| Шүүх | Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Ариунжаргал |
| Хэргийн индекс | 165/2020/0071/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/76 |
| Огноо | 2020-09-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Батсүх |
Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2020 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 2020/ШЦТ/76
Говьсүмбэр аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,
нарийн бичгийн дарга Б.Азжаргал,
улсын яллагч Ш.Батсүх,
шүүгдэгч Р.А түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн шүүгдэгч Х овогт Р-ийн Ад холбогдох эрүүгийн 2017001310078 дугаартай хэргийг 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1994 оны 08 дугаар сарын 10-нд Дорноговь аймгийн Сайншанд суманд төрсөн, 26 настай, дээд боловсролтой, хүний их эмч мэргэжилтэй, Говьсүмбэр аймгийн нэгдсэн эмнэлэгт мэс заслын эмч ажилтай, ам бүл 3, охин, дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 3 дугаар баг,........... тоотод оршин суух, хэрэг хариуцах чадвартай, Х овогт Р-ийн А /РД: .........../
Холбогдсон хэргийн талаар:
/яллах дүгнэлтэд дурдсанаар/
Яллагдагч Р.А нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөөнд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Н.Чтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэх, газар унагаах, хоолойг нь боох, толгойн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Р.А нь Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 1-р багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн нэгдсэн эмнэлгийн мэс заслын өрөөнд 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Н.Чтэй хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар түүнийг үсдэх, газар унагаах, хоолойг нь боох, толгойн тус газар нь гараараа цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Р.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн өдөр маш хүнд хагалгаа орж байсан. Сувилагч Ч.Ч Н эмчтэй маргалдаад гарсан. Тэгээд хагалгаа дуусаад хувцасны өрөөнд намайг зогсож байхад орж ирээд тэнэг гичий гэж хэлээд гараад явсан. Намайг уурлаад Ч луу явахад хажууд байсан хүн болиоч гэж хэлсэн. Тэгээд эргээд хагалгааны өрөөнд орж ирэхээр нь хагалгаа хаяад гарсан юм бол яах гэж ирсэн юм бэ? гэж хэлсэн. Тэгсэн Ч чамд ямар хамаатай юм, чи ер нь юу гээд байгаа юм бэ? гэж хэлсэн Би заамдаж унагаад зүүн хацар луу нь алагдсан. Маш их гэмшиж байна. Уур бухимдлаа дийлэхгүй ийм үйлдэл гаргасандаа харамсаж байна гэв.
Хохирогч Ч.Ч мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 16 цагийн үед хүний биед хэвлийн хагалгаа орсон. Хагалгаанд мэс заслын эмч Н, А, Э, Ц, сувилагч Б, асрагч О бид нар орсон. Би хагалгаанд орохын өмнө хагалгааны багаж бэлддэг юм. Би анх удаа хэвлийн хагалгаанд орж үзэж байгаа болохоор эмч Наас юу юу хэрэг болох талаар асуусан. Н эмч цөсний багаж, 2 гуурстай бэлдчих гэсэн. Би Н эмчийн хэлсний дагуу багажаа бэлдсэн. Тэгээд хагалгаанд ороод дуусах үед хагалгаанд орсон хүнд гуурс тавих болсон. Н эмч бэлд гэсэн гуурснаасаа гадна дахиад 2 гуурс нэхсэн. Би 2 гуурс бэлдээд байж байтал Н эмч пизда минь хурдлаач би чамд гуурс бэлд гэж хэлээ биздээ гэж хэлсэн. Хажуунаас нь А эмч надад хандаад намайг нудраад эргүү мал юмуу угаасаа ийм том хагалгаанд 4 гуурс ордогийг мэддэггүй юмуу, амраад ороод ирэхээрээ тэнэг болчихдог юм уу гэсэн. Тухайн үед Н эмч, А эмч, Э эмч нар тал талаас юм нэхээд байсан. Н, А 2 загнаад элдэвээр хараагаад байсан. Мөн А эмч хагалгаанд орж байсан хүнийхээ дотор гэдсийг гараараа бариад байхаар нь багаж өгсөн чинь хэрэггүй гээд миний гарыг цохиод байсан. Тухайн үед дотор давчдаад гар бадайраад унах гээд байхаар нь би гадагш гарлаа гэж хэлтэл Н эмч намайг гичий минь гарвал ална шүү гэсэн. Би тэр чигтээ уйлаад гараад явсан. Тухайн үед хагалгаа дуусч байсан. Тэгээд хагалгааны өрөөний гадаа уйлаад сууж байтал Н эмч гарч ирээд маяглаад байлгүй орж юмаа дуусга гэсэн. Би хагалгааны өрөөнд буцаад ортол А эмч намайг хагалгаа хаяж гарсан юм бол тэр чигтээ зайлаач яах гэж орж ирсэн юм бэ гэж байсан. Тэгэхээр нь би Ад хандаад чамд ямар хамаатай юм бэ, би өөрийнхөө ажлыг дуусгах гэж орж ирлээ гэж хэлсэн. Тэгээд хагалгааны багажийг цэвэрлэх гээд явж байтал А эмч чи юу гээд байгаа юм бэ гээд миний үсний ар хэсгээс нэг гараараа үсдэж бариад нөгөө гараараа намайг багалзуурдаад арагш татаж унагаасан. Тэгээд А эмч миний дээр гарч суучихаад нэг гараараа үснээс бариад нөгөө гараараа зүүн чихрүү 3-4 удаа гараа атгаж байгаад цохисон. Миний чих дүнгэнээд сонин болоод унасан чигтээ хэвтсэн. А эмч босоод яваад өгсөн. Тухайн үед хажууд Ц эмч, Б нар байсан тэр 2-н нэг нь наад Ч чинь ухаан алдаад уначихаж байгаа юм биш үү гэж хэлсэн. Тэгтэл А унавал унана л биз гэж хэлсэн. Тэгээд жоохон хэвтэж байгаад чих гайгүй болохоор нь хагалгааны өрөөнөөс гарсан... Миний бие Ч нь Агаас хохирлын мөнгө 315 000 төгрөгийг хүлээж авсан тул одоо Ад холбогдуулж гаргах гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй ..” гэх мэдүүлэг /хх-12-14, 60-р тал/,
Гэрч Ц.О мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: Өнөөдөр буюу 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 19 цагийн үед манай охин Ч надруу залгаад намайг Анар зодчихлоо гэж хэлсэн. Тэгэхээр нь би аймгийн нэгдсэн эмнэлэг дээр ирээд Н, Э эмч нартай уулзаад юу болсон талаар асуухад бид нарын хэн хэнийнх нь буруу байсан, хагалгаанд орсон хүмүүсийн ар гэрийнхэнтэй уулзаад дараа нь тантай уулзья гэсэн. Тэгээд би хүлээж байгаад Н, Э эмч нартай уулзаад ажил дээр муудаж сайдах юм гарна тэрэн дээр юм ярихгүй яагаад чоно нохой шиг зоддог юм бэ гэж хэлсэн. Тэгээд би А гэх эмчийн эмнэлгийн гадаа 22 цаг хүртэл хүлээж байгаад уулзсан. Уулзахад танай хүүхэд чинь миний өөдөөс хэрэлдсэн гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би хэрэлдэж болно яагаад зодчихвоо гэж хэлэхэд тантай юм ярихгүй гээд яваад өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 15-р тал/,
Гэрч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Хагалгааны явцад гуурс дутуу байна яаралтай бэлдэж байхгүй яасан юм бэ гээд Н эмч Чт уурласан чинь Ч уурлаад Нтай маргалдаад байсан. Би тухайн үед унтуулгын аппарат эвдрээд эм тариа бэлдэж байсан. Ч мөн А эмчтэй маргалдаад байсан. Ч сүүлдээ би ингэж ажиллаж чадахгүй өөрсдөө хийхгүй юу гээд гарах гээд халаадаа тайлсан. Тухайн үед Н эмч Чт хандаад хагалгааны ширээ орхиод гараад үзээрэй, хагалгаа орхиод гардаг сувилагч үзээгүй шүү гичий минь гэж хэлж байсан. Тэгээд хагалгаа дуусаад зарим эмч нар гарахад Ц, А бид нар хагалгааны өрөөнд үлдсэн. А эмч хагалагааны өрөөнөөс гараад хажуу талын хувцас солих өрөөнд орчихоод буцаж орж ирэхдээ Ч намайг гичий минь зүгээр байгаарай гэж байна гэж хэлж орж ирсэн. Тэгээд Ч гаднаас багажаа авах гээд орж ирээд багажаа янзлаад зогсож байхад А эмч Чт хандаад чи хагалгаа хаяад гарсан юм чинь одоо хийхгүй байж болно ш дээ гэж хэлсэн. Ч өөдөөс нь нэг үг хэлсэн чинь А эмч очоод Чийг бариад авсан. Ч арагшаа газар унасан. А эмч Чийн дээр сууж байгаад хацарлуу нь 2 удаа алгадсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 17-р тал/,
Гэрч Э.Ц мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ...Тэгээд хагалгаа дуусаад А , Б бид 3 үлдээд хүнээ сэргээх гээд байж байтал Ч гаднаас орж ирсэн. А Чт хандаад чи наадхаа хийхгүй ч байсан болно ш дээ гэсэн. Тэгтэл Ч А нар барилцаад авсан. Ч газар унаад А дээр нь гараад суусан байсан. Би болиоч гэж хэлсэн. Ч нэг харахад уйлаад гараад явж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-р тал/,
Гэрч Д.Н мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлэхдээ: ... Хагалгаа эхлэхийн өмнө Ч надаас юу бэлдэх вэ гэж асууж байсан. Би ямар ч байсан дор хаяж 2-с доошгүй гуурс бэлдээрэй гэж хэлсэн. Хагалгааны явцад нэмэлтээр гуурс тавих шаардлага гарсан. Тэгтэл бэлэн гуурс байгаагүй. Би Чт гуурс бэлд гэж хэлсэн. Гуурс бэлдэх ажил удаад байхаар нь би Чт хурдал түргэл гэж хэлсэн. Хагалгааны явцад нэг харахад Ч халаадаа тайлаад гарах гэж байсан. Гичий минь чи хаачих гэж байгаа юм гараад үзээрэй хохь чинь шүү гэж хэлсэн. Ч хагалгаа дуусгаагүй гараад явсан. Уг нь бол гарах ёсгүй. Хагалгаа дуусаад гараад ирэхэд Ч аав ээжийнхээ хамт манай өрөөний үүдэнд сууж байсан. Ээж нь надад хандаад та нар яагаад манай хүүхдийг загнаж байгаа юм бэ гэж байсан. Би уучлаарай гэж хэлсэн. Тэгээд Ч-т хандаад чи орж хагалгааныхаа багажийг янзал гэж хэлсэн. Ч орохгүй гэхээр нь шөнө хагалгаа орвол хагалгааны бэлэн байдал байхгүй яах гээд байгаа юм бэ гэж хэлээд хагалгааны өрөөрүү оруулсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,
Шинжээчийн 2020 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн 205 дугаартай дүгнэлтэд:
- Ч.Чийн биед тархи доргилт, зүүн чихний хэнгэргэн хальсны гэмтлийн гаралтай урагдалт, хүзүүний 2 талаар цус хуралт, зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
- Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчиллээр үүсгэгдэнэ.
- Тархи доргилт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн чихний хэнгэргэн хальсны гэмдлийн гаралтай урагдал нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Хүзүүний 2 талаарх цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
- Зүүн чих орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.6-д зааснаар эмүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.
- Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын алдалтанд нөлөөлөхгүй. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Л.Ж гэх дүгнэлт /хх-ийн 25-р тал/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан арга хэрэгслийн дагуу цуглуулж бэхжүүлсэн, хэргийг шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүгдэгч Р.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Хэргийн зүйлчлэл зөв байна.
Шүүгдэгч Р.А нь урьд ял шийтгэл эдэлж байгаагүй болох нь урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 44-р тал/-аар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо. Ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Эрүүгийн 2017001310078 дугаартай хэрэгт битүүмжилсэн, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй байна.
Хохирогч Ч.Ч нь хохирол төлбөрт 315 000 төгрөг авсан. Цаашид гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэргийн нөхцөл байдал, хор уршиг, хувийн байдал, улсын яллагчийн ялын санал зэргийг харгалзан үзэж түүнд торгох ял оногдуулах үндэслэлтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Хияд боржигон овогт Р-ийн Аг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шүүгдэгч Р.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Ад оногдуулсан 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Шүүгдэгч Р.А нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч Р.А нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хохирол төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.
6. Шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, түүний дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурьдсугай.
7. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.Ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.АРИУНЖАРГАЛ