Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 11 сарын 29 өдөр

Дугаар 074

 

           Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Еркеш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баяннуур сумын 5 дугаар багийн оршин суугч М.Хн нэхэмжлэлтэй;

            Хариуцагч: Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад холбогдох;

            “Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, уг албан тушаалд томилох шийдвэр гаргах,  2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад даалгах тухай” нэхэмжлэлийн шаардлагатай захиргааны хэргийг хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш, хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М,   шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ардабек  нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч М.Хн шүүхэд ирүүлсэн нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч М.Х нь Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоонд зарласан сонгон шалгаруулалтад оролцож, 76 оноогоор эхний байр эзэлсэн. Түүнийг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, нэр дэвшүүлэх тухай” 44 тоот тогтоолын 2 дугаар хавсралтаар нөөцөд бүртгэж, мөн тогтоолын 2 дахь заалт болон тогтоолын 4 дэх хавсралтаар Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилуулахаар нэр дэвшүүлсэн. Энэхүү Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолын биелэлтийг хангуулахаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн албаны салбар зөвлөл нь 2018 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 87 тоот албан бичгээр аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад үүрэг өгсөн боловч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн дарга Т.Ө нь 2018 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 175 тоот албан бичгээр Төрийн албаны салбар зөвлөлд татгалзсан хариу өгснөөр нэхэмжлэгч М.Х нь өөрийнхөө эрх ашиг зөрчигдсөн гэж үзээд захиргааны хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгчийн хувьд Төрийн албаны зөвлөлөөс зарласан сонгон шалгаруулалтад оролцож тэнцсэн, нөөцөд бүртгэгдсэн, төрийн албан тушаал эрхлэх ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан, нөгөө талаар Төрийн албаны зөвлөлийн 44 дүгээр тогтоолын зохих хавсралтаар нэрийг нь дэвшүүлээд байхад ямар нэгэн шалтаг, шалтгаангүйгээр татгалзаж байгаа явдлыг ажил олгогчийн хууль бус эс үйлдэхүй гэж үзээд нэхэмжлэл гаргасан. Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолыг биелүүлэхгүй байгаа, М.Хг нэр дэвшүүлсэн орон тоонд томилохгүй байгаа эс үйлдэл нь түүний хууль ёсны эрх ашгийг ноцтой зөрчиж байна. Төрийн албаны зөвлөлийн Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлөөс шүүхэд хандахыг зөвлөсөн хариуг бичгээр өгсөн тул урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан гэж үзэж байна.

Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж, Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилохгүй байгаа ажил олгогчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.Хг тус сумын нийгмийн даатгалын байцаагчийн орон тоонд томилохыг даалгаж, 2018 оны 06 дугаар сарын 01-ээс эхлэн томилогдох хүртэлх цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгах шийдвэр гаргаж өгөхийг шүүхээс хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын шүүхэд ирүүлсэн болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Мурат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж тус хэлтсийн Дэлүүн сум хариуцсан байцаагчийн сул орон тооны захиалгыг буруу өгснөөс болж туслах түшмэлийн ангилалд төрийн албаны шалгалт явагдаж, улмаар тус шалгалтад 1 дүгээр байр эзэлсэн М.Хн нэрийг тус албан тушаалд томилуулахаар дэвшүүлж, Төрийн албаны зөвлөлийн 44 тоот тогтоол гарсан. Гэтэл Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын тушаалаар уг хэлтсийн  ажлын байрны ангилал, зэрэглэлийг тогтоохдоо сум хариуцсан байцаагчийн орон тоог дэс түшмэлийн ангилалд багтааж мөрдүүлэхээр албан бичиг явуулсан. Сул орон тооны захиалга өгсний  дараа Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 1/3248 гэсэн албан тоотоор сум хариуцсан байцаагчийн орон тоог улсын байцаагчийн эрхгүй байвал дэс түшмэлийн 5 дугаар зэрэглэлд багтаахаар, улсын байцаагчийн эрхтэй байвал 6 дугаар зэрэглэлд багтаахаар чиглэл хүргэгдсэн байгаа. Засгийн газрын 2007 оны 354  тоот тогтоолоор сум хариуцсан улсын байцаагчийн орон тоог дэс түшмэлийн, ТЗ-6 дугаар зэрэглэлд багтаан цалинжуулахаар тогтоосон байгаа. Тийм учраас туслах түшмэлийн ангилалд шалгалт өгсөн М.Хг маргаан бүхий орон тоонд томилох эрх зүйн үндэслэлгүй болоод байна. Харин тус орон тоонд одоо түр ажиллаж байгаа Б.Хайрол нь шалгалт буруу явагдсан, тогтоол буруу гарсан, захиалга буруу өгөгдсөн гэх мэтээр маргаж Төрийн албаны зөвлөл болон Нийгмийн даатгалын ерөнхий газарт гомдол гаргаад байгаа бөгөөд хэрэв Төрийн албаны зөвлөл нь 44 дүгээр тогтоолыг өөрөө хүчингүй болгохгүй бол захиргааны хэргийн шүүхэд хандахаар болж байгааг бидэнд албан ёсоор мэдэгдээд байна.

М.Х нь Баяннуур сумын төрийн санд сумын 10 жилийн дунд сургуулийг хариуцсан нягтлан бодогчоор ажиллаж байгаад чөлөөлөгдсөн гэсэн боловч тойрох хуудас аваагүй, байгууллагын 2018 оны санхүүгийн баримтыг алга болгосон зэрэг маргаантай асуудал гарч нийгмийн даатгалын шимтгэлийн тооцоо хийхэд хүндрэл гарч байгаа ба төрийн албан хаагчийн ёс зүйг зөрчиж байгаа үйлдэл илэрч байна. Мөн урьд нь Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын ажил хийж байхад их хэмжээний санхүүгийн асуудал гаргаж байсан мэдээлэл байгаа учраас нийгмийн даатгалын байгууллагад ажиллах төрийн албан хаагчийн ёс зүйн шаардлага хангахгүй асуудал бий болж байна. Нэхэмжлэгч М.Х нь урьд ажиллаж байсан үед ашиг сонирхлын болон санхүүгийн зөрчил гаргаж байсан нь төрийн аудитын шалгалтаар илэрч, акт тогтоогдсон талаарх нотлох баримтуудыг шүүхэд хүргүүлсэн байгаа. М.Х нь ашиг сонирхлын зөрчилтэй байсныг тогтоосон аймгийн Аудитын байгууллагын акт хэрэгт авагдсан ба урт нэртэй хуулийн 23 дугаар зүйлд ашиг сонирхлын илт зөрчилтэй байвал ажил олгогч томилохоос татгалзах үүрэгтэй байхаар зохицуулсан байх тул нэхэмжлэгч М.Хг маргаан бүхий орон тоонд томилох боломжгүй юм. Учир нь сум хариуцсан байцаагч нь нийгмийн даатгалын сангийн хөрөнгөтэй шууд харьцдаг болохоор М.Х нь урьд гаргасан алдаа зөрчлийг гаргахгүй гэсэн баталгаа алга байна. Түүний зарим үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан бөгөөд уг гомдлыг тус газрын Мөрдөн шалгах албанд шилжүүлсэн талаар манайд 05/7824 тоот албан бичгээр мэдэгдсэн болно.

 Мөн нэхэмжлэгчээс 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилох хүртэлх цалин хөлсийг тооцож олгох, мөн хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тооцож, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг ажил олгогчид даалгах гэсэн шаардлага гаргасан. Одоогийн байдлаар М.Хг маргаан бүхий орон тоонд томилсон ямар нэгэн захирамжилсан захиргааны акт гараагүй, хөдөлмөрийн харилцаа үүсээгүй учраас цалин хөлсийг нөхөж олгоно гэсэн ойлголт байхгүй гэдгийг хэлмээр байна. Иймээс энэ талаарх нэхэмжлэлийг хангах боломжгүй гэдгийг тайлбарлаж хэлье. Тийм учраас нэхэмжлэгч М.Хн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүхээс хэргийн оролцогчдын тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн  шаардлагын дараах  үндэслэлээр зарим хэсгийг  хангаж, үлдсэнийг  хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэг. Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.Хг уг албан тушаалд томилох шийдвэр гаргахыг тус хэлтсийн даргад даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Хариуцагч талаас нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй татгалзсан үндэслэлээ  “Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаас аймгийн хэлтсүүдийн  ажлын байрны ангилал, зэрэглэлийг тогтоохдоо сум хариуцсан нийгмийн даатгалын байцаагчийн орон тоог дэс түшмэлийн ангилалд багтаасан албан бичгийг мөрдүүлэхээр явуулсан тул туслах түшмэлийн ангилалд шалгалт өгсөн М.Хг  маргаан бүхий орон тоонд томилох эрх зүйн үндэслэлгүй. Мөн нэхэмжлэгч М.Х  урьд ажиллаж байсан үед ашиг сонирхлын болон санхүүгийн зөрчил гаргаж байсан нь төрийн аудитын шалгалтаар илэрч, акт тогтоогдсон ба ашиг сонирхлын илт зөрчилтэй байвал  ажил олгогч томилохоос татгалзах үүрэгтэй байхаар хуулиар зохицуулсан, түүний зарим үйлдлийг эрүүгийн журмаар шалгуулахаар Авлигатай тэмцэх газарт гомдол гаргасан” гэж тайлбарлажээ.

1. Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3, 17.4-т тус тус зааснаар төрийн жинхэнэ албан тушаалын сул орон тоо гарсан тохиолдолд томилох эрх бүхий этгээд нь эхлээд тухайн байгууллага болон төрийн холбогдох бусад байгууллагад ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчдаас сонгон шалгаруулах замаар уг орон тоог нөхөх эрхтэй, энэ журмаар тухайн сул орон тоог нөхөх боломжгүй тохиолдолд төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний  нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс тухайн албан тушаалд тавигдах онцлог шаардлагыг харгалзан сонгон шалгаруулж авах хүсэлтээ төрийн албаны зөвлөл болон салбар зөвлөлд гаргах замаар нөхөх, ингэж нөхөх боломжгүй бол төрийн албаны мэргэшлийн шалгалт авах  замаар шаардлага хангасан иргэдийг өрсөлдүүлэн сонгон шалгаруулах журмаар тухайн орон тоог нөхөхөөр  зохицуулжээ.

Тус аймгийн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын хэлтсийн /тухайн үеийн нэрээр/ дарга  нь 2017 оны 04 дүгээр сарын  28-ны өдрийн Б/16 дугаар тушаалаар Дэлүүн сумын эрүүл мэнд, нийгмийн даатгалын байцаагчаар  ажиллаж байсан С.Бахытыг хуулиар хүлээсэн үүргээ зөрчиж, ноцтой зөрчил гаргасан гэсэн үндэслэлээр төрийн албанд 1 жилийн хугацаанд эргэж орох эрхгүйгээр халах сахилгын шийтгэл ногдуулж, уг орон тоонд 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн Б/17 дугаар тушаалаар Б.Хайролыг түр  томилсон. Үүний дараа  2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр энэхүү Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалын сул орон тоог сонгон шалгаруулах журмаар нөхөх тухай захиалгыг Төрийн албаны зөвлөлийн аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний дагуу  2018 оны 03 дугаар сард Төрийн албаны зөвлөл болон тус аймаг дахь салбар зөвлөлөөс уг сул орон тоог төрийн албаны мэргэшлийн шалгалт авч  сонгон шалгаруулах  журмаар нөхөх талаар нийтэд мэдээлсэн  болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[1] тогтоогдсон болно.

Дээрх байдлаар Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тоо гарснаар томилох эрх бүхий этгээд болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас  уг сул орон тоог ажиллаж байгаа төрийн жинхэнэ албан хаагчид болон  төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний  нөөцийн жагсаалтад бүртгэгдсэн иргэдээс нөхөх боломжгүй гэж үзэж,  сонгон шалгаруулах журмаар нөхөх захиалга хүргүүлсэн, үүний дагуу Төрийн албаны зөвлөл болон  салбар зөвлөлөөс сул орон тооны  талаар нийтэд мэдээлсэн нь  Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.3,17.4,17.5  дах заалтад тус тус нийцсэн байна.

Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.8-д зааснаар Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 86 дугаар тогтоолоор баталсан “Төрийн жинхэнэ албан тушаалд анх ороход мэргэшлийн шалгалт авах журам”-ын  2.1-т “... сул орон тоог Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1,17.4-т заасны дагуу нөхөх боломжгүй тохиолдолд иргэнийг сонгон шалгаруулж авах захиалгыг байгууллага нь ажлын байр тус бүрээр гарган, ...Ажлын  ажлын байрны тодорхойлолтын хамт  энэхүү журмын 1.4-т заасан харьяаллын дагуу Төрийн албаны  зөвлөл болон аймаг, нийслэл дэх Салбар зөвлөлд хүргүүлнэ”,  2.4-т “Ажлын байрны захиалгад байгууллага, нэгж, албан тушаалын нэр,ангилал, зэрэглэл,ажлын байрны тоо, хариуцах асуудал, тухайн албан тушаалыг эрхлэхэд тавигдах  ерөнхий болон тусгай шаардлагуудыг тусгасан байна.”, 3.1-т “Төв комисс сул орон тооны захиалгыг мэргэшлийн шалгалттай холбоотой мэдээллийн хамт шалгалт эхлэхээс 21-ээс доошгүй  хоногийн өмнө Төрийн албаны зөвлөлийн цахим хуудсаар нийтэд мэдээлнэ”, 3.2-т “Мэдээлэлд албан тушаалын нэр, тоо, ангилал, зэрэглэл, хариуцах асуудал, тавигдах шаардлага, ...зэргийг заана” гэж тус тус зохицуулсан.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар[2] маргаан бүхий Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн  албан тушаалын ангилал, зэрэглэлийг аймгийн Нийгмийн  даатгалын  хэлтсээс тус аймаг дахь Салбар зөвлөлд захиалгын хамт хүргүүлсэн ажлын байрны тодорхойлолт болон Төрийн албаны зөвлөлөөс нийтэд мэдээлсэн мэдээлэлд ангилал туслах түшмэл, зэрэглэл ТЗ-3 гэж тусгасан. Нэхэмжлэгч М.Х нь  аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн туслах түшмэлийн ангиллын, ТЗ-3 зэрэглэлийн албан тушаалын сул орон тооны сонгон шалгаруулалтад орохоор холбогдох бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр  салбар зөвлөлөөс тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангасан гэж үзэж бүртгэсэн, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтад орж тэнцэн, 76 оноо буюу хамгийн өндөр оноо авснаар түүнийг Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолоор туслах түшмэлийн ангиллын төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцөд бүртгэж, Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн болох нь  тус тус тогтоогдсон болно.

Нэхэмжлэгч М.Х нь аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны сонгон шалгаруулалтад орж тэнцэж, хамгийн өндөр оноо авснаар түүнийг Төрийн албаны зөвлөлийн шийдвэрээр төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийн жагсаалтад бүртгэж, уг албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсэн  нь Төрийн албаны тухай 17 дугаар зүйлийн 17.2, 17.3 дах заалттай тус тус нийцсэн байна гэж үзлээ.

Харин сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалыг  байцаагчийн эрхтэй эсэхээс шалтгаалан дэс түшмэлийн ангиллын ТЗ-5, ТЗ-6 зэрэглэлд хамааруулах тухай Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 1/3248 дугаартай  албан бичиг[3] нь хариуцагчаас маргаан бүхий сул орон тооны захиалгыг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр аймаг дахь салбар зөвлөлд хүргүүлсний дараа ирсэн байгаа боловч тухайн сонгон шалгаруулалтын талаар 2018 оны 3 дугаар сард нийтэд мэдээлж,  04 дүгээр сарын 18-19-ний  өдрүүдэд зохион байгуулсан байна.

Гэтэл  томилох эрх бүхий этгээд болох аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргаас Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооны захиалгыг ажлын байрны тодорхойлолтын хамт салбар зөвлөлд хүргүүлсний дараа дээд шатны байгууллагаас ирүүлсэн дээрх албан бичгийн дагуу  тухайн сул орон тооны захиалга, ажлын байрны тодорхойлолтыг зөвтгөж дахин хүргүүлэх хангалттай хугацаа байсан боловч хүргүүлээгүй мөртөө тус хэлтсээс өгсөн захиалгын дагуу  зохион байгуулагдсан уг сул орон тооны сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан М.Хг Төрийн албаны зөвлөлийн тогтоолоор маргаан бүхий албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлсний дараа туслах түшмэлийн ангиллын шалгалт өгсөн гэсэн үндэслэлээр томилохоос татгалзаж байгаа нь үндэслэлгүй, Төрийн  албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д заасан шударга ёс, тэгш байдлын, 4.2.4-т заасан иргэд хуульд заасан болзол, журмын дагуу төрийн албанд орох адил, тэгш боломжтой байх зарчимтай тус тус нийцэхгүй байна гэж үзлээ.

  Мөн  2018 оны 04 дүгээр сарын 18-19-ний өдрүүдэд  Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн сул орон тооноос гадна тус аймгийн нутгийн захиргааны зарим байгууллагын  дэс түшмэлийн ангиллын, ТЗ-6 зэрэглэлийн 4  албан тушаал, ТЗ-5 зэрэглэлийн 2 албан тушаал, туслах түшмэлийн ангиллын, ТЗ-3 зэрэглэлийн 1 албан тушаалын сул  орон тоог нөхөх сонгон шалгаруулалт явагдсан, өөрөөр хэлбэл нийтэд зарласан эдгээр 8 сул орон тоонд  бүртгүүлсэн 100 иргэнээс  99 нь төрийн албаны мэргэшлийн шалгалтад орсон[4] буюу уг шалгалт нь  дэс болон туслах  түшмэлийн ангиллын гэж тус тусдаа явагдаагүй болохыг  дурдах нь зүйтэй байна.    

2. Төрийн албаны зөвлөлийн 2018 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 44 дүгээр тогтоолын[5]  3 дах заалтаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг  сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан шаардлагыг баримтлан  нэр дэвшигчдийг томилуулахыг  тус аймаг дахь салбар зөвлөлд үүрэг болгосны дагуу салбар зөвлөлөөс аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад Төрийн албаны зөвлөлийн уг тогтоолыг хүргүүлсэн[6] байна. Үүний дагуу нэхэмжлэгч М.Хн 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдөр гаргаж өгсөн[7] хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 212, 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 226 дугаар албан бичгүүдээр[8] Авлигатай тэмцэх газарт хүргүүлсэн боловч тус газраас холбогдох материал дутуу, томилох эрх бүхий албан тушаалтнаас ирүүлээгүй гэсэн шалтгаанаар хянах боломжгүй гэж тус тус буцаасан[9]. Үүний дараа “М.Х нь урьд төрийн албанд ажиллаж байхдаа  санхүүгийн зөрчил гаргаж байсан, ашиг сонирхлын зөрчилтэй” гэх асуудлыг шалгуулах тухай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 234 дүгээр албан бичгээр[10] хүргүүлсэн гомдолд Авлигатай тэмцэх газрын 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 05/7122 дугаар албан бичгээр[11] өгсөн хариуг эс зөвшөөрч тус хэлтсийн даргаас дахин гомдол[12] гаргасан байх ба уг гомдолд тус газрын 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 05/7824 дугаар албан бичгээр[13] “...Гомдолд дурдсан М.Хд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг тус газрын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн болно. М.Х нь одоогоор тодорхой албан тушаал эрхлээгүй буюу томилогдоогүй байх тул Авлигын эсрэг хуулийн 4 дүгээр зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасан “хуулийн үйлчлэлд хамаарах этгээд” биш байна” гэж хариу өгсөн байна.

Түүнчлэн нэхэмжлэгч М.Х нь урьд  ажиллаж байсан  Баяннуур сумын Засаг даргын Тамгын газрын даргын албан тушаалаас 2017 оны 08 дугаар сарын 21-ний өдөр өөрийн хүсэлтээр[14], тус сумын Эрүүл мэндийн төв болон сургууль хариуцсан нягтлан бодогчийн албан тушаалаас 2018 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр өөр ажилд /маргаан бүхий орон тоонд/ шилжих болсонтой холбогдуулан[15]  тус тус чөлөөлөгдсөн, өөрөөр хэлбэл  төрийн албанаас  халагдаагүй байна. Мөн   нэхэмжлэгч өмнө нь төрийн албанд ажиллаж байхдаа  санхүүгийн зөрчил гаргасан талаар төрийн аудитын байгууллагын акт байгаа,  түүнд холбогдох гэмт хэргийн шинжтэй асуудлыг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс шалгаж байгаа  гэх хариуцагчийн тайлбарын хувьд  Авлигатай тэмцэх газраас нэхэмжлэгч М.Хд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэсэн талаар хариуцагч талаас нотлох баримт гаргаж өгөөгүйгээс гадна эдгээр  үндэслэл нь   Төрийн албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.2-т заасан төрийн жинхэнэ албан тушаалд авч ажиллуулахыг хориглосон тохиолдолд хамаарахгүй байгааг  дурдах нь зүйтэй байна.

Эдгээр үйл баримтууд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байгаа ба  нэхэмжлэгч М.Х нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.1-д зааснаар хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгээ томилох эрх бүхий байгууллага, албан  тушаалтанд гаргаж өгсөн, хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянах,тухайн албан үүргийг хэрэгжүүлэхэд ашиг сонирхлын зөрчил үүсэх эсэх талаар тодорхойлох эрх бүхий этгээд болох Авлигатай тэмцэх газраас дээрх байдлаар хариу өгсөн энэ тохиолдолд нэхэмжлэгчийг  тухайн албан үүргийг гүйцэтгэхэд илт ашиг сонирхлын зөрчил үүсч болох нь тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй юм.

Хариуцагчаас энэхүү үндэслэлээр  нэхэмжлэгч М.Хг маргаан бүхий албан тушаалд томилохоос татгалзаж байгаа нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн  23 дугаар зүйлийн 23.6, 23.7 дах заалттай нийцэхгүй байна гэж дүгнэлээ.

Иймд  дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч М.Хг Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилохгүй  байгаа хариуцагчийн эс үйлдэхүй нь хууль бус байх тул   Төрийн  албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.6-д “Мэргэшлийн шалгаруулалтаар шалгарсан иргэнийг зохих албан тушаалд томилсон тухай төрийн байгууллагын холбогдох эрх бүхий албан тушаалтан шийдвэр гаргаж баталгаажуулна” гэж заасны дагуу нэхэмжлэгчийн  уг албан тушаалд томилох шийдвэр гаргахыг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Хоёр. 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Төрийн албан тушаалыг эрхэлж, бүрэн эрхээ хэрэгжүүлсний төлөө төрөөс цалин хөлс авч, ажиллах нөхцөл, баталгаагаар хангагдан ажиллаж байгаа этгээдийг төрийн албан хаагч гэнэ” гэж заасан. Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 69  дүгээр зүйлийн 69.1 –д “Энэ хуулийн 36.1.2-т заасны дагуу ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор, ... олгоно”, Нийгмийн даатгалын  сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 5-д “Төр, аж ахуйн нэгж байгууллагаас дараах хугацааны шимтгэлийг тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд төлсөн тохиолдолд эдгээр хугацааг шимтгэл төлсөн хугацаанд оруулан тооцно: 5-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацаа” хамаарахаар заасан байна.

Мөн Монгол улсын Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр  тооцогдох хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлөх журам”-ын 2-т “Нийгмийн даатгалын шимтгэл төлөх хугацаанд  оруулан тооцохоор хуульд заасан хугацааны шимтгэлийг төлөхдөө  дараах журмаар тооцож, тэтгэврийн болон тэтгэмжийн даатгалын санд оруулна:е-д “хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахаас өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын  дунджаас ..төлнө” гэж  тус тус зааснаас үзвэл  ажлаас үндэслэлгүй халагдсан ажилтныг шүүхээс эгүүлэн тогтоосон тохиолдолд л ажилгүй байх хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг олгохоор байна. Иймээс нэхэмжлэгчийн ажиллаагүй хугацааны цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийг  олгох хууль зүйн үндэслэлгүй байх  тул  энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

              Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.13, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

                                                              ТОГТООХ нь:

            1. Төрийн албаны тухай хуулийн  11 дүгээр зүйлийн 11.6, 17  дугаар зүйлийн 17.2, 17.3, 17.4, 17.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3 дах хэсгийн 5  дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж,  Баян-Өлгий аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргын Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, М.Хг Дэлүүн сумын нийгмийн даатгалын байцаагчийн албан тушаалд томилох шийдвэр гаргахыг тус хэлтсийн даргад даалгаж,үлдсэн  хэсэг болох 2018 оны 06 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилд томилогдох хүртэлх хугацааны цалин хөлсийг тооцож олгох, нийгмийн даатгалын дэвтэрт бичилт хийхийг тус тус даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2.1, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

            3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

                         ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      С.ЕРКЕШ

 

 


[1] Хэргийн 28,42,95-98,99-102-р хуудас

[2] Хэргийн 95-98,99-102,103-118,121-123,124-126-р хуудас

[3] Хэргийн 193-194-р хуудас

[4] Хэргийн 121-123-р хуудас

[5] Хэргийн 124-р хуудас

[6] Хэргийн 8-р хуудас

[7] Хэргийн 36,47-р хуудас

[8] Хэргийн 37,48-49-р хуудас

[9] Хэргийн 138- 139,173-р хуудас

[10] Хэргийн 176-р хуудас

[11] Хэргийн 146-р хуудас

[12] Хэргийн 170-171-р хуудас

[13] Хэргийн 172-р хуудас

[14] Хэргийн 32,136-р хуудас

[15] Хэргийн 31,134-р хуудас