| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0067/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/72 |
| Огноо | 2020-08-31 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 08 сарын 31 өдөр
Дугаар 2020/ШЦТ/72
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга П.Энхбат,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Ц.М нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Б. овогт Ц.ийн Мт холбогдох эрүүгийн 2017000000075 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 06 дугаар сарын 13-нд Дорноговь аймгийн Сүмбэр суманд төрсөн, 28 настай, тусгай дунд боловсролтой, сантехникийн гагнуурчин мэргэжилтэй, хувиараа жонш шуудайлдаг, ам бүл 4, 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рашааны ......... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Б. овогт Ц.ийн М /РД: ........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рашаантын 105 тоотод байх гэртээ 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн гуян тус газар нь хутгаар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ц.М нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг Рашаантын 105 тоотод байх гэртээ 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдөр хамтран амьдрагч Б.Бтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар зүүн гуян тус газар нь хутгаар 1 удаа хутгалж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Ц.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр гурвуулаа 1 шил Болор архи хувааж уусан байсан. Яг юунаас болж маргалдсанаа сайн мэдэхгүй байна. Нэг ухаан ороход гуянаас нь цус гарч байсан. Тэгээд би ээжийгээ дуудсан. Ийм хэрэг хийсэндээ маш их гэмшиж, өөрийгөө буруутгаж байна. Дахин ийм алдаа гаргахгүй гэв.
Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 08 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө манай хамаатны ах Т ах манайд ирж хоносон юм. Маргааш өглөө босоход Т ах нэрийг нь мэдэхгүй 0,75 литрийн тал шил архи гаргаад уугаад сууж байсан. Т Сайнаа гэх ахруугаа яриад 100 000 төгрөг шилжүүлж авсан. Тэгээд надаар машин бариулаад Дэнжийн Андууд дэлгүүрийн өөдөөс харсан дэлгүүрээс 2 шил 0,75 литрийн архи аваад гарч ирсэн. Тэгээд буцаад манай гэрт ирсэн. Намайг усанд орчихоод гараад ирэхэд Болор нэртэй архийг Т М 2 талд нь ортол уусан байсан. Т ах намайг наашаа суу гурвуулаа буу халья гэсэн. Тэгээд би тэр хоёрын хажууд очоод суусан. Тэгээд юм ярингаа бид гурав Болор архийг ууж дуусгасан. Тэгээд байж байтал Т ахыг найз нь ирээд аваад явсан. Би эгчийнхээ гэрлүү явлаа гэсэн чинь М явуулахгүй гээд уурлаад байсан. Би зээлэнд өгөх 250 000 төгрөгийг М үрчихэж магадгүй гэж бодоод халаасандаа хийгээд гар утсаа аваад гарах гээд гал тогооны өрөөнд ус уугаад зогсож байсан чинь М хоолны шкафны хажууд адууны гэдэс идээд зогсож байснаа миний урд ирээд хутгаар зүүн гуяны гадна хэсэгт дүрчихсэн. Тэгээд зүүн гуянаас цус гарсан. М ээж Дэлгэрлүүгээ утсаар залгаад би Батзолбоог хутгалчихлаа хүрээд ир гэсэн. Хадам ээж ирээд эмнэлэг дуудсан...” гэх мэдүүлэг /хх-15-р тал/,
Гэрч А.А мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: М их ажилсаг залуу байгаа юм. Эхнэр хүүхдийн хамт Рашааны 105 тоотод амьдардаг. Хүнд тусархуу хаана ажил төрөл байна тэнд л явж байдаг хүн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 248 дугаартай дүгнэлтэд:
- Б.Бгийн биед зүүн гуянд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтэл нь иртэй зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Б.С гэх дүгнэлт /хх-ийн 22-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Ц.М нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 33-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017000000075 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 13 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц-ийн Мийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Ц.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Мт оногдуулсан 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Ц.Мт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Ц.М нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй болохыг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хүрэн өнгийн модон иштэй 13 см урттай хутга 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.
7. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
8. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Мт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ