Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2020 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 2020/ШЦТ/11

 

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Т.Энхжин,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: Д.У- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г- овгийн Д-ын У-т холбогдох эрүүгийн 1927001160092 дугаартай хэргийг хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт

1. Монгол улсын иргэн, 1998 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 2, эмээгийн Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орхон багийн “___” гэх газар оршин суух гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай Г- овогтой Д-ын У-т /РД:___/,

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдагдсанаар/

Яллагдагч Д.У- нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Хархорин сумын ___ хүнс барааны захад байрлах ___ эмийн сангийн хашааны хойд талд байсан хохирогч П.О-ийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “ДАЮУН” маркын мотоциклийг хулгайлж хохирогч П.О-эд 850.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах ба өмгөөлөх талуудын саналаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд. Үүнд:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Д.У- өгсөн мэдүүлэгтээ: “...Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татаж байгааг хүлээн зөвшөөрч байна. Би Хархорин сумын Захын хойт хэсгээс мотоцикль хулгайлсан нь үнэн. Тухайн үед ганцаараа явсан ...Би улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг Хархорин сумын захын хойт хэсэгт байх эмийн сангийн тэндээс хулгай хийсэн. Тэгээд Хархорин 2 сумын Нарийн хүр багийн нутаг ___ гэх газарт очиж А-тай мотоциклийн банк, яндан болон, хойт талын улаан өнгийн гэрэл зэргийг сольсон ...ганцаараа явсан. А-т хулгайн мотоцикль гэж хэлээгүй, миний мотоцикль байгаа юм гэж хэлээд мотоциклийг сольсон” гэсэн мэдүүлэг / хх-ийн 56-57-р хуу/

Хохирогч П.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Хархорин сумын ___ захад байх ___ эмийн сангийн хашааны хойт талд нь өөрийн улаан өнгийн “Даюун” мотоциклийг тавьчихаад ___ руу эм авахаар орсон. Тэнд 5 орчим минут болсон. Тэгээд гараад ___ын хүнсний дэлгүүр рүү орж хүнсний эд зүйл авчихаад гараад ирэхэд мотоцикль алга болсон байсан. ___ын эмийн сангаас гарахад мотоцикль байсан, би хальт харчихаад цаашаа дэлгүүр рүү орсон. Тэндээс гарч ирэхэд мотоцикль байхгүй байхаар нь ах Д- руу залгаж хэлсэн. ...утасны дуудлагыг харахад 18 цаг 10 минут болж байсан ...Улаан өнгийн “Даюун” маркийн мотоцикль. Улсын дугааргүй, 2 дугуй дөрвөлжин шоо хээтэй, 2 толь байхгүй. Буруу талын тольны суурь толь орхооргүй, сэтэрхий, зөв талын ачааны буулгадаг ачаа нь байхгүй, буруу талын яндан нилээн халтар, 4 дохио бүрэн, мильний голонд залгагддаг утас нь тасарсан, миль нь 4 мянга гаруй яваад зогссон, зөв талын акумляторын таг сэвтэй, банкны доор байх багцалсан утсыг хар лентээр ороосон, суудлын бүрээс нь хар, мөн улаан каск малгай цуг байсан, бүчний түгжээ нь эвдэрсэн байгаа ...гомдолтой байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 33-р хуу/......2019 оны 06 дугаар сарын 22-ны өдөр дахин өгсөн “...надад үзүүлсэн тухайн мотоцикль миний ___ын эмийн сангийн-үүднээс алдсан улаан хүрэн өнгийн Даюун мотоцикль мөн байна. Учир нь тухайн мотоциклийн банк, яндан, суудлын бүрээс, акумляторын таг, мөн таньд хэлж байсан зөв талын буулгадаг ачаа байхгүй гэж энэ чигээрээ байна ... хохирлоо нөхөн төлүүлнэ. Мөн тухайн олдсон “Даюун” мотоциклио авмаар байна” гэсэн мэдүүлэг/хх-ийн 34-р хуу/гэжээ.

Гэрч П.Д- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ өгсөн “...2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цаг 10 минутанд төрсөн дүү П.О- нь ____ дугаарын утсаар над руу залгаж дүү нь ___ эмийн сангийн гаднаас өөрийн улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклио алдсан талаар залгаж хэлсэн ...тэгээд цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-р хуу/

Гэрч Э.А- мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д.У- нь улаан өнгийн Даюун мотоцикльтэй ирсэн. Тэгээд Д.У- нь миний цэнхэр өнгийн “Мустанг-5” мотоциклийг сонирхоод байсан. Тэгэхээр нь би аваад 2 жил гаруй болж байна гэж хэлсэн. Тэгтэл Д.У- нь өөрийнхөө унаж яваа мотоциклиор надтай наймаа хийе гэхээр нь би зөвшөөрсөн. ...солилцоо хийхдээ Д.У- чиний мотоциклийн банк цоорхой, яндангийн шинж тасарсан юм уу гэж хэлээд солилцоо хийсэн улаан өнгийн “Мустанг-5” мотоциклиос улаан өнгийн банк, хоёр таг, арын улаан гэрэл, хар суудал, даюун нэртэй яндан зэргийг аваад надаас авсан мотоцикльд угсарсан. Би Д.У-аас авсан “Даюун” мотоцикльд зөрүүлээд цэнхэр өнгийн цоорхой банк, 2 таг, суудал, арын улаан гэрэл, шинж нь тасарсан яндан зэргийг авч угсарсан юм ...Д.У- нь надад миний намар авсан мотоцикль байгаа юм гэж надад хэлсэн ...би хулгайн мотоцикль гэдгийг огт мэдээгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 38-р хуу/

  • Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолууд, тогтоол танипцуулсан мөрдөгчийн тэмдэглэлүүд /хх-ийн 1-4-р хуу/
  • Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 12- р хуу/
  • Улаан өнгийн, улсын дугааргүй “Даюун” маркийн тээврийн хэрэгсэлд үзлэг 3 хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, үнэлгээ /хх-ийн 22-29, 48-51-р хуу/
  • Хохирогч П.О-эд улаан өнгийн “Даюун” маркийн мотоциклийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 31-р хуу/
  • Хохиролын үнэлгээ / хх-ийн 48-51 дүгээр хуудас/ зэрэг болно.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал болон тэдгээрт өгсөн шүүхийн дүгнэлтийн талаар

Шүүгдэгч Д.У- нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Хархорин сумын “___” хүнс барааны захад байрлах “___” эмийн сангийн хашааны хойд талд байсан хохирогч П.О-ийн эзэмшлийн улаан өнгийн улсын дугааргүй “ДАЮУН” маркийн мотоциклийг хулгайлж хохирогч П.О-эд 850.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн болох нь

Хохирогч П.О-ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг /ххийн 33-34 дугаар хуудас/, гэрч П.Д-, гэрч Э.А- нарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлгүүд /хх-ийн 36,38 дугаар хуудсууд/, мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шүүгдэгч д.У- нь хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд зэрэг хавтас хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Д.У- нь 2019 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр 18 цагийн үед Өвөрхангай аймгийн Хархорин сумын 5 дугаар багийн нутаг ___ хүнсний захын ___ эмийн сангийн хашааны хойд талаас хохирогч П,О-ийн эзэмшлийн “ДАЮУН” маркийн мотоцилийг авсан үйлдэл нь шууд санаатай, шунахай сэдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Шүүгдэгч Д.У- нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт хэргийн үйл баримт болоод гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн мэдүүлгийг тус тус өгсөн болно.

Прокуророос шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд нь тохирсон хуулийн үндэслэл бүхий, байна.

Иймд шүүгдэгч Д.У-ыг “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол” гэж, мөн “гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсаны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршиг” гэж тус тус тодорхойлон заасан ба мөн зүйлийн 4 дэх хэсэгт “их хэмжээний хохирол” гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “үлэмж хэмжээний хохирол” гэж арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг, “бага хэмжээний хохирол” гэж гурван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс доош хэмжээг тус тус тооцох, “нэгж” нь “нэг мянган төгрөгтэй тэнцүү 4 байх”-аар хуульчилан тогтоосон.

Шүүгдэгчийн үйлдсэн дээрх хулгайн гэмт хэргийн улмаас хохирогч П.О-эд 850.000 төгрөгийн эд хөрөнгийн хохирол учирсан нь нотлогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд заасан хохирлын бага хэмжээнээс дээш хохиролд хамаарч байна.

Шүүгдэгч Д.У- хохирогч П.О-ийн “ДАЮУН” маркийн мотоциклийг биет байдлаар буцаан өгөх хэлбэрээр нөхөн төлсөн болох нь /хэргийн 30х/ баримтаар тогтоогдсон ба гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирол, хор уршгийн нөхөн төлбөрт тооцон шүүгдэгчээс гаргуулах баримт бүхий төлбөргүй байна. Ш

үүгдэгч Д.У- нь урьд гэмт хэрэг үйлдэж ял шийтгүүлж байгаагүй талаар эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас баримтад “мэдээллийн санд бүртгэгдээгүй тухай тэмдэглэгдсэн /хэргийн 66х/ байх тул түүнийг анх удаа Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэх үндэслэлтэй.

Шүүгдэгч Л Д.У- нь Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлыг нөхөн төлж арилгасан нь тус тус Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба түүний үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх, шүүгдэгч Д.У- нь хорих ял шийтгүүлж болох Эрүүгийн хуулийн хөнгөн ангилалд хамаарах гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан эд хөрөнгийн хохирол, хор уршгийг нөхөн төлж арилгасан, мөн тэрээр гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримт болон гэм буруугийн талаар маргаагүй, болон улсын яллагчаас гаргасан эрүүгийн хариуцлагын санал зэргийг тус тус харгалзан, шүүгдэгч Д.У-т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэв.

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хэргийн хамт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, гаргуулвал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хохирогчид төлөх төлбөргүй гэснийг тус тус шийтгэх тогтоолд дурьдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Г- овогтой Д-ын У- нь бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар , хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар Г- овогтой Д-ын У-т хорих ял оногдуулахгүйгээр 01 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г- овогтой Д-ын У-т хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйл, 189 дүгээр зүйлд зааснаар албадлагын арга хэмжээ хэрэглэж тэнссэн хугацаанд шүүгдэгч Г- овогтой Д-ын У-т хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-423 дугаар нээлттэй хаалттай хорих ангид даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

6. Шүүгдэгч Г- овогтой Д-ын У- нь бусдад төлөх төлбөргүй, түүний бичгийн баримт шүүхэд ирээгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, хилийн хориг тавигдаагүй цагдан хоригдсон 9 хоногтой болохыг тус тус дурьдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-т зааснаар Г- овогтой Д-ын У-т шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г- овогтой Д-ын У- урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Ц.ДАГИЙМАА