Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 08 сарын 31 өдөр

Дугаар 2020/ШЦТ/73

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

        нарийн бичгийн дарга Г.Энхжаргал,

        улсын яллагч Ш.Батсүх,

        шүүгдэгч Ж.А, түүний өмгөөлөгч С.Ганбат,

        шүүгдэгч О, түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

        Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Хулд овогт Жаргалсайханы А, Баатар овогт Эрдэнэбаатарын О нарт холбогдох 2017001130071 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

 

        Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Говь-Угтаал суманд  1988 оны 03 дугаар сарын 28-ны өдөр төрсөн, 32 настай, эмэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, нөхөр хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын             6 дугаар баг, ....... гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх, Б. овогт Э-ын О /РД:........../

 

        Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Дундговь аймгийн Луус суманд 1987 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр төрсөн, 33 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, компьютерийн операторчин мэргэжилтэй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6 дугаар баг, ........ гэх газар оршин суух, Х. овогт Ж-ы А /РД:......./,

        Урьд 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Говьсүбмэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 17 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэгт зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж байсан гэх,

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч О нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар иргэн Ж.Атай худаг түгжлээ гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний толгой болон зүүн чихэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

        Яллагдагч Ж.А нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар иргэн Отэй худгаас шөнөөр ус авлаа гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний зүүн бугалга хэсэгт бетоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч О нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар иргэн Ж.Атай худаг түгжлээ гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний толгой болон зүүн чихэн тус газар гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан,

        Шүүгдэгч Ж.А нь 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдөр Сүмбэр сумын 6 дугаар багийн нутаг дэвсгэр Мухар гэх газар иргэн Отэй худгаас шөнөөр ус авлаа гэх асуудлаас болж маргалдан улмаар түүний зүүн бугалга хэсэгт бетоноор цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:

 

1. Шүүгдэгч О шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тэр өдөр худаг түгжсэн асуудлаас болж Атай маргасан. Аын зүүн чихний хэнгэрэг цоорсон нь миний үйлдлээс болж тэгсэн байх. Би гараараа цохисон юм. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

2. Шүүгдэгч Ж.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр худаг түгжсэн асуудлаас болж маргаан гарсан. Эхлээд багийн засаг дарга Од отрын айл их нүүж ирж байгаа тул худаг түгжих талаар үүрэг өгсөн байсан. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын малчид манай тэнд отроор их ирсэн байсан. Тэгээд Огийнд байсан түлхүүрийг отрын айлууд авч шөнө ус зөөж малаа услаад байсан. Тэгэхээр нь манай нутгийн Ө гэх өвгөн өөрийнхөө авдрын цоожоор худгийг түгжсэн байхаар нь би гэрээсээ том цоож авч ирээд түгжсэн. Нутгийн айлууд 21 цагаас цоожилж өглөө 4 цагт нээхээр тохиролцсон юм. Түүнийг Огийнх мэдээгүй гэсэн. Тухайн өдөр би орой 21 цагийн үед худгийг түгжих гэж очоод маргаан болсон. Буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

3. Хохирогч Ж.А мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ:... Би Отэй маргалдаж байтал О намайг үсдээд бариад авсан. Нэг гараараа миний үснээс татаад нөгөө гараараа миний толгой болон зүүн чихрүү цохисон... Бид 2 хоорондоо эвлэрсэн, одоо Огээс нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 10-11, 106-р хуудас/

4. Хохирогч О мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: ... бугалга хэсэгрүү цохисон. Бетон нь ойгоод миний толгойруу цохисон... Бид 2 хоорондоо эвлэрсэн, Ааас нэхэмжлэх зүйл болон гомдол санал байхгүй...гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-17, 105-р хуудас/

 

5. Гэрч А.Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: Манайх Сүмбэр сумын 6-р баг Төлгөн гэх газар нутаглаж байгаа юм. Тухайн орчимд нутаглаж байгаа айлууд Мухар гэх газар байх худгаас амны усаа авдаг мөн малаа усалдаг юм. Энэ жил отрын айлууд их байсан учраас худгийн даац хэтрээд ус нь шавхагдаад байсан. Отрын айлууд шөнөдөө ус зөөгөөд өдөртөө мал услаад худгийг шавхаад байдаг байсан. Тэгээд тэр хавийн айлууд ярилцаж тохироод худгийг цоожилж байхаар болсон. 2020 оны 06 дугаар сарын 19-ний орой 21 цагийн үед худаг цоожилхоор очиход О ирчихсэн 1 тонны саванд ус аваад байж байсан. Мөн эхнэр О нь жижиг суудлын машинтай ирсэн байсан. Би очоод Оаас ус хэр байна гэж асуухад О юу ч байхгүй шавхагдсан байна гэхээр нь би өдөржингөө мал уугаад байгаа юм чинь шавхагдах нь аргагүй, одоо цоожилохгүй бол мал уух ямар ч усгүй болно гэж хэлсэн. О би энэ нутгийн хүн энэ худгаас хэдэн тонн ус авсан ч яадгийн гээд хараагаад эхэлсэн. Би Оад хандаад бид нарт том тонны сав байхгүй, шөнө усаа худагтаа нөөцөлж байгаад өглөө мал услахаас өөр арга байхгүй ш дээ гэж учирлаж хэлсэн. Тэгээд О болон манай эхнэр А бид 3 маргалсан. Тэгээд би сүүлдээ эхнэртээ хандаад хая хая явья гээд мотоцикльтойгоо хөдлөх гэж байхад Оын эхнэр О жижиг машинаасаа бууж ирээд ус хорилоо гэх утгатай зүйл яриад манай эхнэртэй маргалдсан. О надад хандаад энэ 2 эндээ зодолдог, хоёулаа эндээс холдоод зодолдьё гээд байсан. Тэгээд нэг харахад О Аыг үсдээд толгойруу нь цохиод байгаа харагдсан. Би наанаас нь очоод салгах гэтэл О манай эхнэрийг үсийг гараараа ороогоод барьчихсан тавихгүй байсан. Манай эхнэр Оад хандаад эхнэрээ аваач гэхэд О авахгүй байсан. О хэсэг байж байгаад манай эхнэрийг арагш нь татаад байхаар нь би Оад хандаад болиочээ арай дэндүү юмаа гэж хэлсэн. Тухайн үед О бетонтой ус авчираад манай эхнэрийн толгойруу хийсэн. Тэгээд салцгаасан. Оын манай эхнэрийн толгойруу хийсэн усны бетоныг манай эхнэр газраас аваад Ог 1 удаа цохисон хаана цохисныг нь би хараагүй. Тэгээд салаад явцгаасан... гэсэн мэдүүлэг. /хх-ийн 20-21/

6. Гэрч О.О мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ:

Манайх Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 6-р баг Мухар гэх газар оршин суудаг. Тэр хавийн айлууд Мухарт байдаг гар худгаас амны усаа авч малаа усалдаг. Энэ жил отрын айлууд их байсан учраас усны хүрэлцээ муу байсан. Өдрийн цагаар айлууд малаа услаад ус татраад, оройн цагаар арай гайгүй болдог байсан. 2020 оны  06 дугаар сарын 19-ний өдөр 21 цагийн үед ус авахаар 1 тонны сав ачаад машинтайгаа худаг дээр ус авах гээд эхнэрийн хамт зогсож байтал Г эхнэртэйгээ хамт мотоцикльтой ирсэн. Г-ын эхнэр та нар яагаад ус аваад байгаа юм бэ одоо наад худгаа хаа гэж хэлсэн. Би ус авчихаад хаалаа гэсэн чинь Г-ын эхнэр 20 цаг өнгөрчихсөн байна, худгаа хаа пиздаанууд минь өглөө манай ахынх малаа усална одоо боль гэсэн. Манай эхнэр О юу яриад байгаа юм бэ манайх ус авах эрхтэй байнга ус авдаг ш дээ гэсэн чинь Г-ын эхнэр А манай эхнэрлүү чамайг алаад хаячихья гээд газраас чулуу аваад дайрсан. Г эхнэрийнхээ барьсан чулууг булааж авсан. Тэгтэл А манай эхнэрийг гичий минь чамайг ална гээд ирээд заамдаад авсан. Г эхнэрээ боль гэсэн ч эхнэр нь алаад өгнө пиздааг гээд байсан. А хөлөөрөө манай эхнэрийн өшиглөөд байсан. Г манай эхнэрийг мөн заамдсан байсан. Тэгтэл А 5 битон аваад манай эхнэрийн зүүн бугалга хэсэгт цохисон.....гэсэн мэдүүлэг /х.х-ийн 22-23 хуудас/

7. Гэрч Т.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тухайн үед манайх Сүмбэр сумын 6- баг Мухар гэх газар отор хийж байсан. 2020 оны 06 дугаар сарын 19-ний орой нар жаргаж байхад Мухарын худаг дээр очсон. Намайг худаг дээр очиход Луус сумын нэг хүн мал услаад зогсож байсан. Тухайн үед худаг бараг шавхагдаад бараг усгүй болсон байсан. Тэгээд Оыг усаа авч дуусахыг хүлээгээд зогсож байтал Г гэх залуу эхнэрийнхээ хамт ирсэн. Г 19 цагаас хойш худаг түгжээд амраана гэсэн. Тэгтэл О энэ олон мал ус ууж байхад хэдийд нь ус авдаг юм бэ гэсэн. Тэгтэл Г-ын эхнэр Оын эхнэр нар худаг түгжих асуудлаас болоол маргалдаад бие биенээсээ зууралдаад авсан. Г тэр хоёрын голоор ороод больцгоо гэсэн. О Гд хандаа наад хоёроо орхичих хоёулаа зодолдоё гэсэн. Тухайн үед Г ч юм хэлээгүй О зодолдоно гээд дайраагүй. Оын эхнэр Г-ын эхнэр хоёр салцгаасан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 24 хуудас/

 

8. Гэрч Г.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Энэ картнаас харахад 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдөр А надад үзүүлсэн байна. Тухайн өдөр А чихнээс шингэн зүйл гоожоод гэж байсан. Чихнээс нь шингэн зүйл гарсан байсан. Цэвэрлээд үзлэг хийхэд зүүн чихний хэнгэрэг нь шинэ цоорсон басйан. А чихрүүгээ ус ороуулаад дунд чих нь өрөвссөн байсан. Харин баруун чих нь хуучин хэнгэрэг цооролттой байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25 хуудас/

 9. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 190 дүгээр дүгнэлтэнд:

        - Ж.Аын биед толгойн оройд зөөлөн эдийн няцрал, зүүн чихний хэнгэрэгэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

        - Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        - Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.    

        Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 29 хуудас/

10. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Ж.Аын биед зүүн чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэмтэл нь шинэ гэмтэл. Зүүн чих орчмоор тэмтэрэхэд эмзэглэлтэй. Чих хамар хоолойн үзлэгт: Зүүн талдаа цоорч цоорсон хэсгээч шингэн урсаж гарсан. Зүүн чихний хэнгэрэгэн хальсны цоорол гэсэн үзлэг байсан. Эдгээрээс үндэслэн шинэ гэмтэл гэж үзэж байна...  ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32-33 хуудас/

 11. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 26-ны өдрийн 188 дугаар дүгнэлтэнд:    

         - Огийн биед хүзүүний зүүн талд, зүүн гарын 2 хуруунд зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

        - Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр  үүсгэгдэнэ.

        - Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь  “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

        - Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.

Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 41-42 хуудас/

12. Шинжээч Л.Жх мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Огийн хүзүүний зүүн талд учирсан зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тус тусдаа эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Зүүн бугалганы гадна хэсгийн цус хуралт гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна... ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 40-41 хуудас/

13. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 73-74 хуудас/

14. Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 17 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 76-82 хуудас/

15 . Амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбар /хх-ий. 97-100 хуудас/

Иймд шүүгдэгч Ж.А, О нарыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцож, шүүгдэгч Ж.А, О нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

        Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчилэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

        Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хулд овогт Ж-ы Аыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч Баатар овогт Э-ын Ог хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.Аыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ог 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.А, О нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч  нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ