Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2020 оны 09 сарын 04 өдөр

Дугаар 2020/ШЦТ/75

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга П.Энхбат,

улсын яллагч Ш.Батсүх,

шүүгдэгч Э.Ц нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч З овогт Этын Цад холбогдох эрүүгийн 2017000000076 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, 1998 оны 02 дугаар сарын 18-нд Дундговь аймгийн Сайхан овоо суманд төрсөн, 22 настай, тусгай дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, хувиараа барилгын ажил хийдэг, ам бүл 5, эцэг, эх, ах дүү нарын хамт Дундговь аймаг Сайхан овоо сум, 1-р баг ........... гэх газар оршин суух, хэрэг хариуцах чадвартай, З овогт Э-ын Ц /РД: ......./

 

Холбогдсон хэргийн талаар:

/яллах дүгнэлтэд дурдсанаар/

 

Яллагдагч Э.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлий болон толгой тус газар нь өвдөглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Э.Ц нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байх Аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талд 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр Э.Хтай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар хэвлий болон толгой тус газар нь өвдөглөж  эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:

 

Шүүгдэгч Э.Ц шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Замын хавтан суурьлиулах элсийг Э.Х татаж өгдөг. Би хойноос нь хавтангаа тавьж явдаг. Замын хавтан нимгэн, зузаан байдаг. Улаан нь нимгэн, саарал нь зузаан байдаг. 100 метр шахуу газар өөрөө элсээ хийж байсан. Тэр өдөр их халуун байсан учраас байн байн босож элс авах надад хүндрэлтэй байсан. Би Э.Хыг хийж байгаа ажлаа олигтойхон хийгээч гэхэд нэг бол ихэдлээ нэг бол багадлаа гээд яасан яадаргаатай юм бэ гэсэн. Тэгэхээр нь би хийж чадахгүй бол яваач гэхэд чамаас хоол гуйгаагүй гээд хэрэлдээд байсан. Нэг хэсэг хэрэлдсэн. Би хэрэлдэж байгаад гай болов гэж хэлээд малгайг нь 2,3 удаа авсан. Хын гар нь чичрээд байсан.  Тэгэхээр нь гай болох юм шиг байна гээд эргээд явах гэтэл Э.Х чамд гай болно гэж юу байдаг юм гээд замын шар хавтан аваад босоод ирсэн. Гараас нь нэг нь авсан. Би Хыг түрээд хойш нь түлхэхэд намайг 2 удаа цохисон. Би зөрүүлээд цохих гэсэн тонгойж таараад өвдөглөсөн. Эмчилгээний баримттай мөнгө болох 704 700 төгрөг өгсөн. Хийсэн хэрэгтээ гэмшиж байна, миний буруу гэв.

 

Хохирогч Э.Х мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 08 дугаар сард Борхойн зам ХХК Говьсүбмэр аймагт зам тавих ажил хийж байсан. Манай бригадынхан явган хүний зам хийх ажлыг гэрээгээр гүйцэтгэж байсан. 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр 16 цагийн үед аймгийн нэгдсэн эмнэлгийн урд зам дээр ажлаа хийж байсан. Би явган хүний суурь шороог нь хийгээд тэгшилж байсан юм. Тухайн үед манай бригадын дарга настай хүн учраас амарч бай гээд би оронд нь ажиллаж байсан. Ажлаа хийгээд явж байтал Ц явган тэргээр шороо түрээд миний хажууд ирээд чи чичрээд үхлээ юу лалараа гээд байсан. Ц эргэж буцаад миний хажууд 3 удаа ирсэн. Миний өмсөж байсан малгайг аваад буцаагаад толгой дээр тавиад байсан. Тэгэхээр нь би өөдөөс нь босохдоо явган замын жижиг хавтан бариад боссон. Тэр үед манай эхнэр О хажууд байсан болохоор намайг боль гэхээр нь хавтангаа буцаагаад газар тавьсан. Тэгтэл Ц миний цээжрүү гараараа түлхээд миний хэвлий хэсэгт өвдөгөөрөө 2 удаа өвдөглөсөн. Би зөрүүлээд баруун гараараа нэг удаа цохисон. Цын хаана нь цохисон гэдгээ мэдэхгүй байна. Ц намайг цохих гэхээр нь тонгойтол миний баруун талын хацар хэсэгт өвдөглөсөн. Би зүүн гар талруугаа гараараа газар тулаад унасан. Тэгээд манараад босох гээд босч чадахгүй байсан. Нэг мэдсэн эмнэлэгт байж байсан...” гэх мэдүүлэг /хх-11-12-р  тал/,

 

Гэрч Т.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Би Борхойн Зам ХХК-д туслан гүйцэтгэх бригадад туслах ажилтанаар ажиллаж байсан. Борхойн зам ХХК нь Говьсүмбэр аймагт засмал зам тавих ажил хийж байсан. Тухайн үед Ц, Х нар хамт ажиллаж байсан. Би хүйтэн цай аваад тэр 2-н хажууд очтол тэр 2 маргалдаж байсан. Тухайн үед Ц манай нөхөр Хын малгайг нь аваад буцааж тавиад байсан. Манай нөхөр тэсгэл алдаад явган хүний зам тавьдаг хавтан бариад босоод ирэхээр нь би боль гээд хавтанг нь хаяуулсан. Ц Хыг заамдаж түлхэж байгаад 2 удаа хэвлий хэсэгт нь өвдөглөсөн. Х зөрүүлээд Цыг нэг удаа гараараа цохиод авсан. Х доошоо тонгойсон чинь Ц Хын баруун шанаа хавьд өвдөглөсөн. Х зүүн гар талруугаа унаад өгсөн. Тэгээд Х босож чадахгүй юм ярьж чадахгүй байсан. Тэр өдөртөө Х хотод гэмтэлийн эмнэлэгт хэвтсэн. Хын тархинд нь цус хурсан байна гэсэн. Мөн тэр үед баруун шанаа хавьд нь шарх үүссэн байсан 2 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-р тал/,

 

 Гэрч Ч.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Өнөөдөр буюу 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр манай бригад өглөө 07 цагт ажлдаа гараад явган хүний замын хавтан суурьлуулж байтал миний даралт ихсээд байсан. Х миний царайг харснаа Б ахаа таны царай их эвгүй байна та сүүдэрт суугаад хэсэг амарчих гэж хэлсэн. Тэгэхэр нь би байшингийн сүүдэрт очоод хэсэг сууж байтал манай ажилчид хашхиралдаад байхаар нь босоод иртэл Х газар унасан, толгойн баруун талын шанаа хэсгээс цус гарсан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь би хэн цохисон талаар асуутал Ц би цохисон гээд хажууд нь байж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,

 

 Гэрч Ж.Д мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Би замын хажуу талын боржуур суулгаж байсан. Нэг харахад Х ах шар өнгийн явган хүний замын хавтан суулгаж байсан. Нэг харахад Х ах шар өнгийн явган хүний хавтан барьсан Цлуу далайж байсан. Х ах хавтангаа газар алдаад Ц Хыг түрээд явж байсан. Х ах Цыг зөрүүлээд цохисон. Би хол байсан болохоор хаана нь цохисон талаар сайн хараагүй. Ц Хыг газар унаж байх үед нь нэг удаа өвдөглөж байгаа харагдсан. Х газар унаад өгсөн. Би наанаас нь яваад очтол Хын баруун шанаа хэгсээс цус гарч байгаа харагдсан. Х ахын эрүү урагшаа болчихсон, юм ярьж чадахгүй байсан. Эрүү нь мултарсан юм шиг байсан. Тухайн үед Х ах амьсгалж чадахгүй байгаа юм шиг харагдаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

Гэрч О.Э мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... 2020 оны 08 дугаар сарын 05-ны өдөр хоолондоо орчихоод Аймгийн нэгдсэн эмнэлгийн урд талын зам дээр ажиллаж байсан. Тухайн үед миний баруун талд Ц, Х, Хын дүү, Эрдэнэбаатар нарын орчимд эмэгтэй хүмүүс шуугилдаад эхлэхээр нь эргээд хартал зодолдсон бололтой Х нь газар хэвтэж байсан. Би наанаас нь яваад очтол Хын хамар ам хэсгээс цус гарсан, нэг талын нүд хавдсан байдалтай хэвтэж байсан. Х юм дуугарахгүй царай нь сонин болсон байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-р тал/,

 

Шинжээчийн 2020 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 9084 дугаартай дүгнэлтэд:

- Э.Хын биед тархины шулуун синус, баруун талын тенториум хэсэгт аалзан хальсан доорх бага зэргийн цус харвалт, баруун нүдний зовхинд цус хуралт, нүдний алимны салстад цус харвалт, хашарт шарх  гэмтэл тогтоогдлоо.  

- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.

- Дээрх гэмтлүүд нь тусдаа болоод нийлээд шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Ч.Э гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.

 

Шүүгдэгч Э.Ц нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Эрүүгийн 2017000000076 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй байна.

 

Хохирогч Э.Х нь хохирол төлбөрт 3 000 000 төгрөг нэхэмжилснээс хэрэгт авагдсан нотлох баримтын шаардлага хангасан 704 700 төгрөгийг төлж барагдуулсан ба үлдсэн 2 295 300 төгрөгийг иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон  ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Занги овогт Э-ын Цыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч Э.Цыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Цад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Шүүгдэгч Э.Ц нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Э.Ц нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хохирогч Э.Х нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарласугай.

6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.

7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Цад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Н.АРИУНЖАРГАЛ