| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2020/0007/Э |
| Дугаар | 2020/ШЦТ/08 |
| Огноо | 2020-01-15 |
| Зүйл хэсэг | 17.12.1., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2020 оны 01 сарын 15 өдөр
Дугаар 2020/ШЦТ/08
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Б.Оюунцэцэг,
Шүүгдэгч: О.Б-,
Шүүгдэгч: Ц.А- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлд заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М- овогтой О-ын Б-, И- овогтой Ц-гийн А- нарт холбогдох эрүүгийн 1927002480100 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт
1. Монгол Улсын иргэн, 1999 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Архангай аймгийн Хотонт суманд төрсөн, 20 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, аав, ээж, дүү нарын хамт Улаанбаатар хот Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо ___ тоотод оршин суух хаягтай боловч одоо Архангай аймгийн Хотонт сумын Улаан Чулуу баг ___ гэх газар оршин сууж байгаа, гавъяа шагналгүй, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 2019/ШЦТ/08 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж шийтгэгдэж байсан, М- овгийн О-ын Б-, РД:___
2. Монгол Улсын иргэн, 1999 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, ах нарын хамт Өвөрхангай аймгийн Хархорин сум 3 дугаар баг Эрдэнэтолгой баг ___ тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, И- овгийн Ц-гийн А-, РД:___
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/
Яллагдагч О.Б-, Ц.А- нар бүлэглэн яллагдагч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж, хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч О.Б- нь өгсөн мэдүүлэгтээ: “....2019 оны 07 дугаар сарын дундуур хотоос ажил амрахаар нь саравч барихаар ирсэн орой нь Ж- ахынхаас нэг хонь авсан. Цагдаа нар гурван хонь алга болсон. Б- та хоёр авсан гээд байсан уул нь нэг хонь авсан...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Би дахиж ийм хэрэг хийхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ц.А- нь өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 07 дугаар сарын дундуур Ж- ахын мал манай малтай нийлээд нэг хонь үлдсэн байхаар нь авсан. Өөр ярих зүйл байхгүй...Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Буруу зүйл хийснээ ойлгож байна. Надад өөр ийм хэрэг хийсэн зүйл байхгүй...” гэв.
Хохирогч Ё.Ж-ийн өгсөн: “...Би 2019 оны 07 дугаар сарын дундуур ___ гэх амралтын газар харуулд гарч байх үед манай гэрт манай эхнэр М- манай хоёр жоохон ачтай үлдсэн хойгуур хонь авсан гэж бодож байна. Намайг байхгүй хойгуур нохой хуцаад мал үргээд байна гэж хэлсэн. Тэгээд дараахан нь хонио тоолсон чинь 3 тооны хонь байхгүй байсан. Шүдлэн эр хонь хулгар чихтэй, улаан хүзүүтэй хонь 1 ширхэг, сувай эм хонь зөв талын чих нь сам имтэй хонь 1 ширхэг нөгөө сувай эм хонь нь хулгар имгүй хонь байсан юм. Өөр бусдаар сайн санахгүй байна” гэсэн мэдүүлэг, /хх-ийн 09-11 дүгээр хуудас/
Гэрч Б.А-гийн өгсөн: “...Тиймээ манай хүү О.Б-д цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль байсан. Би Хархорин суманд байдаг ___ гэх нэртэй амралтын газарт ажил хийж байгаад 2018 оны 06 дугаар сард 300.000 мянган төгрөгөөр нэг хүүхдээс авч хүүдээ өгч байсан. ...Энэ жил би зун 7 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Хөдөө гэртэй байж байсан чинь нэг гадаадын жуулчин манайхаар дайрч явахдаа зарчих гээд байхаар нь хүүгээ хот явсан хойгуур 400.000 төгрөгөөр зарсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 16 дугаар хуудас/
Гэрч С.М-ийн өгсөн: “...Би хэдний өдөр гэдгийг нь сайн санахгүй байна. Манай хүү А- цэргээс ирээгүй байхад бас манай нөхөр Ж- ___ жуулчны баазад харуулд гаргахаар ажилдаа явах хойгуур би 2 ачтайгаа гэртээ малаа хараад гурвуулаа үлдсэн өдөр амарч байх үед гадаа хонь үргээд чимээ гарахаар нь сэрээд гараад харсан чинь надад юм харагдаагүй. Би айгаад буцаад гэрлүүгээ ороод унтчихсан.” гэсэн мэдүүлэг/хх-ийн 17-18 дугаар хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 06 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, дуудан ирүүлэх хуудас, тогтоол танилцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 01-04 дүгээр хуудас /
Хөрөнгийн үнэлгээний Вендо ХХК-ний 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн дүгнэлт /хх-ийн 25-27 дугаар хуудас/
Тээврийн хэрэгслийн үнэлгээ /хх-32 дугаар хуудас/
Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар
Яллагдагч О.Б- Ц.А- нар бүлэглэн яллагдагч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж, хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримтийг цуглуулж бэхжүүлсэн байна. Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Гандөш болон шүүгдэгч нар шүүх хуралдаанд 2019 оны 07 дугаар сарын дундуур Ё.Ж-ийн хониноос 1 хонь хулгайлсан гэдэг боловч хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын мэдүүлгээр үгүйсгэгдэж байх тул хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсаныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан бөгөөд Иргэний эд хөрөнгө шударгаар олж авах, эзэмших, өмчлөх, захиран зарцуулах эрх болон бусдын эд хөрөнгийн халдашгүй дархан байдал нь тус тус Монгол улсын Үндсэн хуулиар баталгаажуулсан хүний баталгаатай эдлэх үндсэн эрх, эрх чөлөө болохын хувьд Эрүүгийн хуулиар хамгаалагдсан. Гэмт этгээд бусдын эзэмшил, өмчлөлд байгаа эд юмс, эд хөрөнгийг өөрөө захиран зарцуулах эрхгүй, бусдын эзэмшил өмчлөлийнх гэдгийг мэдсээр байж хувийн ашиг олох шунахай сэдэлт зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр, нууц далд аргаар, үнэ төлбөргүйгээр хууль бусаар авч өөрийн эзэмшил ашиглалтад шилжүүлэн авсныг “Хулгайлах” гэмт хэрэг гэж ойлгох бөгөөд уг авсан малыг захиран зарцуулах бодит боломж бололцоо бүрдсэнээр хулгайлах гэмт хэрэг төгс үйлдэгдсэнд тооцогдох юм.
Түүнчлэн Эрүүгийн хуулинд бусдын малыг хулгайлсан бол Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Хэргийн нөхцөлд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь бүлэглэн яллагдагч О.Б-ын эзэмшлийн цэнхэр өнгийн Мустанг-5 маркийн мотоциклоор 2019 оны 07 дугаар сарын дундуур Хархорин сумын 5 дугаар багийн нутгаас иргэн Ё.Ж-ийн 3 тооны хонийг хулгайлж өөрийн хувийн хэрэгцээгээ хангаж захиран зарцуулж ашиглах зорилготой авсан гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын малыг хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байна. Шүүгдэгч О.Б-. Ц.А- нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаагүй болно.
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын Прокурорын газраас дээрх гэмт үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэлд тохирсон, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотлогдвол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон гэж шүүх дүгнэлээ.
Иймд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь шууд санаатай үйлдлээр бусдын малыг хулгайлан авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заалтад заасан “бусдын мал хулгайлах” гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тухайн зүйл, хэсэг, заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх эрх зүйн үндэслэлтэй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж, ...гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг гэж тус тус тодорхойлон заасан. Шүүгдэгч О.Б-, Ц.А- нарын үйлдсэн дээрх хулгайлах гэмт хэргийн улмаас хохирогч Ё.Ж-ид 320.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн Хөрөнгийн үнэлгээ, зуучлалын “ВЕНДО” ХХК-ийн 2019 оны 11 дүгээр сарын 07-ний өдрийн /хэргийн 24- 27/ хөрөнгийн үнэлгээний тайлан дүгнэлтээр нийт 320.000 /гурван зуун хорин мянган/ төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ, шинжилгээ хийх эрх бүхий тусгай зөвшөөрөлтэй, үнэлгээний байгууллагын үнэлгээчний дүгнэлт, хохирогч Ё.Ж- нарын мэдүүлэг зэрэг баримтаар тус тус тогтоогдсон ба дээрх эд хөрөнгийн үнэлгээ дүгнэлтэд хэргийн хохирогч болон шүүгдэгч талууд тус тус маргаагүй болно.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгө хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай. Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.9 дэх заалтад тус тус заасан эрхийнхээ хүрээнд гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг арилгуулах, нөхөн төлүүлэх талаарх хүсэлт, гомдлын шаардлага гаргах эрхтэй бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцон шүүгдэгч нь 320.000 төгрөгийн үнэ бүхийн 3 хонийг төлж барагдуулсан,... Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэсэн мэдүүлэг хэргийн 9-10 дугаар талд авагдсан байна. Иймд шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршигт тооцон энэ тогтоолоор гаргуулах төлбөргүй гэж үзнэ.
Шүүх, шүүгдэгч О.Б-, Ц.А- нарыг бусдын малыг хулгайлан авсан үйлдэлд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож шийдвэрлэсэн тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх гэм буруугийн зарчим, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших эрүүгийн хариуцлагын зорилго болон Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцүүлэн, шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасныг мөн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т заасан ялыг оногдуулахдаа, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан уг ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзэж шийдвэрлэв.
Шүүгдэгч О.Б-, Ц.А- нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хохирогч нь гомдол саналгүй, гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг шүүгдэгч нараас тэнцүү хувааж тус бүрээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулахыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч М- овгийн О-ын Б-, шүүгдэгч И- овгийн Ц-гийн А- нар нь бусдын малыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ын Б-д 260 /хоёр зуун жаран / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц-гийн А- 260 / хоёр зуун жаран / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.А-, шүүгдэгч О.Б- нар нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тус биелүүлээгүй бол 8 /найман/ цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч О-ын Б-д 260 /хоёр зуун жаран / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч Ц-гийн А-ы 260 / хоёр зуун жаран / цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс- 423 нээлттэй, хаалттай хорих ангид даалгасугай.
5. Шүүгдэгч О-ын Б-, шүүгдэгч Ц-гийн А- нар нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдсугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4-т зааснаар шүүгдэгч О.Б- шүүгдэгч Ц.А- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан мотоциклийн үнэлгээ болох 300.000 төгрөгийг шүүгдэгч О-ын Б-, шүүгдэгч Ц-гийн А- нараас тэнцүү хувааж тус бүрээс 150.000 төгрөгийг гаргуулж улсын орлогод оруулсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5- т зааснаар шүүгдэгч О.Б-, шүүгдэгч Ц.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч О.Б-, Ц.А- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА