Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 25 өдөр

Дугаар 2020/ШЦТ/70

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч И.Б нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт И.ийн Бд холбогдох эрүүгийн 2017000000072 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1988 оны 11 дүгээр сарын 19-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 32 настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Говьсүмбэр аймаг Сүмбэр сум, 2 дугаар баг Уулзварын .............. тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй гэх, Б. овогт И.ийн Б /РД:........../

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-227 тоот хашааны гадаа иргэн Д.Стай маргалдан түүний хоолойг гараараа боох, толгойн ар хэсгээр хашаа мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч И.Б нь 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Уулзварын 2-227 тоот хашааны гадаа иргэн Д.Стай маргалдан түүний хоолойг гараараа боох, толгойн ар хэсгээр хашаа мөргүүлэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч И.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр хөдөө явж ирээд эмээгийндээ хонь хийгээд байж байсан. Манай эхнэр дээр хүмүүс андуурч ирээд мөнгө нэхэж маргалдсан байсан. Заамдаж  аваад цохисон байсан. Тэгээд манай эхнэр намайг дуудаад би очсон. Тэгэхэд 2 эмэгтэй, 1 эрэгтэй хүн байсан. Тэгээд эрэгтэйг нь барьж аваад хүзүүг нь шахаж хашаа руу түлхсэн. Хохирогчид хохирол төлбөрт 300 000 төгрөг өгсөн гэв.

 

Хохирогч Д.С мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тэгтэл Б нөгөө улаан цамцтай эмэгтэй нар хоорондоо хэрэлдээд орилолдоод эхэлсэн. Тэгэхээр нь би машинаас буугаад очтол Б улаан цамцтай хүүхэнтэй хэрэлдээд бие биенийгээ түлхэлцээд байхаар нь  би дундуур нь орж салгаад та нар хүн андуурсан байна, тайвшраад ойлгоцоод ярилцаач гэж хэлсэн. Тэгтэл улаан цамцтай эмэгтэй утсаар нэг хүнрүү залгаад намайг аллаа хурдан ир гээд нэг хүнийг дуудаад байсан. Тэгээд байж байтал улаан цамцтай эмэгтэйн нөхөр нь гээд хар фудволктой залуу мөн бас хар хөх өнгийн цамцтай бакал өмссөн залуутай Портер машинтай ирсэн. Тэгээд нөгөө хар фудволктой залуу машинаас “хэн миний эхнэрийг алах гээд байгаа юм” гээд орилоод буугаад ирсэн. Тэгээд миний хажууд зогсож байсан Аыг цээж хэсэг рүү нь 2 гараараа 1 удаа түлхсэн. Тэгээд нөгөө залуу шууд надруу хүрч ирээд хүзүүнээс гараараа бариад хашааруу шахаад боосон. Би тэр үед дуугарч чадахгүй байсан. Тэгтэл хамт ирсэн хөх цамцтай залуу бид хоёрыг салгах гэж дундуур орж ирээд миний гарыг барьчихсан. Тэгтэл Б улаан цамцтай эмэгтэй нар биднийг салгасан. Тэгтэл тэр залуу цаашаа эргээд блок аваад надруу шидсэн боловч оноогүй, тэр үед Б машин дээр оччихсон  байхаар нь би машинруугаа очтол хар фудволктой залуу миний машинд байсан алхыг аваад надруу дайрахаар нь би машинд байсан отвёркыг аваад алхны өөдөөс далайсан чинь хөх цамцтай залуу нөгөө залууг цамцнаас нь татаад цаашаа аваад явсан... Б миний хохирол төлбөрт 300 000 төгрөг өгсөн, надад одоо гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 7-8, 20-22-р тал/

 

 Гэрч Д.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Маргалдаж байгаад Э утсаар нэг хүнрүү залгаад “намайг энд 3 хүн зодоод алах гэж байна цамц ураад хаячихлаа” гээд худлаа хэлээд дуудсан. Удаагүй Портер машинтай одоо энэ Б, Т гэх залуучууд хүрээд ирсэн. Б нь Эгийн нөхөр юм байна лээ. Б машинаас согтуу бууж ирээд “та нарыг 1 секунт ч болгохгүй ална” гээд дайрсан. Хамт ирсэн Т нь ч согтуу байсан. Тэгэхээр нь би өмнүүр нь ороод учрыг нь хэлэх гэтэл намайг сонсох сөхөө байхгүй Б 2 гараараа миний цээжрүү түлхээд Сыг багалзуурдаад хашааруу түлхээд толгойгоор нь хашаа мөргүүлсэн. Голоор нь Т ороод Сын гарыг барьсан байсан. Б, Э нар Быг салгаж авсан. Тэгтэл Б газраас том блок аваад Слуу шидсэн боловч оноогүй. Т Сын гуяруу нэг удаа өшиглөсөн... гэх мэдүүлэг /хх-ийн 24-25-р тал/

 

Гэрч Д.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Говьсүмбэр аймагт дэлгүүр ажиллуулдаг Н гэх хүнд 2 800 000 төгрөгний бараа зээлүүлсэн боловч Н миний мөнгийг өгөхгүй, утас нь холбогдохгүй байсан. Тэгээд Нтэй уулзаж барааныхаа мөнгийг авахаар 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн төрсөн эгч А, манай ажилтан С, Батзаяа нарын хамт Улаанбаатар хотоос Чойрт ирээд Нийг сурагласан боловч Малхын тал гэх газар нүүсэн байсан.  Тэгээд сурагласаар байгаад Малхын талд байх Нийн гэрт очиход 10 орчим насны хүүхэд манай ээж та нартай зөрөөд саяны хар машиныг жолоодоод явсан хурдан явбал гүйцнэ гэсэн.  Тэгээд араас нь явсаар байгаад Чойрт ирээд алдсан. Нийн дэлгүүр болох дэнжийн Андууд дэлгүүрийн өөдөөс харсан дэлгүүрийн гадаа зогсож байтал нөгөө хар машинтай хүмүүс хажуугаар гараад явахаар нь гэрлээрээ дохитол зогсоогүй. Тэгээд араас нь явсаар байгаад 227 дугаартай хашааны гадаа зогсохоор нь бид нар очоод машины хаалгыг нээгээд “Н мөн үү, мөнгөө авья”  гэсэн чинь “юун мөнгө вэ” гээд өөдөөс уурлаад хэрэлдсэн. Би Эг эхлээд Н байна гэж андуураад маргалдсан. Тэгтэл Э утсаар хэн нэгнийг дуудаад удалгүй хар фудволктой залуу бас нэг залуугийн хамт ирээд “хэн манай эхнэрийг зодох гээд байгаа юм бэ ална та нарыг” гэсэн. Тэгээд бид нартай хамт явж байсан Сын хүзүүнээс гараараа бариад хашааруу шахсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

 

 Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдөр өөрийн эзэмшлийн 72-79 УБЕ улсын дугаартай  тээврийн хэрэгсэлтэй Малхын талаас нөхөр 3 хүүхэд, хадам ээж мөн хадам  эгч Нийн хамт Чойрт ирсэн.Тэгээд хадам ээж, эгч хоёрыг гэрт нь буулгаж өгчихөөд гэрийнхээ хашааны үүдэнд иртэл саарал өнгийн машинтай хүмүүс миний машиныг шахаад зогссон. Тэр машинаас ягаан цамцтай эмэгтэй бууж ирээд “хөөе Нээ чи мөнгөө төл” гэхээр нь “би Н биш та хүн андуураад байна” гэж хэлчихээд гэрлүүгээ орох гэтэл “чи тэгвэл хамтран идсэн гар юм байна л даа” гэж хэлээд надруу салаавч гаргаад байсан. Тэгээд би нөхөрлүүгээ залгаад энд хүмүүс намайг хүнтэй андуураад зодох гээд байна хурдан ир гэж хэлсэн. Тэгтэл удалгүй манай нөхөр Б, хадам ах Т нар хүрээд ирсэн. Тэр үед би нөхөртөө болсон явдлын талаар ярихад манай нөхөр уурлаад нөгөө эмэгтэйтэй хамт байсан эрэгтэй хүнрүү дайраад тэр хүний хоолойноос нь шахаад хашааруу түлхэж байгаа харагдсан... гэх мэдүүлэг /хх-ийн 28-29-р тал/

 

Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 221 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд:

  • Д.Сын биед тархи доргилт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.
  • Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой.
  • Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  • Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Говьсүмбэр аймгийн шинжилгээний албаны шинжээч эмч Б.С гэжээ. /хх-ийн 11-р тал/

 

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46-р тал/

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.С, гэрч Д.Б, Д.А, О.Э нарын мэдүүлэг болон яллагдагчийн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогчийн биед хөнгөн хохирол учирсан талаарх шүүх эмнэлгийн 2020 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн №221 дугаартай дүгнэлт, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх талаар хохирогч, яллагдагч нарын хүсэлт зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000000072 дугаартай хэрэгт битүүмжилсэн зүйлгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4, 17.5 дугаар зүйлийн 8, 9 дүгээр хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Боржигон овогт И-ийн Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Шүүгдэгч И.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 / дөрвөн зуун тавин мянга / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч И.Бд оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч И.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч И.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт иргэний бичиг баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч И.Бд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ