| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Цогтзандан |
| Хэргийн индекс | 186/2020/0548/Э |
| Дугаар | 578 |
| Огноо | 2020-07-20 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Батбямба |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 578
2020 07 20 2020/ШЦТ/578
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ё.Цогтзандан даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нэргүй,
Улсын яллагч Ц.Батбямба,
Шүүгдэгч Б.А, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Б.Ат холбогдох эрүүгийн 2011006570566 дугаартай хэргийг 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Шүүгдэгч Боржигон овогт Б.А, Монгол Улсын иргэн, 1994 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49-1127а тоотод оршин суух хаягтай боловч Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харъяа хорих 409 дүгээр хаалттай хорих ангид ял эдэлж байгаа,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар 5 жилийн хорих ялаар шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар ...................
Шүүгдэгч Б. Анхбаяр нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1165 тоотод хохирогч Х.Батжаргалын та нар хулгайч, архичин гэж зүй бусаар доромжилсоны улмаас сандлаар цохиж, зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад цус харвалт, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, даланд цус хуралт, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, хэлэлцэгдсэн баримтуудыг үндэслэн ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.А мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Батжаргал ахтай ойр зуурын юм ярилцаж байхад гэнэтхэн Батжаргал ах танай аав ээжийг чинь мэднэ, муу сайн хулгайч нар архичин гэх мэтээр доромжлоод байхаар нь миний уур хүрч жижигхэн модон сандал аваад Батжаргал ахын толгойн тус газар цохиж, тамхины шилэн үсний сав газар луу авч шидэж хагалж, гал тогооны шүүгээн дээр нь хутга харагдахаар нь би тэр хутгыг аваад Батжаргалын гуя тус газар 1 удаа хутгалсан ...” гэх мэдүүлэг /хх-35-36х/,
Шүүгдэгч Б.Ааас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “Х.Батжаргал ар гэрийнхэнийг минь хэл амаар доромжлоод байхаар би цохисон гэв.”
Хохирогч Х.Батжаргалаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Анхбаяр, Батсүх нар 0,33 литрийн Хараа нэртэй 1 шил авч өгөөд, Анхбаяр, Батсүх нар 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 1 сав пиво аваад манай гэрт орж ирсэн. Авсан архийг би ганцаараа уусан. Гэхдээ архиа талд нь оруулаад цааш нь уугаагүй. Анхбаяр надтай ойр зуурын юм ярилцаж байгаад гэнэтхэн модон сандал аваад толгойн орой хэсэг рүү 1 удаа цохиход миний ухаан санаа хэсэг хугацаанд манараад өнгөрсөн. Сэрээд хартал Анхбаяр миний хажуугаар ороод хэвтсэн, Батсүх нөгөө талын орон дээр хэвтэж байсан. Миний зүүн талын гуянаас цус гарсан, толгойн орой хэсгээс цус гарсан, зүүн талын нүд хавдсан юм харагдахгүй байсан ...” гэх мэдүүлэг /хх-10-11х/,
Гэрч С.Батсүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “... Батжаргал ах Анхбаяр бид хоёроос ганц юм аваад өгөөч гэж гуйгаад байхаар нь Анхбаяр бид хоёр дэлгүүрээс 0,33 литрийн Хараа нэртэй 1 литрийн архи авч, Анхбаяр бид хоёр өөрсдөө 2,5 литрийн савалгаатай Нийслэл нэртэй 1 сав пиво аваад Батжаргал ахын гэрт нь ороод уусан. Тэгсэн Анхбаяр, Батжаргал ахтай ярилцаж байгаад гэнэт модон сандал аваад толгойн орой хэсэгт рүү 1 удаа цохиж, үнсний шилэн савыг газар руу шидэж хагалсан. Тэгээд би Анхбаярыг Батжаргал ахаас салгаад үүдэн хэсэг рүү түлхсэн. Батжаргал ахтай юунаас болоод маргалдаад байгаа юм бэ гээд хэлэхэд Батжаргал ах Анхбаярыг муу сайн шоронгийн хулгайч нар гэх мэтээр хэл, амаар доромжилсон. Анхбаяр гүйхээр нь би барьж аваад гартаа хутга барьчихсан байхаар нь Анхбаяртай ноцолдож байж хутгыг нь гараас нь салгаад гэрээс нь гараад хашаа даваад чулуудсан. Тэгсэн надтай ноцолдож байх хойгуур Батжаргал ахын зүүн талын хөлний гуя руу хутгалчихсан байсан ...” гэх мэдүүлэг /хх-14-15х/,
Гэрч Б.Нармандахаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Орой 23 цагийн үед гаднаас манай хүү Анхбаярын найз Батсүх орж ирэхдээ Батжаргал гэдэг ах намайг гэрээсээ хөөгөөд, танихгүй хүн хонуулахгүй гэхэд нь би нээх тоохгүй, одоо хоноод яв гэж хэлсэн. Удалгүй Батсүх нь Анхбаярыг дуудна гээд гэрээс гарахад нь би араас нь хувцсаа өмсөөд Батжаргалын гэрт ороход манай хүү Анхбаяр баруун талын орны ханан талдаа унтчихсан, Батжаргал хүүгийн наад талаар хэвтэж байсан. Гэр дотор модон сандал бутарч, салсан, тамхины үнсний шилэн сав хагарсан байдалтай, Батжаргалын зүүн талын хөлийн гуя хэсэгтээ хутгалуулсан, толгойн орой хэсэг нь хагарсан, зүүн талын нүд нь хавдаж, хөхөрсөн байдалтай байсан. Манай хүү Анхбаяр нь Батжаргалын биед гэмтэл учруулсан байна. Энэ талаар Анхбаяраас өөрөөс нь сонссон ...” гэх мэдүүлэг /хх-16-17х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн №3426 тоот дүгнэлт /хх-25-26х/ “Х.Батжаргалын тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад цус харвалт, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, даланд цус хуралт, зүүн гуянд шарх гэмтэл тогтоогдлоо. Зүүн гуяны шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, бусад гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.Аын төрсний бүртгэлийн лавлагаа /хх-39х/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-49х/, Шийтгэх тогтоолын хуулбар /хх-51-86х/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судаллаа.
Шүүх хуралдаанаар шинжлэн судласан нотлох баримтууд болон хавтаст хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлгээр шүүгдэгч Б. Анхбаяр нь согтуугаар 2020 оны 03 дугаар сарын 6-7-нд шилжих шөнө Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 49 дүгээр гудамжны 1165 тоотод хохирогч Х.Батжаргалын та нар хулгайч, архичин гэж зүй бусаар доромжилсоны улмаас сандлаар цохиж, зүүн гуянд нь хутгалж эрүүл мэндэд нь “тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал, зүүн зовхины зөөлөн эдийн няцрал, зулгаралт, салстад цус харвалт, зүүн хацар, эрүүний зүүн хэсгийн зөөлөн эдийн няцрал, зүүн мөр, даланд цус хуралт, зүүн гуянд шарх бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь нотлогдож байна.
Хэрэгт нотолбол зохих байдал бүрэн хангагдсан, прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл заалт тохирсон байх тул шүүгдэгч Б.Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ял оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирогч Х.Батжаргал нь энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэм хорын хохирлын талаарх 132.000 төгрөг /хх-24х/-ийн нотлох баримт гаргаж хавтаст хэрэгт хавсаргуулсныг шүүгдэгч Б.Ааас гаргуулж хохирогчид олгож шийдвэрлэв.
Шүүх шүүгдэгч Б.Ат эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 (хоёр зуун дөч) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагаар тооцож (240:8=30) 30 хоногийн хорих ял болгон өөрчлөв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгнэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт ялын хэмжээг тогтооно”, “шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэсэн байх тул шүүгдэгч Б.Ат Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 245 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар оногдуулсан 5 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 4 жил 19 хоногийн хорих ял дээр 30 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн түүний биечлэн эдлэх ялыг 4 жил 01 сар 19 хоногийн хорих ялаар тогтоож шийдвэрлэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Б.А нь цагдан хоригдсон 344 хоногтой болохыг тус тус дурдах нь зүйтэй.