Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 29 өдөр

Дугаар 824

 

“Тун жөү” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  181/ШШ2017/00275 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Тун жөү” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч “Хас банк” ХХК-д холбогдох

 

“Хас банк” ХХК дахь 5001020967 дугаартай данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоож, “Хас банк” ХХК-иас 465 519 990 төгрөг гаргуулах тухай  иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Б.Нармандах илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Лиү Лян Хуа, түүний өмгөөлөгч Р.Пүрэвлхам,

Орчуулагч У.Мөнхцэцэг,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Гантөгс, Э.Мөнх-Эрдэнэ, Д.Мөнхзул

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Шинэцэцэг нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч түүний өмгөөлөгч шүүхэд  болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тун Жөү” ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд 2013 онд Монгол улсад хөрөнгө оруулж барилга угсралтын ажил хийх зорилтын хүрээнд Монгол улсад бүртгэлтэй “Бльюскай партнерс” ХХК-ийн захирал Ө.Ашхүүтэй харилцан тохирч Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт баригдаж буй Ургах наран хороололд орон сууцны барилга угсралтын ажлыг өөрийн 100 хувийн хөрөнгө оруулалтаар барихаар Хөрөнгө оруулах гэрээг 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулсан. Энэ гэрээг байгуулахтай зэрэгцэн тухайн барилга барих газар нь “Рендербау” ХХК-ийн эзэмшилд, “Хас банк” ХХК-ийн зээлийн барьцаанд байсан тул “Тун Жөү” ХХК, “Бльюскай партнерс” ХХК, “Рендербау” ХХК, “Хас банк” ХХК хамтран тэр өдрөө буюу 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр дахин гэрээг байгуулсан. Ингэхдээ “Тун Жөү” ХХК нь “Рендербау” ХХК-ийн эзэмшиж буй газарт хөрөнгө оруулж барилга барих, барилга барихдаа “Рендербау” ХХК-ийн зээлийг төлөх үүргийг давхар хүлээсэн байдаг. /гэрээний 1.1, 1.2 дугаар заалт/ Энэ үүргийг хүлээхдээ хөрөнгө оруулагч “Тун Жөү” ХХК нь зохих хөрөнгө оруулалт хийгээгүй буюу 2013 онд багтааж 480 айлын орон сууц барихгүй бол энэхүү гэрээг цуцлах /гэрээний 4.1.3 дугаар заалт/ талаар тусгасан байдаг. Энэхүү гэрээг байгуулснаас хойш “Бльюскай партнерс” ХХК нь Монгол улсад хөрөнгө оруулах нөхцөл бололцоог хангаж өгөх үүргээ биелүүлээгүйгээс хөрөнгө оруулах ямар ч боломжгүй болсон бөгөөд “Бльюскай партнерс” ХХК-тай байгуулсан хөрөнгө оруулах гэрээ болон 4 байгууллагын хамтран байгуулсан гэрээ аль аль нь хэрэгжих боломжгүй болсон. Гэтэл “Хас банк” ХХК нь гэрээ хэрэгжих боломжгүй болсныг мэдсээр байж манай компанийн “Хас банк” ХХК дахь 5001020967 дугаартай харилцах данснаас огт зөвшөөрөл авалгүй дураар аашлан нийтдээ 465 519 990 төгрөгийг банкны тухай тогтоомж зөрчин авч компанид онц их хэмжээний хохирол учруулаад байна.

Иймд банкны энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоож, “Хас банк” ХХК-иас 465 519 990 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Уг гомдолд дурдагдсан суутгалыг банк “Тун Жөү” ХХК, “Рендербау” ХХК, “Бльюскай” ХХК, “Хас банк” ХХК нарын хооронд 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр байгуулагдсан дөрвөн тапт гэрээний дагуу хийсэн. Уг гэрээний товч агуулга нь “Хас банк” ХХК зээлдэгч “Рендербау” ХХК-ийн зээлд газраа барьцаалуулсан “Бльюскай партнерс” ХХК нь өөрийн газар дээр хэрэгжүүлж буй Ургах наран хороолол төслийн “Тун Жөү” ХХК барилга барихыг зөвшөөрөх, ийнхүү зөвшөөрсөнтэй холбоотойгоор “Тун Жөү” ХХК нь “Рендербау” ХХК-ийн өмнөөс зээл төлөх, “Хас банк” ХХК нь “Тун Жөү” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Мандал суманд барьж ашиглалтад оруулсан 96 айлын орон сууцыг зээлээр худалдахад хамтран ажиллах, “Рендербау” ХХК-ийн зээлийн зээлдүүлэгч, барилга баригдах газрын барьцаалагчийн хувьд “Тун Жөү” ХХК-аас төлбөрийг шаардах тухай байсан юм. Дээрх дөрвөн талт гэрээ байгуулагдахаас өмнө “Рөндербау” ХХК, “Бльюскай партнерс” ХХК болон “Тун Жөү” ХХК нар нь хамтран ажиллах тохиролцоонд хүрч, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан бөгөөд хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсны дараа “Хас банк” ХХК-д хандсан. “Рендербау” ХХК, “Бльюскай Партнерс” ХХК, “Тун жөү” ХХК нараас банканд тавьсан санал, “Тун Жөү” ХХК-аас зээлийн төлбөрийг хуваарийн дагуу төлнө гэсэн амлалтын дагуу “Хас банк” ХХК дөрвөн талт гэрээ байгуулсан. Дөрвөн талт гэрээнд зааснаар “Тун Жөү” ХХК нь худалдан борлуулсан орон сууцны 1 м.кв тутмын үнийн дүнгийн 5 хувийг “Бльюскай Партнерс” ХХК-д төлөх, уг 5 хувиас үл хамаарч “Рендербау” ХХК-ийн зээлийн төлбөрийг хуваарийн дагуу банканд төлөх үүрэг хүлээсэн юм. “Рендербау” ХХК-ийн зээлийн эргэн төлөлт 2013 оны 10 дугаар сараас хугацаа хэтэрч “Хас банк” ХХК энэ талаар “Тун Жөү” ХХК-д гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг амаар болон бичгээр мэдэгдэж байсан ба гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т “Тун Жөү” ХХК нь “Рендербау” ХХК-ийн зээлийн төлбөр төлөх, үл маргах журмаар өөрийн данснаас, тухайлбал Зүүнхараа дахь орон сууцны борлуулалтын орлогыг төвлөрүүлж төлбөр суутгуулах эрхийг “Хас банк” ХХК-д олгосны дагуу 2013 оны 12 дугаар сарын 31, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28, 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 465 519 990.3 төгрөгийг “Рендербау” ХХК-ийн зээлийн 1410000513 тоот дансанд шилжүүлсэн. Дөрвөн талт гэрээний 1.1, 1.2, 2.6, 2.9, 2.15, 3.1.4-т заасныг үндэслэн банк гүйлгээг хийсэн тул “Тун жөү” ХХК-ийн гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй байна. Үүсээд байгаа маргаан нь “Рендербау” ХХК, “Бльюскай Партнерс” ХХК нарын дөрвөн талт гэрээ, хөрөнгө оруулалтын гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй болон үндэслэлгүй хөрөнгөжсөн зэрэгтэй холбоотой маргаан бөгөөд үр дагаврыг тухайн үүрэг зөрчсөн этгээдүүдээс шаардах ёстой гэж үзэж байна.

Иймд “Тун жөү” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

           

Гуравдагч этгээд “Бльюскай партнерс” ХХК, түүний төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гэрээ одоо ч хэрэгжих боломжтой юм. Мөнгө суутгасны хувьд Хас банк гэрээнд зааснаар суутган авсан байна гэв.

 

Гуравдагч этгээд “Рендербау” ХХК хариу тайлбар өгөөгүй болно.

 

Шүүх:  Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.2, 106 дугаар зүйлийн 106.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч “Хас банк” ХХК-нд холбогдох “Тун Жөү” ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоолгох, 465 519 990 төгрөг гаргуулах тухай “Тун Жөү” ХХК-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2 555 750 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: ...Шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Анхан шатны шүүхийн гаргасан шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1. 40.2 дахь хэсэгт заасныг ноцтойгоор зөрчин хэрэгт авагдсан нотлох баримтыг үнэлэлгүйгээр хэт талыг барьсан. хийсвэр дүгнэлтийг гаргажээ. Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэснээр барахгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн хууль зүйн үндэслэлгүй дүгнэлт хийжээ.

"Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.9-т заасан "Рендербау" ХХК-ийн Хас банк ХХК-тай байгуулсан 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1410000513 дугаар Барьцаат зээлийн гэрээ, 1410000513 дугаар Барьцаат зээлийн гэрээнд оруулах өөрчлөлт 1410000513\А дугаартай гэрээний дагуу 2 162 000 ам.долларын зээлийн гэрээний дагуу "Рендербау" ХХК нь төлөх талаар нэхэмжлэгчид нотлоогүй, дүгнээгүй, хятад хэл дээр орчуулан хүлээлгэн өгөөгүй. "Хамтран ажиллах гэрээ"-ний хавсралтаар батлаагүй байхад мөнгө шилжүүлэн авсныг шүүх үнэлснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа гаргасан хүсэлтийн дагуу шүүгчийн захирамжаар хариуцагч "Хас банк”-наас 2012 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн 1410000513 дугаар Барьцаат зээлийн гэрээг нотлох баримтаар гаргуулснаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүхийн дүгнэсэн урьдчилсан нөхцөл, болзолгүй гэдэг нь харин ч эсрэгээрээ "Хамтран ажиллах гэрээ"-ний 2 дугаар зүйлийн 2.2-т гуравдагч этгээд "Бльюскай парнерс" ХХК нь өөрийн эзэмшлийн 2013 оны 04 дүгээр сарын 04-ны өдрийн 1410000513-04 дугаартай Баталгаат ипотекийн гэрээгээр Хас банканд барьцаалуулсан газрыг хөрөнгө оруулалтын баталгаа буюу гэрээний нэг гол нөхцөл болгож нэхэмжлэгч "Тун жөү" ХХК-д барьцаалуулах, гэрээний 2 дугаар зүйлийн 2.8-т хариуцагч Хас банк нь "Рендербау" ХХК-ийн зээлийн гэрээний барьцаанд буй газрыг нэхэмжлэгч буюу хөрөнгө оруулагч "Тунжөү" ХХК-д давхар барьцаалуулахыг зөвшөөрсөн үүргээ биелүүлсэн тохиолдолд л "Рендербау" ХХК-ийн зээлийг төлөх гэрээний гол урьдчилсан нөхцөл байснаар үгүйсгэгдэж байна. Түүнчлэн нэхэмжлэгч "Тун жөү" ХХК нь "Хамтран ажиллах гэрээ"-ний 3 дугаар зүйлийн 3.1.2-т заасны дагуу хөрөнгө оруулалтын баталгаа болох гуравдагч этгээд "Бльюскай парнерс" ХХК-ийн эзэмшлийн газрыг давхар барьцаалуулахыг болон 3 дугаар зүйлийн 3.2.1-т заасан газрын эзэмших эрхийн барьцааг улсын бүртгэлд бүртгүүлэхэд өөрийн зүгээс шаардагдах арга хэмжээг авах, туслалцаа үзүүлэх зэрэг үүргээ биелүүлэхийг хариуцагч "Хас банк"-наас шаардсан боловч хариуцагч гэрээнд заасан үүргээ огт биелүүлээгүй нь хэрэгт авагдсан нотлох баримтаар хангалттай нотлогддог бөгөөд харин ч Хас банк 2013 оны 12 дугаар сарын 31-ны өдөр, 2014 оны 01 дүгээр сарын 13, 28-ны өдөр, 2014 оны 02 дугаар сарын 05-ны өдрүүдэд 465 519 990  төгрөгийг нэхэмжлэгчийн зөвшөөрөлгүйгээр "Рендербау" ХХК-ийн 14100000513 тоот дансанд шилжүүлэн авсан нь агуулгын хувьд үндэслэлгүй хөрөнгөжсөн нь нотлогдож байна. Нэхэмжлэгч "Тун жөү" ХХК нь төсөл хэрэгжүүлэгч "Бльюскай партнерс" ХХК-тай 2013 оны 05 дугаар сарын 20-ны өдөр "Хөрөнгө оруулах гэрээ" байгуулсан гэрээнд "Рендербау" ХХК-ийн өр төлбөр тусгагдаагүйгээс гадна нэхэмжлэгч "Тун жөү" ХХК болон "Рендербау" ХХК нарын хооронд өр төлбөр төлөх ямар нэгэн хэлцэл байхгүй байгаа нь Хас банканд төлбөрийг төлж барагдуулах баталгаа гаргаагүй гэх үндэслэл болж байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч Хас банктай баталгааны гэрээ байгуулаагүй, баталгаа гаргах талаар хүсэл зоригоо илэрхийлээгүй атал шүүх "Хамтран ажиллах гэрээ"-ний дагуу "Тун жөү" ХХК-ийн хүлээсэн "Рендербау" ХХК-ийн зээлийг банкны өмнө төлөх үүрэг нь Иргэний хуулийн 234 дүгээр зүйлийн 234.1 дэх хэсэгт заасан баталгааны гэрээний шинжийг агуулсан гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарласан, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэх үндэслэл болж байна. Хэрэгт Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамж авагдсан бөгөөд уг захирамжийн дагуу "Рендербау" ХХК, "Бльюскай партнерс" ХХК-иуд нь Хас банкинд 2 416.175 ам.доллар төлөх, үүргийн гүйцэтгэлийг баталгаат ипотекийн 1410000513-04 тоот гэрээний дагуу БЗД-ийн 11 дүгээр хороонд байрлах "Ургах наран" хороолол барьж байгуулах төсөл хэрэгжих 640 000 м.кв буюу 64 га газар зэрэг бусад үл хөдлөх, хөдлөх эд хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн байдаг. Үүнээс дүгнэхэд Хас банк "Рендербау" ХХК-иас 2 162 000 ам.долларын төлбөрөө 2 416 175 ам.доллар болгон нэхэмжилж нэхэмжлэлээ бүхэлд нь ханган шийдвэрлүүлсэн байтал шүүх "Тун жөү" ХХК-иас суутган авсан 465 519 990 төгрөг нь Дүүргийн иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2014 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 650 дугаар захирамжийн дагуу төлөгдсөн мөнгөн төлбөртэй давхардаагүй болох нь тогтоогдсон гэж дүгнэснийг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч миний бие БНХАУ-ын иргэн бөгөөд шүүх хуралдаанд Монгол хэлээр ойлгодог эсэх асуултад бага сага ойлгодог гэдгээ хэлсэн ба энэ нь Монгол хэлээр бүрэн дүүрэн, төгс  ойлгодог гэсэн үг биш юм. Миний бие монгол хэлээр ярихдаа ч гэсэн төгс сайн биш, шүүх хуралдааны явцыг бүрэн дүүрэн сайн ойлгоогүй, мөн шүүх хуралдаанд хангалттай сайн ярьж чадаагүй,  зөвхөн цөөн үгийн хүрээнд асуултад  хариулсан.  Шүүх надад орчуулагчтай оролцох, мөн орохгүй байх нь ямар үр дагавартай талаар тайлбарлаж өгөөгүй. Хэрэв тайлбарласан бол эх хэлээрээ бүрэн дүүрэн ойлгох байсан тул шүүх хуралдаанд оролцох эрхийг минь зөрчсөн гэж үзэж гомдолтой байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож анхан шатны шүүхэд дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

“Тун жөү” ХХК нь “Хас банк” ХХК-д холбогдуулан Тун Жөү ХХК-ийн данснаас 465 519 990 төгрөг суутган авсныг хууль бус болохыг тогтоолгох, 465 519 990 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч гэрээнд заасны дагуу зохих суутгалыг хийсэн гэж маргажээ.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл тодорхойгүй байна.

Нэхэмжлэгч нь 465 519 990 төгрөгийг шаардах үндэслэл нь гэрээний үүргийн зөрчилтэй холбогдох, эсхүл хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээр  хохирол учруулсан гэж шаардаж байгаагийн аль нь болохыг шүүх тодруулаагүй, тодруулах ажиллагааг хийгээгүй. Шүүхэд гаргасан нэхэмжлэлийн  агуулга нь хариуцагчийн хууль бус үйлдлээс учирсан хохирол буюу авах ёсгүй мөнгийг суутгасаныг буцаан шаардаж буй гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэлийн үндэслэлийг тодруулснаар гэм хор учирснаас үүсэх үүрэг, эсхүл үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн эсэхэд дүгнэлт хийх шаардлагатай байжээ. Шүүх талуудын хооронд үүссэн  эрх зүйн харилцааг зөв тодорхойлох нь энэ маргааныг шийдвэрлэхэд  ач холбогдол бүхий хуулийн зохицуулалтуудыг зөв оновчтой сонгож хэрэглэх нөхцөл бүрдэнэ.

 

Түүнчлэн шүүх хэргийн оролцогчийн хуулиар тогтоосон эрхийг хязгаарласан, зөрчсөн байдал тогтоогдлоо.

 Нэхэмжлэгч  "Тун жөү" ХХК нь БНХАУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай бөгөөд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь монгол хэл мэддэг эсэх нь эргэлзээтэй, гадаадын харьяат иргэний монгол хэлний мэдлэгийн түвшинг шүүх дүгнэх боломжгүй. Өмнө нь хэрэг хянан  шийдвэрлэх ажиллагаанд орчуулагчгүй оролцох хүсэлт гаргасан тухай баримт хэрэгт авагдаагүй, шүүх хуралдаанд орчуулагчгүй оролцох байр суурь хэвээр гэж хэлснийг “урьд илэрхийлсэн нь хэвээр” гэж үзэх үндэслэлгүй. Түүнийг шүүхэд хандаж нэхэмжлэл гаргах, тайлбар өгөх, нотлох баримт гаргах, хэргийн материалтай танилцах, шүүх хуралдаанд оролцох үг хэлэх, мэтгэлцэх гэх мэтээр эрх үүргээ бүрэн хэрэгжүүлсэн гэхэд эргэлзээтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлд заасан зохигчийн эрхээ хэрэгжүүлэх нөхцөлийг шүүх хангаж бүрдүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйл, 49 дүгээр зүйлийн 49.1-д заасныг тус тус зөрчжээ. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах нь зүйтэй.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дээрх зөрчлийг давж заалдах шатны шүүхээс  зөвтгөн засах, хэргийн үйл баримтад хууль хэрэглээний дүгнэлт хийх боломжгүй байна.

 

Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Сүхбаатар  дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн  181/ШШ2017/00275 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн  давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2.486.000 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

         

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        М.НАРАНЦЭЦЭГ

 

                                        ШҮҮГЧИД                                        Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Б.НАРМАНДАХ