилт гэмтэл Отгон гэх эмэгтэй намайг үсдээд газар өвдөглүүлж унагаах үед, урдаас түлхээд хойш саваад унах үед үүссэн гэмтэл гэж бодож байна учир нь 2020 оны 6 сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч маань “Бүх зүйл хэвийн байна” гэж надад хэлсэн, надад ямар ч зовуурь байгаагүй гэтэл 2020.6.12-ны үүрээр газар унасны дараа хэвлий 2 талаас хатгаж өвдөөд алхаж чадахгүй байсан одоо бол эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа. Харин зулайн хуйхны үс халцрал гэмтэл нь намайг Отгон үстээд газар дарах үед үүссэн...” гэх мэдүүлэг /хх 11/,
Гэрч Б.Жадамбаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Отгон Оюунсувдыг үснээс нь зулгаагаад доошоо дарсан тэгээд би салгах гэтэл үсийг нь ороож барьчхаад тавихгүй байхаар нь вернагийн жолооч ах бид 2 Отгоныг Оюунсувдаас салгаад зогсож байтал удалгүй цагдаа ирээд намайг машинаа хол тавьчих гэхээр нь Оюунсувд бид 2 машинаа зайтай байрлуулаад алхаж явтал Отгон гэх эмэгтэй би цагдаа дуудна гомдолтой байна гээд орилоод байхаар нь түлхчихсэн чинь би цагдаа дуудна гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх 21/,
Гэрч О.Батгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 6 сарын 11-ний оройн 12 цагийн үед би гэрээсээ ус авах гээд машинтайгаа явж байтал Чингэлтэйн жалганы буудал дээрээс 2 эмэгтэй, 1 эрэгтэй аваад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Өнө баарны арын гудамж руу таксинд явж байтал 6783 УБН улсын дугаартай приус-20 маркийн машин маш хурдтай өнгөрөөд миний толийг шүргээд хумихаар нь би зогсоод цонхоороо приусын жолоочийн талын толийг тогшоод “Яаж яваад байгаа юм бэ ахын дүү цаашаа дараад явахгүй бол шүргэх гээд байна” гэсэн чинь жолооч нь бууж ирээд “Та яагаад намайг мөргөчихсөн юм бэ” гэсэн чинь ард сууж явсан Отгон /сүүлд нэрийг нь мэдсэн/ машинаас буугаад “Чи яаж яваад байгаа юм согтуу байгаа юм уу” гэсэн чинь приус машины жолооч Отгоныг үг хэлээр доромжлоод “Би жолоочтой ярьж байна” гэж байгаад нэг нийтийн байр руу ороод буцаж гарч ирэхдээ эхнэрээ дагуулаад гарч ирээд машинаа хөдөлгөх гэсэн чинь Отгон машины түлхүүрийг нь авчхаад өгөхгүй хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад приус машины жолооч Жадамбаа /сүүлд нэрийг нь мэдсэн/ Отгоныг түлхэж унагаад хойноос нь татаад байсан чинь жолоочийн эхнэр нь Оюунсувд /сүүлд нэрийг нь мэдсэн/ Отгоны урдаас очоод тэр хоёрыг салгах гэж байтал гэж байтал Отгон Оюунсувдын үснээс нь зулгаагаад тэр гурав газраар нэг юм болоод байхаар нь би очиж салгасан. Жадамбаа гэх залуу машинаа хөдөлгөөд гудамж эргээд явсан чинь Отгон араас нь очоод тэр 3 дахиад тэнд маргалдаад нэг юм таг гээд дуу гарахаар нь би яваад очсон чинь газар нэг утас хэвтэж байхаар нь Оюунсувдад өгчхөөд би өөрөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6962 дугаар шинжээчийн дүгнэлтэд: “...Б.Оюунсувдын биед умайн доргилт, зулайн хуйхны үс халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Умайн доргилт гэмтэл нь хүн түлхэх болон өөрөө унах үеийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс зулайн хуйхны үс халцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 25/,
Шүүгдэгч С.О нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2020 оны 6 дугаар сарын 12-ны үүрээр Жадамбаатай маргалдаад зогсож байхад Оюунсувд нь дундуур орж ирээд үс нь гарт орооцолдоод татагдаад газар 4 хөллөөд унасан тэгэх үед үүссэн байх гэж бодож байна. ...Надад сонсгож байгаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зүйл ангийг хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хх 39/,
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх 43/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх 44/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх 45/, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх 64/, Чингэлтэй дүүргийн прокурорын газрын хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх тухай 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 606 дугаар тогтоол /хх 87/, шүүгдэгч С.Оы гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 67/, хохирогч Б.Оюунсувдын гаргасан хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт /хх 68/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч С.О нь 2020 оны 6 дугаар сарын 11-12-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.Оюунсувдтай маргалдан үснээс нь үсдэж, түлхэж унагаан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Б.Оюунсувдын “...2020 оны 6 дугаар сарын 12-ны үүрийн 02-03 цагийн үед миний нөхөр Жадамбаа жоохон халамцуу гэрт орж ирээд “Хашааны үүдэнд машинтай мөргөлдчихлөө, гараад ирээч” гэхээр нь би гэрээсээ гараад яваад очсон чинь гудамжинд манай машин нэг машинтай зэрэгцээд зогсчихсон байсан. Тэгээд юу болсон талаар би асуусан чинь Верна маркийн машины жолооч ах “Зүгээрээ ахын дүү толь хэсгээрээ жоохон шүргэчихсэн байна яв яв” гэсэн чинь тэр машинаас үл таних 2 согтуу эмэгтэй, 1 эрэгтэй буугаад ирчихсэн Жадамбаатай маргалдаад үл таних согтуу ах Жадамбааг түлхээд байхаар нь очиж салгаад зогсож байтал Отгон гэх эмэгтэй манай машины түлхүүрийг авчихсан, цагдаа дуудна гээд намайг түлхээд холдуулсан гэтэл үл таних согтуу ах Жадамбааг түлхээд байхаар нь би очиж холдуулсан чинь Отгон гэх эмэгтэй шууд миний үснээс зулгаагаад доошоо дарсан гэтэл Верна маркийн машины жолооч ах Жадамбаа хоёр Отгоныг надаас салгасан. Тэгэхээр нь Жадамбаа бид 2 өөрсдийн машинаа шинэ 103 эмнэлгийн зогсоол дээр тавьчхаад алхаж явтал Отгон гэх эмэгтэй хүрч ирээд бид хоёрыг явуулахгүй гээд үсчиж байгаад намайг түлхсэн чинь би хойшоо саваад унасан Жадамбаа намайг хамгаалаад цаашаа түлхсэн. ...Миний биед учирсан умайн доргилт гэмтэл Отгон гэх эмэгтэй намайг үсдээд газар өвдөглүүлж унагаах үед, урдаас түлхээд хойш саваад унах үед үүссэн гэмтэл гэж бодож байна учир нь 2020 оны 6 сарын 4-ний өдөр Сүхбаатар дүүргийн нэгдсэн эмнэлэгт очиж үзүүлэхэд эмч маань “Бүх зүйл хэвийн байна” гэж надад хэлсэн, надад ямар ч зовуурь байгаагүй гэтэл 2020.6.12-ны үүрээр газар унасны дараа хэвлий 2 талаас хатгаж өвдөөд алхаж чадахгүй байсан одоо бол эмчилгээ хийлгээд гайгүй болж байгаа. Харин зулайн хуйхны үс халцрал гэмтэл нь намайг Отгон үстээд газар дарах үед үүссэн...” гэх мэдүүлэг /хх 11/, гэрч Б.Жадамбаагийн “...Отгон Оюунсувдыг үснээс нь зулгаагаад доошоо дарсан тэгээд би салгах гэтэл үсийг нь ороож барьчхаад тавихгүй байхаар нь вернагийн жолооч ах бид 2 Отгоныг Оюунсувдаас салгаад зогсож байтал удалгүй цагдаа ирээд намайг машинаа хол тавьчих гэхээр нь Оюунсувд бид 2 машинаа зайтай байрлуулаад алхаж явтал Отгон гэх эмэгтэй би цагдаа дуудна гомдолтой байна гээд орилоод байхаар нь түлхчихсэн чинь би цагдаа дуудна гээд орилоод байсан...” гэх мэдүүлэг /хх 21/, гэрч О.Батгэрэлийн “...2020 оны 6 сарын 11-ний оройн 12 цагийн үед би гэрээсээ ус авах гээд машинтайгаа явж байтал Чингэлтэйн жалганы буудал дээрээс 2 эмэгтэй, 1 эрэгтэй аваад Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хороо Өнө баарны арын гудамж руу таксинд явж байтал 6783 УБН улсын дугаартай приус-20 маркийн машин маш хурдтай өнгөрөөд миний толийг шүргээд хумихаар нь би зогсоод цонхоороо приусын жолоочийн талын толийг тогшоод “Яаж яваад байгаа юм бэ ахын дүү цаашаа дараад явахгүй бол шүргэх гээд байна” гэсэн чинь жолооч нь бууж ирээд “Та яагаад намайг мөргөчихсөн юм бэ” гэсэн чинь ард сууж явсан Отгон /сүүлд нэрийг нь мэдсэн/ машинаас буугаад “Чи яаж яваад байгаа юм согтуу байгаа юм уу” гэсэн чинь приус машины жолооч Отгоныг үг хэлээр доромжлоод “Би жолоочтой ярьж байна” гэж байгаад нэг нийтийн байр руу ороод буцаж гарч ирэхдээ эхнэрээ дагуулаад гарч ирээд машинаа хөдөлгөх гэсэн чинь Отгон машины түлхүүрийг нь авчхаад өгөхгүй хоорондоо маргалдаад хэрэлдэж байгаад приус машины жолооч Жадамбаа /сүүлд нэрийг нь мэдсэн/ Отгоныг түлхэж унагаад хойноос нь татаад байсан чинь жолоочийн эхнэр нь Оюунсувд /сүүлд нэрийг нь мэдсэн/ Отгоны урдаас очоод тэр хоёрыг салгах гэж байтал гэж байтал Отгон Оюунсувдын үснээс нь зулгаагаад тэр гурав газраар нэг юм болоод байхаар нь би очиж салгасан. Жадамбаа гэх залуу машинаа хөдөлгөөд гудамж эргээд явсан чинь Отгон араас нь очоод тэр 3 дахиад тэнд маргалдаад нэг юм таг гээд дуу гарахаар нь би яваад очсон чинь газар нэг утас хэвтэж байхаар нь Оюунсувдад өгчхөөд би өөрөө яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх 23/, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн №6962 дугаар “...Б.Оюунсувдын биед умайн доргилт, зулайн хуйхны үс халцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Учирсан гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Умайн доргилт гэмтэл нь хүн түлхэх болон өөрөө унах үеийн аль ч үед үүсэх боломжтой. Дээрх гэмтлээс зулайн хуйхны үс халцрал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй...” гэх дүгнэлт /хх 25/ зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хохирогч Б.Оюунсувд нь “...гэм буруу болон хохирлын маргаангүй болсон гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг арилсан, шүүгдэгч С.Оыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
Иймд шүүх шүүгдэгч С.Оыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байх тул шүүгдэгчийн улсын яллагчтай тохиролцсоноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгийн торгох ял шийтгэв.
Шүүгдэгч С.О нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудсаар цагдаагийн байгууллагын мэдээллийн санд бүртгэлгүй байх ба шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд байдал, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдав.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Од оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 90 хоногийн хугацаанд төлөхийг тайлбарлаж, уг торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг тайлбарлав.
Шүүгдэгч С.О нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн С.Оыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Оыг 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.О нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч С.О нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Од авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН