| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0069/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/74 |
| Огноо | 2020-09-03 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 2020/ШЦТ/74
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч О.М, түүний өмгөөлөгч С.Ганбат,
шүүгдэгч М.М, түүний өмгөөлөгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн О овогт Оын М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Бовогт Мийн М нарт холбогдох 2017001090069 дугаартай хэргийг 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт:
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Он овогт О-ын М /РД:........./, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 2000 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төрсөн, 20 настай, эрэгтэй, ам бүл 4, аав ээж, ахын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг, ........ тоотод оршин суух, Их засаг их сургуульд оюутан, мэргэжилгүй, урьд ял шийтгэлгүй гэх,
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, Б. овогт М-гийн М /РД:.......7/, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд 1998 оны 08 дугаар сарын 07-ны өдөр төрсөн, 22 настай, эрэгтэй, дээд боловсролтой, газар зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, ээж, дүүгийн хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг,......... тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй гэх,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч О.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 133 дугаар байрны гадаа сагсан бөмбөгийн талбай дээр М.Мтай маргалдан түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Яллагдагч М.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 133 дугаар байрны гадаа сагсан бөмбөгийн талбай дээр О.М, С.Т нартай маргалдан улмаар О.Мын нүүрэн тус газар гараараа цохих алгадах, С.Тын нүүрэн тус газар гараараа цохих өшиглөх зэргээр зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч О.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 133 дугаар байрны гадаа сагсан бөмбөгийн талбай дээр М.Мтай маргалдан түүний нүүрэн тус газарт толгойгоороо мөргөж хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Шүүгдэгч М.М нь 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Төмөр замын 133 дугаар байрны гадаа сагсан бөмбөгийн талбай дээр О.М, С.Т нартай маргалдан улмаар О.Мын нүүрэн тус газар гараараа цохих алгадах, С.Тын нүүрэн тус газар гараараа цохих өшиглөх зэргээр зодож хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутай болох нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдоно. Үүнд:
1. Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр сагсан бөмбөг тоглож байсан. Би шахаж довтолсон. Тэгсэн алдаа хийгээд байна дүрмээрээ тогло гэж хэлэхээр нь дүрмээрээ тоглож байна гэхэд уурлаад эхэлсэн. Тэгээд цаашаа яваад бөмбөг өшиглөөд эндээс зайл гэсэн. Тэгсэн Т танай гэрт байгаа юм уу гэж чинь Тыг тэнэг бацаан минь гээд зодож эхэлсэн. Тэгээд надруу эргээд миний нүүр хэсэгт гараа зангидаж байгаад цохиод байсан. Аав ах хоёрыг чинь нохойн гөлөг шиг зодож байсан гээд байсан болохоор би сүүлдээ тэсэхээ байгаад мөргөсөн гэв.
2. Шүүгдэгч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед Мыг намайг шахахаар нь дүрмийн бус алдаа хийчихлээ гээд шаардлага тавьсан. Тэгсэн М ийм зүйл байдаг гээд намайг хараалын үгээр хэлсэн. Тэгэхээр нь ингэж тоглоно гэж юу байдаг юм бэ? гээд барьж байсан бөмбөгөө дээш нь шидээд манай газраас зайлцгаа гэж хэлсэн. Тэгсэн Т чиний газар байгаа юм уу? гээд ирсэн. Т бид 2 нилээн маргалдаад байж байхад бөөнөөр над руу ирээд бөөгнөрсөн зодоон болсон. Уг зодоон нь 2 хэсэг болсон. Эхний зодоон нь 15 секунд орчим болсон. Тэгэхэд миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй байсан. Мтай зууралдаж байхад найзууд нь салгах гэж орж ирсэн. Тэр үед би Мын подвалкнаас барьсан байхдаа урьсан. Бид 2 зууралдаж байхдаа бие биеийгээ ганц 2 удаа цохисон. Миний биед Хамрын мурийлт, таславчны мурийлт, баруун нүдэнд цус хуралт, зүүн чихний арын дэлбэнд цус хуралт үүссэн байсан. Мөн зүүн гарын булчин хэсэгт хөхрөлт үүссэн.
3. Хохирогч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Одоо цаашдаа нүдний эмчилгээ хийлгэнэ. Мөн ажилгүй байсан хугацааны цалинг нэхэмжилнэ.
4. Хохирогч М.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хагалгаанд орох шаардлагатай гэсэн нэгдсэн эмнэлгийн Солонго эмчийн дүгнэлт байгаа. Хамрын гэмтлээс хамаарч эмчилгээний зардал гарна гэсэн. Нэхэмжлэх мөнгөн дүн гэсэн хэсэгт байгаа мөнгөн дүн нь Ц ахмадын хажууд байхдаа ЭМ ЖИ ЖИ эмнэлгийн лавлахтай ярьж тодруулж асуусан. Халууны улиралд хийлгэхээр эдгэлт удаан, хамрын хөөлт их үүсэж амьсгалын замд сөргөөр нөлөөлдөг болохоор сэрүүний улиралд хийлгэх шаардлагатай гэсэн байгаа. Эрүүл мэндийн хувьд хамрын эмчилгээ, мөн толгойны зураг авахуулна. Би өөрөө аялал жуучлалын ажил хийдэг. Энэ ажлаа өөрөө удирдаж авч явдаг. Дээрх гэмтлээс болоод 2 удаагийн аяллыг авч явж чадаагүй. Тухайн бүртгүүлсэн байсан хүмүүсийн мөнгийг гаргаж өгсөн учраас баримтаа бүрдүүлж иргэний шүүхээр нэхэмжлэх хүсэлтэй байна гэв.
5. Хохирогч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 1 дүгээр баг 133-р байрны урд талд байдаг тоглоомын талбай дээр С, Т нарын хамт очсон. Бид хэдийг очиход Д.Т, Л.Т, М нар сагс тоглож байсан. Бид хамтдаа сагс тоглож байгаад Төгөлдөр тоглохоо болиод утсаа оролдоод машинруугаа явсан. Тэгтэл М ирээд би нэг талд нь ороод тоглоё гээд Т, С нартай 1 баг болоод тоголсон. Тэгээд сагс тоглож байтал М Мыг шахаад оролт хийгээд шийдрүү довтолсон. М Мад хандаад ингэж тоголдоггүй юм гээд ууралсан. М зүгээр тоглож байна ш дээ, тоглоом ш дээ гэсэн чинь М уурлаад ингэж тоголдоггүй юм мангар бацаан минь гээд Мын нүүр хавьд гараараа 2-3 удаа цохиод авсан. М бид хэдийн тоглож байсан сагсны бөмбөгийг өшиглөөд эндээс зайл гэсэн. Тэгэхээр нь би Мд хандаад танай гэрт тоглож байгаа биш дээ гэж хэлсэн чинь юу гэнээ тэнэг бацаан минь давраад байгаарай гээд миний баруун нүдний хавьд нэг удаа гараараа цохисон. Би доошоо тонгойгоод яая гэтэл дахиад миний баруун нүдрүү нэг удаа өшиглөсөн. Би хэсэг зуур манараад тэрнээс хойш юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Баруун нүдэнд оч манараад өвдөөд байсан. Тэгээд нүд арай гайгүй болохоор нь харсан чинь Мы хамраас цус гарсан сууж байсан. М утас аваад ир, та нарыг бүгдийг чинь ална гээд орилоод байсан. Миний хажууд Т С 2 зогсож байсан. Мыг хэн цохисныг тухайн үед мэдээгүй дараа нь сонсоход М намайг зодсоныхоо дараа Мыг зодоод аав, ах хоёрыг нь доромжлоод байсан гэсэн. М тэсгэл алдаад толгойгоороо нэг удаа Мыг мөргөсөн гэсэн. Сүүлд манай найз А ирсэн... Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй гэсэн мэдүүлэг. /хх-ийн 16-18, 24-25/
6. Гэрч Б.С мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 19 цаг өнгөрч байхад Сүмбэр сумын 1 дүгээр баг 133-р байрны урд талд байдаг тоглоомын талбай дээр Т, Т нарын хамт очсон. Бид хэдийг очиход Д.Т, Л.Т, М нар сагс тоглож байсан. Бид хамтдаа сагс тоглож байгаад Төгөлдөр тоглохоо болиод утсаа оролдоод машинруугаа явсан. Тэгтэл М ирээд би нэг талд нь ороод тоглоё гээд Т бид хоёртой нэг баг болоод тоголсон. Тэгээд сагс тоглож байтал М Мыг шахсан чинь М ингэж тоголдоггүй юм гээд ууралсан. М зүгээр л тоглож байна ш дээ, ийм зүйл байдаг ш дээ гэсэн чинь М уурлаад ингэж тоголдоггүй юм мангар бацаан минь гээд Мын нүүр хавьд гараараа 2-3 удаа алгадаад авсан. М бид хэдийн тоглож байсан бөмбөгийг өшиглөөд манай газраас зайлцгаа гэсэн. Т хажуунаас нь танай газар юмуу гэтэл М юу гээд байгаа мангар бацаан бэ гээд та нар ингэх болоогүй гээд Тын нүүрлүү гараараа цохисон. Т доошоо тонгойсон чинь нүүрлүү нь нэг удаа өшиглөсөн. Т яая гээд доошоо тонгойгоод суугаад байхаар нь яачив гээд тэнд байсан бүх хүмүүс анхаарлаа хандуулсан. Тэгээд нэг эргээд хартал Мы хамраас цус гарч байсан. Дараа нь сонсож байхад М Мад хандаад танай аав ах хоёрыг зодож байсан гэж хэлэхээр нь М Мыг толгойгоороо нэг удаа мөргөсөн гэсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 26 хуудас/
7. Гэрч Б.А мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр цагийг нь сайн санахгүй байна ямар ч байсан гадаа харанхуй болчихсон байхад Төмөр замын 133-р байрны урд сагсны талбай дээр ганцаараа машинтайгаа очсон. Тэгтэл М нэг залууг эмнэлэгт хүргээд өгөөч гэсэн. Тэр залуу цамцаараа хамраа дарсан байсан. Тэгээд эмнэлгийн гадаа очсон чинь тэр залуу намайг хамт эмнэлэг оръё гэсэн. Би орохгүй ээ та өөрөө ор гэсэн чинь чи орохгүй бол би орохгүй гээд байсан. Надтай цуг орвол цагдаад чиний нэрийг өгөхгүй шүү гээд байсан. Би зодоон болох үед тэнд байгаагүй. Тэгээд эмнэлэгрүү хамт орсон. Тэгээд тэр залуу намайг яв яв гэхээр нь би явсан. Дараа нь сонсоход Т М хоёрыг тэр залуу зодоод нүдийг нь хөхрүүлсэн байсан. М Мөнхбилгүүнийг мөргөөд хамрыг нь гэмтээсэн гэсэн.....гэсэн мэдүүлэг /х.х-ийн 27 хуудас/
8. Гэрч Л.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр Төмөр замын 133-р байрны сагсны талбай дээр М, Төгөлдөр, Т, Т, С бид нар сагс тоголхоор очсон. Тэгээд гурав гурваараа баг болоод тоголсон. Сагс тоглож байтал миний утас дуугараад би болилоо гээд утсаар яриад машинруугаа явсан. Намайг утсаар ярьж байхад М, М нар сагснаас болоод маргалдаад байгаа сонсогдсон. Намайг харахад М эндээс зайл гэж хэлээд сагсны бөмбөг өшиглөж байсан. Намайг утсаар яриад байж байтал тэр хэд шуугилдаад зодолдоод байх шиг болохоор нь би машинаас буугаад очсон. Намайг сагсны шийдэн дээр очиход Т нүүрээ дараад доошоо суусан байсан. М цагдаа эмнэлэг дууд гээд орилоод байсан. Тэр үед гадаа харанхуй болсон байсан болохоор сайн харагдахгүй байсан. Мын хажууд очоод харахад фодволк нь урагдсан биеийн цээж хэсэг нь цус болсон байсан. М эмнэлэг дууд гээд орилоод байсан болохоор А эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 28 хуудас/
9. Гэрч Д.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тухайн өдөр Төмөр замын 133-р байрны сагсны талбай дээр М, Төгөлдөр, Т, Т, С бид нар сагс тоголхоор очсон. Тэгээд гурав гурваараа баг болоод тоголсон. Тэгтэл Л.Т утсаар яриад машиндаа суусан. Тэгтэл Мөхтогтуун ирээд би нэг талд нь ороод тоглоё гээд Т, С нартай 1 баг болоод тоголсон. Тэгээд сагс тоглож байтал М Мыг шахаад оролт хийгээд шийдрүү довтолсон. М Мад хандаад ингэж тоголдоггүй юм гээд ууралсан. М зүгээр тоглож байна ш дээ, тоглоом ш дээ гэсэн чинь М уурлаад ингэж тоголдоггүй юм мангар бацаан минь гээд Мын нүүр хавьд гараараа 2-3 удаа цохиод авсан. М бид хэдийн тоглож байсан сагсны бөмбөгийг өшиглөөд эндээс зайл гэсэн. Тэгтэл Т танай талбайд байгаа юмуу гэсэн чинь М чи муу бацаан давраад байгаарай чам шиг жижигхэн бацааныг хараагүй шүү гэж хэлээд М Тын нүүрлүү нэг удаа цохисон. Т нүүрээ дараад доошоо тонгойход нь мөн нүүрлүү нь өшиглөсөн. Т газар унаад өгсөн. М Мын нүүрлүү гараараа хэд хэд цохисон. Би тэр хоёрыг салгах гэтэл М Мын фодволкноос нь татаад урчихсан. М фодволкоо тайлаад байж байтал М Мад хандаад танай аав ах хоёрыг чинь зоддог байсан шүү гэж хэлсэн. Тэгтэл М буцаад М дээр очоод муудалцаад Мы нүүрлүү мөргөсөн. Мы хамраас цус гараад эхэлсэн. М дүүгээ утас аваад ир гээд бид нарт хандаад та нарыг эндээс гаргахгүй гөлөг шиг зодно гээд байсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 29 хуудас/
10. Гэрч Э.Т мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: ... Тэгээд Мын нүүр хавьд нь миний харсанаар нэг удаа гараараа цохисон. Мөн Тыг гараараа нүүрлүү нэг удаа цохиод нэг удаа өшиглөсөн. Т нүдээ дараад яая гээд суухаар нь бид нар яачихваа гээд очсон. Тэгээд нэг эргээд хартал М М нар зууралдсан байсан. Тэр үед гадаа харанхуй болсон байсан учраас сайн харагдахгүй байсан. Газарт нэг малгай байхаар нь хэний малгай вэ гэтэл М минийх аваад ир гэсэн. Тухайн үед М М нар салсан байсан. Мы малгайг аваачиж өгөхөд М хамраа дарчихсан байсан. М эмнэлэг хүргээд өг гээд тэр үед А гэдэг залуу машинтайгаа ирж таараад Мыг эмнэлэгт хүргэж өгөхөөр явсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 30 хуудас/
11. Гэрч М.Уянга мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би зуныхаа амралтаар Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр баг 133-18 тоотод байх нөхрийнхөө аав ээж дээр ирсэн байсан. 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдөр хүүхдээ салхилуулж байгаад харанхуй болохоор нь гэртээ орсон. Манай нөхөр М гадаа сагс тоглоно гээд үлдсэн. Намайг ороод байж байтал манай дүү Н орж ирээд М ах гадаа хүмүүстэй зодолдоод байна гэж хэлсэн. Би 2 жоохон хүүхэдтэй байсан болохоор гарч чадахгүй байсан. Н удалгүй орж ирээд агаа утас аваад ир гэж байна гэсэн. Н ярихдаа сагсны талбай дээр хүмүүс бөөгнөрөөд зодолдоод байхаар нь хартал М ах дээр баахан хүмүүс овоорсон байсан. Нэг бүдүүн биетэй ах М ахын хамрыг мөргөсөн. Агаагийн хамраас цус гараад байсан тэгээд эмнэлэг явлаа гээд яваад өгсөн гэсэн... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31 хуудас/
12. Насанд хүрээгүй гэрч М.Н мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Тэр өдөр би байрны гадаа талбай дээр тоглож байтал хажуу талын сагсны шийдэн дээр хүмүүс зодолдоод байхаар нь очтол манай хүргэн ах М бас 4-5 залуу байсан. Би тэр залуучуудад хандаад та нар болиоч гэсэн чинь чамд хамаагүй гэсэн. Тэгтэл М ах та нар нэг нэгээрээ зодолд гэсэн чинь чамтай нэг нэгээрээ зодолдвол яаж бардаг юм бэ гэж байсан. Тухайн үед дээгүүрээ цээж нүцгэн бүдүүн махлаг ах М ахын нүүрлүү мөргөсөн. М ахын хамраас цус гараад тэр хэдээс зугатаагаад холдсон. М ах намайг гэрээс утас аваад ир гэхээр нь би авчирч өгсөн. М ах нэг машинтай ахтай хамт эмнэлэг явсан... гэсэн мэдүүлэг /х.х-ийн 32 хуудас/
13. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 22-ний өдрийн 185 дүгээр дүгнэлтэнд:
- С.Тын биед баруун нүдний зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Дээрх гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 34 хуудас/
14. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “С.Тын биед учирсан баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 37-38 хуудас/
15. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 183 дугаар дүгнэлтэнд:
- О.Мын биед зүүн нүдний зовхинд, зүүн гарын 2-р хуруунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
- Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Зүүн нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 41-42 хуудас/
16. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “О.Мын биед учирсан баруун нүдний зовхины цус хуралт, зүүн гарын 2-р хурууны гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 47-48 хуудас/
17. Шинжээчийн 2020 оны 06 дугаар сарын 17-ний өдрийн 182 дугаар дүгнэлтэнд:
- М.Мы биед хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхинд, хамрын нуруунд, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
- Хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, хамрын нурууны цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Баруун нүдний зовхины цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн чихний дэлбэнгийн цус хуралт гэмтэл нь “Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журам”-ын 2.6-т-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашинд ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй.
Дүгнэлт гаргасан: Ахлах зэргийн шинжээч эмч, ахмад Л.Ж гэжээ. /х.х-ийн 50-51 хуудас/
18. Шинжээч Л.Ж мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “М.Мы биед учирсан хамрын ясны цөмөрсөн хугарал, таславчийн мурийлт, баруун нүдний зовхины цус хуралт, хамрын нуруунд, зүүн чихний дэлбэнд цус хуралт гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд мохоо зүйлийн нэг удаагийн үйлчиллээр үүсгэгдсэн байх боломжтой ” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 55-56 хуудас/
19. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /х.х-ийн 90-91 хуудас/
Иймд шүүгдэгч О.Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч М.Мыг 2 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, шүүгдэгч О.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, шүүгдэгч М.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Прокурорын яллах дүгнэлтэнд шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлийг зөв зүйлчлэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Хохирогч М.М нь хохирол төлбөр 4 000 000 төгрөг, хохирогч О.М нь хохирол төлбөрт 2 084 000 төгрөг нэхэмжилж байх боловч хэрэгт гаргаж өгсөн нотлох баримт баримт байхгүй байх тул хэлэлцэхгүй орхиж, нотлох баримтаа бүрлүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхтэйгээр үлдээх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж тэдэнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Онигууд овогт О-ын Мыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Боржигон овогт М-ийн Мыг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Мыг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.Мыг 600 /зургаан/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаан зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт оногдуулсан торгох ялыг тус бүр 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М, М.М нарт торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6. Хохирогч О.М, М.М нар нь гэм хор учирсантай холбоотой зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг тайлбарласугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гаргасан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ