Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 01 сарын 23 өдөр

Дугаар 2018/ДШМ/002

 

С.Чд холбогдох эрүүгийн хэргийн тухай

Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч М.Мөнхдаваа даргалж, шүүгч Д.Эрдэнэбилэг, Т.Даваасүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор *******

Хохирогч С.Д

Хохирогчийн өмгөөлөгч *******

Нарийн бичгийн дарга О.Сувд-Эрдэнэ нарыг оролцуулан;

Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбат даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2017 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 2017/ШЦТ/216 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлоор С.Чд холбогдох эрүүгийн 1714000000063 дугаартай хэргийг 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч М.Мөнхдаваагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, С.Ч, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, нимгэн төмрийн эсгүүрчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй

С.Ч нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “Цацрах гэгээ” караокены гадна 2017 оны 09 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цагийн үед иргэн С.Дыг зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Баянхонгор аймгийн прокурорын газраас С.Чд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх: Шүүгдэгч Жаргалант овогт С.Чг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, С.Чг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелүүлээгүй найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.1 дэх хэсэгт зааснаар С.Чд оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар С.Чгээс 329.350 төгрөг гаргуулж хохирогч С.Дд олгож, бусад хохирлыг хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдаж, С.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар хэрэгт С.Чгийн эзэмшлийн “Прада” маркийн гар утсыг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4-т зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол С.Чд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж шийдвэрлэжээ.

Хохирогч С.Д гаргасан давж заалдах гомдолдоо: 1. С.Чгийн хүч хэрэглэж эмэгтэй хүн зодож байгааг хараад миний хувьд хүн амины хэрэг гарчих вий, гэмтэл учруулчих вий гэж зодооныг салгах гэж эмэгтэй хүнд байхааргүй зориг гаргаж хүн аллаа болиоч гээд салгасан юм. Гэтэл танхай балмад этгээд намайг шууд барьж аваад мөрөн дээгүүрээ давуулж цементэн талбай дээр шидсэний улмаас эгэм яс хугарч, тархи доргиж, мөр чамархайд гэмтэл учирч би нэг сар хэвтэрт хэвтэж хөдөлгөөн хязгаарлагдаж туйлын хүнд байлаа.

Энэ хугацаанд С.Ч нь намайг нэг ч удаа эргэж ирээгүй, эм тариа бусад зүйлээр туслаагүй, уучлалт гуйгаагүй байхад шүүх хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд авч үзэж байгаа нь шударга бус, гэмт этгээдийн талд ашигтай шийдсэн гэж үзэж байна. Иймээс С.Чд дэндүү хөнгөн ял шийтгэл оногдууллаа гэж гомдол гаргаж байна.

2. Миний бие эрхтэн гэмтэж ажлын чадвараа алдаж удаан хугацаанд хохирсон, тэгээд ажиллах ямар ч боломжгүй болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар бүрэн тогтоогдсон. Би тухайн шөнийн 01 цаг өнгөрөөгөөд ажиллаж байсан ажлын байраа түгжиж ажлаа дуусгаад гарч яваад энэ гэмт хэрэгт өртсөн. Үүнийг надтай хамт ажилладаг Д.Мэндбаяр гэрчилж мэдүүлэг өгсөн. Намайг энэ байгууллагад ажилладаг гэдгийг ч гэрчилсэн.

Мөн үүнээс хойш ажиллаагүй, нэг сард 400.000 төгрөгийн цалинтай ажиллаж байсныг тодорхойлсон албан ажлын тодорхойлолт тамга тэмдэгтэй байсан. Шүүх хурал дээр С.Ч нь ажилгүй байсан хугацааны цалингийн хохирлыг төлж өгнө гэж байхад үүнийг шүүх анхаарч үзэн миний хохирол болох цалин 798.000 төгрөгийг гаргаагүйд гомдолтой байгаа тул гаргуулж өгнө үү.

3. Өмгөөлөгчийн  ажлын хөлс болох 300.000 төгрөгийг мөн гаргуулж өгнө үү гэж давж заалдах гомдол гаргаж байна гэжээ.

Хохирогч С.Дын өмгөөлөгч ******* тус шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Хохирогчийн ажилгүй байсан хугацааны цалинг олгогдох хууль зүйн үндэслэлтэй гэж тул шүүгдэгчээс гаргуулан өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор ******* гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүх хэргийг үндэслэлтэй шийдвэрлэсэн тул хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгуулах дүгнэлт гаргаж байна гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3-т тус тус зааснаар давж заалдах шатны шүүх тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хуульд заасан үндэслэл журмын дагуу тухайн хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж, хохирогч С.Дын гаргасан давж заалдах гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх үйл ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3-т заасан “...шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна...” гэсэн хуулийн шаардлагад нийцээгүй байна.

Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Д “...ажлаа хийхгүй гэртээ байгаа, толгой тархи өвдөж, яс янгинаад байгаа, өвчин намдаах эм байнга ууж байгаа, шүүгдэгчийн зүгээс хохирол төлөөгүй...” /шүүх хуралдааны тэмдэглэл, хх-ийн 88-р тал/ хэмээн улсын яллагчийн асуусан асуултад хариулсан байхад шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт “...шүүгдэгчид ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид учруулсан хохирлыг төлсөн, хохирогчтой эвлэрсэн...” хэмээн дүгнэлт хийсэн атлаа /энэ талаар хэрэгт ямар нэгэн нотлох баримт авагдаагүй/, Тогтоох хэсэгт шүүгдэгч С.Чгээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасны дагуу 329.350 төгрөг гаргуулж хохирогч С.Дд олгож, бусад хохирлын талаар хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй хэмээн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Энэ талаар гаргасан хохирогчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байх тул хүлээн авч хангах нь зүйтэй байна.

Мөн шийтгэх тогтоолын Тодорхойлох хэсэгт шүүгдэгчид торгох ял оногдуулж, уг ялыг хэсэгчлэн төлүүлэх нь зүйтэй хэмээн дүгнэлт хийж шийтгэх тогтоолын Тогтоох хэсэгт С.Чд ял оногдуулахдаа дээр дурдсан дүгнэлтээсээ зөрүүтэйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь ойлгомжгүй байна.  

Шийтгэх тогтоолын удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгүүд нь хоорондоо харилцан уялдаа холбоотой байх ёстой ба тогтоох хэсэг нь шийтгэх тогтоолын удиртгал болон тодорхойлох хэсгийн үргэлжлэл бөгөөд тогтоох хэсэг нь тодорхойлох хэсэгтэй зөрчилтэй болсон тул шийтгэх тогтоолыг үндэслэлгүй болсон гэж үзнэ.

Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан ноцтой зөрчилд хамаарагдаж байх тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийн дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхээс дүгнэв.

                                   Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.2,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн

1 дэх хэсгийн 1.3-т заасныг тус тус заасныг удирдлага

болгон ТОГТООХ нь:

1. Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн 2017/ШЦТ/216  дугаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож С.Чд холбогдох эрүүгийн 1714000000063 тоот хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар хэргийг анхан шатны шүүхэд очтол С.Чд хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол, эсэргүүцэл гаргаж болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МӨНХДАВАА    

                 ШҮҮГЧИД Д.ЭРДЭНЭБИЛЭГ

                              Т.ДАВААСҮРЭН